Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1536

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, “Алтан төгрөг” дэлгүүр хаягт байрлах “Тэмүүлэн Од” ХХК /рд:2545039/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Дарь эх, Жамсран уулын өвөр 8-3458а тоот хаягт оршин суух Энхболдын Шинэтуяа /рд:НД86010363/-д холбогдох,

 

9,990,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийин итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, Ш.Ичинхорлоо, хариуцагч Э.Шинэтуяа, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.                                    

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Тэмүүлэн Од” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани хариуцагч Э.Шинэтуяатай 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 2-17 тоот дугаартай түрээсийн гэрээг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулж, “Алтантөгрөг” худалдааны төвд 25.7 м.кв талбайг Япон улсын спортын брэнд хувцас худалдах зориулалтаар түрээслүүлсэн.

 

Энэхүү гэрээний хугацаа дууссаны дараагаар түрээслэгч тал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 дугаар давхарын 2-8 тоотод байрлах 43.15 м.кв талбайг дахин түрээслэсэн бөгөөд бид түрээсийн төлбөрийг 1 /нэг/ сарын 1,500,000.00 төгрөгөөр тохирч, акт үйлдэж, баталгаажуулсан юм.

 

Манай компани энэ өдрөөс хойш түрээсийн гэрээний төлбөрийг түрээслэгчийн үйл ажиллагааны орлого, эдийн засгийн хямрал зэргийг харгалзан 500,000.00 төгрөг хүртэл бууруулж, өөрчилсөн ба энэ талаар аливаа маргаан байхгүй.

 

Харин түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд түрээсийн зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч хэрэгт авагдсан харилцагчийн гүйлгээний хуулгаар нийт нийт 8,000,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас 240,000.00 төгрөгийг мөнгөөр, 1,100,000.00 төгрөгийг барьцаа хөрөнгөөс шууд суутгаж, 6,660,000.00 төгрөг үлдсэн юм.

 

Талууд түрээсийн талбайг хүлээлгэн өгч байх үед хариуцагч Э.Шинэтуяа өөрийн биеэр байхгүй байсан тул түүний худалдагч н.Баярмааг байлцуулж, нийт 23 нэр төрлийн барааг барьцаанд авч, дээрх төлбөрийг нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд төлөгдөөгүй.

 

Хэдийгээр манай компанийн зүгээс хариуцагчийн худалдаж байсан бараа бүтээгдэхүүнийг барьцаалсан боловч бусдад худалдаагүй, агуулахад хадгалагдаж байгаа эдгээр барааг нэр төрөл, хэмжээ, загварын хувьд худалдах боломжгүй учраас тухайн бараа бүтээгдэхүүнийг төлбөрт тооцох хүсэлгүй байна.

 

Бидний хооронд байгуулсан гэрээний 3.7-д зааснаар түрээслэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасныг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш алдангийг тооцвол түрээсийн үндсэн төлбөрөөс хэтэрсэн тул Иргэний хуульд нийцүүлэн 3,330,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Иймд, хариуцагч Э.Шинэтуяагаас түрээсийн төлбөр 6,660,000.00 төгрөг, алданги 3,330,000.00 төгрөг, 9,990,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

   

 

Хариуцагч Э.Шинэтуяа тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие “Тэмүүлэн Од” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, 25.7 м.кв талбайг Япон улсын спортын брэнд хувцас худалдах зориулалтаар түрээслэсэн ба хожим уг гэрээний дагуу 43.15 м.кв талбайг түрээслэсэн.

 

Би, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр автомашиын осолд орж, нуруундаа хүнд гэмтэл авсан учраас Япон улс руу явж бараа бүтээгдэхүүн татах ажлыг зохих ёсоор гүйцэтгэж чадаагүйгээс шалтгаалан ийнхүү эрхэлж байсан бизнес маань доголдсон.

 

Түрээсийн гэрээ болон төлбөрийн үлдэгдэл 6,660,000.00 төгрөгийн хувьд аливаа маргаан байхгүй, харин алданги 3,330,000.00 төгрөгийг төлөх боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

 

Надад, одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй тул барьцаанд авсан бараа бүтээгдэхүүнийг 6,660,000.00 төгрөгөөс хасч эвлэрэх саналтай байсан хэдий ч нэхэмжлэгч тал татгалзаж байна.

 

Бараа бүтээгдэхүүнийг барьцаалсан болон 1,100,000.00 төгрөгөөс түрээсийн төлбөрийг суутгасан талаар маргахгүй бөгөөд гагцхүү алдангийг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус шинжлэн судлаад

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэмүүлэн Од” ХХК-иас хариуцагч Э.Шинэтуяад холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,990,000.00 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Тэмүүлэн Од” ХХК болон хариуцагч Э.Шинэтуяа нар 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвийн 2 дугаар давхарт орших 25.7 м.кв талбайг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр болжээ /х.х-ийн 8, 9, 10-р хуудас/.

 

Хариуцагч тал уг гэрээгээр түрээсийн гэрээний зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг дэлгүүрийн буюу бэлэн хувцас худалдах зориулалтаар ашиглаж, сар бүр 1,100,000.00 төгрөгийн төлбөрийг төлөх, ийнхүү төлөхдөө гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан журмын дагуу төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл зохигчид 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн талбайг өөрчилж, түрээслэгч тал 43.15 м.кв талбайг тухайн гэрээний дагуу түрээслэхээр болсон ба зохигчид түрээсийн гэрээ болон түрээслүүлэгчийн өмчийн зүйл түрээслэсэн эсэх талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж, тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар хариуцагч тал гэрээний зүйлийг дэлгүүрийн зориулалтаар ашигласан байна.

 

Өөрөөр хэлбэл, Э.Шинэтуяа дээр дурьдсан 43.15 м,кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглаж, дэлгүүрийн үйл ажиллагаанаас бий болсон үр шимийг хүртэх буюу аж ахуйн зориулалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангах зорилгоор ашиглаж байжээ.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасан ба талууд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан талбайг нийтээр нь бус тодорхой хэсгийг түрээслэхээр тохирсон, түрээсийн гэрээг бичгээр байгуулсан тухай маргахгүй байх тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн харилцагчийн гүйлгээний баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар талууд түрээсийн 1 /нэг/ сарын төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1,500,000.00 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1,350,000.00 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 800,000.00 төгрөг байхаар тогтоосон бол үүнээс хойш түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд 500,00.00 төгрөгөөр тус тус тогтоосон байна /х.х-ийн 13-р хуудас/.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д “Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно” гэж, мөн 319.2-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн эд хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно” гэж заасан.

 

Зохигчид түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчийн хувийн болон эдийн засгийн нөхцөл байдлыг үндэслэн түрээсийн төлбөрт тухай бүр өөрчлөлт оруулж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 8,000,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байснаас хариуцагч тал 240,000.00 төгрөгийг төлж, түүний урьд өмнө барьцаалуулсан 1,100,000.00 төгрөгийг хожим түрээсийн төлбөрт суутгаж, өнөөдрийн байдлаар нийт 6,660,000.00 төгрөгийн түрээсийн төлбөр төлөгдөөгүй байгаа ажээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйл 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу түрээслэгч тал тухайн сарын түрээсийн төлбөрийг урьдчилан буюу уг сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд төлөх үүрэг хүлээсэн хэдий ч энэхүү үүргээ зөрчиж, түрээсийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэхийг баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, түрээслүүлэгч тал 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 6,660,000.00 төгрөгийг шаардах эрхтэй юм.

 

Талууд түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасны дагуу Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирсон ба тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар  анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагатайгаас гадна мөн 232 дугаар 232.6-д алдангийн хэмжээ нь 0.5 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулалтай.

 

Хэдийгээр зохигчид анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан боловч алдангийн талаарх тэдгээрийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах заалтыг зөрчсөн байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байхад зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “түрээслэгч түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгээс хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” хэмээн зааж, алдангийг үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэх ёстой буюу төлөх ёстой түрээсийн төлбөрөөс бус харин гэрээний нийт үнийн дүнгээс тооцохоор тохирсон байх тул хуульд нийцсэн гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” боловч гэрээ болон түүний тохиролцоо гагцхүү хуульд нийцсэн байх ёстой бөгөөд нэгэнт талуудын алдангийн талаарх гэрээний зохицуулалт дээр дурьдсанаар хуульд нийцээгүй байх тул нэмжлэлийн шаардлагаас алданги 3,330,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “худалдаж байсан бараа бүтээгдэхүүнийг барьцаалж авсан тул тухайн бараа бүтээгдэхүүнийг түрээсийн төлбөрт тооцож авах ёстой” хэмээн маргасан.

 

Иргэний хуулийн 318  дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” заасан, тодруулбал, түрээсийн гэрээ нь бусдын эзэмшил, ашиглалтанд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээний төрөлд хамаардаг тул уг харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам мөн адил үйлчлэх юм.

 

Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д “Газар, байшин болон орон сууц хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн газар, байшин орон сууцанд байгаа хөлслөгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгчийн зүгээс үүргийн биелэлтийг хангуулахаар түрээслэгчийн өмчлөлийн хөрөнгийг ийнхүү хуулийн дагуу түр саатуулж, түүний өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах юм.

 

Энэ нь, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахад чиглэсэн үүрэг гүйцэтгүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчийн эсрэг хэрэгжүүлэх хуульд заасан бусад аргад хамаарах бөгөөд харин түрээслүүлэгч этгээдэд саатуулан барьсан түрээслэгчийн эд хөрөнгийг бусдад худалдаж, олсон орлогоос түрээсийн төлбөрийг хангуулах эрх, үүргийг бий болгож буй зохицуулалт биш тул нэхэмжлэгч “Тэмүүлэн Од” ХХК-ийн саатуулан барьсан 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой хэмээх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Э.Шинэтуяагаас 6,660,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэмүүлэн Од” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,330,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн хариуцагч Э.Шинэтуяагаас 6,660,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Тэмүүлэн Од” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,330,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176,790.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 121,510.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР