Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Г.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Т.Нд холбогдох эрүүгийн 2107000000238 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Төв аймаг, Эрдэнэ суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малын бойнд ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................................. гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ..................................тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,  

******* овогт Т.Н /РД: ........../.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр .............................................. тоот хашааны гадна тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Гын баруун зүүн гуяны тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Энгэршандад ээжийндээ мод аваачиж өгөх гээд байж байхад Д, Г гээд манай 2 найз намайг дуудсан. Тэгээд очиход тал шил архи байсан. Тэрнээс нь 50-ийн аягаар 3 татаад, тэгээд би согтсон байсан. Тэгээд би согтчихоод муу зүйл хийсэн байна лээ. Гыг хутгалснаа санаж байгаа. Д гэдэг найз маань намайг гуйлгачин гээд доромжлоод эхэлсэн. Бид хоёрыг маргаж байхад Г найз  маань дундуур ороод бид гурав гурвуулаа хоорондоо маргалдсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Үнэхээр миний буруу” гэв.

 

Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Н намайг хутгалсан. Гэхдээ одоо биеийн байдал зүгээр, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

   Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үдээс хойш Д бид 2 уулзаад нэг шил Хараа архи дэлгүүрээс худалдаж аваад уусан. Архи ууж байхад Д рүү Н утсаар залгаад уулзая гээд байсан. Орой Д бид хоёр Энгэршандад Д ахын гэрт нь байхад 17 цаг өнгөрч байх үед Н ирээд бид 3 Цгийн гэрт нь Б гэдэг найзаараа хүргүүлж очиж нэг шил Хараа архи уусан. Би нэлээд уусан болохоор тухайн үед болсон асуудлаа бүүр түүр санаж байгаа, Цгийн хашааны гадаа байхад Н хутга барьчихсан над руу дайраад хутгаараа савж байснаа миний зүүн гуянд хутгалсан, би зугтаахад араас ирээд хутгаараа савж баруун гуянд хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчимд гэртээ байхад Д утсаар яриад удалгүй хэдэн минутын дараа Д, У, Н нар манай гадаа Бгаар машинтай нь хүргүүлээд манай гэрт ирсэн. Ирээд 2 шил Хараа архи гаргаж нэгийг нь уучхаад дараагийн архийг ууж байгаад Н уухгүй гэхэд Д голоод байгаа юм уу гээд байсан. Тэгээд юм ярьж сууж байгаад маргалдаж Д миний утсыг ав гээд шидэхэд чиний утсаар дутаагүй гэж Н хэлээд тэр 2 гадагш гарсан. Дараа нь У бид 2 гадагшаа гарч хашааны гадаа бие засахад хажууд Д, Н 2 маргалдаж өөд өөдөөсөө дайрч байснаа Н алчихна шүү гээд баруун гартаа барьсан хутгаараа 2 тийшээ савчиж У зугтахад хутгаараа савчиж араас нь хөөсөн. У намайг хутгалчихлаа гээд газар суухаар нь харахад зүүн хөлөөс нь цус гарсан, тэгтэл Н баруун тийшээ гүйгээд явчихсан, тэр үед би хажуу талд байдаг хүргэн ах Бд орж хэлээд цагдаа дуудуулсан. Угийн хөлийг харахад 2 газраа хутгалуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний орой би гэртээ байх үед хашааны гадна хэдэн хүн шуугилдаад байхаар нь гараад харахад хүмүүс чанга чанга дуугараад муудалцаж байхаар нь очоод харахад Н, У 2 хоорондоо чанга чанга дуугараад маргалдаж байсан. Би та нар больцгоо гэхэд У Цгийн гэрт ороод гадуур хувцсаа авч гарч ирэхэд цуг Д гарч ирээд Нтэй маргасан. Тэгээд намжихаар нь би гэр лүүгээ ороод хоол хийх гэж байтал Ц орж ирээд Уг Н хутгалчихлаа гэж хэлсэн. Би гараад харахад У хашааны гадна суучихсан байхаар нь алив бос доо харъя гээд өмдийг нь тайлаад харахад 2 гуяны гадна хэсэгт хутгалсан цус гарч байхаар нь би буцаж гэр лүүгээ орж утсаа аваад цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Цы гэрт ороод Г, Д, Ц нартай архи ууж би архинаас нэг удаагийн аяганы дундуураас доогуур 3 удаа татсан. Дахиад уухгүй гэхэд Д чи хэзээ ийм болсон юм бэ гээд үг хаяад байсан. Түүний дараа Д юм ярьж байхдаа барьж байгаа гар утсаа зарна гэхээр нь үзчихээд чи найздаа дэлгэц нь хагарсан утас зараад байхдаа яахав зүгээр өгчих гэхэд май гуйлгачин минь гээд над руу гар утсаа шидсэн. Бие засахаар хашааны гадаа гарахад Д намайг зодолдох уу гээд маргасан. Г нь бас над руу дөхөөд яахын та нар гээд байсан. Тэр үед би хутга түрийнээсээ гаргаж гараараа савахад Гын нэг гуянд хүргэчих шиг болсон. Г цаашаа зугтаагаад гэрлийн шонгийн дэргэд очихоор нь араас нь очиж хутгатай гараараа бас савахдаа хөлийг нь хутгалчих шиг болсон. Г хөл хутгалчихлаа ш дээ гээд орилох шиг болохоор нь би айгаад тэр чигтээ гараад гүйчихсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 515 дугаартай:

“1. Г.Гын биед баруун зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүний гэрэл зургууд /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Т.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 65-67 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 60-62 дугаар хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр .............................................. тоот хашааны гадна тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Г.Гын баруун зүүн гуяны тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь баруун, зүүн гуяны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Т.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Д гэдэг найз маань намайг гуйлгачин гээд доромжлоод эхэлсэн. Бид 2-ыг маргаж байхад Г найз  маань дундуур ороод бид гурав гурвуулаа хоорондоо маргалдсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Үнэхээр миний буруу” гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр Н намайг хутгалсан. Гэхдээ одоо биеийн байдал зүгээр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цгийн хашааны гадаа байхад Н хутга барьчихсан над руу дайраад хутгаараа савж байснаа миний зүүн гуянд хутгалсан, би зугтаахад араас ирээд хутгаараа савж баруун гуянд хутгалсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У намайг хутгалчихлаа гээд газар суухаар нь харахад зүүн хөлнөөс нь цус гарсан, тэгтэл Н баруун тийшээ гүйгээд явчихсан, тэр үед би хажуу талд байдаг хүргэн ах Бд орж хэлээд цагдаа дуудуулсан. Угийн хөлийг харахад 2 газраа хутгалуулсан байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц орж ирээд Уг Н хутгалчихлаа гэж хэлсэн. Би гараад харахад У хашааны гадна суучихсан байхаар нь алив бос доо харъя гээд өмдийг нь тайлаад харахад 2 гуяны гадна хэсэгт хутгалсан цус гарч байхаар нь би буцаж гэр лүүгээ орж утсаа аваад цагдаа руу дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Г нь бас над руу дөхөөд яахын та нар гээд байсан. Тэр үед би хутга түрийнээсээ гаргаж гараараа савахад Гын нэг гуянд хүргэчих шиг болсон. Г цаашаа зугтаагаад гэрлийн шонгийн дэргэд очихоор нь араас нь очиж хутгатай гараараа бас савахдаа хөлийг нь хутгалчих шиг болсон. Г хөл хутгалчихлаа ш дээ гээд орилох шиг болохоор нь би айгаад тэр чигтээ гараад гүйчихсэн” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 08шэ/515 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.

 

Хохирогч Г.Гын эрүүл мэндэд учирсан “...баруун, зүүн гуянд шарх” гэмтэл нь шүүгдэгч хутгаар баруун, зүүн гуяны тус газарт нь 2 удаа хутгалсны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Н нь хохирогч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Нг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Г.Г нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “эмчилгээнд ямар нэг төлбөр мөнгө зарцуулаагүй тул гаргаж өгөх баримт байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно. 

 

Шүүгдэгч Т.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. 

 

Шүүхээс шүүгдэгч Т.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар эрээн өнгийн 11 см иштэй, 24 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Т.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хар эрээн өнгийн 11 см иштэй, 24 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНХЖАРГАЛ