Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/183

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч Ч.Б,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дураал овогт Н.Эт холбогдох эрүүгийн 2107001260235 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Увс аймаг, ******* суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........................................ тоотод оршин суух,

урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 Дураал овогт Н.Э/РД: .................../.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ........................................ тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Бийг “архи уулаа гэж хэлсэн” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие эхнэртэйгээ амьдраад 12 жил болж байна. Энэ хугацаанд гэртээ найз нөхөдтэйгөө нэг шил архи ууж, нэг ширхэг тамхи татаж үзсэнгүй, үүнийг манай авгай гэрчилнэ. Тэр өдөр тийм юм болсон. Би архи дарс уугаад хүчирхийлэл үйлдээд дарамтлаад байдаг хүн биш, надад тийм ухамсар ч байхгүй. Миний хүмүүжил бол хийж бүтээх, ажиллаж хөдөлмөрлөх, гэр бүлээ авч явах тийм л үүрэгтэй амьдралдаа оролцдог. Би ийм зүйл болсонд гэмшиж байна. Миний өөрийн буруу.” гэв.

 

Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хоёулаа  60 шахаж байгаа өдий насандаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар явж байгаадаа дотроо гэмшиж, эмзэглэж байна. Ийм нөхцөл байдалд хүртлээ явна гэдэг маань хэн хэн маань амьдралынхаа асуудлыг дотроо яагаад шийдэж болохгүй байсан юм бол гэж бодогдож байна. Гаднаасаа харахад болж байгаа юм шиг мөртлөө дотроо асуудлууд байдаг. Бид хоёр хүмүүст үлгэр жишээ болж явах ёстой байтал бид хоёр шүүх хурлаар орж байгаадаа гутарч гэмшиж байна. Асуудлыг хоорондоо зөндөө ярилцдаг. Архи руу буруугаа чихэх биш, харилцан ойлголцож амьдрах нь чухал байна. Бид хоёр 11 хүрч байгаа жаахан хүүхэдтэй. Хэн хэний маань хоёрдогч амьдрал. Том хүүхдүүд маань тус тусдаа гарсан. Манай гэрийн орлого гэвэл би ноднин тэтгэвэр тогтоолгосон дээр нь одоо ажил хийдэг. Жаахан хүүхдийнхээ ирээдүйн төлөө. Үзэн ядалцаад яваад байвал амьдрал маань утга учраа алдана. Бид хоёрыг зөндөө залуу гэр бүл харж байгаа. Тухайн үед гараараа цохихоосоо өмнө төмөр цоож шидээд тэр нь оносон бол нэг нь үхээд нэг нь шоронд хүүхэд маань өнчрөөд үлдэх байсан байх гэж бодсон. Жаахан хүүхдийнхээ ирээдүйн төлөө ойлголцож амьдаръя гэж бодож байна.” гэв.

 

            Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ... ажлаа тараад хашаандаа иртэл Н.Э ганцаараа 1 шил архи задалчихсан, ундаа тавьчихсан сууж байхаар нь хоол унд хийж өгөх гээд байр луугаа явчхаад хоол хийж өгөлгүй орхичихсон. Тэгээд 20 цагийн үед ........................................ тоотод байрлах найз Ттэй утсаар яриад байж байтал манай нөхөр Н.Э нь согтуу орж ирээд гартаа жижиг цоож барьчихсан над руу “чи яахаараа надад хоол унд хийж өгдөггүй юм бэ” гээд шидсэн боловч оноогүй тэгээд гараа атгаж байгаад миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. ...би хэд цохиулж байгаад гараад зугтаасан. Энэ байдлыг сонссон манай найз Т цагдаа дуудчихсан байсан. Тухайн үед манай нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... 2010 онд жирэмсэн байхад минь гэдсийг чинь хүүлнэ гээд хутга бариад дайрч байсан. 2013 оны хавар эмээгээ асраад цуг амьдарч байсан үед манай нөхөр архи уучхаад орж ирээд намайг нүүр амруу цохиод зодож байсан. 2017 онд эмнэлэгт байсан чинь хүүгээ айлгаад шөнө 02 цагийн үед манай найзын гэрт очиж хонож байсан. Тэрнээс хойш манай хүү ааваасаа их айдаг болсон. 2019 онд би хөлөө гэмтээсэн байсан чинь толгой руу цохиод зодож байсан дараа нь уучлалт гуйхаар нь уучилсан тэр болгоныг нь мартаад тоогоо алдсан байна даа” гэх мэдүүлэг /хх-ийн 09, 13 дугаар тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав намайг бол нийтдээ 4-5 удаа зодож байсан хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ээжийг зодож байхыг бараг хараагүй. Манай аав архи уусан үедээ намайг унтаж амраахгүй нэг ярьсан зүйлээ дахин дахин яриад байдаг. Би зарим үед худлаа унтсан юм шиг царай гаргаад хэвтэж байгаад унтаагүй гэдгээ мэдүүлээд баригдвал намайг босгож буйдан дээр суулгаад нөгөө юмаа яриад давтаад амраахгүй байдаг. ...Манай аав архи уучихсан заримдаа уурласан үедээ гичий, пизда ална гэж хэлдэг. Аавыг архи уудаггүй, тамхи татдаггүй байсан бол сайхан баймаар байна эрүүл үедээ ч гэсэн ээж бид хоёрыг айлгадаггүй байгаасай ганц хичээл хийсэнгүй гээд зоддогоо больчихвол сайхан амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Налайх руу гэртээ харих гээд замдаа явж байтал манай найз Б над руу залгаад “Э архи уусан” талаар ярилцаж байтал гэнэт л утасны цаанаас Б Этэй хэрэлдэж муудалцаад байгаа бололтой чанга дуу чимээ гаргаад хэрэлдэж байснаа утас нь тасарчихсан тэгэхээр нь би найздаа санаа зовоод цагдаа руу утасдаж дуудлага өгсөн. ...Манай найз Б нь өөрөө ******* хүн болохоор хараал мэдэхгүй, ёс зүйтэй, төлөв даруу, хүлээцтэй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

           

Шүүгдэгч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Надад яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үед хоёр өдөр дараалаад архи уучихсанаас болоод амархан согтчихсон яг эхнэрээ шилдэж татаад унагаачихсан нь санагдаад байгаа юм. Манай эхнэр юу гэж мэдүүлэг өгсөн тэр бол үнэн зөв л гэж хэлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн №470 дугаар:

“1. Ч.Бийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 53-57 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 58-60 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Н.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, Налайх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэх цагдаагийн АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 61-65 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч нь Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ........................................ тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Бийг “архи уулаа гэж хэлсэн” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь гараараа цохиж, биед нь тархи доргилт гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Н.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие эхнэртэйгээ амьдраад 12 жил болж байна. Энэ хугацаанд гэртээ найз нөхөдтэйгөө нэг шил архи ууж, нэг ширхэг тамхи татаж үзсэнгүй, үүнийг манай авгай гэрчилнэ. Тэр өдөр тийм юм болсон. ...Би ийм зүйл болсонд гэмшиж байна. Миний өөрийн буруу” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн үед гараараа цохихоосоо өмнө төмөр цоож шидээд тэр нь оносон бол нэг нь үхээд нэг нь шоронд хүүхэд маань өнчрөөд үлдэх байсан байх гэж бодсон. Жаахан хүүхдийнхээ ирээдүйн төлөө ойлголцож амьдаръя гэж бодож байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз Ттэй утсаар яриад байж байтал манай нөхөр Э нь согтуу орж ирээд гартаа жижиг цоож барьчихсан над руу “чи яахаараа надад хоол унд хийж өгдөггүй юм бэ” гээд шидсэн боловч оноогүй тэгээд гараа атгаж байгаад миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. ...би хэд цохиулж байгаад гараад зугтаасан. Энэ байдлыг сонссон манай найз Т цагдаа дуудчихсан байсан” гэх мэдүүлэг,

 

            Насанд хүрээгүй гэрч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ээжийг зодож байхыг бараг хараагүй. Манай аав архи уусан үедээ намайг унтаж амраахгүй нэг ярьсан зүйлээ дахин дахин яриад байдаг. Би зарим үед худлаа унтсан юм шиг царай гаргаад хэвтэж байгаад унтаагүй гэдгээ мэдүүлээд баригдвал намайг босгож буйдан дээр суулгаад нөгөө юмаа яриад давтаад амраахгүй байдаг” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ц.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Налайх руу гэртээ харих гээд замдаа явж байтал манай найз Б над руу залгаад “Э архи уусан” талаар ярилцаж байтал гэнэт л утасны цаанаас Ч.Б Н.Этэй хэрэлдэж муудалцаад байгаа бололтой чанга дуу чимээ гаргаад хэрэлдэж байснаа утас нь тасарчихсан тэгэхээр нь би найздаа санаа зовоод цагдаа руу утасдаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг,

           

Шүүгдэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн үед хоёр өдөр дараалаад архи уучихсанаас болоод амархан согтчихсон яг эхнэрээ шилдэж татаад унагаачихсан нь санагдаад байгаа юм. Манай эхнэр юу гэж мэдүүлэг өгсөн тэр бол үнэн зөв л гэж хэлнэ” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн №470 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Н.Э, хохирогч Ч.Б нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн, хамтран амьдардаг, дундаасаа нэг хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “архи уулаа гэж хэлсэн” гэх шалтгаанаар  хохирогчийн толгойн тус газарт цохиж, биед нь халдаж, бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед “тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Ч.Б нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт, хохирогч Ч.Б “Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэх тайлбар, шүүгдэгч “Би архи уухаа больсон, гэмшиж байна. Ажилд орохоор тохирсон байгаа тул миний эдгээр байдлыг харгалзан үзэж хөнгөн ял буюу торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэх санал дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Н.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байдал/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, 58 настай, эрүүл мэндийн байдал/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Улсын яллагч яллах дүгнэлтэд хохирогчийн нэрийг Ч.Б гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, хохирогч Ч.Б гэж зөвтгөснийг тэмдэглэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.  *******ын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /наймайн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ