Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

орчуулагч, хэлмэрч А.А,

улсын яллагч А.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

шүүгдэгч Е.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.А т холбогдох эрүүгийн 2113001470139 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг эх, дүү, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 07 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Е.А , РД:БК87******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Е.А нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ эхнэр М.А г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Е.А  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна, одоо эхнэр хүүхдийн хамт эвтэй сайхан амьдарч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2113001470139 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. М.А гоос 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

2. Хохирогч М.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,

3. Гэрч К.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

4. Гэрч Ж.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

5. Гэрч Е.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

6. Гэрч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Е ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 402 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

8. Яллагдагч Е.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 55 дугаар хуудас/,

9. Иргэн Е.А, М.А  нарын гэрлэснийг бүртгэлийн лавлагаа  /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

10. Иргэн М.А н нэр дээр 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичигдсэн Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн хуулбар /хавтаст хэргийн 90-105 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Е.А нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ эхнэр М.А г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Иргэн М.А гоос 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зөрчлийн талаар амаар гаргасан гомдлыг холбооны хэрэгслээр хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,

- Хохирогч М.А н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Миний бие Е.А тэй 2017 онд гэр бүл болсон, 1 хүүхэдтэй бөгөөд Улаанхус сумын 07 дугаар багт хадам аав, ээж, нөхөр, хүүхэд, хадам дүү нарын хамт амьдардаг юм. Би өөрөө одоо жирэмсэн 9 сартай төрөх дөхөж байна.

2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр Е.А  бид хоёр өөрсдийнхөө унтлагын өрөөнд засвар хийгээд шаланд паркетан шал тавьсан юм. Паркет нь хүрэхгүй нөхөр надад паркет дутуу авлаа гэж хэрүүл маргаан үүсгэсэн. Уг нь паркетыг би 2021 оны 07 дугаар сард аймаг руу явахдаа нөхрийнхөө хэлсэн хэмжээгээр худалдаж авч ирсэн юм. Тэгээд бид хоёр уг асуудлаар хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад тэрээр намайг зүүн нүүрлүү хэд хэдэн удаа алгадаж, зүүн хөл гуя руу минь нэг удаа өшиглөсөн.

Е.А  намайг энэхүү зодсоны дараа аймгаас ирсэн ачааг аваад ирнэ гэж гэрээс гарч явсан. Тэрээр цагийн дараа гэрт буцаж ирэхдээ халамцуу ирээд дахин дээрх асуудлаар маргаан үүсгэж зүүн нүд рүү нударгаараа цохиж зодсон.

... Е.А  нь 2018 оны 11 дүгээр сарын үед намайг зодож байсан.

...би зөвхөн өмгөөлөгчид төлсөн 200.000 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.

...Хохирогч М.А  би нөхөр болох Е.А тэй эвлэрсэн, цаашид бид хамтдаа үр хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэх болно. А  нь үүнээс хойш миний эрх чөлөөнд халдахгүй гэж амласан. Би хохирол нэхэмжлэхгүй бөгөөд гомдол санал байхгүй болно. Би нялх хүүхэдтэй учраас шүүх хуралдаанд оролцож чадахгүй” гэх мэдүүлэг, хүсэлт /хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/,

-  Гэрч К.Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр Ж.А бид хоёр намаржаанаас 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байх сумын төв рүү нүүж ирэхэд гэрт бэр М.А  байхгүй, аймаг руу явсан байсан. Би хүү Е.А ээс эхнэрийг нь яагаад аймаг руу явсан талаар асуухад тэрээр надад 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрсдийнхөө өрөөний шаланд паркет тавьж байхдаа хоорондоо маргалдаж улмаар нүүр лүү нь алгадсан. Улмаар М.А  аймаг руу төрхөмдөө очно гээд байхаар нь би өөрөө машинаараа хүргээд өгсөн гэж хэлсэн. Е.А , М.А  нар бидэнтэй хамт амьдардаг. Харин бид хавар, зун, намар нүүгээд явчихдаг ба тэд сумын төвд үлддэг. Урд өмнө нь би Е.А ийг эхнэрээ зодож байхыг хараагүй. Энэ талаар сонсоогүй" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- Гэрч Ж.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр намаржаанаас 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр хэдний өдөр нүүж ирснээ сайн санахгүй байна. Бид ирэхэд бэр М.А  гэрт байхгүй, аймаг руу явсан байсан. Хүү Е.А ээс М.А г яагаад аймаг руу явсныг асуухад тэрээр гэрт шаланд паркетан шал тавьж байх үед хоорондоо хэрэлдэж маргалдаад түүний нүүр лүү алгадсан. Тэгээд аймаг руу төрхөм рүүгээ явна гээд байхаар нь би өөрөө хүргэж өгсөн гэж хэлсэн. Е.А  М.А г зодож байхыг хараагүй. Бэр ч тэгж хэлж, ярьж байхыг сонсоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар/,

- Гэрч Е.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үдийн цагаар байх, ах Е.А , бэр эгч М.А  нар өөрсдийнхөө унтлагын өрөөний шаланд паркетан шал тавьж байсан ба паркетнээс 2, 3 ширхэг дутсан. Тэгээд тэд өрөөнийхөө эд зүйлийг байранд нь тавьж байх үед толины урд хэсэгт паркет дутсан хэсэгт зай гарчихаар нь тэд хоорондоо маргалдсан. Тэд хоорондоо хэрэлдэж маргалдахад тэдний 2 настай хүүхэд дуу чимээнээс нь айж уйлахаар нь би хүүхдийг нь аваад гэрээс гараад явсан. Дараа нь тэдний хооронд юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

- Гэрч М.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би М.А г Е.Г гийн гэрээс очиж авахад М.А н зүүн талын нүүр, нүд хэсгээр хавдсан, зүүн нүд нь хөхөрсөн, зүүн талын гарын ядам чигчий хуруу хэсгээр хавдсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х.Е ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 402 дугаартай “1. М.А н биед зүүн нүдний дээд, доод зовхи нийлэнхүдээ хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцралттай, бага зэрэг хавантай, зүүн гарын сарвууны дунд, ядам, чигчий хуруунууд хөхөрсөн, хавдсан их эмзэглэлтэй гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

- Яллагдагч Е.А ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Би уг тогтоолыг  хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өглөө эхнэр М.А н хамт байшингийнхаа өөрсдийн амрах өрөөний шаланд паркетан шал тавьсан юм. Уг өрөөнд авсан паркет хүрэхгүй улмаар уг асуудлаас болж эхнэр бид хоёр хоорондоо маргасан. Тэрээр маргаж байгаа намайг заамдаж авч зууралдаад эхлэхээр нь би уурлаад түүний зүүн талын нүүр лүү 2 удаа цохисон.

...М.А  нь надаас өмгөөлөгчид төлсөн 200.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд би түүнийг төлсөн. Одоо бид хоёрын хооронд хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй.

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52, 55 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Иргэн Е.А , М.А  нарын гэрлэснийг бүртгэлийн лавлагаа  /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

- Иргэн М.А н нэр дээр 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бичигдсэн Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн хуулбар /хавтаст хэргийн 90-105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Е.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэсэн тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан болно.  

Шүүгдэгч Е.А , хохирогч М.А  нар нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 07 дугаар багт оршин суудаг байна.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Е.А  нь эхнэр М.А г жирэмсэн болохыг мэдсээр байж, паркетан шалыг дутуу авсан хэмээн хэрүүл маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилгоор хохирогчийг хоёр удаа тус тус зодсон нь тогтоогджээ. Мөн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хохирогч М.А  нь 7-8 сарын хугацаатай жирэмсэн болох нь “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч”-ийн хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгч Е.А ийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх гэмт хэргийн шинжийг хангажээ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Е.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е.А ийн зүй бус харилцаа шууд нөлөөлсөн байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Е.А ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.А н эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Е.А  нь хохирогч М.А н нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршигт 200.000 төгрөгийг төлж өгсөн бөгөөд шүүхийн шатанд хохирогч М.А гаас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн хүсэлтээ бичгээр гаргасан тул шүүгдэгч Е.А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А т 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Е.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, хохирлыг нөхөн төлсөн, залуу гэр бүл, хохирогч болон хоёр хүүхдээ асран халамжилдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Е.А  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй бөгөөд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 07 дугаар багт эцэг эх, дүү, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Мөн шүүгдэгч Е.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Е.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Е.А ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 630 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Е.А т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Е.А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй.

Шүүгдэгч Е.А т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Е.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А ийг 630 (зургаан зуун гуч) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 (зургаан зуун гучин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Е.А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Е.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ