| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/135 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/135
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Д.Д,
орчуулагч, хэлмэрч А.А,
хохирогч С.С ,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н ,
шүүгдэгч К.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.Б д холбогдох эрүүгийн 2113000000031 дугаартай хэргийг дээд шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, К.Б , регистрийн дугаар БА74******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн шинжтэй маргаан үүсгэн эхнэр С.С ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч К.Б мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
2. Хохирогч С.С мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000031 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2113000000031 дугаартай, “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,
1. Хохирогч С.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-18 дугаар хуудас/,
2. Гэрч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
4. Яллагдагч К.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
5. Яллагдагч К.Б ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-45 дугаар хуудас/,
6. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр олгосон “РД:БА74121513, овог: И К, эцэг /эх/-ийн нэр: К, нэр: Б , яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо:1974/12/15, хаяг:Баян-Өлгий, Алтай, 4-р баг, Чихэртэй, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2, ГП дугаар:0660299, огноо:2008-09-15” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Б ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.Б нь эхнэр С.С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Хохирогч С.С аас “К.Б миний нөхөр бөгөөд түүнд энэ хэргийн тухайд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч К.Б ээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэсэн тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч К.Б нь эхнэрээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай, харин хэргийн зүйлчлэлийн тухайд маргаж байна. Шүүгдэгч К.Б ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч С.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр К.Б нь иргэн Б.Б , С.Л , Ж.А нарын машиныг янзалсан ба тэд нар К.Б д архи задалсан юм шиг байна. Тэгэхэд хамгийн сүүлд Б.Б ийн машиныг янзалж байгаад тэр хүнтэй хамт явчихсан. Би тэр өдөр дэлгүүрээс гэртээ идэж уух юм авч ирсэн.
Тэгээд орой 23 цагийн үед К.Б гаднаас согтуу ирж миний хийж өгсөн цай хоолноос идэж ууж дууссаны дараа надтай маргаан үүсгэсэн. К.Б нь “надад хандаж чи миний олсон мөнгийг дандаа хэрэггүй юманд зарцуулж байна, яагаад тэгж миний зөвшөөрөлгүй дэлгүүрээс бараа худалдаж аваад байгаа юм” бэ гэж маргаан үүсгэж, улмаар гараараа миний толгой тус газарт хэд хэдэн удаа цохисон. Баруун гараараа миний зүүн талын нүдэн тус газарт хүчтэй цохих үед миний бие ухаан алдаж унасан. Тэр үед дахиад хэд хэдэн удаа өшиглөсөн. Чи яаж байгаа юм бэ, хүн алхана уу гэж хэлсэн чинь чамайг алсан ч яадаг юм бэ гэж зодсон. Тэр үед манай гэрт К.Б бид хоёроос өөр хүн байхгүй байсан.
Би гэрээс зугтаж гараад хажуу талд гэр нь байдаг хадам дүүгээ дуудах гэсэн боловч тэднийх айлын цайллаганд явчихсан байсан. Тэгээд гэрт ирээд К.Б йг ажиглаж харсан чинь оронд дээр хувцастай унтчихсан байсан. Тэгээд би гэрийн үүдний өрөөнд хоносон. Тэр доор цагдаагийн хэсэгт дуудлага өгөх гэсэн боловч утасны дугаарыг олж чадаагүй. Тэгээд өглөө 07 цагт төрсөн ах болох С.Т д утсаар залгаж хэлсэн. Тэгэхэд С.Т ах маань сумын хэсгийн төлөөлөгчид очиж дуудлага өгсөн. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Б бас хамт ирсэн. К.Б яагаад надыг ямар шалтгаанаар зодсоныг огт ойлгосонгүй. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Тухай үед нэлээн согтуу байсан ба маргааш өглөө нь надаас уучлалт гуйсан. К.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн буруугаа чин санаанаасаа гэмшиж, надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрч, цаашид гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй болно. Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш надыг аймгийн төвд эмнэлэгт үзүүлж, эм тариа авч өгсөн. Надад учирсан хохирлоо бүрэн барагдуулж өгсөн. Цаашид хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
- Гэрч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өглөө 09 цагийн үед сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа хүргэн болох К.Б ийн эхнэр С.С над руу утсаар ярьж манай гэрт хүрээд ирээч гэсэн. Тэгээд би дөнгөж босоод сууж байсан болохоор шууд гэрийн гадаа байсан мотоциклийг асааж аваад хүргэн болох К.Б ийн гэрт ирсэн. Гэрт нь ирсэн чинь миний дүү болох С.С ы зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, нүүр хэсэг нь цус болчихсон зодуулсан байдалтай нэлээн өвдөлтэй сууж байсан. Юу болсон тухай асуухад “өнөө шөнө К.Б гэртээ согтуу ирж ямар нэгэн шалтгаангүйгээр зодож ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэгэхэд би С.С д шөнө яагаад сумын цагдаад дуудлага өгөөгүй юм бэ гэж асуухад К.Б утсыг булааж авчхаад өгөөгүй гэж хэлсэн. Та надад сумын эмч, цагдаа хоёрт дуудлага өгч дагуулаад ирээч гэсэн. Тэгээд би мотоциклтэй цагдаагийн хэсэгт ирж, хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Мөн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч М.Б д бас хэлээд дагуулаад очсон.
К.Б , С.С хоёр гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Тэр хугацаанд ийм асуудал гаргаж байгаагүй. Анх удаа эхнэрээ зодож байна. Архидан согтуурснаас болоод үл ойлголцож эхнэрээ зодсон гэж үзэж байна. Энэ хоёрын дунд урьд өмнө ямар нэгэн таарамжгүй харьцаа байсныг огт сонсож байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай: “1.Иргэн С.С ы биед тархины доргилттой, зулайн дунд хэсэгт хавантай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын нуруу болон баруун нүдний дотор буланд хөх ягаан туяатай, цус хуралттай, зүүн бугалганд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Иргэн С.С ы биед үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
- Шүүгдэгч К.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус засварын газарт машин янзалж байсан. Тэр өдөр надад Б.Б , Ж.А , С.Л болон бас нэг хэд хэдэн хүмүүс ирж машин янзлуулсан юм. Тэр өдөр нэлээн ачаалалтай өдөр байсан. Тэгэхэд надад машин янзлуулж авдаг хүмүүс ганц нэг шил архи задалж хийдэг нь үнэн. Би хүмүүсийн задалсан архинаас уусан. Тэр өдөр нэлээн ядарсан ба архи ууж нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд гэртээ цай хоол идэж сууж байсныг санаж байна. Цаг нэлээн орой болсон байсан ба эхнэр С.С тай “чи дэлгүүрээс зээлээр хүнсний юм авч ирж байх ямар шаардлагатай юм” бэ гэсэн утгатай зүйл хэлээд С.С ыг шууд зүүн талын нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа хүчтэй цохиж унагаасныг санаж байна. Газар унасны дараа дээр нь дарж аваад цохисон байсан. Өглөө босоход гэрт сумын цагдаа, эмч хоёр манай гэрт сууж байсан. Би шөнө нэлээн согтсон болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Манай эхнэрийн төрсөн ах С.Т цагдаад дуудлага өгсөн байна. Би анх удаа эхнэр болох С.С д гар хүрч зодсон явдалд маш их гэмшиж харамсаж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч К.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн шинжтэй маргаан үүсгэн эхнэр С.С ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгч К.Б ийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж зүйлчилсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилго бүхий нөхцөл байдлуудыг хамааруулж ойлгох бөгөөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар эдгээр нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.
Тухайн цаг хугацаанд шүүгдэгч К.Б нь согтуугаар, эхнэр С.С ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь ахуйн хүрээний, үл ялих маргаан, шалтгаанаас үүдэлтэй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа, зорилго, шинжгүй байх тул түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллах дүгнэлтэд зааснаас хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч К.Б ийн хохирогч С.С ы эрүүл мэндэд “тархины доргилттой, зулайн дунд хэсэгт хавантай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын нуруу болон баруун нүдний дотор буланд хөх ягаан туяатай, цус хуралттай, зүүн бугалганд цус хуралт” бүхий гэмт учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч К.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч К.Б ийн архидан согтуурсан байдал, тухайн мөчид гаргасан зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч К.Б ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.С ы эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаартай хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх заалтад заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.С ы зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд “шүүгдэгч К.Б д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч К.Б йг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.Б ийг шүүхээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, мөн тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг хүчингүй болгож, 2 жилийн хорих ял шийтгэж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч К.Б ийн үйлдэл холбогдлыг бүхэлд нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Б ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
Шүүгдэгч К.Б нь урьд ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хавтаст хэргийн 40-45 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Шүүгдэгч К.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хууль бусаар мод бэлтгэх /Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж хууль хэрэглэх журмыг зохицуулсан байна.
Шүүгдэгч К.Б ийн хохирогч С.С ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл холбогдол нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байгаа тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Б ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч К.Б нь Т.А гэгчтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас хууль бусаар 74 ширхэг хуурай шинэс мод, 6 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 693.694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Б , Т.А нарыг бүлэглэж, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 заалтад зааснаар шүүгдэгч Т.А , К.Б нарын тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч К.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны шөнө 23 цагийн үед Баян-Өлгий аймгийн Алтай сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн шинжтэй маргаан үүсгэн эхнэр С.С ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан байна.
Шүүхээс шүүгдэгч К.Б ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч К.Б д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч К.Б д 1 жил, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Б нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр цагдан хоригдсон, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хорих ял эдэлсэн, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял тус тус эдэлсэн болох нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 78 дугаартай “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” тухай захирамж, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1175 дугаартай албан бичиг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон, хорих ял эдэлсэн, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн нийт 232 хоногийг шүүгдэгч К.Б ийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцох нь хуулийн үндэслэлтэй. .
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч К.Б ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч К.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч К.Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч К.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Б ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч К.Б ийн цагдан хоригдсон, хорих, зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн нийт 232 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, ялын биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
8. Шүүгдэгч К.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч К.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч К.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ