| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2021/0130/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч Х.Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.А ,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А д холбогдох эрүүгийн 2113001380157 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нь: 1. Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 21/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
2.Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
3. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
4. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял,
5. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
6. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
7. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Т.А , РД:БЭ88******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.М ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Т.А аас мэдүүлэхдээ: Би тухайн үед зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан. Хохирогч өөрөө намайг хэл амаар доромжилсон болохоор мотоциклийн хамгаалах малгайгаар хоёр удаа цохиод авсан. Хохирол төлбөрт 500.000 төгрөгийг төлж өгсөн. Хохирогчоос уучлалт гуйсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2113001380157 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Иргэн Т.А ын эзэмшлийн гэх хамгаалах малгайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8-9, 16 дугаар хуудас/,
2. Хохирогч Б.М оос гаргаж өгсөн СД бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
3. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 294 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
4. Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
5. Гэрч Ж.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
6. Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №411 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
8. Яллагдагч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
9. Иргэн Т.А ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 105 дугаар хуудас/,
10. Яллагдагч Т.А ын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.А ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
- Иргэн Т.А ын эзэмшлийн гэх хамгаалах малгайд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 8-9, 16 дугаар хуудас/,
- Хохирогч Б.М оос гаргаж өгсөн СД бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
- Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед аймгийн хэмжээнд гурван хоног цахилгаан тасарсан үед хяналтад байгаа хүмүүсийг биечлэн хяналт тавьж байсан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан Т.А , С.С нарын цахим бугуйвч ажиллахгүй байсан тул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирж цахим бугуйвчаа янзлуул гэж дуудсан боловч товлосон цагтаа ирээгүй байсан. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан Т.А д хяналт тавих зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын техникийн хяналтын ажилтан Ж.Н тэй хамт Т.А ын гэрт очсон үед Т.А нь гэртээ байхгүй байсан. Тэгээд түүнийг гэрийнхээ ойролцоо газруудаар хайгаад явж байхад Хотгорын уурхай руу явах засмал зам дагуу Мустанг загварын мотоциклтэй явж байхад олж авсан. Тухайн үед Т.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай мотоцикл жолоодож явж байсан тул миний бие Т.А д хандаж “чи яагаад согтуугаар мотоцикл жолоодож явж байгаа юм вэ” гэж асууж түүнд согтуугаар мотоцикл жолоодохгүй байх талаар хууль ёсны шаардлага тавьсан үед Т.А нь миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж гарт нь байсан цэнхэр өнгийн хамгаалах малгайгаар миний толгой тус газарт хоёр удаа цохисон үед түүний гарт байсан хамгаалах малгай нь хагарсан. Мөн зам дагуу байсан чулууг авч над руу шийдсэн боловч уг чулуу нь намайг оноогүй.
Тэр үед хамт явж байсан Ж.Н бид хоёр Т.А ын үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн газарт дуудлага өгсөн. Тухайн үед Т.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь тогтоогдож, шүүхээс баривчлах шийтгэл авсан байна. Т.А нь хууль сахиулагч миний албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн тул түүнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна.
...Тухайн үед миний хажууд Ж.Н байсан. Харин Т.А ын хажууд мөн л зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн С.С байсан. Т.А намайг гарт байсан хамгаалах малгайгаар цохисон үед надтай хамт явж байсан Ж.Н бичлэг хийж авч бэхжүүлсэн ба Т.А нь над руу чулуу шийдсэн үед бичлэгээ зогсоож Т.А ыг барьж авсан. Тэр үед бэхжүүлж авсан бичлэг болон Т.А ын цэнхэр өнгийн хамгаалах малгайг цагдаагийн ахлах дэслэгч Г.Наранзулд авч ирж өгсөн.
...гэмт хэрэг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 цаг 00 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Т.А ын гэрийн ертөнцийн зүгээр зүүн урт зүгт байрлах засмал зам дагуу болсон. Тухайн газарт ойрхон ямар нэгэн хяналтын камер байхгүй байсан.
...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу яваад өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр ирсэн. Тийм болохоор урьд өмнө танилцаж амжаагүй байсан. Харин шинжээчийн дүгнэлттэй өнөөдөр танилцсан. Тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй.
...Т.А миний хувцаснаас бариагүй. Зөвхөн гартаа байсан хамгаалах малгайгаар хоёр удаа цохиж, чулуу аваад шийдсэн. Тийм учраас миний хувцас урагдаагүй. Надад эдийн засгийн хохирол учраагүй. Тийм болохоор Т.А аас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Харин миний бие албан үүргээ гүйцэтгэж яваад ийм халдлагад өртсөндөө маш их харамсаж байна. Тийм учраас Т.А аас хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг л хүсэж байна.
...миний бие Т.А аас 500.000 төгрөгийн хохирлыг бүрэн авсан, цаашид төлбөрийн тооцоо байхгүй тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас, шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт/,
- Гэрч Ж.Н н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай байгууллагад “Зорчих эрхийг хязгаарлах ялтай“ Ховд аймаг дахь нээлттэй, хаалттай хорих 457 ангиас суллагдсан Т.А , С.С нарын цахим бугуйвч ажиллахгүй байсан тул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 00 минутад ирж цахим бугуйвчаа янзлуул гэж дуудсан боловч товлосон цагтаа ирээгүй учраас хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.М ын хамт Өлгий сумын 09 дүгээр баг руу 15 цаг 00 минутын үед Т.А ын гэр рүү явсан. Очиж явах замдаа Т.А , С.С хоёртой замд тааралдсан. Өлгий сумын 09 дүгээр багт Петровис колонкийн дэргэд тааралдсан.
Т.А Мустанг 5 загварын мотоциклийг жолоодож явсан ба хойно нь С.С суугаад явж байсан. Тэгээд Т.А , С.С хоёрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж цахим бугуйвчаа янзлуул гэж хэлээд биечилсэн хяналт тавьсан эсэхээ баримтжуулахаар зураг авах гэтэл зураг авуулахгүй гээд эсэргүүцсэн. Тэгэхэд манай ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.М машинаас буугаад Т.А ын мотоциклийн түлхүүрийг авсан. Т.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгийг нь дэслэгч Б.М мэддэг байсан юм байна лээ, бас Т.А гаднаас нь харахад их согтолттой байсан нь анзаарагдаж байсан. Т.А ын мотоциклийн түлхүүрийг авахад дэслэгч Б.М руу салаавч өгч, гартаа барьж байсан каскаараа дэслэгч Б.М ын толгойн тус газарт цохиод дахиад цохиход би бичлэг хийж байснаа болиод Т.А ыг араас нь тэвэрч боогоод өчиж газарт унагааж үйлдлийг нь таслан зогсоож цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.
Т.А бид хоёрыг “хутгалж ална, надад цагдаа, шорон чинь сонин биш” гэж заналхийлж байсан. Тэгээд 15 цаг 15 минутанд цагдаагийн алба хаагч нар ирж Т.А ыг аваад явсан.
...Тухайн үед дэслэгч Б.М бид хоёрт тусгай хэрэгсэл байгаагүй байсан. Б.М бид хоёр Т.А болон С.С хоёрт зөвхөн албан ёсны шаардлага тавьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж гаваа солиул, эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж сэрэмжлүүлсэн. Түүнээс Т.А , С.С нарыг хэл амаар доромжилж, заналхийлсэн асуудал байхгүй. Харин ч Т.А , С.С нарыг дахин зөрчил гаргаж ял нь хүндрэхээс урьдчилан сэргийлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
- Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өглөөгүүр захын хойно явж байгаад Т.А тай таараад тамхи аваад өгч гээд 1 хайрцаг тамхи авхуулсан. Тэгээд Т.А намайг ажил хийж өгөх үү гэхээр нь тэгье гээд би Өлгий сумын 9 дүгээр багт Т.А ын гэрт очсон. Т.А ын гэрт Берик гэх хүн, бас нэг танихгүй хүн байсан. Т.А ын гэрт 0,75 литрийн савлагаатай 1 шил архийг тэр хоёр хүн Т.А бид дөрвүүлээ хуваагаад уусан. Би тэр архинаас 2 удаа уусан ба ихэнхийг нь Т.А тэр хоёр хүнтэй хуваагаад уусан.
Т.А бид хоёрыг 15 цаг 00 минутад аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирээрэй гэж ахмад Б.Д хэлсэн. Цаг харахад 14 цаг 24 минут болсон байсан, тэгээд Т.А мотоцикл унаад би ард нь суугаад Т.А ын гэрээс гарсан. Гараад явж байхад замд Өлгий сумын 09 дүгээр багт Петровис колонкийн цаахан талд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 алба хаагчтай тааралдсан. Бид хоёрыг зогсож бай гэхээр нь замын хажууд бид хоёр мотоциклтой зэрэгцээд зогссон. Тэр хоёр хүн бид хоёроос “та хоёр энэ Б ыг харсан уу” гэж асуусан. Бид хоёр “хараагүй” гэсэн. Тэгээд тэр хоёр алба хаагч бид хоёрыг “та хоёр явж бай, гэхдээ та хоёрын зургийг авья” гэсэн чинь Т.А “зураг авхуулахгүй” гэж тэр хоёр алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж буруу харсан. Би харин камер руу хараад зургаа авхуулсан. Би Т.А д “зургаа авхуулчих, чи бид хоёр угаасаа хуулийн дагуу ял эдэлж байгаа, эсэргүүцэх ямар ч шаардлага байхгүй” гэж хэлсэн ч уурлаад намайг “мотоциклоос буу” гээд буулгасан. Мотоциклоосоо буугаад данхраадчихаад Т.А хамгаалах малгай /каск/-аа баруун гарт бариад дэслэгч Б.М руу далайж байснаа эхлээд 1 удаа өшиглөсөн. Дараа нь каскаараа 2 удаа Б.М ын толгой руу цохисон, тэгээд каск нь Т.А ын гараас уяа нь тасарч хашаанд цохигдож хагарсан. Т.А газраас 1 ширхэг хүний атгасан гарын дайны чулуу авч Б.М руу шийдэхэд Б.М доошоо суугаад оногдоогүй. Тэгээд тэнд Б.М той цуг явж байсан дэслэгч Ж.Н Т.А ыг барьж аваад газарт унагаагаад гарыг нь ард нь хийгээд дарсан. Дараа нь 20 минутын дараа цагдаагийн алба хаагч нар ирээд Т.А бид хоёрыг цагдаа руу аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Х.Е ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №411 дугаартай “1. Б.М ын биед зүүн гарын тохой хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
- Яллагдагч Т.А ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед С.С тай хамт өөрийн эзэмшлийн мотоциклээр аймгийн төв рүү ирж байхад бид нарын урдаас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч нар болох М , Н нар тааралдаад бид нарыг зогсоосон. Би хажууд нь ирэхэд Б.М надад “чи хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухаар нь би түүнд Д ийн дуудсанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явж байгаа талаар хэлсэн. Тэр үед М , Н нар С бид хоёрт “энэ хоёрын зургийг аваад явуулъя” гэж хэлсэн үед би зураг авхуулахгүй гэж хэлсэн. Тэр үед Б.М надад “энэ архи уусан байна шүү дээ, чи яагаад согтуугаар мотоцикл жолоодож явж байгаа юм вэ” гэж хэлсэн. Тэр үед би мотоцикл рүү дөхөж ирэхэд М надаас түрүүлж ирээд мотоциклийн түлхүүрийг булааж авснаас болоод бид нар хоорондоо маргалдсан. Тухайн үед миний гарт хамгаалах малгай байсан ба тухайн хамгаалах малгайгаар М ын толгой тус газарт нь нэг удаа цохисон үед миний хамгаалах малгайн оосор нь тасарч унаад хагарсан. М , Н нар намайг барьж авч газарт дарж байгаад цагдаа дуудсан байна. Хэсэг хугацааны дараа эргүүлийн цагдаа нар ирээд намайг цагдаагийн газарт дагуулж ирсэн. Тэр өдөр миний бие Б.М ын эрх чөлөөнд халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд зөрчлөөр арга хэмжээ авагдсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба Б.М оос уучлалт гуйсан. Тэр үед архины халуундаа ийм юм үйлдсэндээ маш их гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Иймд миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.А нь согтууруулах ундаа хэрэглэж 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.М ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
шүүгдэгчээс “хохирогч өөрөө намайг хэл амаар доромжилсон тул хоёр удаа цохисон маань үнэн, чулуугаар цохисон гэдгийг мэдэхгүй юм байна” гэх тайлбарыг,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байх ба Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаартай захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.А ын эдлээгүй үлдсэн 3 сар 21 хоногийн хорих ялыг дүйцүүлэн сольж, энэхүү зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.
Үүнээс үзэхэд шүүгдэгч Т.А нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байсан ба ялын биелэлтэд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавьж ажилласан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно.” гэж заасан.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж заасан байх ба энэ хэргийн хохирогч Б.М нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай, гэмт хэрэг үйлдэгдэх үед хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэж явсан хууль сахиулагч байна.
Тухайн хэргийн хувьд Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч ажилтай Б.М нь техникийн ажилтан Ж.Н н хамт 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа ялтан Т.А , С.С нартай уулзаж “аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж цахим бугуйвчаа янзлуул, зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхэд биечилсэн хяналт тавьсан эсэхээ баримтжуулахаар зураг авна” гэж хууль ёсны шаардлага тавихад нь шүүгдэгч Т.А хууль сахиулагч Б.М ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд шүүгдэгч Т.А аас “тухайн үед хохирогч Б.М намайг хэл амаар доромжилсон тул цохиж зодсон”, “хэргийн газар өөр хоёр хүн байсан” гэж мэдүүлсэн боловч энэхүү нөхцөл байдал гэрч Ж.Н н “...Т.А Мустанг 5 загварын мотоциклийг жолоодож явсан ба хойно нь С.С суугаад явж байсан. Тэгээд Т.А , С.С хоёрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж цахим бугуйвчаа янзлуул гэж хэлээд биечилсэн хяналт тавьсан эсэхээ баримтжуулахаар зураг авах гэтэл зураг авуулахгүй гээд эсэргүүцсэн.”, гэрч С.С “...Т.А бид хоёрыг 15 цаг 00 минутад аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирээрэй гэж ахмад Б.Д хэлсэн. Цаг харахад 14 цаг 24 минут болсон байсан, тэгээд Т.А мотоцикл унаад би ард нь суугаад Т.А ын гэрээс гарсан. Гараад явж байхад замд Өлгий сумын 09 дүгээр багт Петровис колонкийн цаахан талд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 алба хаагчтай тааралдсан. Бид хоёрыг зогсож бай гэхээр нь замын хажууд бид хоёр мотоциклтой зэрэгцээд зогссон. Тэр хоёр хүн бид хоёроос “та хоёр энэ Б ыг харсан уу” гэж асуусан. Бид хоёр “хараагүй” гэсэн. Тэгээд тэр хоёр алба хаагч бид хоёрыг “та хоёр явж бай, гэхдээ та хоёрын зургийг авъя” гэсэн чинь Т.А “зураг авхуулахгүй” гэж тэр хоёр алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж буруу харсан.” гэх мэдүүлгээр тус тус няцаагдаж байна.
Шүүгдэгч Т.А ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.А ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М ын зүгээс гэмт хэргийн хор уршигт мөнгөн хэлбэрээр төлбөр нэхэмжлээгүй ба шүүхийн шатанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүгдэгч Т.А нь хохирогч Б.М од сайн дурын үндсэн дээр 500.000 төгрөгийг төлж өгсөн нь шүүгдэгч Т.А ын мэдүүлэг, хохирогч Б.М ын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Т.А ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.А д 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.А ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Т.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Б.М од учруулсан хохирлыг сайн дураар төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Мөн шүүгдэгч Т.А хохирогч Б.М ын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.А нь хувийн байдлын хувьд шүүхээс 2014 оноос 2020 оны хооронд хулгайлах, мал хулгайлах, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдэж, 7 удаа ял шийтгүүлж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А д оногдуулсан 1 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А д хорих ял биечлэн эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ болно.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд 2113001380157 дугаартай хэргийн хамт хадгалж, хагарсан хамгаалах малгай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ЗШ/386 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байгаа тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн 2113001380157 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, мөн хагарсан хамгаалах малгай 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ЗШ/386 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 хоногийн баривчлах шийтгэлийг эдэлж байгаа тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Т.А д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ