Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1616

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, хужирбулан 1 дүгээр хэсэг, 10-420 тоот хаягт оршин суух Ахайна шигбад овогт Дамдинжавын Алтансувд /рд:СЮ67050707/-ын гаргасан хүсэлттэй,

 

Ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Алтансувд, шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтансувд тус шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ТМС-ийн бетон арматурчны анги төгсөж, Хэнтий аймгийн БУГ-ын зуурмаг узелд ноормчиноор томилогдон ажилласан.

 

Би, 1989 оны 11 дүгээр сард нөхөр н.Баасаннямбууг дагаж Батнноров суманд ажиллаж, амьдарсан бөгөөд манай гэр 1992 онд шатсаны улмаас хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаалууд устсан.

 

            Ингээд тэтгэвэр тогтоолгох болоход 1985 оны 06 дугаар сараас 1989 оны 03 дугаар сар хүртлэх хугацааны ажилласан жил тогтоолгох шаардлагатай байгаа ба би одоогоор нэгэн барилгын компанид ажиллаж байгаа тул хэсэг хугацаанд ажилласаны дараагаар тэтгэвэрт гарна.

 

 Иймд, намайг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртлэх хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын зуурмагийн узелд арматурчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Алтансувдаас ажилласан жил тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хүсэлт гаргагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй ба тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохоор тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэдэг.

 

Хүсэлт гаргагч Д.Алтансувд 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртлэх хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын зуурмагийн узелд арматурчиноор ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

  1. Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 89 тоот тушаал,
  2. Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн цалингийн тодорхойлолт,
  3. Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын даргын 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 261 тоот тушаал,
  4. Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын цалин олгох тухай хүснэгт,
  5. Гэрч Д.Наранцэцэг, Л.Хүрэлбаатар нарын мэдүүлэг,
  6. Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэр. 

 

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 89 тоот тушаалаар хүсэлт гаргагч Д.Алтансувдыг тус байгууллагад бетон арматурчиноор ажиллуулахаар томилжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хэнтий аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолтод хүсэлт гаргагчийг тухайн байгууллагад 1985, 1986, 1987 болон 1988 онд ажиллаж, цалин хөлс авч байсан хэмээн дурьдсан баримт хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад баримттай тохирч байна.

 

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын даргын 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 261 тоот тушаалаар нэр бүхий ажилтнуудыг ажлаас чөлөөлөхөд хүсэлт гаргагч Д.Алтансувдыг 1989 оны 03 дугаар сараас бетон арматурчины ажлаас чөлөөлсөн байна.

 

Тодруулбал, Д.Алтансувд нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 89 тоот тушаалаар Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын зуурмагийн узелд арматурчиноор томилогдож, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 261 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Д.Наранцэцэг, Л.Хүрэлбаатар  нарыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахад гэрчүүд Д.Алтансувдыг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын зуурмагийн узелд арматурчиноор ажиллаж байсан гэж нэгэн адил мэдүүлж байхаас гадна тэдгээрийн мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын 1985 оны 07 дугаар сарын цалинг олгох ажилтнуудын нэрс дунд гэрч Д.Наранцэцэг, Л.Хүрэлбаатар нарын нэр багтсан байхаас гадна тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрээс үзвэл гэрчүүд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын зуурмагийн узелд ажиллаж байсан ажээ.

Өөрөөр хэлбэл, гэрчээр оролцсон Д.Наранцэцэг, Л.Хүрэлбаатар нар хүсэлт гаргагч Д.Алтансувдтай хамт ажиллаж байсан байна.

Иймд, Д.Алтансувдыг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын зуурмагийн узелд арматурчиноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ахайна шигбад овогт Дамдинжавын Алтансувд /рд:СЮ67050707/-ыг 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын конторын зуурмагийн узелд арматурчиноор ажиллаж байсныг тогтоосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь заалтад тус тус зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР