Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 522

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 8-14 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар:ТЯ63110110, Галзад овогт Баатарын Хүрлээгийн нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хүрлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Б.Хүрлээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Хүрлээ нь 1960 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд аав ээжийнхээ 2 дахь хүүхэд болон төрсөн. Би эцэг, эхээс ниймуулаа. Надад Б.Долгоржав нэртэй дүү байхгүй. Намайг төрөхөд аав маань Увс аймгийн Наранбулаг сумын улсын бүртгэлд 1960 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрснөөр бүртгүүлж гэрчилгээ авсан. 16 нас хүрээд хуучин улаан паспорт авах үед намайг 1960 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хэмээн зөв бичигдсэн байсан бөгөөд би 1983-1986 оны хооронд Улаанбаатар хотод цэргийн алба хааж байхдаа улаан паспортаа усанд урсгаж үрэгдүүлсэн. Цэргээс халагдаж ирээд Эрчим хүчний яамны томилолтоор Шарын голын уурхайд ажиллаж байхдаа иргэний үнэмлэхээ шинээр захиалж тухайн иргэний үнэмлэх дээр намайг 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрснөөр бичигдэж олгогдсон байсан. Түүнээс хойш миний бичиг баримтууд 1963 онд төрснөөр бичигдсээр ирсэн. Одоо миний бие 57 настай, өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болоод байна. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдөр цахилгаан хэрэгслийн улмаас гэрт гал гарч миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг бүх бичиг баримтууд шатсан болно. Улсын бүртгэлд миний бүртгэл засвартай байгаа юм. Иймд намайг 1960 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү”  гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Хүрлээ 1960 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.Үүнд:

1. Увс аймгийн Наранбулаг сумын 1960 оны төрөлтийн бүртгэлд Гэндэнгийн Баатар, Хичигийн Юнгэр нарын гэр бүлд Долгоржав, 1960 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн эм гэсэн бүртгэл дээр Хүрлээ, Ганхүрэл, эр гэж засварлан бичжээ,

2. Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн “Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаанд “Баатарын Хүрлээ, Хичигийн Жавзан нарын гэр бүлд 1958-1965 онуудад Хүрлээ нэртэй төрөлт бүртгэгдээгүй” гэжээ,

3. Галзад овогт Баатарын Хүрлээгийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

4. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 31-03/08 тоот “Гал гарсан тухай акт”,

5. Дэмбэрэлийн Хөхөөгийн цэргийн батлахад түүний төрсөн оныг 1957 он гэж бичжээ,

6. Е.Цэвэлмаа, А.Буянт нарын нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

7. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Баатар овогтой Хүрлээ /тя63110110/ нь 1960 онд Наранбулаг суманд төрсөн гэх бөгөөд Наранбулаг сумын төрөлтийн бүртгэлийн журналыг шүүж үзэхэд нэр нь засвартай байгаа тул төрсний бүртгэлийн лавлагаа гарах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

8. Б.Сайнбүрэн, Б.Өлзийтөгс, Б.Нацагдорж, Б.Наранцэцэг, Б.Оюунчимэг, Б.Отгонхүү нарын төрсний бүртгэлийн лавлагаа,

9. Гэрч А.Буянтын шүүхэд өгсөн: “Б.Хүрлээ 1960 онд Наранбулаг сумын 3 дугаар бригадад “Хэцүүгийн ам” гэх газарт төрсөн гэдгийг би Б.Хүрлээгийн ээж Юнгэрээс сонсож байлаа. Би 1966 онд анх бэр болж Б.Хүрлээгийн авга ах Самбуутай гэр бүл болоход Б.Хүрлээ 6-7 настай хүүхэд байсан бөгөөд тэрээр айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Тэгэхэд Баатарынх 4 хүүхэдтэй айл байсныг би санаж байна. Тухайн үед Б.Хүрлээгийн эгч Зохь нь 8 настай, Б.Хүрлээ 6 настай, удаах охин дүү Б.Долгоржав нь 3 орчим настай, Б.Нацагдорж нь 1 ойтой хүүхдүүд байсан юм. Тэгэхэд Б.Хүрлээг Ганхүрэл гэж дууддаг байсан гэтэл одоо Хүрлээ нэртэй болчихсон юм шиг байна лээ. Баатарынд Хүрлээ нэртэй өөр хүүхэд байдаггүй юм. Б.Хүрлээ нь эхээс 8 уулаа, айлын том охин Б.Зохь 1958 онд төрсөн, Б.Хүрлээ 1960 онд төрсөн, Б.Долгоржав 1963 онд, Б.Нацагдорж 1965 онд, Б.Олонхүү 1967 онд, Б.Оюунчимэг 1969 онд, Б.Нарантуяа 1972 онд, Б.Өлзийтөгс 1974 онд тус тус төрцгөөсөн 1960 оны Б.Долгоржав нь нас барсан бусад нь амьд сэрүүн байдаг юм” гэх мэдүүлэг,

10. Гэрч Е.Цэвэлмаагийн шүүхэд өгсөн: “Б.Хүрлээ 1960 онд Наранбулаг сумын Хужирт бригадад төрсөн гэдгийг би өөрийн хадмуудаасаа сонсож байлаа. Би Б.Хүрлээг хар багаас нь таньж мэдэх бөгөөд манай хоёр айл олон жил хөрш зэргэлдээ амьдарч ирсэн, нэг нэгнийхээ гэрээр байнга орж гардаг хүмүүс юм. Мөн манай хадам дүү С.Батсүх 1960 онд төрсөн, хулгана жилтэй хүн байдаг болохоор би Б.Хүрлээг нас чацуу гэдгээр нь сайн мэддэг юм. Түүнийг багаас нь Хүрлээ гэх нэрээр дууддаг байсан.Б.Хүрлээгийн удаах дүү 1963 онд нь төрсөн гэж хүмүүс ярьцгаалаг бөгөөд нас барчихсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч Б.Хүрлээ нь 1960 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа Увс аймгийн Наранбулаг сумын 1960 оны төрөлтийн бүртгэлийг нотлох баримтаар өгсөн ба энэхүү бүртгэлд Гэндэнгийн Баатар, Хичигийн Юнгэр нарын гэр бүлд Долгоржав, 1960 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн эм гэсэн бүртгэл дээр Хүрлээ, Ганхүрэл, эр гэж нэрийг засварлан бичсэн байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, гэрчүүдийн мэдүүлэгт “түүнийг 1960 онд төрсөн гэж сонсож байсан” гэсэн мэдүүлэг өгсөн, Б.Хүрлээ нь шүүх хуралдаанд “Надад Б.Долгоржав нэртэй дүү байхгүй” гэсэн тайлбар гаргасан ба гэрч А.Буянтын “Б.Хүрлээ нь эхээс 8 уулаа, айлын том охин Б.Зохь 1958 онд төрсөн, Б.Хүрлээ 1960 онд төрсөн, Б.Долгоржав 1963 онд, Б.Нацагдорж 1965 онд, Б.Олонхүү 1967 онд, Б.Оюунчимэг 1969 онд, Б.Нарантуяа 1972 онд, Б.Өлзийтөгс 1974 онд тус тус төрцгөөсөн, Б.Долгоржав нь нас барсан бусад нь амьд сэрүүн байдаг юм” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

     Иймд Б.Хүрлээгийн Увс аймгийн Наранбулаг суманд 1960 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хүрлээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Галзад овогт Баатарын Хүрлээгийн нас тогтоолгох тухай /1960 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн/ тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Хүрлээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      П.БОЛОР