Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/804

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт А-гийн Б-д холбогдох эрүүгийн ************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****************** өдөр *******************, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ********************* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо *********************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д овогт А-гийн Б /РД: ***************************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****************” хотхоны 104 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч С-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар С.Р-ийн толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чамархайнд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт /хх 1/,

2. Хохирогч С.Р:

“...Би тухайн үед өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай автомашинтайгаа Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***************** хотхоны 104 дүгээр байрны автомашины зогсоол руу орж байхад миний өөдөөс хар өнгийн том оврын жийп машин тулаад хүрээд ирсэн, би машинаасаа буугаад би тэр машины жолоочийг хойш нь ухарчхаад буугаад гарааш руу орохоо зөрөөд гарчих гэж хэлсэн. Гэтэл тэр машины жолооч нь гэх 25-30 орчим насны залуу шууд намайг “Чи муу гадаад нутаг руугаа зайлаач гээд хашхирсан тэгэхээр нь би тэр залууд уурлаад монголоор чи яагаад намайг загнаад байгаа юм гэж хэлээд өөр ямар нэгэн үйлдэл хийлгүй машиндаа суусан. Машиныхаа жолооч талын цонхыг онгойлгочихсон зогсож байхад гэнэт миний хажуу талаас нэг залуу шууд миний нүүр рүү цохисон. Би тэр залууд цохиулсандаа цочоод хааз дээрээ гишгээд урд талдаа зогсож байсан машиныг мөргөчихсөн, мөн би цохиулаад машинаасаа бууж ирээд намайг цохисон 25-30 орчим насны залууг барьж аваад чи намайг яагаад цохив гэтэл миний хойд талаас нэг залуу ирээд намайг цохисон... толгойн хойд хэсэг рүү цохиод тэрнээс хойш миний ойр орчим олон хүн бужигнаад юу болсныг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 8-9/,

2. Гэрч Д.Д-ын:

“...Манай нөхөр машинаасаа бууж ирэхэд нүүрнээс нь цус гарчихсан цустай салфетка барьчихсан, зүүн нүд нь хөхөрчихсөн цус гоожсон байсан, би мөргүүлсэн машины жолоочид манай нөхрийг цохчихсон байх гэж бодоод тэр залуугаас яагаад манай нөхрийг цохисон юм бэ гэж асуухад тэр залуу би танай нөхрийг цохиогүй ээ гэхээр нь би нөхрөөсөө юу болсон талаар асуухад гэнэт машинтайгаа зогсож байхад машины цонхоор хүн цохихоор нь би сандарсандаа урд талын машинаа мөргөчихсөн юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

3. Гэрч Т.Т-ын:

“...Б машинаа хөдөлгөөд зогсоолоос гарахад өөдөөс хар өнгийн том дунд оврын жип машин тулаад ирсэн, тэр машины жолоочийг ухраад гарчих гэсэн жолооч нь том биетэй, гадаадын иргэн байсан, би тэр гадаадын иргэнийг ухраад гарчих би гарах гэсэн юм гэхэд тэр залуу “би наад граж руу чинь орох гээд байна гээд 104 дүгээр байрны граж руу заасан. Тэгтэл тэр машины жолооч болох гадаад улсын иргэн нь машинаа ухраахгүй байсан, тэгээд ах Б-тай машин дотроосоо маргалдаад байсан, тэгж байгаад тэр гадаад залуу машинаасаа буугаад манай машин дээр ирээд Б ахын гар утсыг нь булааж аваад урагшаа автомашины хүрд /үрүүль/ рүү шидчихээд буцаад машин руугаа явсан. ...намайг очиход нөгөө гадаад хүн Б ахтай зууралдчихсан байхаар нь би араас нь очоод тэр гадаад хүнийг түлхээд толгойн хойд дагз хэсэг рүү нэг удаа цохисон. Гадаад хүн нь машин мөргөчихсөн байхаар нь бид нар тэр хүнийг орхиод явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9673 дугаартай:

“...С Р-н биед зүүн чамархайд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх 28-29/,

5. Яллагдагч А.Б-н:

“...Би машинаа хөдөлгөөд гарахад миний өөдөөс хар өнгийн том дунд оврын жип машин тулаад ирсэн, би тэр машины жолоочийг ухраад гарчих гэсэн, жолооч нь өндөр том биетэй, гадаадын иргэн байсан. Би тэр гадаадын иргэнийг “ухраад гарчих би гарах гэсэн юм” гэхэд тэр залуу “би наад граж руу чинь орох гээд байгаа юм” гэхээр нь би наад граж руу чинь орох гээд байгаа юм” гэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ цаашаа зайлаач” гэхэд тэр гадаадын иргэн машинаасаа бууж ирээд “чи яах гээд байгаа юм бэ цаашаа зайлаач” гэхэд тэр гадаадын иргэн машинаасаа бууж ирээд “чи юу гээд байгаа юм бэ, би энэ доод талын граж руу орох гээд байна” гээд миний машин дээр хүрч ирээд урд талын салон дээр байсан миний гар утсыг булааж авахаар нь би гар утсаа өгөхгүй гээд булаацалдсан, тэгтэл тэр гадаадын иргэн миний гар утсыг машины жолоочийн хүрд /үрүүль/ рүү шидчихсэн.  ...би шууд тэр гадаадын иргэний нүүр лүү цохичихсон юм. Тэр гадаадын иргэн машинаасаа бууж ирээд намайг бариад авсан, тэгэхэд нь надтай хамт ажилладаг Төрбаяр нөгөө гадаадын иргэнийг хойш нь татаад салгасан. Төрбаярын араас Г хүрч ирж байсан, гадаадын иргэн надад цохиулаад өөрийнхөө урд талд зогсож байсан хар өнгийн жижиг оврын автомашиныг мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч А.Б нь хохирогч С.Р Р-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч А.Б гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Б-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Б нь: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***************” хотхоны 104 дүгээр байрны автомашины зогсоолд хохирогч С.Р-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний толгой руу нь цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн чамархайнд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч С.Р-ын “...Машиныхаа жолооч талын цонхыг онгойлгочихсон зогсож байхад гэнэт миний хажуу талаас нэг залуу шууд миний нүүр рүү цохисон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Д-ын “...Манай нөхөр машинаасаа бууж ирэхэд нүүрнээс нь цус гарчихсан цустай салфетка барьчихсан, зүүн нүд нь хөхөрчихсөн цус гоожсон байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Т.Т-ын “...тэр машины жолооч болох гадаад улсын иргэн нь машинаа ухраахгүй байсан, тэгээд ах Б-тай машин дотроосоо маргалдаад байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 9673 дугаартай “...С.Р Р-н биед зүүн чамархайд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч А.Б нь хохирогч С.Р Р-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч  Р-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд хохирогч С.Р Р нь 300.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.Б нь төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч А.Б-тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч А.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 245 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч А.Б-н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч А.Б-н цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Агийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           М.ДАЛАЙХҮҮ