| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00524/И |
| Дугаар | 523 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 523
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг Улаангом сумын 6 дугаар баг, 2-60 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОЮ57071716, Их тугтан овогт Тамжидын Даваасүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1957 онд төрсөн, 60 настай, ам бүл 5. Би 1975 онд Эрдэнэт хотын барилгын цэргийн 110 дугаар ангид цэргийн 3 жилийн алба хааж, тэр ангидаа мужааны мэргэжил эзэмшсэн. Цэргээс халагдаж ирээд 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн 8 дугаар бригадад мужаанаар тасралтгүй ажиллаж байгаад 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Орд” компанид шилжиж орсон. Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдон орсон тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр хожуу нээсэн тул ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон тамга, тэмдэг бичилтийн зөрчилтэй гэсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн 8 дугаар бригадад мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Даваасүрэн нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн 8 дугаар бригадад 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Барилга угсалтын трестээс 1984 оны 4 дугаар сарын 14-ний өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Барилга угсалтын трестийн даргын 1980 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 132 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “...Тамжид овогтой Даваасүрэнг 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар бригадад мужаанаар ажиллуулсугай” гэжээ,
3. Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн лавлагаа,
4. Увс аймгийн Барилга угсалтын трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 тоот “Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай” тушаалын хавсралтын 11-рт Т.Даваасүрэн, 181 төгрөг гэж бичигджээ,
5. Увс аймгийн Барилга угсалтын трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 403 тоот “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаалд “...Мужаан цехийн мужаан Т.Даваасүрэнд 9 сарын 1-ээс 10 дугаар сарын 1 хүртэл амьдралын аргагүй байдлыг харгалзан түр чөлөөлсүгэй” гэжээ,
6. 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн 90 жилийн ойгоор Увс аймгийн Барилга угсалтын трестэд хамт ажиллаж байсан хүмүүсийн хамт авахуулсан фото зураг /гэрч О.Мягмар, О.Шинэбат нарын хамт/,
7. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн “Увс аймгийн БУТ-ийн БМҮ-ийн Мужаан цехийн 1987-1990 оны цалингийн баримт архивт шилжиж ирээгүй байна. Увс аймгийн БУТ-ийн БМҮ-ийн Мужаан цехийн 1985-1986 оны цалинг шүүн үзэхэд Тамжид овогтой Даваасүрэнгийн цалин гараагүй болно” гэх лавлагаа,
8. Гэрч О.Мягмарын шүүхэд өгсөн: “Би 1964 оноос Увс аймгийн Барилга конторт мужаанаар 1987 оныг дуустал ажиллаад 1988 оноос “Их Барилга” ХК-д шилжин ажиллах болсон юм. Т.Даваасүрэн нь 1980 оноос Барилга трестийн харьяа барилга материалын үйлдвэрийн мужааны цехэд мужаанаар ажилд орж 1991 оны сүүл хүртэл ажиллаад Барилга трест нь Барилгын бирж, Барилга материалын үйлдвэр нь “Орд” ХХК болоход Т.Даваасүрэн “Орд” ХХК-д орж ажилласан юм. Барилга материалын үйлдвэр нь барилгын хаалга цонхыг хийдэг байсан, бид нэг байгууллагад 10 гаруй жил хамт ажиллаж байсан учраас би түүнийг сайн таньж мэдэх юм. Тухайн үед манай байгууллага нь 1300 гаруй ажилчиннтай, 7-8 бригадтай байлаа” гэх мэдүүлэг,
9. Гэрч О.Шинэбатын шүүхэд өгсөн: “Би 1984 оноос Увс аймгийн Барилга трестын гражид авто жолоочоор ажилд орж 1991 он хүртэл ажиллаад 1991 оны 12 дугаар сарын сүүлээр “Орд” ББХК-д 1996 он хүртэл жолоочоор ажилласан юм. 1984 онд намайг тус трестэд ажилд ороход Т.Даваасүрэн нь трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн мужаанаар ажиллаж байсан бөгөөд 1991 оны сүүлээр “Орд” компанид хамт ишлжин орцгоосон юм. Улмаар намайг 1996 онд хувьдаа машинаа аваад гарахад Т.Даваасүрэн тэндээ ажиллаад үлдсэн санагдаж байна. Би Т.Даваасүрэнг эртнээс таньж мэдэх бөгөөд бид багадаа лаагерт айл хөрш амьдарч байсан, манай эгчтэй нэг төгсөлт гэдгээр сайн мэддэг юм” гэх мэдүүлэг,
10. Гэрч О.Мягмар, О.Шинэбат нарын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Даваасүрэн нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн 8 дугаар бригадад 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Барилга угсалтын трестээс 1984 оны 4 дугаар сарын 14-ний өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Барилга угсалтын трестийн даргын 1980 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 132 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсалтын трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 тоот “Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсалтын трестийн даргын 1990 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 403 тоот “Ажлаас түр чөлөөлөх тухай” тушаал, 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Барилга угсалтын трестэд хамт ажиллаж байсан хүмүүсийн хамт авахуулсан фото зураг, гэрч О.Мягмар, О.Шинэбат нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Даваасүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн 8 дугаар бригадад 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 11 жил, 7 сар, 11 хоног мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их тугтан овогт Тамжидын Даваасүрэнгийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн 8 дугаар бригадад 1980 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 11 /арван нэг/ жил, 7 /долоо/ сар, 11 /арван нэг/ хоног мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР