Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/806

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж овогт М-ын М-д холбогдох эрүүгийн -**************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ************** өдөр ************ аймагт  төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-д лед дэлгэцийн техникч ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч 2 дүүгийн хамт ******************* тоотод оршин суух,

- урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдийн 686 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Ж овогт М-ын М /РД: ****************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.М нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” дунд сургуулийн спорт зааланд тоглож байхдаа иргэн Х.Э-ийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М мэдүүлэхдээ: “...Миний бие “Э” дунд сургуулийн зааланд тоглож байхдаа Х.Э-ийн утсыг хүч хэрэглэхгүйгээр авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-3/,

3. Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4-5/,

4. Хохирогч Х.Э-ийн:

“...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Т найзтайгаа хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” бүрэн дунд сургуулийн спорт зааланд тоглохоор очсон бөгөөд тухайн спорт зааланд ороод хувцсаа солиод сандал дээр сууж байхдаа өөрийн гар утсаа газарт унагаасан тэгээд би гар утсаа аваад сандал дээр тавиад хувцсаа солиод дуусаж байтал манай найз Т хэзээ тоглохоо шийдье гэсэн тэгэхээр нь би босоод хэзээ тоглохоо шийдчихээд эргэж хувцсаа сольж байсан сандал дээрээ суух гээд иртэл үл таних ах сууж байсан бөгөөд би хувцаснуудаа цүнхэндээ хийх гэтэл миний гар утас сандал дээр байхгүй байсан тэгээд сандал дээр сууж байсан ахаас гар утсаа асуутал тэр сандал дээр сууж байсан ах байхгүй гэж хэлээд босоод яваад өгсөн би тэгээд Т-гийн гар утсаар өөрийнхөө утас руу залгахад дуудаад байсан би заалаар хайгаад  өөр зааланд тоглож байсан хүмүүсээс асууж хайсан боловч гарч ирээгүй. Тэгээд миний хажууд сууж байсан ахын биед гар утсаа үзэх гэтэл гар утсаа үзүүлэхгүй гээд заалнаас гараад явчихсан. Миний утас Самсунг А-51 загварын гар утас байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сард “**********” төвөөс 550.000 төгрөгөөр авч байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би гар утсаа эргүүлэн авсан...” гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

5. “Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 22-24/,

6. Шүүгдэгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагаас 18 цагийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” дунд сургуулийн спорт зааланд хамт найзалж нөхөрлөдөг 8 найзын хамт заал авч байсан. Тэгээд би тухайн зааланд ороод сандал дээр суугаад хувцсаа сольж байтал миний өмд унасан ба мөн газарт бас юм унах чимээ гарсан бөгөөд би өмдөө шалан дээрээс автал ногоон цэнхэр өнгийн самсунг загварын гар утас байсан тэгээд би өөрийнхөө өмдтэй хамт тухайн гар утсыг цүнхэндээ хийсэн бөгөөд зааланд тоглож дуусаад хувцсаа солиод заалнаас гараад явсан. Би гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдэж байсан өгөөд тухайн гар утсыг авч яваад өөрөө ашиглаж гэж байсан юм. Тухайн гар утсаа цагдаагаас дуудахаар нь эзэнд нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч М.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч Х.Э-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.М-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч М.М нь:

2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” дунд сургуулийн спорт зааланд тоглож байхдаа иргэн Х.Э-ийн эзэмшлийн Самсунг А-51 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Х.Э-ийн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед Т найзтайгаа хамт Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” бүрэн дунд сургуулийн спорт зааланд тоглохоор очсон бөгөөд тухайн спорт зааланд ороод хувцсаа солиод сандал дээр сууж байхдаа өөрийн гар утсаа газарт унагаасан тэгээд би гар утсаа аваад сандал дээр тавиад хувцсаа солиод дуусаж байтал манай найз Т хэзээ тоглохоо шийдье гэсэн тэгэхээр нь би босоод хэзээ тоглохоо шийдчихээд эргэж хувцсаа сольж байсан сандал дээрээ суух гээд иртэл үл таних ах сууж байсан бөгөөд би хувцаснуудаа цүнхэндээ хийх гэтэл миний гар утас сандал дээр байхгүй байсан тэгээд сандал дээр сууж байсан ахаас гар утсаа асуутал тэр сандал дээр сууж байсан ах байхгүй гэж хэлээд босоод яваад өгсөн би тэгээд Т-гийн гар утсаар өөрийнхөө утас руу залгахад дуудаад байсан би заалаар хайгаад  өөр зааланд тоглож байсан хүмүүсээс асууж хайсан боловч гарч ирээгүй. Тэгээд миний хажууд сууж байсан ахын биед гар утсаа үзэх гэтэл гар утсаа үзүүлэхгүй гээд заалнаас гараад явчихсан. Миний утас Самсунг А-51 загварын гар утас байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сард “Теди” төвөөс 550.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

Шүүгдэгч М.М нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч М.М нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа бага хэмжээнээс дээш буюу 301.000 төгрөгөөс дээш 550.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э-т 550.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.М нь хулгайлсан эд зүйлийг хохирогчид буцаан өгсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч М.М-тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч М.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.М нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 231 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч М.М-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч М.М-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт М-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт хавсаргасан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        М.ДАЛАЙХҮҮ