Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ814

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Энхболд /томилолтоор/,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б А-д холбогдох эрүүгийн 2***************** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар
хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *********************** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянгол *********************** тоотод оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1129 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Б А /РД: ********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кровн” баарны гадаа пивоны шилээр Л.М толгой руу цохиж эрүүл мэндэд нь “духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Тухайн үед болсон талаар би сайн санахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

2. Хохирогч Л.М-ы:

 “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед найз Б-тэй хамт хорооллын Кровн бааранд байсан. Тэгээд бааранд ороод 10-20 минут болоод гарч иртэл манай машины урд талд нэг үл таних эмэгтэй уначихсан хажууд нь цүнхтэй эд зүйлс нь асгарчихсан байхаар нь манай эхнэр Б “хүүе юу болж байна босоорой” гэж байтал хажуугаас хар өнгийн хувцастай үл таних эмэгтэй ирээд манай эхнэр Б-ийг “гичий янхан” гээд хараагаад хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгж байгаад тэр үл таних эмэгтэй машины урд хавиас нэг пивоны шил барьж ирээд миний толгойн дээр цохиж хагалсан. Тэгээд би цустайгаа холилдоод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх 6-7/,

3. Гэрч Б.А-ийн:

“...Өчигдөр орой манай дүү А-тэй хамт гадуур явсан найз нь манай гэрт шөнийн 02 цагийн үед нэлээн согтуу орж ирэхээр нь А-ийг хаан байгаа талаар нь асуухад “би мэдэхгүй байна” гэхээр нь “юу болсон юм бэ” гэтэл “эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад үсдэлцэж зодолдсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 12/,

4. Гэрч Ч.Ч-ийн:

“...2021 оны 10 дугаар сарын 29-ний орой найз А бид хоёр хорооллын эцсийн Кровн баар руу 21 цагийн үед ороод 2 шил 0.75 литрийн архи аваад хувааж уугаад баар хаах болоод 23 цагийн үед гарсан. Тэгээд би зарим зүйлийг сайн санахгүй байсан. Нэг харахад А үл таних эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байхаар нь би очоод “явъя” гэтэл “үгүй ээ байж бай” гээд байсан. Тэгээд нэг мэдсэн А нэгэнтэй нь зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

5. Гэрч Б.Б-ийн:

“...Би 2021 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хорооллын Кровн бааранд ороод гарч иртэл манай машины урд талд нэг эмэгтэйн цүнхтэй зүйл асгарчихсан байхаар нь “өө энэ хэнийх вэ” гэтэл машины урдаас цагаан өнгийн хувцастай /Ч гэж дуудаад байсан/ үл таних эмэгтэй нэлээн согтуу босож ирээд “өө заа” гэж байтал машины урд талын зогсоол дээрээс хар хувцастай /А/ үл таних нэг эмэгтэй орилж ирээд “та нар муу алнуудад ямар хамааралтай юм, та нарт хамааралгүй гичийнүүдээ” гэж орилоод хажууд нь байсан хогийн савны хажуугаас шил аваад Л.М-ы толгой руу шидсэн. Тухайн үед Л.М яг машиндаа суух гээд машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд Л.М-ы толгойноос цус гараад эхлэхээр нь “хүүе яаанаа чи толгойг нь хагалчихлаа” гэтэл “би Баянголдоо хөндлөн та нар цагдаагаа дуудаад өгөхгүй юу” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 17-18/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10635 дугаар:

“...Л.М-ы биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 20-21/,

7. Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:

“...Тэр орой Кровн бааранд орж архи ууж байгаад гарч ирээд үл таних хүмүүстэй маргалдаж зодолдож байгаад нэг залуугийн толгойг пивоны шилээр цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх 30/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.А нь хохирогч Л.М-ы эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А нь:

2021 оны 10 дугаар сарын 29-ний орой Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кровн” баарны гадаа пивоны шилээр Л.М-ы толгой руу цохиж эрүүл мэндэд нь “духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Л.Мы “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед найз Баярцэцэгтэй хамт хорооллын Кровн бааранд байсан. Тэгээд бааранд ороод 10-20 минут болоод гарч иртэл манай машины урд талд нэг үл таних эмэгтэй уначихсан хажууд нь цүнхтэй эд зүйлс нь асгарчихсан байхаар нь манай эхнэр Б “хүүе юу болж байна босоорой” гэж байтал хажуугаас хар өнгийн хувцастай үл таних эмэгтэй ирээд манай эхнэр Баярцэцэгийг “гичий янхан” гээд хараагаад хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгж байгаад тэр үл таних эмэгтэй машины урд хавиас нэг пивоны шил барьж ирээд миний толгойн дээр цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.А-ийн “...Өчигдөр орой манай дүү А-тэй хамт гадуур явсан найз нь манай гэрт шөнийн 02 цагийн үед нэлээн согтуу орж ирэхээр нь А-ийг хаан байгаа талаар нь асуухад “би мэдэхгүй байна” гэхээр нь “юу болсон юм бэ” гэтэл “эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад үсдэлцэж зодолдсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Ч-ийн “...2021 оны 10 дугаар сарын 29-ний орой найз А бид хоёр хорооллын эцсийн Кровн баар руу 21 цагийн үед ороод 2 шил 0.75 литрийн архи аваад хувааж уугаад баар хаах болоод 23 цагийн үед гарсан. Тэгээд би зарим зүйлийг сайн санахгүй байсан. Нэг харахад А үл таних эмэгтэйтэй хэрэлдээд зогсож байхаар нь би очоод “явъя” гэтэл “үгүй ээ байж бай” гээд байсан. Тэгээд нэг мэдсэн А нэгэнтэй нь зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Б-ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хорооллын Кровн бааранд ороод гарч иртэл манай машины урд талд нэг эмэгтэйн цүнхтэй зүйл асгарчихсан байхаар нь “өө энэ хэнийх вэ” гэтэл машины урдаас цагаан өнгийн хувцастай /Ч гэж дуудаад байсан/ үл таних эмэгтэй нэлээн согтуу босож ирээд “өө заа” гэж байтал машины урд талын зогсоол дээрээс хар хувцастай /А/ үл таних нэг эмэгтэй орилж ирээд “та нар муу алнуудад ямар хамааралтай юм, та нарт хамааралгүй гичийнүүдээ” гэж орилоод хажууд нь байсан хогийн савны хажуугаас шил аваад Л.М-ы толгой руу шидсэн. Тэгээд Л.М-ы толгойноос цус гараад эхлэхээр нь “хүүе яаанаа чи толгойг нь хагалчихлаа” гэтэл “би Баянголдоо хөндлөн та нар цагдаагаа дуудаад өгөхгүй юу” гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10635 дугаар: “...Л.М-ы биед духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Б.А нь хохирогч Л.М-ы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Л.М нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардал нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч Б.А-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Л.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал буюу насны байдал болон урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Б.А-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.М нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ