Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/813

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн М-т холбогдох эрүүгийн *********************дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***********************суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт ******************************** тоотод оршин суух,

-урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 543 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 466 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 422 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Д-гийн М /РД: **************************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.М нь Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **************од өрөөг түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн газрын орчим байхдаа Хаан банкны *******************тоот данснаас 1.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Миний бие Баянгол дүүргийн 3-р хороо, **************од өрөөг 2013 оноос хойш түрээслүүлж, түрээсийн төлбөрийн авч Цацралд өгдөг байсан. Тухайн хүмүүс нь СӨХ-н даргаас миний эзэмшлийн байр биш гэдгийг нь мэдчихээд түрээслэхгүй гэсэн. Миний хувьд эдгээр хүмүүсийг залилсан асуудал байхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Б-ын Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх 6/,

2. Хохирогч Б.Б-ын Д.М-т мөнгө шилжүүлсэн дансны хуулга /хх 8/,

3. Д.Мийн гаргасан баталгаа /хх 9/,

4. Хохирогч Б.Б-ын:

“...Миний бие нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүкийн “Гранд плазагийн урд талд байр түрээсэлнэ. Утас ************ гэсэн зарын дагуу холбогдон Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ тоотод иргэн Д М /РД: ******************/ гэх эмэгтэйтэй уулзсан. Тухайн эмэгтэй нь “Энэ байр нь манай байр байгаа юм, олон жил өрөөнүүдээ түрээсэлж байгаа, би тэтгэвэрт байгаа учраас хажуу өрөөнүүдээ түрээсэлдэг, манай жижиг өрөөнд орчих” гэж хэлээд нэг жижиг өрөөг заасан. Тэгэхэд тухайн өрөө нь дотроо тавилгатай байсан бөгөөд уг тавилгаа тухайн эмэгтэй нь “энэ нь хүмүүсийн хөлсөөр тавьсан тавилга юм, хүмүүс нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хөдөөнөөс ирээд авчих юм. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр танайхыг энэ өрөөнд оруулна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд 1 сарын хажуу өрөөний төлбөр нь “280.000 төгрөгөөр” тохироод уг өрөөнд нь манай гэр бүл орохоор болоод салцгаасан. Би маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр М нь өөрөө манай нөхөр Ө залгаад “эгчид нь мөнгөний хэрэг гарлаа, 4 сарынхаа түрээсийг урьдчилаад шилжүүлчих” гэж хэлсэн байсан. Энэ талаар нөхөр маань над руу хэлээд би өөрийн хаан банкны *************** тоот данснаас тухайн М гэх хүний хаан банкны *************** тоот данс руу 1.120.000 төгрөгийг Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн газрын урд талд явж байхдаа гар утасны интернэт банк ашиглан шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлээд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нь байрандаа орохоор М рүү залгахад “тавилга авах хүмүүс нь ирдэггүй ээ, түр хүлээж бай” гэж хэлээд хойшлуулсаар байсан. Энэ маягаар одоог хүртэл байрандаа ороогүй байгаа бөгөөд М нь байнгын худлаа хэлээд яваад байгаа юм. Улмаар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би тухайн байран дээр нь очиж уулзахаар явсан бөгөөд энэ үедээ уг байрны СӨХ-ийн даргатай нь таараад М гэх хүний талаар асуусан. Тэгтэл тухайн СӨХ-ийн дарга нь “манай байранд амьдардаг, энд хүний байр түрээсэлж суудаг, *********** энэ байрны эзэн нь” гэж хэлэхээр нь би ************* дугаарын утас руу залгаж холбогдоход “Манай байрыг бүхэлд нь түрээсэлж суудаг, хажуу өрөө түрээслүүлнэ гэж ямар нэгэн зүйл надад яриагүй” гэсэн хариуг өгсөн. Ингээд залилуулсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /хх 11-12/,

5. Гэрч Б.Ө-ын:

“...Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүрэгт эхнэр хүүхдийн хамт байр түрээсэлнэ гээд М гэх эмэгтэйд 1.120.000 төгрөгийг эхнэр Б нь дансаар шилжүүлэн өгсөн юм. Тухайн байр нь Баянгол дүүргийн 3-р хороо ****** тоот байр байсан бөгөөд эхнэр бид хоёр үзээд, хажуу өрөөг түрээслэхээр тохиролцсон. Гэвч М гэх эмэгтэй нь “та хоёрын орох гэж байгаа өрөөнд хүн тавилга тавьчихсан байна, хүлээж бай” гэж хэлээд байранд оруулахгүй байсан. Хэд хоноод байранд оруулахгүй байхаар нь мөнгөө эргүүлээд авъя гэж хэлэхэд М гэгч нь “та хоёрын өгсөн мөнгийг үрчихсэн, зээл аваад төлнө” гэж хэлээд өгөхгүй удаад байсан учраас манай эхнэр Б нь цагдаад хандсан. Уг хохирлыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр цувуулж хохирлыг барагдуулж өгсөн юм. Тухайн байрыг М нь “Миний өөрийн байр байгаа юм” гэж хэлж байсан учраас тухайн эмэгтэйд итгэсэн, ямар нэгэн бичиг баримт, байрны гэрчилгээг шалгаж үзээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 16/,

6. Гэрч Л.Ц-ын:

“...Миний бие Баянгол дүүргийн 3*********** тоот гал тогоо тусдаа 2 өрөө орон сууцын нөхөр Б, охин А, Н нарын хамтаар 2005 оны үед худалдаж авч байсан, манай гэр бүлийн эзэмшлийн байр юм. Улмаар манай гэр бүл өөр шинэ байранд орсон учраас тухайн Баянгол дүүргийн *********** тоот орон сууцыг бусдад удаан хугацаагаар түрээслүүлэхээр болоод 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Б, түүний эхнэр Д.М гэх хүмүүст бүрэн тавилгатай нь “Орон сууц хөлслөх гэрээ байгуулан” 1 сарын төлбөр нь 750.000 төгрөгөөр түрээслүүлсэн юм. Уг орон сууцанд Д.М гэх эмэгтэй нь 1 охиныхоо хамт амьдардаг бөгөөд нөхөр Ц.Б гэх залуу нь олон жилийн өмнөөс салаад явсан талаар надад хэлж байсан. М нь “таныг би цагдаад өгнө” гэж хэлэхэд “эгч нь өөрөө цагдаа дээр шалгагдаж байсан, битгий цагдаад өгөөрэй” гэж хэлсээр одоог хүрээд байна...” гэсэн мэдүүлэг /хх 18-20/,

7. Шүүгдэгч Д.Мийн гэрчээр өгсөн:

“...Миний бие Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны 41 тоот 3 өрөө байрыг 2013 оноос хойш Болд гэх гадаадад байдаг хүнээс түрээслэн амьдарч байгаа юм. Улмаар уг байрны нэг хажуу өрөөг иргэн Б.Ө, түүний эхнэр Б.Б нарт 6 сараар түрээслүүлнэ гэж 1.120.000 төгрөгийг өөрийн хаан банкны ******************тоот дансанд хүлээн авсан. Тэгээд уг хоёр хүнийг байрандаа оруулах гэхэд тухайн хоёр хүн “орно, болино” гэж хоорондоо маргалдаад байранд ороогүй. Улмаар өгсөн мөнгийг нь хэрэгцээндээ ашиглачихсан байсан учраас буцааж бүрэн гүйцэт төлж чадаагүй. Одоо үлдэгдэл 220.000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж дуусгана...” гэсэн мэдүүлэг /хх 21,

8. Д.М-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.М-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.М нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгч Д.М нь залилах гэмт хэргийг үйлдээгүй, 2013 оноос эхлэн тухайн орон сууцыг бусдад дамжуулан түрээсэлж болохоор эзэмшигчтэй нь гэрээ хийсэн байсан. Хохирогч гэх Б.Б-ыг зүс танина. Уг асуудал нь иргэний эрх зүйн маргаан юм...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.М-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.М нь:

Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **************од өрөөг түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Б.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын цагдаагийн газрын орчим байхдаа Хаан банкны ********* тоот данснаас 1.120.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Б.Б-ын “...Миний бие нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүкийн “Гранд плазагийн урд талд байр түрээсэлнэ. Утас ************” гэсэн зарын дагуу холбогдон ...Д.М гэх эмэгтэйтэй уулзсан. Тухайн эмэгтэй нь “Энэ байр нь манай байр байгаа юм, олон жил өрөөнүүдээ түрээсэлж байгаа, би тэтгэвэрт байгаа учраас хажуу өрөөнүүдээ түрээсэлдэг, манай жижиг өрөөнд орчих” гэж хэлээд нэг жижиг өрөөг заасан. Тэгэхэд тухайн өрөө нь дотроо тавилгатай байсан бөгөөд уг тавилгаа тухайн эмэгтэй нь “энэ нь хүмүүсийн хөлсөөр тавьсан тавилга юм, хүмүүс нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хөдөөнөөс ирээд авчих юм. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр танайхыг энэ өрөөнд оруулна” гэж хэлсэн, тэгэхээр нь би зөвшөөрөөд 1 сарын хажуу өрөөний төлбөр нь “280.000 төгрөгөөр” тохироод уг өрөөнд нь манай гэр бүл орохоор болоод салцгаасан. Маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр М нь өөрөө манай нөхөр Ө залгаад “эгчид нь мөнгөний хэрэг гарлаа, 4 сарынхаа түрээсийг урьдчилаад шилжүүлчих” гэж хэлсэн байсан. Энэ талаар нөхөр маань над руу хэлээд би өөрийн хаан банкны 5897162168 тоот данснаас тухайн М гэх хүний хаан банкны ************** тоот данс руу 1.120.000 төгрөгийг... шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлээд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нь байрандаа орохоор М рүү залгахад “тавилга авах хүмүүс нь ирдэггүй ээ, түр хүлээж бай” гэж хэлээд хойшлуулсаар байсан. Энэ маягаар одоог хүртэл байрандаа ороогүй байгаа ...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би тухайн байран дээр нь очиж уулзахаар явсан бөгөөд энэ үедээ уг байрны СӨХ-ийн даргатай нь таараад М гэх хүний талаар асуусан. Тэгтэл тухайн СӨХ-ийн дарга нь “манай байранд амьдардаг, энд хүний байр түрээсэлж суудаг, *********** энэ байрны эзэн нь” гэж хэлэхээр нь би ************ дугаарын утас руу залгаж холбогдоход “Манай байрыг бүхэлд нь түрээсэлж суудаг, хажуу өрөө түрээслүүлнэ гэж ямар нэгэн зүйл надад яриагүй” гэсэн хариуг өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Ө-ын “...Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүрэгт эхнэр хүүхдийн хамт байр түрээсэлнэ гээд М гэх эмэгтэйд 1.120.000 төгрөгийг эхнэр Бүрэнжаргал нь дансаар шилжүүлэн өгсөн. ...Гэвч М гэх эмэгтэй нь “та хоёрын орох гэж байгаа өрөөнд хүн тавилга тавьчихсан байна, хүлээж бай” гэж хэлээд байранд оруулахгүй байсан. Хэд хоноод байранд оруулахгүй байхаар нь мөнгөө эргүүлээд авъя гэж хэлэхэд М гэгч нь “та хоёрын өгсөн мөнгийг үрчихсэн, зээл аваад төлнө” гэж хэлээд өгөхгүй удаад байсан учраас манай эхнэр Бүрэнжаргал нь цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Л.Ц-ын “...Миний бие Баянгол дүүргийн 3-р хороо 51-40 тоот гал тогоо тусдаа 2 өрөө орон сууцын нөхөр Б, охин А, Н нарын хамтаар 2005 оны үед худалдаж авч байсан, манай гэр бүлийн эзэмшлийн байр юм. Улмаар манай гэр бүл өөр шинэ байранд орсон учраас тухайн Баянгол дүүргийн 3-р хороо 51-40 тоот орон сууцыг бусдад удаан хугацаагаар түрээслүүлэхээр болоод 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ц.Б, түүний эхнэр Д.М гэх хүмүүст бүрэн тавилгатай нь “Орон сууц хөлслөх гэрээ байгуулан” 1 сарын төлбөр нь 750.000 төгрөгөөр түрээслүүлсэн юм. Уг орон сууцанд Д.М гэх эмэгтэй нь 1 охиныхоо хамт амьдардаг бөгөөд нөхөр Ц.Б гэх залуу нь олон жилийн өмнөөс салаад явсан талаар надад хэлж байсан. Мт “таныг би цагдаад өгнө” гэж хэлэхэд “эгч нь өөрөө цагдаа дээр шалгагдаж байсан, битгий цагдаад өгөөрэй” гэж хэлсээр одоог хүрээд байна...” гэсэн мэдүүлэг,

- Д.М-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг, залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.  

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.М нь “Энэ байр нь манай байр байгаа юм, олон жил өрөөнүүдээ түрээсэлж байгаа, би тэтгэвэрт байгаа учраас хажуу өрөөнүүдээ түрээсэлдэг, манай жижиг өрөөнд орчих, та хоёрын орох гэж байгаа өрөөнд хүн тавилга тавьчихсан байна, хүлээж бай, хүмүүс нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хөдөөнөөс ирээд авчих юм. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр танайхыг энэ өрөөнд оруулна, та хоёрын өгсөн мөнгийг үрчихсэн, зээл аваад төлнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан байна. 

“Хуурч авах” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авах үйлдлийг хэлнэ. 

Энэхүү гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хамгаалагчаас эд зүйлс, өмч хөрөнгийг хуурамч ойлголт төрүүлэн гэмт этгээд өөрийн мэдэлд шилжүүлэн, захиран зарцуулах бодит бололцоог бүрдүүлснээр төгсгөл болдог. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.М нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.М-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 1.120.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Д.М нь хохирол төлбөр төлж барагдуулсан тул шүүгдэгч Д.М-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Д.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Д.М-ийн хувьд хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн тэтгэврийн насанд хүрсэн насны байдлыг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.М-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн түүний хувийн байдал буюу насны байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч Д.М-ийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************ дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн М-ийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ