Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/832

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Л-гийн Б-д холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ************************ суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, вагон үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн ********************тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ****************** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Лгийн Б /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хороо, Гэрлэх ёслолын ордны баруун талын тоглоомын талбай дээр хохирогч Г.О-ийн эзэмшлийн Айфон икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.950.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/,

3. Хохирогч Г.О-ийн:

“...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байх Гэрлэх ордны ойролцоо байх нэг тоглоомын талбай дээр найз Ц-ийн хамтаар архи уугаад сууж байсан. Тэр үед тоглоомын талбайн зүүн талд үл таних 3 залуу сууж байсан. Тэр 3 залуугийн 2 нь нэг булан руу яваад өгсөн. Харин нэг залуу нь наашаа Ц бид хоёр дээр хүрээд ирсэн. Үл таних нэг залуу нь миний баруун гарт байсан айфон икс загварын гар утсыг булаагаад аваад зугтаасан. Тэгэхээр нь би тэр залуугийн гараас бариад “хүн байна уу, туслаарай” гэж хэлээд татсан чинь тэр залуугийн 2 найз нь булангийн цаанаас гарч ирээд “эгчээ та яагаад байгаа юм бэ” гэх зүйл яриад миний гар утас булаасан залууг барьсан байсан гарыг минь мултлаад найзыгаа зугтаалгасан. Миний гар утсыг булаагаад зугтсан залуу “хөөе гүйгээч” гэсэн чинь миний гар утсыг булаасан залуугийн 2 найз зугтаагаад яваад өгсөн. ...Найз Ц бид хоёр тухайн хэрэг учрал болох үед нэлээн согтолттой байсан. Үл таних 1 залуу миний гар утсыг булаахаар нь би тэр залууг бариад авахад түүний 2 найз ирээд салгаад найзыгаа зугтаалгасан. Тэгэхээр нь намайг 3 залуу дээрэмдсэн гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

4. Гэрч Р.Ц-ийн:

“...Би өчигдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим О-тай байрныхаа гадаа уулзаад бид хоёр манай байрны доод талын дэлгүүрээс 1 ширхэг шар айраг аваад бид хоёр 10-р хорооллын хойд талын далан дээр байрлах Гэрлэх ёслолын ордны ертөнцийн зүгээр баруун талд байрлах тоглоомын талбай дээр очоод шар айргаа уугаад сууж байгаад 01 цагийн орчим гэнэт хүмүүс бид хоёрын толгой дээрээс доош дараад ам дараад нэг хүн манай найзын гар усыг гараас нь булаагаад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх 21/,

5. “Кости Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Iphone X” маркийн гар утсыг 1.950.000 төгрөгөөр үнэлсэн тодорхойлолт /хх 42/,

6. Ө.Э-ийн яллагдагчаар өгсөн:

“...Гэрлэх ордны ойролцоо явж байгаад Т бид хоёр гэрлэх ордны хажууханд байх нэг тоглоомын талбайн булан руу шээхээр явах үед Б тус тоглоомын талбай дээр зогсоод үлдсэн юм. Т бид шээчхээд эргээд харахад Б тус тоглоомын талбай дээр сууж байсан үл таних согтуу 2 эмэгтэйтэй маргалдаж ноцолдоод байх шиг байсан тэгэхээр нь Т бид хоёр ойртож очоод Б-ыг тэр согтуу эмэгтэйчүүдээс салгахад Б шууд “хоёр оо гүйгээрэй” гээд зүүн зүг рүү гүйгээд зугтаачихсан. ...Б “би саяны 2 эмэгтэйн гар утсыг авчихлаа” гээд ай фоне экс загварын гар утас гаргаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 91/,

7. Б.Т-гийн яллагдагчаар өгсөн:  

“...Би найз Э-гийн хамтаар тус тоглоомын талбайн булан руу шээхээр болж бид хоёр явсан. Харин Б ганцаараа тоглоомын талбайд тэр хоёр эгчийн хажууд үлдсэн. Тэгээд Э бид хоёр шээж байхад Б тухайн үл таних хоёр эгчтэй маргалдаад байх шиг харагдаад байсан. Тэгэхээр нь Э бид хоёр Б болон тэр үл таних хоёр эгч дээр очоод салгасан. ...Б нэг утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би гайхаад юу утас юм гэхэд Б “би саяны маргалдсан 2 эгчийн нэгнийх нь гар утсыг гараас нь булаагаад авчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 95/,

8. Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“...Тоглоомын талбайн ойролцоо явж байхад Т, Э хоёр бид 2 шээлээ гээд нэг булан руу шээхээр явсан. Энэ үед тоглоомын талбай дээр үл таних согтуу 2 эгч суугаад архи ууж байсан. Би тэр 2 эгчийн нэгийнх нь гарт байсан гар утсыг булаагаад шууд зугтаасан. Нэг эгч нь миний гараас татахаар нь би шууд цаашаа Т, Э нарын зүг рүү зугтаагаад гүйсэн. ...Би тэр хоёрыг “гүйгээрэй” гэж хэлээд дагуулаад цаашаа яваад өгсөн. ...Бид гурав писи тоглоомын газар очоод би тэр хоёрт анх хэлсэн. Тэр хоёр мэдээд “утсыг нь эргүүлээд өг” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 86-87/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.Б-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Л.Б бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Л.Б гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Б нь:

2018 оны 08 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хороо, Гэрлэх ёслолын ордны баруун талын тоглоомын талбай дээр хохирогч Г.О-ийн эзэмшлийн Айфон икс загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1.950.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.О-ийн “...Би 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байх Гэрлэх ордны ойролцоо байх нэг тоглоомын талбай дээр найз Ц-ийн хамтаар архи уугаад сууж байсан. ...Үл таних нэг залуу нь миний баруун гарт байсан айфон икс загварын гар утсыг булаагаад аваад зугтаасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Р.Ц-ийн “...Гэрлэх ёслолын ордны ертөнцийн зүгээр баруун талд байрлах тоглоомын талбай дээр очоод шар айргаа уугаад сууж байгаад 01 цагийн орчим гэнэт хүмүүс бид хоёрын толгой дээрээс доош дараад ам дараад нэг хүн манай найзын гар усыг гараас нь булаагаад зугтаасан...” гэсэн мэдүүлэг,

- “Кости Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Iphone X” маркийн гар утсыг 1.950.000 төгрөгөөр үнэлсэн тодорхойлолт,

 - Ө.Э-гийн яллагдагчаар өгсөн “...Б “би саяны 2 эмэгтэйн гар утсыг авчихлаа” гээд ай фоне экс загварын гар утас гаргаад ирсэн...” гэсэн мэдүүлэг,

 - Б.Т-гийн яллагдагчаар өгсөн “...Б нэг утас гаргаад ирсэн. Тэгэхээр нь би гайхаад юу утас юм гэхэд Б “би саяны маргалдсан 2 эгчийн нэгнийх нь гар утсыг гараас нь булаагаад авчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг, “илээр авсан” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг тус тус ойлгоно.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Б нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч Г.О-д хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Л.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-д 1.950.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Б нь уг хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Г.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас “шүүгдэгч Л.Б-д хорих ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэх” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг түүний хувийн байдалд шүүх дүгнэлт хийж, түүнд хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих шаардлагагүй гэж дүгнэв.  

Иймд шүүхээс шүүгдэгч Л.Б-ыг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сэлэнгэ аймгаас явахыг 6 сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирно гэж үзэж, түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ************************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Л-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Сэлэнгэ аймгаас явахыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Л.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ