Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/831

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

хохирогч Х.Т, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Т-ын Э-т холбогдох эрүүгийн *****************дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *************************-ны өдөр ************ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа барилгын салбарт ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ********************************* тоотод оршин суух хаягтай,

- урьд Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангайн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хуурахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, О овогт Т-ын Э /РД: **************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Т-гийн “Самсунг жи-6” маркийн гар утас, тухайн үед хохирогч Х.Т хэрэглэж байсан түүний эхнэр Б.Д-гийн “Хаан банк”-ны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч Х.Т-д 550.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Д-гийн “Хаан банк”-ны картнаас үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3 удаа 2.500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6 удаа 9.139.000 төгрөгийг тус тус хулгайлан авч хохирогч Б.Д-д 11.639.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Т мэдүүлэхдээ: “...Хохирол төлбөрөө барагдуулаад авчихвал гомдол саналгүй байхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Х.Т-гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 19/,

2. Хохирогч Х.Т-гийн:

 “...2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед өөрийн найзууд болох Э, Э нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний захын ойролцоо гадаа саравчинд уулзаад хүний 2 лааз пиво уусан бөгөөд тэр үед пиво уугаад сууж байснаа санаж байгаа юм. Тэгээд юу болсон талаар би санахгүй байгаа. Учир нь Э, Э нартай уулзахаас өмнө өөр найзуудтайгаа архи уучихсан байсан. Тийм учраас тухайн үед нэлээн согтсон байсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өглөө сэрээд өөрийн утас, эхнэрийн карт байхгүй байгааг мэдээд эхнэрийн гар утсыг шалгаж үзтэл эхнэрийн картаас 12.000.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн гэж мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь тэр даруй картыг хаалгуулчхаад найз Э лүү яриад эхнэрийн карт өөрийн гар утсаа хаана байгаа талаар асуутал Э нь надад хэлэхдээ “би чиний гар утсыг халаасанд чинь хийсэн чинь Э чамайг гар утсаа хаячих нь гээд чиний гар утсыг авсан” гэж хэлсэн, тэгэхээр нь миний гар утас эхнэрийн карт 12.000.000 төгрөг Э-ыг авсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг /хх 27-28/,

3. Хохирогч Б.Д-гийн:

“...2019 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө манай нөхөр гэртээ ирж хоноогүй. Харин 05 дугаар сарын 26-ны өдрийн 11-12 цагийн орчим Э манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд би Э-ыг гэрт ирэхээс өмнө нь юм уу, дараа Т-нийг эрүүлжүүлэх байранд орсныг мэдсэнээ санахгүй байна. Ямар ч байсан нөхрөө эрүүлжүүлэх байранд орсныг мэдсэн. Тэгээд би өөрөө очих боломжгүй байсан тул Э “би яваад Т-ийг аваад ирье” гэж хэлээд гэрээс гараад явсан. Харин удаагүй Э над руу утсаар яриад “картны чинь дугаар хэд юм бэ, Т-г эрүүлжүүлэхэд орсон мөнгийг нь төлөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би өөрийн картныхаа нууц дугаарыг 0323 гэж хэлсэн. Тэгээд тэр үеэс хойш Э надтай холбогдож яриагүй. Орой нь манай нөхөр Т нь ганцаараа шал согтуу, тасарчихсан орж ирсэн. Миний хаан банкны виза картыг манай нөхөр Х.Т нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ашиглаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр 2.500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 6 удаагийн гүйлгээгээр 9.139.000 төгрөг нийтдээ 11.639.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Ямар нэгэн хохирол төлөгдөөгүй бөгөөд би байр худалдаж авахаар цуглуулж байсан мөнгө юм. Би гомдолтой байна. 11.639.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /хх 31-34/,

4. “***********” ХХК-ийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тайлан /хх 45-47/,

5. Хохирогч Б.Д-гийн ************ дугаартай “Хаан банк”-ний депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 63-64/,

6. “Хаан банк”-ний АТМ-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 66-77/,

7. Шүүгдэгч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  

“...Би Х.Т-тэй найз нөхдийн холбоотой бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Т нь намайг дуудахаар нь “Их Засаг” их сургуулийн орчимд уулзсан чинь машинтай танихгүй хүнтэй архи уугаад сууж байсан бөгөөд намайг “чи гэр лүү яваад эхнэр ямар ааш зантай байгааг мэдчих” гэхээр нь гэр лүү нь очсон чинь түүний эхнэр Дэва нь гэртээ байсан бөгөөд “Т гэртээ ирж хоноогүй хаана байгаа вэ” гэхээр нь мэдэхгүй гэсэн. Ингээд би гэрт нь байж байтал Д-ийн утас дугарч утсаар ярьсан чинь “Т эрүүлжүүлэх байранд байна гэнээ чи очоод авчих” гэхээр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн эрүүлжүүлэх байран дээр очиж Т-ийг авсан. Энэ үедээ Т-гээс виза картыг нь нууц үгтэй нь авч торгуулийг төлөх гэж авч явсан чинь нууц үгийг нь мартчихаар нь Дэва руу залгаж асуугаад эрүүлжүүлэх болон торгуульд төлөх 105.000 төгрөг аваад өгсөн... Ингээд дахин машиндаа сууж гадуур явж архи уусан бөгөөд явсаар байгаад Баянгол дүүрэг хорооллын орчимд ирсэн. Энэ үед Т нь согтчихоор нь гар утсыг нь болон виза картыг нь халааснаас нь аваад Баянгол дүүргийн 18-р хороонд байх “Номин” нэртэй дэлгүүрийн хаан банкны АТМ-с 2.500.000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр аваад 2019 оны 05 дугаар сарын 27-ны 03 цагийн үед дахин тус АТМ-с 9.139.000 төгрөгийг 6 удаагийн үйлдлээр гаргаж авсан... Би уг мөнгөөр архи уугаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх 59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.Э-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Т.Э нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Х.Т-д 550.000 төгрөгийн, хохирогч Б.Д-д 11.639.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Хохирогч Х.Т, Б.Д нарт учирсан 12.189.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Т.Э гэм буруу дээрээ маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Эын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Э нь:

2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Т-гийн “Самсунг жи-6” маркийн гар утас, тухайн үед хохирогч Х.Т хэрэглэж байсан түүний эхнэр Б.Д-гийн “Хаан банк”-ны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч хохирогч Х.Т-д 550.000 төгрөг, хохирогч Б.Д-д 11.639.000 төгрөг, нийт 12.189.000 төгрөгийн хохирол, учруулсан болох нь:

- Хохирогч Х.Т-гийн: “...эхнэрийн картаас 12.000.000 төгрөгийн зарлага гарсан гэсэн гэж мессеж ирсэн байсан. ...миний гар утас, эхнэрийн карт 12.000.000 төгрөг Э авсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Б.Д-гийн “...Э над руу утсаар яриад “картны чинь дугаар хэд юм бэ, Т-г эрүүлжүүлэхэд орсон мөнгийг нь төлөх гэсэн юм” гэж хэлэхээр нь би өөрийн картныхаа нууц дугаарыг 0323 гэж хэлсэн. ...нийтдээ 11.639.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

- “Кости-Эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тайлан, хохирогч Б.Д-гийн 5028705038 дугаартай “Хаан банк”-ний депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Хаан банк”-ний АТМ-ний камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.Т-гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Т.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Т-д 550.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Д-д 11.639.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Т.Э нь хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Т.Э-оос нийт 12.189.000 төгрөгийг гаргуулж, Х.Т-д 550.000 төгрөг, Б.Д-д 11.639.000 төгрөг тус тус олгох  нь зүйтэй гэж үзэв.

I. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Т.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Т.Э нь хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзнэ үү. Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 Шүүгдэгч Т.Э-ын хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн *********************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Т-ын Э-ыг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-ыг 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Э-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-оос нийт 12.189.000 /арван хоёр сая, нэг зуун наян есөн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Тд 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөг, хохирогч Б.Дд 11.639.000 /арван нэгэн сая зургаан зуун гучин есөн мянган/ төгрөг тус тус олгосугай.

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ