Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1660

 

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/01513 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Си Эл энд Эн” ХХК-д холбогдох

 

            2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай дүүргийн Татварын хэлтэстэй харилцагч 5119065 тоот регистрийн дугаартай, “Си Эл энд Эн” ХХК холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулахгүй байна.

Уг үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-т ...ногдуулсан, татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн хугацаанд татварын өрийг төлж барагдуулна гэсэн заалтуудыг зөрчсөн бөгөөд татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа төлөхийг шаардсан мэдэгдэх хуудсыг гардуулсан боловч төлөөгүй болно. Тус хэлтсийн зүгээс Эд хөрөнгийн лавлагаа болон Ярилцлагын тэмдэглэлээр “Си Эл энд Эн” ХХК үнэт цаас болон хувьцаа эзэмшдэггүй, өмчлөлд нь эд хөрөнгө байхгүй тул барьцаалах, битүүмжлэх ажиллагааг явуулах боломжгүй байна. Иймээс Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3, 62.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар “Си Эл энд Эн” ХХК-иас 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани манай Татварын хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2013-2017 оны хоорондох татварын өрөө төлөөгүй. Учир нь “Си Эл энд Эн” ХХК, “Силикон стийл” ХХК-иас 499.000.000 төгрөгийн НӨАТ-ын хуурамч падан худалдан авсан нь цагдаагийн байгууллага “Силикон стийл” ХХК-ийг шалгах явцад илэрсэн тул манай байгууллага татвар ногдуулсан. Мөн 2013-2017 онуудад тус компани татварт төлөх ёстой татвараа төлөөгүйн улмаас нийт 76.514.515 төгрөгийн татварын өр үүссэн. Үүнээс байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа багасган, 2013 оны Татварын улсын байцаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөгийг хасч, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баасансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани ногдуулсан татварын өрийг хуулийн дагуу төлөх ёстой. Бид үндэслэлгүйгээр төлбөр үүсгээгүй. “Си Эл энд Эн” ХХК өөрсдөө хуурамч падан авснаа хүлээн зөвшөөрөөд, тайлангаа татварт ирүүлсний улмаас бид ажлаа хийсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн заалтад хамрагдаж чадаагүй гэж ярьж байгаа нь татварын хэлтсээс шалтгаалахгүйгээр компани өөрсдөө мэдүүлгээ өгч мэдүүлэх үүрэгтэй байсан. 70.000.000 төгрөгийн задаргаа 45.000.000-46.000.000 нь 499.000.000 төгрөгийн НӨАТ-ынх, үлдэх хэсэг нь 2013-2017 оны хоорондох компанийн татварт төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл. Иймд улсад төлөх НӨАТ-ын өр 70.508.915 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн төлөөлөгч Л.Наст шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Говийн торх” ХХК-тай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Агуулахын барилга байгууламж барих Б/241 дугаартай гэрээ байгуулж, барилгыг барих туслан гүйцэтгэгчээр “Хатиганболор” ХХК-ийг ажиллуулсан. “Си Эл энд Эн” ХХК-ийн дансанд “Говийн торх” ХХК-иас орж ирсэн мөнгөн орлогыг “Хатиганболор” ХХК-ийн менежер Т.Байгалмаагийн дансанд авч, барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. “Си Эл энд Эн” ХХК, “Говийн торх” ХХК, “Хатиганболор” ХХК-ийн хооронд бичигдэх ёстой НӨАТ-ын падан бичигдээд явж байсан. Гэтэл менежер Т.Байгалмаа санхүүгийн НӨАТ-ын талаар мэдлэггүйн улмаас “Си Эл энд Эн” ХХК-ийн дансаар мөнгө орж ирсэн борлуулалтад ногдох НӨАТ-ын 10 хувийг барагдуулах ёстой гэж ойлгон, “Силикон стийл” ХХК-ийг НӨАТ-ын падан зардаг гэж дуулаад 499.000.000 төгрөгийн НӨАТ-ын падан худалдан авч, гэм буруутай ажил хийж, “Си Эл энд Эн” ХХК-д нэмж бодит биш орлого бий болгосон. 2014 онд “Силикон стийл” ХХК-ийн НӨАТ-ын паданыг хуурамчаар зарсан хэрэг илэрч, тэднээс авсан паданд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс “Си Эл энд Эн” ХХК-д 45.369.900 төгрөгийн НӨАТ-ын өр ногдуулсан. Бид Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээг мэдэхгүйн улмаас уг асуудлуудыг шийдүүлж чадаагүй өнгөрсөн. Мөн 2013 онд санхүүгийн тайланд залруулга оруулах боломжтой байсныг залруулга оруулж чадаагүй. Менежер Т.Байгалмаа Чингэлтэй дүүргийн Татварын хяналтын хэлтсийн дарга Мөнхтулгад баримт материалаа танилцуулахад Татварын залруулга хийх хугацаа өнгөрсөн учраас боломжгүй, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. “Силикон стийл” ХХК-иас НӨАТ-ын падан худалдаж авснаар бодит биш борлуулалтын орлогыг өгөх шаардлагатай болсон тул хувь хүмүүстэй тохиролцон Ажил гүйцэтгэсэн гэрээ-г хуурамчаар байгуулсан. Энэ нь 2012 оны 12 сард эцсийн хэрэглэгчээр 210.000.000 төгрөг, 2013 оны эцсийн хэрэглэгчээр 40.800.000 төгрөг, нийт 330.000.000 төгрөгийг эцсийн хэрэглэгчээр тодорхойлсноор харагдаж байна. Иймээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлд дурдсан 6.005.600 төгрөг болон 2017 оны 4 дүгээр сард 4.000.000 төгрөгийн татвар төлсөн тул 2014 оны НӨАТ-ын өр 68.190.734 төгрөгнөөс эцсийн хэрэглэгчийн 330.000.000 төгрөгийн НӨАТ болох 30.000.000 төгрөгийг нь хасуулж, 38.190.734 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.

 

            Шүүх: Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Си Эл энд Эн” ХХК-иас НӨАТ-ын өр 70.508.915 төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Си Эл энд Эн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 510.495 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Наст давж заалдах гомдолдоо:.."Си Эл Энд Эн" ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Говийн торх" ХХК-тай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Агуулахын барилга байгууламж барих 6/241 дугаар гэрээ байгуулж уг барилгыг барих туслан гүйцэтгэгчээр "Хатиганболор" ХХК ажиллуулсан. "Си Эл Энд Эн" ХХК-ийн дансанд "Говийн торх" ХХК-иас орж ирсэн мөнгөн орлогыг "Хатиганболор" ХХК-ийн менежер Т.Байгалмаагийн дансанд авч барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн. "Си Эл Энд Эн" ХХК, “Говийн торх" ХХК, "Хатиганболор" ХХК-ийн хооронд бичигдэх ёстой НӨАТ-ын падан бичигдэж явж байсан. Т.Байгалмаа нь санхүүгийн НӨАТ-ын талаар мэдлэггүйн улмаас "Силикон Стийл" ХХК-аас НӨАТ зардаг гэж дуулаад 499.000.000 төгрөгийн НӨАТ-ын падан худалдан авч гэм буруутай ажил хийж "Си Эл Энд Эн" ХХК-д нэмэж бодит биш орлого бий болсон. 2014 онд "Силикон стийл" ХХК-ний хуурамч НӨАТ-ын падан зардаг хэрэг гарч "Си Эл Энд Эн" ХХК-д 45.369.900 төгрөгийн НӨАТ-ын өр гарч ирсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэх хүрээг мэдэхгүй улмаас уг асуудлуудыг шийдүүлж чадаагүй өнгөрсөн. Мөн 2013 онд санхүүгийн тайланд залруулга оруулах боломжтой байсныг залруулга оруулж чадаагүй болно. "Силикон Стийл" ХХК-с НӨАТ-ын падан худалдаж авсанаар бодит биш борлуулалтын орлогыг өгөх шаардлагатай болсон тул хувь хүмүүстэй тохиролцон ажил гүйцэтгэсэн гэрээ хуурамчаар байгуулсан. Энэ нь 2012 оны 12 сард эцсийн хэрэглэгчээр 210.000.000 төгрөг, 2013 оны эцсийн хэрэглэгчээр 40.000.000, 80.000.000 гээд нийт 330.000.000 төгрөгийг эцсийн хэрэглэгчээр тодорхойлсоноор харагдаж байгаа. Иймд эцсийн хэрэглэгчийн 330.000.000 төгрөгийн НӨАТ болох 30.000.000 төгрөгийг үл зөвшөөрч, хасуулах саналтай байна. "Хатиганболор" ХХК нь дээр ажлын НӨАТ-ыг 2012, 2013-н төлсөн. Гэвч өөрсдийн хууль, санхүүгийн мэдлэг дутмагаас болж "Си Эл Энд Эн" ХХК-д нэмэж бодит бус орлого бий болгон давхар НӨАТ төлөх болж байгаад гомдолтой байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлд дурьдагдсан 6.005.600 төгрөгийг төлж барагдуулсан болно. Мөн өмнөх шүүх хурал дээр 2014 оны НӨАТ-н өр 72.190.734 төгрөг нэхэмжилж байснаас 4.000.000 төгрөгийг 2017 оны 4 сард төлсөн болно. Иймд 2014 оны НӨАТ-н өр 68.190.734 төгрөгөөс 30.000.000 төгрөгийг нь хасуулж, 38.190.734 төгрөгийг төлөх саналтай байна гэжээ.

 

           ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Си Эл Энд Эн” ХХК-иас 2013 оны Татварын улсын байацаагчийн актын үлдэгдэл 6.005.600 төгрөг, 2014 оны НӨАТ-ын өр 70.508.915 төгрөг, нийт 76.514.515 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч 38.190.734 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.  

           

            Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “..хариуцагч "Си Эл Энд Эн" ХХК нь “Сликон стийл” ХХК-аас 499.000.000 төгрөгийн НӨАТ-ын хуурамч падан худалдаж авсан нь “Сликон стийл” ХХК-ийн шалгах явцад илэрсэн учраас татвар ногдуулсан гэж тайлбарлажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 6.005.600 төгрөгөөр багасгаж, 70.508.915 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

            Хариуцагч "Си Эл Энд Эн" ХХК нь хувь хүмүүстэй тохиролцсон 330.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг хураамчаар байгуулсан, “Сликон стийл” ХХК-иас 160.000.000 төгрөгийн, 143.699.000 төгрөгийн, 150.000.000 төгрөгийн нийт 453.699.000 төгрөгийн НӨАТ падан авсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогджээ.

 

            "Си Эл Энд Эн" ХХК нь “хуурамчаар ажил гүйцэтгэх гэрээ хийж, НӨАТ падан худалдаж авснаа үгүйсгээгүй бөгөөд санхүүгийн тайландаа залруулга оруулж чадаагүй” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

            Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2-т татвар төлөгч нь татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх” гэсэн үүргээ зөрчжээ.

 

            Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн хариуцагч байгууллагын 2014 оны 4 дүгээр сар, 2017 оны 3 сарын тайлангууд болон “Сликон стийл” ХХК-аас авсан НӨАТ паданыг үндэслэн хариуцагч "Си Эл Энд Эн" ХХК-д албан татвар ногдуулсан нь хуулийн үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Иймд хариуцагчийн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/01513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Настын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч "Си Эл Энд Эн" ХХК–иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ                                                                                                         ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД                                                                                                                                                                  Ц.ИЧИНХОРЛО