Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 245

 

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “МСЭП” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох захиргааны хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М /итгэмжлэл[1]/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А /итгэмжлэл[2]/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч “МСЭП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Д-О 2019 оны 01 дүгээр сарын 04-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга[3]:

“МСЭП” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/937 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3583 м2 газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшиж газар эзэмшигчийн үүргээ биелүүлж ирсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга манай компанийн газар эзэмших эрхийг газар дээрээ орон сууц барьж бусдын өмчлөлд шилжүүлсэн, бусад газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш дараалан ашиглаагүй гэсэн 2 үндэслэлээр хүчингүй болгожээ.

Газар дээрээ орон сууц барьж бусдын өмчлөлд шилжүүлсэн гэсэн 1 дүгээр үндэслэлийн талаар:

Тус компани нь Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3583 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан бөгөөд газар дээрээ өөрийн компанийн ажилчдын 54 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Барьсан орон сууцаа тус компани тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилчиддаа хуваарилж компанитай байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүстээ орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг зохих журмын дагуу шилжүүлж өгсөн. Зарим орон сууц нь компанийн өмчлөлд хэвээр байгаа болно.

Манай компани нь өөрийн өмчлөлд буй үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг бусдад буюу ажилчиддаа үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн үйлдэл нь ямар нэгэн хууль тогтоомж ялангуяа Газрын тухай хуулийг зөрчөөгүй Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлсэн үйлдэл юм.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар ч хууль тогтоомжид өөрийн эзэмшил газар дээр барьсан үл хөдлөх хөрөнгийн зарим хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлбэл газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэсэн заалт байхгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг 7 үндэслэлээр л хүчингүй болгохоор тодорхой заасан байгаа бөгөөд уг үндэслэлүүдэд газар дээрээ орон сууц барьж бусдын өмчлөлд шилжүүлсэн бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэсэн заалт байхгүй байна. Гэтэл хуульд байхгүй. заагаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргасан нь хууль бус бөгөөд манай компанийн хууль ёсны эрхийг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийн талаар: Манай компани уг газар дээр 2005 онд холбогдох зөвшөөрөл, зураг төслийн дагуу орон сууцны барилга, зам талбай барьж 2006 онд "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгч газар эзэмших гэрээнд заасан орон сууц, үйлчилгээ гэсэн зориулалтын дагуу тухайн газрыг эзэмшиж байна.

Газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж байгаагаа нотолсон бичиг баримтуудыг өгсөөр байтал Нийслэлийн Засаг дарга газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь бодит байдалд нийцээгүй манай компанийн хууль ёсны эрх, ашгийг илтэд зөрчсөн үйлдэл болсон.

Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.

Гэтэл манай компани нь орон сууц, үйлчилгээний зориулалттай тухайн эзэмшил газартаа ажилчдын орон сууцны барилга, зам талбайг барьсан тул маргаан бүхий актын 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэл нь хууль зөрчсөн, хууль бус захиргааны акт болсон байна.

Иймд хууль бус үндэслэлээр гарсан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/1157 дугаар захирамж нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбарын агуулга[4]:

“МСЭП” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/937 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 3583 м2 газрыг эзэмших эрх олгосон байна.

Нэхэмжлэгч нь “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1-д “Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл тухайн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, шинээр газар эзэмших эрхийг тогтоох” гэж заасны дагуу эзэмшил газраас орон сууцны барилга бүхий хэсгийг хүчингүй болгож, мөн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1157 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

“МСЭП” ХХК нь эзэмшил газартаа барьсан орон сууцны барилгыг 2006 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өөр этгээд болсон байхад газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлж, газар эзэмших эрхийг шинээр тогтоолгоогүй, мөн үлдэх хэсэг газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3 “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах; 4.1.4 “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дах хэсэгт заасныг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1157 дугаар захирамжаар хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байх тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1157 захирамж нь хууль зүйн үндэслэлтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1157 дугаар захирамжаар “МСЭП” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Тус захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг “МСЭП” ХХК-иас шүүхэд  2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.[5]

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, үндэслэл, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбар, үндэслэлийг хэрэгт  цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв:

Нэг.Маргааны үйл баримтын талаар

Анх “МСЭП” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 86 дугаар болон 2008 оны 281 дүгээр захирамжаар 3724 м2 газрыг орон сууцны, 2000 м2 газрын сургалтын  зориулалтаар эзэмшжээ.[6]

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/813 дугаар захирамжаар 4782 м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар орон сууц үйлчилгээний зориулалтаар “МСЭП” ХХК-д эзэмшүүлжээ.[7]

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/937 дугаар захирамжаар нэхэмжлэгч компаниас гаргасан хүсэлтийн дагуу 1199.1 м2 газрыг Сити дээд сургуульд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3583 м2 газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар нэхэмжлэгч компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.[8]

Нэхэмжлэгчээс эзэмшлийн газар дээрээ компанийн ажилчдын 54 айлын орон сууц барьсан, зам талбай, авто машины зогсоол, амралтын сүүдрэвч байгаа зэрэг нөхцөл байдал нэхэмжлэгчийн тайлбар[9], газрын фото зураг[10] зэргээр тогтоогдож байна.

Маргаан бүхий актаар 1.орон сууц барьж бусдын өмчлөлд шилжүүлсэн, 2.бусад газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш дараалан ашиглаагүй гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Хоёр.Хууль зүйн үндэслэлийн талаар

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх;, 4.1.4-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх;” гэжээ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, 40.2.”Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.” гэж заасныг тус тус үндэслэн маргаан бүхий актыг гаргажээ.

Нэхэмжлэгч “МСЭП” ХХК нь маргаан бүхий газар дээр ажилчдын 54 айлын орон сууцыг барьж, орон сууцны гаднах талбайд зам тавьсан, компанийн ажилчдад зарим орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн, зарим нь тус компанийн өмчлөлд хэвээр байгаа гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа, эзэмшил газар дээр барьсан орон сууц нь тус компанийн өмчлөлд байна.

Үүнээс үзэхэд, маргаан бүхий актад дурдсан нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газрыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл нь “анх орон сууцны зориулалтаар газар эзэмших эрх авсан нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа ажилчдын орон сууц барьж, орон сууц эзэмшигчдэд зориулан зам талбай байгуулж, одоог хүртэл эзэмшиж байгаа бодит нөхцөл байдал”-аар үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн хариуцагч талаас “нэхэмжлэгч нь “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.1-д “Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл тухайн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, шинээр газар эзэмших эрхийг тогтоох” гэж заасны дагуу эзэмшил газраас орон сууцны барилга бүхий хэсгийг хүчингүй болгож, эзэмшил газартаа барьсан орон сууцны барилгын өмчлөгч нь өөр этгээд болсон байхад газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлж, газар эзэмших эрхийг шинээр тогтоолгоогүй, мөн үлдэх хэсэг газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэж  маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь “нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээрээ барьсан орон сууцны барилга нь тус компаниас ажилтнууддаа зориулан барьсан бөгөөд түүний өмчлөх эрхийг бүхэлд нь өөр этгээдэд шилжүүлсэн нөхцөл байдал байхгүй, нэхэмжлэгч эзэмшлийн газраа орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан гэдэг нь тогтоогдож байх” тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан газар эзэмших эрхийг дуусгавар болох, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд нэхэмжлэгч талд хамааралгүй байна.

Маргаан бүхий акт нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгосон захиргааны үйлдэл байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэхээр байна.

Мөн маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  хууль бус захиргааны шийдвэр байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ..., эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу уг шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

            3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МСЭП” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/1157 дугаар захирамж нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул хүчингүй болгож өгнө үү” гэсэн НЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/1157 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ


[1] 128/2019/00453 индекстэй хэрэг /цаашид хэргийн гэх/-ийн 139 дэх тал

[2] Хэргийн 40 дэх тал

[3] Хэргийн 1-3 дахь тал

[4] Хэргийн 49-50 дахь тал

[5] Хэргийн 31-34 дэх тал

[6] Хэргийн 72 дахь тал

[7] Хэргийн 69-72 дахь тал

[8] Хэргийн 10-12, 101-104, 107 дахь тал

[9] Хэргийн 1-2, шүүх хуралдааны тэмдэглэл

[10] Хэргийн 140-141 дэх тал