Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 82

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: 

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгч У.Батжаргал, Б.Батсайхан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Атарцэцэг, А.Ариунзаяа

Хохирогч Б.Оюунцэцэг

Нарийн бичгийн дарга                 Б.Урангоо нар оролцов.

 Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бүлгэлэж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Уртнасангийн Батжаргал, Боржигон овогт Баттулгын Батсайхан нарт холбогдох 201618000059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1978 оны 03-р сарын 16-нд Увс аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Өөрийн гэсэн оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1997 онд Сүхбаатар дүүргийн шүүхээр 123.1.1, 241.1, 123.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байгаад хорих ангид байхдаа шоронгоос оргож дахин гэмт хэрэг үйлдэн 8 жилийн чанга дэглэмтэй хорих ангиар  ял шийтгүүлж байсан, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шоронд байхдаа урд хийсэн байсан хулгайн хэргийг гаргаж дахин 2 жилийн ял нэмүүлсэн, Боржигон овогт Уртнасангийн Батжаргал РД:МЬ78031617

  Монгол улсын иргэн, 1991 оны 05-р сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, 1-34 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2010 онд мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 2012 онд 293 дугаар зүйлийн 293.2, 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Баттулгын Батсайхан РД:УШ91050135

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Батсайхан, У.Батжаргал нар нь бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 034 тоотод оршин суух Б.Оюунцэцэгийн байшингийн вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж 6.815.000 төгрөгийн эд зүйл хулгайлж бага бус хэмжээний  хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.               

Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч У.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: Би 2016 оны 02 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод Батсайхан гэдэг залуутай танилцаад бид 2 цуг хотод байр хөлслөөд амьдарч байгаад миний хоёр хөл өвдөөд байхаар нь Би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2016 оны 03 дугаар сарын 04-нд байх суудлын галт тэргээр Улаанбаатар хотоос Батсайханыг Сэлэнгэ аймагт дагуулж ирээд өөрийн таньдаг найзынхаа гэрт буюу 1 дүгээр багт оршин суудаг Очироогийн гэрт 4 хоног байсан. Ингээд намайг байж байхад Ерөө суманд амьдарч байсан Сарангоо миний утас руу залгаад “нутгийн шинж байхгүй, ирээд нэг удаа баярлуулчихгүй юм” гэхээр нь би Батсайханыг дагуулаад өөрт байсан 10,000 төгрөг гаргаад Батсайхан 20,000 төгрөг гаргаад бид 2 нэрийг нь мэдэхгүй нэг хүнсний дэлгүүрээс 0,5 граммын “Ерөөл” архи 2 шил, Сархад 0,75 граммын архи 1 шилийг аваад Салхитын аманд байдаг Сарангоогийн гэрт өдөр 16 цагийн үед очоод архиа хувааж уусан. Ингээд архиа дуусчихаад бид 2 гэрээс нь харанхуй болсон байхад гараад буцаад Очироо гэдэг найзынхаа гэр лүү очихоор явж байхад Батсайхан надад нэг цагаан хаш хөөрөг өгөхөөр нь би аваад халаасандаа хийгээд явсан. Ингээд Очироогийн гэрт ороод бид 2 унтаад өгсөн. Ийм л асуудал болсон.  гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

Шүүгдэгч У.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: Би өөрийн холбогдсон хэргийн талаар үнэн зөвөөр яримаар байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хувьд өөрийн найз Батжаргалтай цуг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2016 оны 03 дугаар сарын 04-ний орой суудлаар ирсэн юм. Ингээд Энх-Очир гээд Батжаргалын найз нь бид хоёрыг тосож аваад гэртээ авчирсан. Харин Батжаргал бид хоёр эмнэлэгт үзүүлнэ гээд тэдний гэрт 5 хоноод 2016 оны 03 дугаар сарын 09-ний үдээс хойш 17 цагийн үед байх Батжаргал нэг хүүхэнтэй яриад бид хоёр Энх-Очирын гэрээс гараад шууд салхитын ам гэдэг газар руу цуг явсан. Тэгээд бид хоёр явж байхдаа замаасаа нэг дэлгүүрээс 2 шил 0.5 литрийн “Ерөөл” архи, 0.75 литрийн “Сархад ” нэртэй архи аваад түүнийгээ Батжаргал бид хоёр Сарангуа гэдэг нэг эмэгтэйтэй гэрт нь хувааж уугаад орой 19 цагийн үед гэрээс нь гараад хашааны гадаа нь зогсож байсан чинь хажуу талын айл нь гэрэл байхгүй эзэнгүй байх шиг харагдсан. Тэгээд би тухайн үед Батжаргалд хажуу айл нь хүн байхгүй байна. Чи хүн хараад байж бай. Би явж орлоо. Хүн ирвэл шүгэлдээрээ гэсэн чинь за хурдан ороод гараад ир гэж хэлээд би хашаа давж ороод цагаан өнгийн вакум цонхыг одоо танай цагдаагийн газар хураалгасан байгаа шар өнгийн атвёркаар хөшиж байгаад онгойлгоод би дотогш ороод шууд шкафнаас нь савхин куртик, савхин дээл, цүнхнээс хэтэвч, шкафнаас 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс зэрэг зүйлийг авсан. Тухайн үедээ би их сандарсан байсан болохоор маш хурдан гараад аваад гарсан юм. Ингээд хашаа даваад гараад ирсэн чинь Батжаргал гадаа хүн байхгүй байна. Зүгээр байна гэсэн. Ингээд бид хоёр хулгай хийсэн зүйлээ улаан өнгийн цүнхэндээ хийгээд Энх-Очирын гэр лүү явж байхдаа нэг шүрэн толгойтой цагаан өнгийн хаш хөөргийг Батжаргалд өгөөд хоёр хөөргийг нь өөрөө аваад цүнхэндээ хийгээд шууд 1 дүгээр баг буюу корпусын зүг яваад Энх-Очирын гэрт орой 23 цагийн үед орж унтаж байсан чинь шөнө цагдаад баригдсан. ... Би тухайн үед ээмэг бөгжийг хаана хаясан үйлдлээ санахгүй байна. Хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: Би бичиг үсэг мэдэхгүй, өөрийн хийсэн хэргийн талаараа үнэн зөвөөр мэдүүлэх болно. У.Батжаргал ахтай ярилцаад энэ хэргийг хийсэн гэх мэдүүлэг. 

/хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой миний таньдаг Сарангуа гэдэг хүүхэн нэг дугаараас залгаад чи нутгийн шинжгүй залуу хаагуур юу хийгээд яваад байна гэхээр нь танайх хаана байдаг юм яваад очих уу гэж асуусан чинь салхитын аманд байдаг. Хүрээд ир гэхээр нь гэрийг нь заалгаж аваад Батсайхан бид хоёр гэрт нь очихоос өмнө 2 шил 0.5 литрийн Ерөөл архи, 0.75 литрийн Сархад аваад Сарангуагийн  гэрт очоод тэр архиа Батсайхан Сарангуа бид гурав архиа хувааж уугаад архи дуусаад бид хоёр Сарангуа гэдэг эмэгтэйн гэрээс гараад хашааны үүдэн дээр байж байхад Батсайхан хажуу айл нь эзэнгүй байна орлоо. Та хүн хараад байж бай. Хүн ирвэл чимээ өгөөрэй гэж хэлэхээр нь би гадаа хүн хараад байж байсан чинь удаа ч үгүй болчихлоо гэсээр гарч ирээд бид хоёр шууд Эрдэнэ-Очирын гэр лүү явж байх замдаа Батсайхан надад цагаан өнгийн хаш хөөрөг өгсөн. Түүнийг нь би аваад өөрийн халаасандаа хийгээд цааш яваад Эрдэнэ-Очирын гэрт унтаж байгаад цагдаад баригдсан. ... Бид хоёр хэдэн төгрөг олох санаатай явж байгаад архи уусандаа ийм хэрэг хийсэн. Өөр ямар нэгэн санаа, бодол, зорилго байхгүй гэх мэдүүлэг. 

/хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

Шүүгдэгч У.Батжаргалын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... 2016 оны 3 дугаар сарын 4-ний орой Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн вагзал дээр ирсэн. Тэгээд Энх-Очир гээд найзындаа хэд хонож байгаа 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр манай нутгийн Сарангуа гэдэг  охинынд очоод 3 шил архи уусан. Тэгээд тэднийхаас гараад явж байтал Батсайхан “би ийшээ орчихоод ирье”  гээд хажуу талын айл руу нь орсон. Тэгээд бид 2 манай найз Энх-Очирынх руу явсан. Хохирогчийн гэрээс 3 хөөрөг, 1 бүс, 2 түрүүвч, 1 савхин дээл, 1 савхин куртик авсан байсан. Тэгээд Энх-Очирынд очоод унтаж байсан чинь цагдаа ирээд баригдаад явсан гэв. гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Батсайханы  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”... 2016 оны 03 дугаар сарын 9-ний өдөр Сарангуагийнд 3 шил архи уусан. Сарангуа “гоймон идмээр байна” гэхээр нь би 2 хүүхдийг нь аваад дэлгүүр ороод 2 хүүхдэд нь зайрмаг авч өгөөд мөнгөө дуусгачихсан. Тэгээд тэднийхээс гарч яваад бид 2 автобусны мөнгөгүй болсон болохоор маргалдсан. Тэгээд Батжаргалыг би “та энд зогсож бай” гэж хэлээд Сарангуагийн хөрш айл руу хашаа давж ороод вакум цонхыг нь хөшиж онгойлгож ороод том өрөөнд нь орж 3 хөөрөг, унтлагын өрөөнөөс нь савхин дээл, өлгүүрээс нь савхин куртик, шкафнаас нь мөнгөн бүс, 2 түрүйвч, хөөрөгний хажууд байсан жижиг савнаас мөнгөн эдлэл зэргийг авсан. Тэгээд Энх-Очирынх руу очоод унтаж байхад цагдаа ирсэн. Мөнгөн ээмэг бөгжийг хаана хаяснаа мэдэхгүй байна. Өмдний халаасандаа хийсэн байсан чинь халаас цоорсон байсан гэв. гэх мэдүүлэг

Хохирогч Б.Оюунцэцэгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би 2016 оны 03 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа явчихаад орой 21 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн гал тогооны вакум цонх онгорхой байхаар нь хаалгаа онгойлгоод дотогш ороод гэрлээ асаасан чинь гал тогооны хэсгийн шүүгээг онгойлгоод том өрөөний шкаф онгойлгож шүрэн толгойтой 2.000.000 төгрөгийн үнэтэй халтар манан хөөрөг, 1.700.000 төгрөгийн үнэтэй шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг байхгүй, эмэгтэй хүний сувдан шигтгээтэй 65.000 үнэтэй хос мөнгөн ээмэг, эмэгтэй хүний 50.000 төгрөгийн үнэтэй сувдан шигтгээтэй бөгж, 50.000 төгрөгийн үнэтэй мөнгөн гинж, 60.000 төгрөгийн үнэтэй цулгуй мөнгөн хос ээмэг, 250.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний мөнгөн бүсийг авчихсан байсан. Ингээд би гэрийнхээ дунд өрөөрүү орсон чинь манай охины цүнх нь онгорхой байхаар нь харсан чинь улаан өнгийн 10.000 төгрөгтэй хэтэвчийг иргэний үнэмлэх, төрийн банк, Хаан банкны виза картыг авсан байдалтай унтлагын өрөөнд байсан хувцасны шкафыг онгойлгоод бүх хувцас газар хаясан байдалтай байхаар нь хувцсаа үзсэн чинь 2016 оны 03 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотын зах дээрээс 400.000 төгрөгөөр авсан хар өнгийн савхин дээл, мөн 2016 оны 03 дугаар сард авсан 370.000 төгрөгийн үнэтэй савхин богино эмэгтэй хүний куртик, 50.000 төгрөгийн үнэтэй улаан өнгийн арьсан хэтэвч, хар өнгийн 70.000 төгрөгийн үнэтэй савхин хар хэтэвч зэрэг хулгайд алдагдсан байсныг би өөрөө хүүхдээр дамжуулан цагдаагийн байгууллагад хулгай орсон байна гэж дуудлага өгсөн юм. ... Манай гэрээс үнэт эдлэл авчихаад нийт 475.000 төгрөгийн үнэтэй ээмэг, хослол өгөөгүй байна үүнийг гаргуулж авах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

Хохирогч Б.Оюунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:.. 2016 оны 03 дугаар сарын 09-нд би гэртээ байгаагүй. Манай хүүхэд айл руу явах гэж байна гээд намайг дуудсан. Тэгээд би гэртээ ирсэн чинь гал тогооны ширээн дээр пүүз нь байсан. Том өрөө рүүгээ орсон чинь бүх шургуулаг онгорхой, бэрийн цүнх онгорхой, 3 хөөрөг байхгүй байхаар нь би айгаад би гэрээсээ гарч хамт ирсэн таксины жолоочоороо цагдаа дуудуулсан. Тэгээд тэр оройноо цагдаа нар хулгайн эд зүйлсийг энэ 2 шүүгдэгчээс авч өгсөн. Мөнгөн ээмэг бөгж савандаа байхгүй байсан учраас авсан байж таарна. Тэр мөнгөн ээмэг бөгжийг би нэхэмжлэхгүй гэж байцаагчид хэлсэн. Би гомдолгүй байна. Би алдагдсан зүйлээ авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэв. гэх мэдүүлэг.

Гэрч Б.Идэрхангайгийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой өөрийн найзынхаа гэрт сууж байсан чинь миний ээж Оюунцэцэг 99815593 дугаарын утсаар миний 99804631 дугаарын утас руу залгаад манай гэрт хулгай орчихсон байна, яаралтай гэрт ир гэхээр нь би “цагдаад дуудлага өгсөн юм уу” гэсэн чинь “ээж нь дуудлага өгөөгүй, чи хурдан дуудлага өгөөд ир” гээд хэлсэн чинь за гэсэн. Ингээд би Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар өөрийн нэрээр дуудлага өгөөд гэртээ ирсэн чинь манай гэрийн эд зүйлийг бүгдийг нь ухаад ааваас минь үлдсэн 3 хөөрөг, ээжийн мөнгөн ээмэг, бөгж, савхин дээл, эхнэрийн маань улаан өнгийн хэтэвч, 10,000 төгрөгтэй нь хулгайч цонхоор ороод аваад явчихсан байсан. Ингээд би ээжтэй хамт гэртээ байж байсан чинь цагдаагийн хүмүүс ирсэн. ... гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн 28 дүгээр хуудас/

Гэрч П.Мэнджаргалын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би У.Батжаргал гэдэг хүнийг таньдаг. Миний эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Манай гэрт Батжаргал ирээд байдаггүй, хааяа эгчтэйгээ, надтай утсаар яриад явдаг хүн байгаа юм. Би ер нь уулзаагүй 4 жил гаран болж байна. Батжаргалыг би архи ууж байхыг нь хараагүй, архи уухаараа ямар ааш зантай болдог талаар мэдэхгүй. гэх мэдүүлэг 

/хавтаст хэргийн 49 дугаар хуудас/

Гэрч У.Оюунчимэгийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... У.Батжаргал миний төрсөн дүү байгаа юм. Дүүтэйгээ би хамгийн сүүлд 2012 онд нэг удаа уулзсан. Тэрнээс хойш огт уулзаагүй. Хааяа нэг утсаар ярьж мэнд ус асуучихаад явдаг холбоотой байсан. Миний дүүгийн хувийн зан байдал гэвэл хүнд их тусархуу зантай, найз нөхөд олонтой, ажилсаг, малд нүдтэй, ах дүү нараа гэдэг хүн байсан. Дүүтэйгээ 4 жил гаран уулзаагүй, хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байсан чинь хэрэгт орчихлоо гэж сонсоод Сэлэнгэ аймагт ирсэн юм. Миний дүү архи ууж байгаагүй. Архи ууж байхыг нь би хараагүй. Манай гэр бүлээс Батжаргалтай хамгийн ойр нь гэвэл миний аав их ойр байсан. Бусад нь бүгд гэр бүл болоод явсан хүмүүс байгаа юм. .. гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

Гэрч Д.Энх-Очирын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би У.Батжаргал гэдэг хүнийг таньдаг. 1996 оны 10 сараас 1997 оны 3 сар хүртэл манай адууг хөлсөөр хардаг хүн байсан юм. Тэрнээс биш ямар нэгэн ах дүү төрөл садангийн холбоо бол байхгүй. Б.Батсайхан гэдэг хүнийг танихгүй. Манай Батжаргалтай цуг 2016 оны 03 дугаар сарын 04-ний орой суудлаар Улаанбаатар хотоос ирлээ гэхээр нь би Сэлэнгэд вакзол дээрээс тосож авсан. Тухайн үед Батжаргал хөл өвдөөд байна эмнэлэгт үзүүлнэ гэхээр нь өөрийн гэртээ аваачаад амрааж эмнэлэгт үзүүлэх явцад хөл гар нь өвдсөн асуудал байхгүй, Ерөө сум руу явж алт ухах зүйл яриад би харгантын зүг алт ухуулах талаар яриад би таньдаг хүмүүст захина гэж хэлээд ярьж хөөрөөд энэ цагаас хойш явахгүй манай ээжийн гэрт 5 хонохоо нь би гэрээсээ хөөх гэснээ санаа зовоод 2016 оны 03 дугаар сарын 09-нд найз нь хөдөө явлаа гэж хэлээд яваад орой нь яваагүй манай гэртээ иртэл Батжаргал, Батсайхан 2 согтуу манай гэрт ирсэн. Ингээд гэрт орж ирээд 2-лаа унтаад өгсөн. Дараа нь би гэртээ ирсэн чинь цагдаагийн хүмүүс ирээд эд зүйл хулгай хийсэн хэргээр аваад явсан. Би юу болоод байгааг ойлгоогүй. Дараа нь харин айлын гэр орноос эд зүйл хулгай хийсэн гэдгийг сонссон. ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

Гэрч Б.Цоожийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...Би Б.Батсайхан гэдэг хүнийг таньдаг. Миний төрсөн дүү байгаа юм. Дүүтэйгээ би хамгийн сүүлд 2016 оны 3 сард нэг удаа уулзсан. Тэрнээс хойш огт уулзаагүй. Хааяа нэг утсаар ярьж мэнд ус асуудаг холбоотой байсан чинь гэнэт хэрэгт орсон гэж сонсоод Сэлэнгэ аймагт ирж байна. Миний дүүгийн хувийн зан байдал гэвэл хүнд тусархуу зантай, найз нөхөд олонтой, ах дүү нараа гэдэг их томоотой хүн байгаа юм. Дүүгээ ийм хэрэг хийсэн явдалд маш их харамсаж байна. Өөр надад хэлэх зүйл алга. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл. Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-9 дүгээр хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл. Гэрэл зургийн үзүүлэлт 

/хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. 

/хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/

Хохирлын үнэлгээ.

/хавтаст хэргийн 20-24 дүгээр хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

/хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудад шүүх дараахи дүгнэлтийг хийв. 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Уртнасангийн Батжаргал, Боржигон овогт Баттулгын Батсайхан нарыг бүлэглэж, 2016 оны 03 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 2 дугаар хэсэг, 034 тоотод оршин суух, мөн сумын иргэн  Б.Оюунцэцэгийн хувийн орон сууцны вакум цонхоор нэвтрэн орж 6.525.000 төгрөгийн эд зүйл хулгайлж бага бус хэмжээний  хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч У.Батжаргал, Б.Батсайхан нар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Үүнд: Хохирогч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хулгайлагдсан эд зүйлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хавтаст хэргийн 18-20, 113 дугаар хуудас/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 6-10,13-15,21-22 дугаар хуудас/, шүүгдэгч У.Батжаргал, Б.Батсайхан нарын 2016 оны 3 дүгээр сарын 10-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, /хавтаст хэргийн 42-54 дүгээр  хуудас/, гэрч Б.Идэрхангай, П.Мөнхжаргал, У.Оюунчимэг, Б.Энх-Очир, Б.Цоож нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд/хавтаст хэргийн 28-32 дугаар хуудас/,  зэрэг болно. 

Шүүх хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд тохирч,  гэмт хэрэг гарсан талаар хангалттай баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэж байна.

 Хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг хуульд нийцсэн,баримт сэлт байна гэж үзэв.

 Иймээс шүүгдэгч Уртнасангийн Батжаргал, Баттулгын Батсайхан нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцож байна. 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүхээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “”эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэсэн зарчмуудыг баримтлан хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.  

Хохирогч Б.Оюунцэцэгт 6.525.000 /зургаан сая, таван зуун хорин таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлсан эд зүйлийг буцааж өгсөн тул хохиролыг барагдуулсан гэж үзэж болохоор байна. 

Б.Батсайханыг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх”-ээр заасны дагуу ял эдэлж байхад нь өршөөн суллажээ. Батсайхан дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байгаа ч түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг өөрийнх нь саналыг үндэслэн шүүгдэгч Б.Батсайханд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор тогтов.  

Шүүгдэгч У.Батжаргалыг мөн дээрхи хуулийн дагуу ялтай байдал нь өршөөгдсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно. 

Прокурорын газраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлүүдэд заасныг журамлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон нөхцөл байдал, хэлбэрийг тодорхой тусгаагүй байгааг зөвтгөж, хуулийн зүйл хэсгийг зүүж өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Оюунцэцэг нь “мөнгөн ээмэг, бөгжний хослолын үнэ 225.000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэж байгаа тул энэ тухай шийтгэх тогтоолд дурьдаад, шүүгдэгч нарыг хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэйг тэмдэглэвэл зохино.  

 Шүүхээс шүүгдэгч нарын гэм буруутай гэмт үйлдэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр “Баривчлах” ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.        

       

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигон  овогт Уртнасангийн Батжаргал, Боржигон овогт Баттулгын Батсайхан нарыг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах“ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Уртнасангийн Батжаргал, Баттулгын Батсайхан нарыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр тус тус “зургаан сарын хугацаагаар баривчлах” ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр 51.1-д зааснаар ялтан У.Батжаргал, Б.Батсайхан нарыг тодорхой дэглэм бүхий байранд ялыг ганцаарчлан эдлүүлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлэн ял эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад үүрэг болгосугай.  

4.Энэ хэргийн хохирогч Б.Оюунцэцэг нь мөнгөн ээмэг бөгжний хослолын үнэ болох 225.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан нүүрэвчтэй, хар өнгийн үүргэвч цүнх, шар иштэй 2 үзүүртээ /+,-/ хэрэглэгдэхүүнтэй атвёрка зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Баттулгын Батсайханд буцаан олгох, ялтан У.Батжаргал, Б.Батсайхан нар нь бусдад төлөх төлбөргүй, бүтүүмжилсэн буюу хамгаалсан эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар У.Батжаргал, Б.Батсайхан нарын 2016 оны 3 дугаар сарын 9-нй өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 130 хоногийг баривчлах ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

6.Ялтан Уртнасангийн Батжаргасайхан, Баттулгын Батсайхан нарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор аймаг, шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.НАЦАГДОРЖ