| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0700/и |
| Дугаар | 00776 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, малчин, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт тус сумын 2 дугаар багийн нутаг Салхитын хаялга гэх газарт оршин суух, “Мянгад” овогт Балжирын Дуламсүрэн /РС-67031303/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн 8 дугаар ангийг 1981 онд төгсөөд тус сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар анх ажилд ороод тасралтгүй нэгдэл тартал ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт орох болж ажилласан байсан хугацаагаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 151 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 151 дугаартай: “....Балжир овогтой Дуламсүрэн нь 1984-1992 онуудад Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж байсан....” гэх тодорхойлолт,
Гэрч Ч.Санжаагийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хоньчин, саальчин байсан. Сайн саальчин байсан. Тухайн үед саашаалын үнэмлэх, баярын бичгээр шагнуулдаг байсан....” гэх,
Гэрч А.Оюунцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....1983 оноос 1990 оныг дуустал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 2 дугаар бригадад саальчин байсан. Сайн саальчин байсан. Аварга саальчин болж улсад явж амарч байсан....” гэх мэдүүлэгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Б.Дуламсүрэнд холбогдох лавлагааг аймгийн архиваас гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 10/365 дугаартай: “....Б.Дуламсүрэнд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Мянгад” овогт Балжирын Дуламсүрэн /РС-67031303/-г Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдлийн 2 дугаар бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ