| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0696/и |
| Дугаар | 00770 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00770
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, хувийн мал эмнэлэгт малын эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Цэцэрлэг сумын 5 дугаар багт сумын төвд оршин суух “Баяд” овогт Мижиддорж Баатаржав /РС-62042016/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч М.Баатаржав нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Баатаржав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сургуулийн 8 дугаар ангийг 1978 онд төгсөөд хөдөө мал маллаж байгаад 1980 онд цэргийн албанд татагдаж 1983 онд халагдаж ирсэн. 1984 оноос 1987 оны хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд дахь Хөдөө аж ахуйн техникумийн сургуулийг төгсөөд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малын эмчээр томилогдон ирсэн юм. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр сэргээн тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл малын эмчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Баатаржав нь ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл малын эмчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн лавлагаа, цалингийн цэс,
Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай тушаалд: “....9 дүгээр хэсгийн малын эмч М.Баатаржав нарыг 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй....” гэх Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай тушаалд: “....Цог-Өндөр бригадын хэсгийн малын бага эмчээр М.Баатаржав нарыг 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс томилон ажлуулсугай....” гэх Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын мал эмнэлэгийн тасгийн даргын 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай тушаалд: “....тус сумын мал эмнэлэгийн тасгийн бага эмч ажилтай М.Баатаржавыг МУХТ хуулийн 3 дугаар бүлгийн 20 дугаар зүйлийн 1-ийн 1-д заасны дагуу 1994 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй....” гэх тушаал,
Гэрч Ч.Санжаагийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр малын эмчээр төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 01 дүгээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 05-ныг хүртэл малын эмч хийдэг байсан. 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 05-ныг хүртэл тус нэгдэлдээ малын эмч хийж байсан....” гэх,
Гэрч А.Оюунцэцэгийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....1987 оноос 1990 оны 01 дүгээр сар хүртэл Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад малын эмч хийдэг байсан. Баатаржав нь ажилдаа сайн одоо ч малын эмчээ хийгээд явж байгаа....” гэх мэдүүлгүүд, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын мал эмнэлэгийн тасгийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаалыг үнэлэх боломжгүй байна. Учир нь: үсгийн фонд болон засвартай, бүдэг байх тул шүүх үнэлгээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Баяд” овогт Мижиддоржийн Баатаржав /РС-62042016/-ыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Энх-Амьдрал” нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 02 дугаар сарын 01-нийг хүртэл малын эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Баатаржавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ