| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0681/и |
| Дугаар | 00775 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 00775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, малчин, ам бүл 2, нөхрийн хамт тус сумын 1 дүгээр багийн нутаг Бөөрлөж гэх газарт оршин суух, “Өндөр өвөө” овогт Дамбаравжаан Оюунбилэг /РФ-64010769/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, хүсэлт гаргагч Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие тус сумын сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд эцэг, эхийн хамт хөдөө мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1981 оноос 1982 оны 11 сар хүртэл мал маллаж саальчнаар Тариалан сангийн аж ахуйн 3 дугаар бригадад ажиллаж байгаад 1982 оны 12 дугаар сараас эхлэн эмчилгээ тэжээлийн цэгт туслах ажилчнаар 1983 оны 7 дугаар сар хүртэл, мөн Эрдэнэбулган сумын Цогт-Өндөр ХК-нд ажиллаж байсан байдлаа сэргээлгэхээр шүүхэд хандсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл саальчнаар, эмчилгээ тэжээлийн цэгт 1982 оны 12 дугаар сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл туслах ажилчнаар, Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сумын Цогт-Өндөр ХХК-д 1992 оны 3 дугаар сарын 01-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл саальчин, эмчилгээ тэжээлийн цэгт 1982 оны 12 дугаар сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл туслах ажилчин, Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сумын “Цогт-Өндөр” ХХК-д 1992 оны 3 дугаар сарын 01-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Төв аймгийн Угтаал Техник мэргэжлийн сургуулиас 1984 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Д.Оюунбилэгт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1982 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаар тушаалд: “....1/ нэр бүхий 108 ажилчид, малчдын 1982 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай.9-р хэсэг 85/…Д.Оюунбилэг саальчин....” гэх Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1982 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаар тушаалд: ”....Д.Оюунбилэгийг 12 дугаар сарын 18-наас эмчилгээ тэжээлийн цэгт туслах ажилчнаар....” гэх Томилох тухай тушаалын хуулбар,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1985 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 188 дугаар тушаалд: “...1/ Шинээр байгуулагдаж байгаа Эг-Үүрийн сангийн аж ахуйд нэр бүхий ажилчин, албан хаагчдыг хавсралтаар шилжшүүлсүгэй. 335/ Дамбаравжаа Оюунбилэг тэжээл бэлтгэгч....” гэх Эг-Үүрийн САА-д ажилчид шилжүүлэх тухай тушаалын хуулбар,
Тариалан сангийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 119 дугаар тушаалд: “....техник мэргэжлийн сургууль төгсөж тус САА-д хуваарилагдан ирсэн мэргэжилтэй ажилчдыг мэргэжлийн дагуу 1 дүгээр хавсралтаар томилсугай. 5/ Д.Оюунбилэгийг Эг-Үүрийн тэжээлийн үйлдвэрт тэжээл бэлтгэгчээр....” гэх Мэргэжлийн ажилчдыг ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Эр-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 37 дугаартай тушаалд “....13/ Дамбаравжаагийн Оюунбилэгийг 1986 оны 4 дүгээр сарын 01-нээс тэжээлийн үйлдвэрээс чөлөөлж саальчнаар....” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Х.Энэбишийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Д.Оюунбилэг нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Сангийн аж ахуйн 1 дүгээр фермд 1981 оноос 1991 он хүртэл малчин байсан. Голцуу үхэр малладаг байсан. Хонь маллаж байгаад нэг хэсэг тэжээлийн цехэд туслах ажилтан, тариа бригадын будааны манаач хийдэг байсан....” гэх,
Гэрч О.Эрдэнэдалайн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....намайг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Сангийн аж ахуйд 1983 онд цэргээс халагдаад очиход 1 дүгээр фермд малчин байсан. Фермийн бордох цехэд эмчилгээтэй мал малладаг байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Д.Оюунбилэгт холбогдох лавлагааг аймгийн архиваас гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10/343 дугаартай: “....Д.Оюунбилэгт холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Д.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Өндөр өвөө” овогт Дамбаравжаан Оюунбилэг /РФ-64010769/-ийг Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн 3 дугаар бригадад 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл саальчин, Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн эмчилгээ тэжээлийн цэгт 1982 оны 12 дугаар сарын 01-нээс 1983 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл туслах ажилчин, Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сумын “Цогт-Өндөр” ХХК-д 1992 оны 3 дугаар сарын 01-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунбилэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ