Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00773

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1943 онд төрсөн, 75 настай, эрэгтэй, тэтгэвэрт, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг 16-10 тоотод оршин суух “Хар дархад” овогт Гэндэнгийн Дашзэвэг /РВ-43071112/-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Г.Дашзэвэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Дашзэвэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би тэтгэвэрт байдаг боловч намайг ажиллаж байсан жилээ нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр дахин тогтоолгох шаардлагатай гэсний үндсэн дээр шүүхэд хандсан юм. Би анх 1959 онд нэгдлийн гишүүнээр элсэн малчнаар ажиллаж байгаад дунд нь цэрэгт явж байсан. Цэргээс халагдаж ирээд мөн тус нэгдэлдээ малчнаар тасралтгүй ажиллаж байсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 2 дугаар бригадад 1959 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1964 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 1968 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хоньчноор, нэгдлийн туслах үйлдвэр хөрөө рамд 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл  туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Дашзэвэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 2 дугаар бригадад 1959 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1964 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 1968 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хоньчноор, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө рамд 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл  туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны  6 дугаар сарын 15-ны өдрийн 3/103 дугаартай архивын лавлагаа, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд, 

Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн № 02/1230 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс 1964 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн,  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс 1971 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №229 дугаартай Гэндэнгийн Дашзэвэгт тус тус нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр дэхь бичилтүүд,

Гэрч Ш.Лхагваажийгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “....1959 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн анхны гишүүн болсон хүн байгаа юм. Яг тогтсон ажилгүй нэгдэл юу хий гэж хэлнэ тэр бүх ажлыг хийдэг байсан. 1964 онд цэргийн албанд татагдаж, 1967 онд цэргийн албанаас халагдаж ирээд тус нэгдэлдээ 1992 оныг дуустал буюу нэгдэл тартал бух маллаж , хөрөө рамд ажиллаж, хоньчин зэрэг ажлыг хийдэг байсан....” гэх,

Гэрч Ч.Цоодолын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “....Г.Дашзэвэг нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн анхдагч ууган гишүүн 1959 оноос нэгдэлд орж 1964 онд цэргийн албанд татагдаж, 1967 онд цэргийн албанаас халагдаж ирээд  тус нэгдэлдээ рамчин, дүнз бэлтгэгч, хоньчин зэрэг ажлыг 1992 оныг дуустал ажиллаж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хар дархад” овогт Гэндэнгийн Дашзэвэг /РВ-43071112/-ийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн 2 дугаар бригадад 1959 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1964 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл, 1968 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хоньчноор, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө рамд 1978 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл  туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Дашзэвэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ