Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв албаны байр хаягт байрлах “Хас банк” ХХК /рд:2578697/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 57 дугаар байр, 13 тоот хаягт оршин суух Хар хангид овогт Дашдаваагийн Лхагвадорж /рд:ЧЖ71121514/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 57 дугаар байр, 13 тоот хаягт оршин суух Боржигон овогт Чулуунхүүгийн Уранбилэг /рд:ЦВ71032523/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 455,506,164.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сумъяа, Д.Тамир, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нар манай банктай 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 375,000,000.00 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 19.56 хувийн хүүтэй зээлсэн.

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 17/2 дугаар байрны 36 тоот хаягт байрлах орон сууц, мөн Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,  2 дугаар хороо, төмөр замын 58 дугаар байрны 49 тоот хаягт байрлах орон сууцыг тус тус барьцаалсан.

 

Гэвч зээлдэгчид 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч талаас тэдгээрт удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг төлөөгүй.

 

Улмаар зээлдүүлэгч “Хас банк” ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 369,789,385.81 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 85,611,871.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 104,906.86 төгрөг, нийт 455,506,164.66 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар хувьсах хүүтэй байхаар тохиролцсон бөгөөд хүүгийн хэмжээ тогтмол бус байдгаас хамаарч эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт ордог. Зээлдэгчид анхнаасаа энэ талаар мэдэж байсан ба 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтдээ зээлийн үлдэгдлийг 369,789,385.00 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

 

Гэвч энэ хугацаанд зээлийн хүүгийн хэмжээ өөрчлөгдөөгүй, хариуцагч нар зээлийг зохих ёсоор төлж байсан боловч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж эхэлсэн ба үндсэн зээлийн дүн, зээлийн хүүгийн талаар банкнаас лавлах, цахим сүлжээгээр мэдчих боломжтой байдаг.

 

Иймд, хариуцагчдаас нийт 455,506,164.66 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадоржоос тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 “Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас хариуцагчид 375,000,000.00 төгрөгийн зээл олгосон ба 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээг цуцалсан талаар маргаан байхгүй.

 

Харин хариуцагчид 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 109,917,766.00 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлд 5,210,610.00 төгрөг, зээлийн хүүнд 94,992,152.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,715,000.00 төгрөгийг суутгасан байна.

 

Гэтэл Иргэний хуулийн 216 дугаар сарын 216.4-т үүргийн гүйцэтгэлийг төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, үндсэн үүргийг төлүүлэхээр хуульчилсан байхад 5,210,610.00 төгрөгийг үндсэн зээлд суутгасанд гомдолтой байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж зохицуулсан байхад нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа 2034 оны 02 дугаар сард дуусах ёстой атал нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлдэгчид 2014 онд сар бүр 287,763.00 төгрөг, 2015 онд 328,165.00 төгрөг, 2016 онд 378,668.00, нийт 11,359,354.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул хэрхэвч 109,917,766.00 төгрөгөөс 5,210,610.00 төгрөгийг үндсэн зээлд тооцох ёсгүй, 2017 оныг дуустал хугацаанд нийт 18,034,181.00 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул 104,000,000.00 төгрөгийг хасуулах хүсэлттэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 455,506,164.66 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

  Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Хас банк” ХХК болон хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нар 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 375,000,000.00 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 19.56 хувь, сарын 1.63 хувийн хүүтэй зээлэхээр тохирчээ /х.х-ийн 6-8/.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд зааснаар зээлдэгч нарын өмчлөлийн Ү-2202016732 тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, гудамж, 17/2 дугаар байр, 36 тоот хаягт орших 138.66 м.кв талбайтай орон сууц, мөн Ү-2205023179 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот хаягт орших 40 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна /х.х-ийн 11-15/.

 

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, түүнчлэн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх.................” гэж тус тус зааснаар ийнхүү барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигчид хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

Зээлийн 1 дүгээр зүйлийн 1.3, 1.5-д зааснаар 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн суурь хүүгийн хэмжээ 16.5 хувь, үүн дээр тогтмол 3.06 хувийг нэмж, жилийн 19.56 хувийн хүүтэй байхаар тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, зээлийн суурь хүү нь тогтмол бус зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч хувьсах буюу өөрчлөгдөх нөхцөлтэй бол харин 3.06 хувийн хүүг тогтмол байхаар харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан ба зээлдүүлэгч болон зээлдэгч нар гэрээний зүйл болсон 375,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсхүл шилжүүлээгүй гэх үйл баримтын талаар маргахгүй байх тул тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдүүлэгч “Хас банк” ХХК-иас зээлдэгч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нарт зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.7, 5.1.9-д заасан үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, тухайн өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 369,789,385.81 төгрөг, зээлийн хүү 85,611,871.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 101,906.86 төгрөг, нийт 455,506,164.66 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

 Тодруулбал, гэрээний талууд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 болон 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байх бөгөөд зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нар өнгөрсөн хугацаанд нийт 109,917,766.38 төгрөг төлснөөс үндсэн зээлд 5,210,614.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,715.98 төгрөг, зээлийн хүүнд 104,697,436.21 төгрөгийг суутгасан байна.

 

Гэтэл зээлдэгчид тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д заасан хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэг хүлээсэн боловч тус хуваарьт зөвхөн тухайн сар, жилд төлөх үндсэн зээлийн хэмжээг тодорхой зааж, харин хүүгийн хэмжээг тусгайлан дурьдаагүй байна /х.х-ийн 9/.

 

Хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зөвхөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлнө гэсний дагуу зээлдэгчээс өнгөрсөн хугацаанд нийт 109,917,766.38 төгрөг төлсөн байхад хүүнд 5,210,614.19 төгрөгийг суутгасан нь хууль зөрчсөн үйлдэл” гэж маргасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбараас үзвэл зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх хуваарьт ийнхүү төлөх зээлийн хүүгийн хэмжээг тодорхой заагаагүйгээс улбаалан талуудын хооронд маргаан үүсч байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж тус тус заажээ.

 

Хэдийгээр зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралт 1-д тухайн сар, жилд төлөх үндсэн хүүгийн хэмжээг тусгайлан заагаагүй боловч тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн хүүгийн дүн гэсэн хэсэг, зээлийн хүүгийн хувь хэмжээний өөрчлөлтөд тус тус дурьдсаныг авч үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан байна /х.х-ийн 6, 9/.

 

Монгол банкны ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.1.18, 4.1.19-д тус тус зааснаар “зээлийн хугацаанд зээл болон хүүг сар бүр тогтмол хэмжээтэйгээр төлж дуусгахыг бүрэн хорогдох, зээлийн хугацаанд бүрэн хорогддоггүй буюу зээлийн үндсэн төлбөрийг зээлийн хугацаа дуусах үед төлдөг зээлийг баллун зээл гэнэ” хэмээн тодорхойлсон.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгчид 2014 онд үндсэн зээлд сар бүр 287,736.00 төгрөг, тухайн жилд 2,877,356.00 төгрөгийг төлсөн тохиолдолд зээлийн үлдэгдэл 372,122,644.00 төгрөг болох, мөн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8-д “сар бүр төлөх төлбөрийн бүтцийг зээлийн төлөгдөөгүй дүнд ногдох хүү ба үлдэх хэсэгт үндсэн зээлийн төлбөрөөс бүрдэх”-ээр зохицуулсан байх тул энэхүү зээлийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөгддөг зээл гэж үзэх үндэслэлтэй байна.

    

Түүнчлэн зээлдэгчдээс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлэгчид өгсөн хүсэлтдээ “2015 оны 08 дугаар сараас эхлэн бизнесийн үйл ажиллагаа хүндэрч, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд орсон, зээлийн үлдэгдэл 369,789,385.00 төгрөг байгаа” гэсэн өргөдлөөс үзвэл зээлдэгчид эдгээр хугацаанд үндсэн зээлээс гадна зээлийн хүүг төлж байсан, гэрээ цуцлах хүртэл зээлийн үлдэгдэл 369,789,385.81 төгрөг болсон гэдгийг мэдэж байсан байна.

 

Харин зээлдүүлэгчийн зүгээс хэдийгээр зээлийг хувьсах хүүтэй байхаар тохиролцсон ч хүү өөрчлөгдөх хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн агуулга, төлөх дүн зэргийг уг төрлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг мэргэжлийн байгууллага болохынхоо хувьд харилцагч нартай тайлбарлаж, танилцуулаагүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хуваарьт гарын үсэг зуруулаагүйн буруу юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Хас банк ХХК” нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Монгол банкны ерөнхийлөгчийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 278/83 тоот тушаалаар батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид мэдээлэл өгөх журмын хавралт 1-д заасан мэдээллээс гадна бусад мэдээллийг зээлдэгч, барьцаалуулагчид өгөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй болохыг үүгээр дурьдах нь зүйтэй.

 

Хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадоржоос тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарандолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар төлөх хугацаа нь болсон зээлийг төлөхөд үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, алданги гэсэн дарааллыг баримтлах ёстой, мөн гэрээний хугацаа 2034 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах байтал хэтэрсэн хугацааны хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч этгээд хууль болон гэрээнд заасан үүргээ тус хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээх ба хэрэв үүргийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон бөгөөд түүний төлөх төлбөр үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй байх тохиолдолд тэрээр үүргийг дээр дурьдсан дарааллын дагуу гүйцэтгэж болох эсэх талаар санал гаргах эрхтэй.

 

Гэвч зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа буюу зээлийг ашиглах хугацаа 2034 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах тул зээлдэгчийн энэхүү тайлбар үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зээлийг ашиглах хугацаа 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2034 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу 240 сар байх, түүнчлэн  үүрэг гүйцэтгэх тусгай хугацааг тухайн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4.4, 1.8-д сар бүрийн 15-ны өдөр зээл, зээлийг хүүг төлөхөөр тус тус тохирсон байна. Тодруулбал, зохигчид зээлийн гэрээний ерөнхий хугацааг 240 сар, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх тусгай хугацааг сар бүрийн 15-ны өдөр байхаар тохирч, хэрэв зээлдэгчид зээлийг дээр дурьдсан тусгай хугацаандаа зохих ёсоор төлсөн тохиолдолд ерөнхий хугацаанд үүрэг дуусгавар болох ажээ.

 

Иргэний хуулийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Энэ нь, гагцхүү зээлийн ерөнхий хугацаа дууссан өдрөөс хойш төлөгдөөгүй зээлд хамаарах хариуцлагын заалт биш бөгөөд зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх тусгай хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн адил үйлчлэх юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгч тал сар бүрийн 15-ны өдөр гэрээнд тохирсон үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан алдангийг төлөх үүрэг үүснэ.

 

Иймд, хариуцагчийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй хэмээх тайлбар үндэслэлгүй тул хариуцагчид үндсэн зээлээс гадна зээлийн хүүг төлөх үүрэгтэй.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 104,906.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Учир нь, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасан ба талууд зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон.

 

Гэвч энэхүү нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо тус хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасантай нийцэхгүй байна.

 

Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлийн жилийн хүү 19.56 хувь, сарын хүү 1.63 хувь бөгөөд үүнээс хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцвол жилийн 3,912 хувь, сарын 0.326 хувь болж байгаа хэдий ч зохигчид гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй” гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү ямар хувь хэмжээтэй болох, энэ талаар талуудын хүсэл зориг нэгдмэл эсэх нь тус тус тодорхой бус байх тул нэмэгдүүлсэн хүүгийн талаар тусгайлан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 104,906.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэгт хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул тухайн гэрээ хүчин төгөлдөр юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, баталгаажуулсан байна. 

 

Хэдийгээр талууд тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур худалдан борлуулах аргыг сонгосон боловч шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийг хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

 

Иймд, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагчид шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.     

        

Шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчдаас үндсэн зээлийн үлдэгдэл 369,789,385.81 төгрөг, зээлийн хүү 85,611,871.99 төгрөг, нийт 455,401,257.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 104,906.86 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нараас үндсэн зээлийн үлдэгдэл 369,789,385.81 төгрөг, зээлийн хүү 85,611,871.99 төгрөг, нийт 455,401,257.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 104,906.86 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ч.Уранбилэг, Д.Лхагвадорж нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ү-2202016732 тоот улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, гудамж, 17/2 дугаар байр, 36 тоот хаягт байрлах 138.66 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн Ү-2205023179 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 58 дугаар байрны 49 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,435,480.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас 2,434,956.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР