Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00777

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, “Хөхнүүд” овогт Лхагважавын Гомбодорж /РК-57031018/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэлийг суулцуулан.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Гомбодорж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1975  оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад хоньчин барилгачин, хөрөө рамд ажилчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид грушикээр тус  тус ажиллаж байсан юм.  Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан үеийн ажилд орсон гарсан тушаал зэрэг олдохгүйгээс шалтгаалан ажиллаж байсан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг 1975 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад хоньчин барилгачин, хөрөө рамд ажилчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл Тосонцэнгэл сумын худалдаа бэлтгэлийн ангид грушикээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Л.Гомбодорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 2 дугаар бригадад 1975  оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал барилгачин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл грушикээр тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/233 дугаар Засаг даргын тамгын газрын архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 73 дугаартай тушаалд: ”....барилгачин Л.Гомбодорж нарт 11-р сарын 5-наас 1980 оны ээлжийн амралтыг олгосугай....“ гэх  Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 69 дугаартай тушаалд: ” ....рамын ажилчин Л.Гомбодоржийн ажлын 22, хоног 9 дүгээр сарын 10-ны өдрөөс ээлжийн амралтыг амруулсугай....” гэх  Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаартай тушаалд: ” ....Л.Гомбодорж нарт 10 дугаар сарын 18-наас ажлын 22 хоногоор 1985 оны ээлжийн амралтыг тус тус олгосугай....“ гэх  Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар,

Гэрч Д.Амаржаргал 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Л.Гомбодорж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигч, буулгагчаар 1985 оноос 1996 оныг хүртэл ажиллаж байсан....” гэх,

Гэрч Д.Бадамдорилогийн  2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Л.Гомбодорж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад 1975 оноос эхлэн ээж, нагац ахын хамт 1984 он хүртэл нарийн мал малладаг байсан....” гэх мэдүүлгүүд, 1981, 1983, 1985, 1987, 1989, 1990, 1991 онуудын Баярын бичиг, 1985 оны Дурсамж, 1981 оны Гэрчилгээ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Л.Гомбодоржийн ажиллаж байсан талаарх холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын газрын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10/320 дугаартай “....Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 1973-1985 оны даргын тушаал шүүж үзэхэд Л.Гомбодоржийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй  байна....” гэх,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 3/284 дугаартай “.... тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын зарим оны баримт “Ачмаг” хэрэглээний хоршооны холбогдох баримт, цалингийн цэс архив байхгүй....” гэх тодорхойлолтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Л.Гомбодоржийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Л.Гомбодорж нь шүүхэд “....биеийн эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаан оролцох боломжгүй байх тул шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү....” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хөхнүүд” овогт Лхагважавын Гомбодорж /РК-57031018/-ийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 2 дугаар бригадад 1975  оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал барилгачин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл грушикээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Гомбодоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ