Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 22

 

Д.Ба-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Н.Баасанжав Шүүгдэгч Д.Ба- Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын давж заалдсан гомдлоор Д.Ба-д холбогдох 1823000410036 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн Залуучуудын хэсгийн **-** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Д-ийн Ба- РД:/ИЭ********/ Шүүгдэгч Д.Ба- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Боржигон овгийн Д-ийн Ба-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.Ба-г 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ба-д оногдуулсан 01/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ба-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг арга хэмжээг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хэрэгжүүлж, Д.Ба-эс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг цагаан өнгийн шаазан морийг/нэг морины чих нь хугарсан/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хохирогч М.Жавзандолгорт олгож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ба-ээс 30000/гучин мянган/ төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Д.Цэвэгмэдэд олгож, шүүгдэгчийн эзэмшлийн Тошиба маркийн 25 инчийн зурагтыг битүүмжилсэн тогтоолын 7-р заалтыг биелж дуустал үргэлжлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 48 тоот шийтгэх тогтоолоор Дүгэрмаагийн Ба-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Д.Ба-д шүүх сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээг хийлгэж дүгнэлт гаргуулсан ч тухайн дүгнэлт эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээг дахин хийлгэж, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг дахин гаргуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ялыг хөнгөлж өгөөч, би одоо ахиж ийм хэрэг хийхгүй гэж бичгээр бичиж өгөв. Шүүгдэгч Д.Ба-ийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараагаар өмгөөлөгчөө солих хүсэлт гаргаж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ба-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн хэрэгтээ миний бие танилцсан. Шүүгдэгч нь хэлний болон сонсголын бэрхшээлтэй. Шүүгдэгч Д.Ба-ийн холбогдсон хэргийн тухайд анхан шатны шүүхээс гаргасан шийдвэр хүндэдсэн байна гэж үзэж анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд орсон өмгөөлөгч С.Мягмарцэрэнгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Шүүгдэгч Д.Ба-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн төдий гэмт хэрэг байна гэж үзэж байна. Яасан гэхээр Эрүүгийн хуулинд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байна. Шүүгдэгч нь хүн амьдрах орон байранд нэвтэрч орсон ч гэсэн хэлбэрийн төдий байгаа учраас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв Прокурор Н.Баасанжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцсан. Уг гомдолд шүүх сэтгэц гэм судлалын шинжилгээ дахин хийлгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. Шүүгдэгч Д.Ба- нь бие махбодийн хувьд эмгэгтэй, оюун ухааны хомсдолгүй гэдэг нь ээж болон дүү нарынх нь мэдүүлгүүдээр болон Д.Ба-ийн юмыг ойлгож бичих чадвар сайтай, харин дохио зангааны хэл мэдэхгүй, аливаа зүйлийг ухамсарлах чадвартай гэдгийг мэдүүлж байгаагаас гадна мөрдөн байцаах ажиллагаагаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр шүүх сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолгүй, мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтэд үндэслэн анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг эргэлзээгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгээс тухайн хэргийг хэлбэрийн төдий байна гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нь удаа, дараалан хүн амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч мах, сүү зэргийг хулгайлж байсан нь аймгийн цагдаагийн газрын лавлагаагаар тогтоогдож байгаа. Тэр үйлдлүүд нь зөрчлийн шинжтэй байсан, хохирлын хэмжээг тогтоогдоогүй. Ийм учраас уг хэргүүдийг хэлбэрийн төдий үйлдэгдсэн гэж үзэн гэмт хэрэгт тооцоогүй юм. Анхан шатны шүүхийн урдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дараагаар шүүгчээс 01 жилийн хорих ялаар шийтгэсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарт давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Д.Ба- нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсгийн ******* тоот хашаанд оршин суух иргэн М.******* байшингийн таамбарын цонхоор хууль бусаар нэвтрэн орж 70000 төгрөгний үнэтэй 2 ширхэг шаазан морь хулгайлсан болох нь хэрэгт цугларсан хохирогч М.Жавзандолгор, иргэний нэхэмжлэгч Д.*******, эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, оногдуулсан ял нь түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон ял хүндэдээгүй байна. Шүүгдэгч Д.Ба- түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нар нь давж заалдсан гомдолдоо: ...Шүүх сэтгэц гэм судлалын дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү... гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилж шүүгдэгч Д.Ба-ийн сэтгэцийг тогтоолгожээ. Сэтгэцийг тогтоолгохдоо шинжээч эмч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хариуцлагыг сануулж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц судлалаар нарийн мэргэшсэн гурван шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан байх бөгөөд шүүгдэгч Д.Ба-ийн өвчний түүх/карт/, мэдрэлийн эмчийн үзлэг зэрэгт үндэслэжээ. Эмч нарын дүгнэлтээр ...Д.Ба- нь тархины гэмтлийн дараах үлдэц байдал, хэлгүй, дүлий гэсэн оноштой. Уг өвчин нь 1994 онд гэмтэл авсанаас хойш үүссэн ба Д.Ба- нь гэмт хэрэг үйлдэх үедээ гэмт хэргийн хор уршигийг ухамсарлах чадвартай байсан, болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэж тогтоогдсон байна. Түүнчлэн Д.Ба- нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо болсон үйл явдлыг сайн мэдэж байхын зэрэгцээ өмгөөлөгчөөрөө дамжуулан цаасан дээр бичгийн хэлбэрээр үйл явдлыг сайн бичиж ойлголцож байсан. Шүүгдэгч Д.Ба-ийн дээрх байдлыг харгалзан үзэхэд түүний сэтгэцийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй гарсан байдал тогтоогдоогүй байх бөгөөд хуульд заасан журмын дагуу нотлох баримт учраас давж заалдах шатны үнэн зөв гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.БатЭрдэнэ, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч С.Мягмарсүрэн нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ