Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 250

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “ЭБПИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-тхолбогдох захиргааны хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э[1], өмгөөлөгч Б.Ч[2], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э[3], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч “ЭБПИ” ХХК-ийн захирал Г.А 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[4]:

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл (ХV-018...) дугаартай Увс аймаг, Өндөрхангай сум, Овоон хяр нэртэй газар 7291.96 гектар талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрсөн (9011529...) тоот гэрчилгээтэй 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд манай ЭБПИ ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон.

Тус Увс аймаг, Өндөрхангай сум, Овоон хяр нэртэй газарт ХV-018... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компани хуулийн дагуу эзэмшиж байх хугацаандаа 2017 он, 2018 онуудын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн нараар батлуулсан.

Харин Увс аймаг, Өндөрхангай сумын Засаг дарга тодорхой шалтгаангүйгээр төлөвлөгөөг батлахгүй байгаа нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Мөн АМГТГКХ-т 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дээрх асуудлыг шийдвэрлүүлэх, тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгэхээр манай компани хүсэлт гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 7/3821 дугаар албан бичгээр (ХV-018...) дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуг ирүүлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан уг асуудлыг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шийдвэрлэж, манай байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгуулж өгөхийг хүссэн албан бичиг өгөхөд хариу нь Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д ийн гарын үсэгтэй албан бичиг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ирсэн. Угтаан манай байгууллагын зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х д хандаж өргөдөл гаргасан боловч төрийн байгууллага бидний хариуд тус байгууллагыг бүрэн төлөөлөхгүй этгээдийн гарын үсэгтэй албан бичгээр хааж байгаа нь хууль зөрчсөн төдийгүй манай асуудлыг шийдэхгүй гэсэн эс үйлдэхүйг ойлгогдож байна.

АМГТГ нь хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид олгосон гэтэл сумын Засаг дарга нь тодорхой шалтгаангүйгээр 2017 он, 2018 онуудын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлахгүй байгаа нь төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо, төрийн байгууллагын эс үйлдэхүйгээс болоод иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Урьд өмнө сумын Засаг дарга болон АМГТГ-т удаа дараа хүсэлт өгч уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан боловч төрийн захиргааны байгууллагуудын илтэд буруутай үйл ажиллагаанаас болж манай компани хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглах боломж бүрдээгүй, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэрлэлгүйгээр хуулийн хугацааг санаатайгаар дуусгасанд гомдолтой байна. Тусгай зөвшөөрлөөр явуулдаг үйл ажиллагааг маань сумын Засаг дарга санаатайгаар саад учруулсан байтал АМГТГ ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаагаа явуулахын тулд тусгай зөвшөөрлийг сунгуулахад төрийн захиргааны байгууллага сунгахгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд манай компанийн (ХV-018...) дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх эс үйлдэхүйг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГ-т даалгаж өгөхийг хүсье” гэв.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[5]:

“ЭБПИ” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Овоон хяр нэртэй 7291.96 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-018... дугаартай тусгай зөвшөөрлийг “ЭБПИ” ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг биелүүлсний үндсэн дээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ  хадгалахаар хуульчилсан байдаг.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ” гэсэн байдаг.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар хайгуулын ажлын жилийн тайланг батлагдсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч хүлээсэн байдаг.

Дээрх үүргүүдийг биелүүлж ажиллахын зэрэгцээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, сум, дүүргийн Засаг даргаар батлуулсны үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй байхаар хуульчилсан.

Нэхэмжлэгч “ЭБПИ” ХХК-ийн хувьд дээрх хуулиар хүлээсэн үүргүүдээ биелүүлээгүй байна. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн талбайд хуульд зааснаас багагүй зардал бүхий хайгуулын ажлыг 2016 онд гүйцэтгэсэн талаар төрийн захиргааны байгууллагад тайлагнаж, баталгаажаагүй, 2016 оны хайгуулын ажлын тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлээгүй байна. Энэ нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан тодорхойлолтоор нотлогдож байна.

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, төрийн захиргааны байгууллагад ирүүлсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хуулийн зохицуулалтыг хангаагүй байна.

Дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байсан тул АМГТГКХД-н 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Увс аймаг, Өндөрхангай сумын Засаг дарга тодорхой шалтгаангүйгээр төлөвлөгөөг батлахгүй байгаа нь манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эрх нь тухайн талбай байрших сумын Засаг даргын эрх хэмжээний асуудал бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргасан төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн гэх, эсхүл гэм буруутай гэх үйл ажиллагаа байхгүй болно.

Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга хайгуулын болон орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзсаар байсан бол нэхэмжлэгч компанийн хувьд энэ асуудлаар шүүхэд хандаж, шийдвэрлүүлэх боломжит хугацаа хангалттай байсан. Учир нь зөвхөн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө бус, 2017 оны хайгуулын ажлын төлөвлөгөө ч мөн батлуулаагүй гэж нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд хэрэв Засаг даргын үйлдэл хууль бус байсан бол тэрхүү хууль бус үйлдлийг хүчингүй болгуулахаар дээд шатны Засаг дарга, эсхүл шүүхэд хандалгүй 2018 оныг хүргэсэн нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагатай холбоотой юм.

Түүнчлэн нэхэмжлэлд “...Тусгай зөвшөөрлөөр явуулдаг үйл ажиллагааг маань сумын Засаг дарга санаатайгаар саад учруулсаар байтал АМГТГ ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаагаа явуулахын тулд тусгай зөвшөөрлийг сунгуулахад төрийн захиргааны байгууллага сунгахгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна” гэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь орон нутгийн захиргааны байгууллага бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг болох Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа эсхүл шууд удирдлагад байдаг байгууллага, нэгж биш юм. Тиймээс сумын Засаг даргын үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүний шийдвэрийг засч залруулах эрх бүхий этгээд нь хариуцагч төрийн захиргааны байгууллага биш болно.

Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай нөхцөл, шаардлага хангагдаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны акт нь ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй хууль ёсны шийдвэр болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч “ЭБПИ” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох нэхэмжлэлийг захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэн, маргаан бүхий татгалзлын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар

Хариуцагчаас “ЭБПИ” ХХК-нд Увс аймгийн Өндөрхангай сумын Овоон хяр нэртэй газарт 7291,96 гектар талбайд ХV-018... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаагаар олгожээ.[6]

Нэхэмжлэгч “ЭБПИ” ХХК-иас 2016, 2017 онд 2, 3 дахь жилийн төлбөрийг төлж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулжээ. Улмаар 2018 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл[7] гаргасныг хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, бүртгэжээ.[8]

Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи хайгуулын мэргэжилтэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн “ЭБПИ” ХХК-иас жилийн төлөвлөгөө хянуулсан байдал гэдэгт 2016 онд хянуулаагүй, жилийн тайлан хянуулсан байдал 2016 онд хянуулаагүй, геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээ баталгаажуулсан эсэх 2015 онд З/Д/Х-Т-гүй, 2016 онд баталгаажуулаагүй” гэсэн агуулга бүхий тодорхойлолтыг АМГТГКХ-т 2018 оны  04 дүгээр сарын 17-ны өдөр гарган өгчээ.[9]

АМГТГКХД-н 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр ““ЭБПИ” ХХК-иас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянаад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт тус тус байхгүй” гэж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзжээ.[10]

Уг татгалзсан шийдвэрийн талаар мэдэгдлийг 2018 оны 05 дугаар 22-ны өдрийн 7/3821 албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.[11]

Дээрх тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийг дээд шатны албан тушаалтанд нэхэмжлэгчээс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргаж, АМГТГКХД-н үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болж хаалттай талбайд шилжсэн, хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг[12] нэхэмжлэгчид хүргүүлжээ.

  Нэхэмжлэгч компаниас “ЭБПИ” ХХК-ийн ХV-018... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГ-т даалгах тухай” нэхэмжлэлийг Ашигт, малтмал, газрын тосны газарт холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргаж, уг нэхэмжлэлийн шаардлагаар захиргааны хэрэг үүсгэжээ.[13]

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын Кадастрын хэлтсийн дарга байхаар хариуцагчийг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.[14]

Хоёр.Хууль зүйн үндэслэлийн талаар

Маргаан бүхий АМГТГКХД-н 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 357 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.4-д заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.” гэж, мөн хуулийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж зохицуулжээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ: 33.1.1.тусгай зөвшөөрлийн 2 - 3 дахь жилд 0,5 америк доллар;”, гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулах, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2-т зааснаар хайгуулын ажлын жилийн тайланг батлагдсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүлээлгэсэн байна.

Маргааны үйл баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч компаниас 2018 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл гаргасныг хариуцагчаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, өргөдлийг хянахад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт, хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримтыг нэхэмжлэгчээс өгөөгүй гэдэг нь тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч компани нь дээр дурдсан хуульд заасан баримт бичгийг хариуцагч байгууллагад тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлтэйгөө хамт гаргаж өгөх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд 33.1.1-д зааснаас багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна.

Үүний учир дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуульд заасны  22.1.2, 22.1.3, 22.1.4-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх”, мөн хуулийн  33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу “тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд 33.1.1-д зааснаас багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэх” үүргээ тус тус биелүүлээгүй үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан өөрт хуулиар тусгайлан олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчээс “сумын Засаг дарга нь тодорхой шалтгаангүйгээр 2017 он, 2018 онуудын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлахгүй байгаа нь төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо, төрийн байгууллагын эс үйлдэхүйгээс болоод манай компанийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Урьд өмнө сумын Засаг дарга болон АМГТГ-т удаа дараа хүсэлт өгч уг асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан боловч төрийн захиргааны байгууллагуудын илтэд буруутай үйл ажиллагаанаас болж манай компани хайгуулын тусгай зөвшөөрлөө ашиглах боломж бүрдээгүй, Тусгай зөвшөөрлөөр явуулдаг үйл ажиллагааг сумын Засаг дарга санаатайгаар саад учруулсан байтал АМГТГ ямар нэгэн арга хэмжээ аваагүй, үйл ажиллагаагаа явуулахын тулд тусгай зөвшөөрлийг сунгуулахад төрийн захиргааны байгууллага сунгахгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь 1.хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэл болох “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй” гэсэн үндэслэлээр зөвхөн татгалзаагүй, үүнээс гадна “хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн тухай баримт” тус тус байхгүй гэсэн үндэслэлээр мөн татгалзсан, 2. Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.” гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах эрх нь тухайн талбай байрших сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал учир хариуцагч захиргааны байгууллагыг энэ үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй гэж дурдсан боловч хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хянаад тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд уг татгалзсан шийдвэртэй нэхэмжлэгч маргаж байгааг дурдах нь зүйтэй.

Маргаан бүхий татгалзсан шийдвэр хууль бус гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.    

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭБПИ” ХХК-иас ““ЭБПИ” ХХК-ийн ХV-018... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГКХ-т даалгах тухай” Ашигт, малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг  бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   А.САРАНГЭРЭЛ

 


[1] 128/2018/0833/З индекстэй хэрэг /цаашид хэргийн гэх/-ийн 4 дэх тал

[2] хэргийн 159-160 дахь тал

[3] хэргийн 142 дахь тал

[4] хэргийн 1-2 дахь тал

[5] хэргийн 69-70 дахь тал

[6] Хэргийн 90 дэх тал

[7] Хэргийн 32, 85 дахь тал

[8] Хэргийн 31, 37, 38, 83, 89 дэх тал

[9] Хэргийн 33, 86 дахь тал

[10] Хэргийн 30, 81 дахь тал

[11] Хэргийн 29, 80 дахь тал

[12] Хэргийн 5 дахь тал

[13] Хэргийн 16-19 дэх тал

[14] Хэргийн 184 дэх тал