Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0060

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, Д.Д нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны 55 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчиж байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Ц.Б “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг шаардлагын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчиж байна” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/67 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан гэх үндэслэлээр ажлаас халжээ.

Нэхэмжлэгч өөрийгөө тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж маргаж байна. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд зарим гэрчүүд түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж мэдүүлсэн, тухайн үеийн нөхцөл байдлыг бичсэн цагдаагийн дүрс бичлэгт нэхэмжлэгч цагдаагийн албан хаагчийн шаардлагын дагуу драгер багажийг үлээлгүй, согтуурлын зэргээ шалгуулаагүй байна. Нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бол энэ байдал нь тухайн үед тогтоогдох байжээ.

Хэрвээ драгер багажийг өмгөөлөгчгүй үлээвэл согтуурлыг зэрэг гардаг, өмгөөлөгчтэй үлээсэн үед согтуурлын зэрэг гардаггүй гэж үзэх боломжгүй юм. Мөн 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр буюу Ханхөхий уулын тэнгэрийг тайх тахилгын төрийн ёслол, “Увс хурд-2017” баруун бүсийн хурдан морины уралдаан нь бүх нийтийн амралтын өдрөөр Увс аймгийн Өндөрхангай суманд зохион байгуулагдсан байна. Иймд нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт драгер багажийг үлээнэ гэсэн шаардлага нь биелэх боломжгүй бөгөөд тэрээр өмгөөлөгчөө авч ирээгүй байна. Иймд согтуурлын зэргийг шалган тогтоогоогүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

   Түүнчлэн, архидан согтуурсан гэдгийг согтууруулах ундааг хэрэглэснээс өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байхыг ойлгодог. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг архидан согтуурсан гэж үзэх боломжгүй ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан болох нь тогтоогдож байна гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд Төрийн улс төрийн албан тушаалтнуудыг нэрлэн заасан бөгөөд 6.1.12-т зааснаар Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал төрийн улс төрийн албан тушаал байна.

Үүнээс үзэхэд аймгийн Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг бус Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зүйл, заалтыг хэрэглэнэ.

Иймд Увс аймгийн Засаг дарга хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, саналаа ирүүлэхийг хүсч 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1/903 дугаар албан бичгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн байна. Үүний дагуу Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Ц.Быг аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Засаг даргын саналыг хэлэлцэж, аймгийн Засаг даргад бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрээ гаргахыг уламжилж, мөн өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэлийг хариуцагчид хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн “...сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, аймгийн Засаг даргын бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь тусалж, арга зүйгээр хангаж, үйлчлэх тушаал байхад аймгийн Засаг даргыг томилж, чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ гэж гэж үзвэл улсын төрийн албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болно” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хуульд заасны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөж, хариуцагч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийг албан тушаалаас халсныг буруутгах боломжгүй юм.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн маргаан бүхий захиргааны актыг хариуцагч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТА

            ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР