Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2019/00390

 

Д.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02776 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2203 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Д.О-

          Хариуцагч: Ш.Н-д холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Ундрахтамир, нарийн бичгийн даргад Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Д.О- миний бие Ш.Н-т 42 сая төгрөгийг зээлдүүлсэн. 2016-3-13-ны өдөр 4 сая төгрөг өгөх үед хариуцагч нь өөрийн гараар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2016-3-13-ны өдөр сүүлийн 4сая төгрөгийг өгөхдөө өмнө нь өгсөн 38сая төгрөгтэй хамт нийт 42 сая төгрөгийн зээлийн баримтыг үйлдэж авсан байдаг. Уг баримт дээр Ш.Н- өөрийн биеэр авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Хариуцагч нь 2016-3-13-ны өдрийн бичиг дээр зурсан гарын үсэг зурсан. Хариуцагч тухайн үед бор дэвтэр дээр гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг. Нийт 42 сая төгрөгийг зээлсэн гэдгийн ард Ш.Н- нь гарын үсэг зурж, регистрийн дугаараа бичсэн байдаг, нөхөж бичсэн байх боломжгүй. Хоёр өөр өнгийн балаар бичсэн талаар гэрчүүдийн мэдүүлсэн гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2011 онд 4сая төгрөг зээлж аваад, буцаагаад өгсөн гэж хэлдэг. Баримт дээр гарын үсэг зурсан ч сүүлийн өгүүлбэр буюу 38,000,000 төгрөг зээлсэн гэх бичвэрийг бичээгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр сувилагч нь сейфнээс нь 4,000,000 төгрөгийг авч Ш.Н-т өгсөн гэж хэлдэг. Харин 30,000,000 төгрөгийг Д.О- төрсөн эгч Д.Должингоосоо хүүтэй зээлээд Ш.Н-т хүүгүй зээлсэн гэж ярьдаг. Хүүгээс хүүтэй мөнгө зээлүүлээд өөр хүнд хүүгүй өгдөг нь  ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгч 38,000,000 төгрөгийг хэзээ яаж өгсөн нь тодорхойгүй, гэрч Д.Должин нь энэ үйл баримтыг нотлоогүй. 4,000,000 төгрөгийг хэзээ, хаана өгсөн нь тогтоогдоогүй. Хариуцагч нь Д.О-аас 4,000,000 төгрөгийг аваад, буцаагаад төлсөн. Харин 38,000,000 төгрөгийг огт аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 101/ШШ2018/02776 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Н-аас 4,000,000 төгрөг гаргуулан Д.О-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн 368,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78,950 төгрөг гаргуулж, Д.О-д олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2203 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/02776 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан  Ш.Н-аас 42,000,000 төгрөг гаргуулан Д.О-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 368,000 төгрөг грагуулан нэхэмжлэгчид олгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна. 

        Хариуцагч хяналтын гомдолдоо: ХХША-ны журам зөрчсөн тухай дурьдсан боловч гомдлын талаар магадлал ямар ч дүгнэлт хийгээгүй. Шүүгч Д.Цэрэндолгор Д.О-ы нэхэмжлэлтэй Ш.Н-т холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч 2017-04-07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, 2018-05-09-ний өдрийг хүртэл хугацаанд ХХША-нд оролцож байсан. Гэтэл 2018-05-03-ны өдөр ерөнхий шүүгчид гаргасан тайлбартаа Ш.Н-тай эрхэлсэн ажлын хүрээнд харьцаатай байсан гэж мэдүүлсэн нь ИХШХШТХ-ийн 91.1.3, 91.1.4-р татгалзан гарах үүргээ хэрэгжүүлээгүй.Мөн ХХША-ны явцад алдаа гаргаснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Үүнд: 1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017-05-24-ний өдөр “Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4 сая/ Дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв” гэсэн бичвэр нь дараагийн өгүүлбэр болох “өмнөх 38 саятай нийт 42 сая-г зээлсэн гэсэн” бичвэртэй нэг цаг хугацаанд бичсэн эсэх"-д дүгнэлт гаргуулах хүсэлтийг /XX-38/ 2017-05-24-ний өдрийн 101/Ш32017/09365-р захирамжаар /ХХ-46/ шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэгчийн гэрч оролцуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч талаас гаргасан хүсэлтэд ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийлгүй орхисон атлаа 2017-08-24-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ш.Н-ын гарын үсэг мөн эсэх, уг тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дахь бичлэгийн эхний өгүүлбэр буюу Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4 сая/ Дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв гэсэн бичвэр нь дараагийн өгүүлбэр болох өмнөх 38 саятай нийт 42 сая-г зээлсэн гэсэн бичвэртэй нэг цаг хугацаанд бичсэн эсэх, дээрх 2 бичвэрийг бичсэн тэмдэглэлийн дэвтрийн арын хуудсанд даралт үүссэн эсэх, мөн дээрх 2 бичвэр нь нэг балаар бичигдсэн эсэх, уг бичвэртэй дэвтрийн хуудас нь бор хавтастай дэвтрийн цаас мөн эсэх, 2 бичвэрийг нэг хүний гараар бичсэн эсхүл 2 өөр хүн бичсэн эсэхийг тодруулахаар дахин хүсэлт гаргасныг шүүх захирамжийн үндэслэх хэсэгтээ бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч уг хүсэлтийн Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4 сая /Дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв гэсэн бичвэр нь дараагийн өгүүлбэр болох өмнөх 38 саятай нийт 42 сая-г зээлсэн гэсэн бичвэртэй нэг цаг хугацаанд бичсэн эсэх гэснийг хангаж үлдэх хэсэгт нь дахин ямар ч эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Уг захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулалгүй 2017-09-06-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн байдаг. Дүгнэлтийг анхан шатны шүүхэд 2017-12-11-ний өдөр 10/17 тоот албан бичгээр хүргүүлсэн. Хэргийг 2017-12-19-ний өдөр сэргээсэн боловч захирамжид гомдол гаргах эрхгүйгээр гаргасан нь ИХШХШТХ-ийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийг зөрчсөн. /ХХ-129/ Энэ үйлдэл нь маргааныг эцэслэн шийдвэрлэх, хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангалгүй орхисон нь хариуцагчийн хариу тайлбараа нотлох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд саад болсон. 2. 2018-01-09-ний өдрийн шүүх хуралдаанаар шинжээч нь шүүгчийн захирамжид заасан дээрх бичвэрүүд нэг цаг хугацаанд бичигдсэн эсэхэд хариулаагүй байх тул захирамжид заагдсан ажиллагааг гүйцэд хийлгүүлсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад мөн хангахгүй орхисон. 3. 2017-08-10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаар нотлоогүй тул ИХШХШТХ-ийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг 101/Ш32017/13277-р Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар /ХХ-70/ хүсэлтийг хангахгүй орхисон нь ИХШХШТХ-ийн 40.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. 4. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төрсөн эгч Д.Должин, төрсөн охин Б.Энхээ нарыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. Тэдгээр гэрчүүдэд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан эрхийг тайлбарлаж өгсөн баримтад баталгаажуулж гарын үсэг зуруулаагүй нь ИХШХШТХ-ийн 43.7.-д заасан зохигчийн эхнэр, нөхрийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч, гэрчийн эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэх журмыг зөрчсөн. /ХХ-49/, /XX-166/ 5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэрч Должингийн мэдүүлэгтэй танилцуулж гарын үсэг зуруулаагүй. 6. Гэрч Должин би 30 сая төгрөгийг Д.О-д өгсөн...Д.О- авсан мөнгөө цаад хүндээ өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд шүүгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн итгэмжлэлийн арын хуудас дахь цахим үнэмлэхний зургийг гэрчид харуулж энэ 2 зураг дээр таны харсан хүн байна уу гэхэд мэдэхгүй гэж хариулсан /ХХ-51 дэх талын сүүлчийн өгүүлбэр/, О-ы шууд удирдлага дор ажилладаг сувилагч нар болох Баасансүрэн, Түвшинжаргал нар шүүхэд мэдүүлэхдээ огноог илтэд андуурч мэдүүлсэн /ХХ-83 дахь талын дээрээсээ 6 дахь мөр/, гэрч Б.Энхээ мэдүүлэгтээ 38 сая төгрөгийг Должин эгчтэй яриад өгч байсныг мэдэж байна /ХХ-168 дахь талын доороосоо 6 дахь мөр/ гэсэн атлаа өмнөх 38 сая төгрөгийг би дараа нь мэдсэн /ХХ-169 дахь талын доороосоо 10 дахь мөр/ гэж зөрүүтэй мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэбат нь зохигчдын хооронд хэдэн төгрөгийн өглөг авлага байгаа эсэх, хэзээ зээлүүлсэн гэдгийг ч мэдэхгүй гэж мэдүүлсэн. 2018-01-09-ний өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн гаргасан “хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд шилжүүлэх” хүсэлтийг хангаагүй нь ИХШХШТХ-ийн 14.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснийг зөрчсөн. /ХХ-138/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-11-27-ны өдрийн 10/5178-р албан бичигт “шинжилгээ хийхэд Ш.Н-ын бичгийн хэвийн чөлөөт загвар шаардлагатай байх тул загварыг яаралтай ирүүлнэ үү, загварыг ирүүлсэн өдрөөс шинжилгээний хугацааг тооцно” гэсэн байх бөгөөд би 2017-12-08-ны өдөр анхан шатны шүүхэд гарын үсгийн чөлөөт загвараа бичиж үлдээсэн /ХХ-117-121/ байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6074 тоот шинжээчийн дүгнэлт 2017-12-08-ны өдөр гарсан байдаг. Энэ тухай шүүгчийн туслах шинжээчээс тодруулахад хурдан хариу хүргүүлэхийн тулд хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлтээ гаргасан гэсэн буюу хариуцагчийн гарын үсгийн чөлөөт загварт дүгнэлт хийгээгүй нь тогтоогддог. /ХХ-128/ Шүүхэд гэрчээр дуудагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд нь зөрүүтэй, шүүхэд нотлох баримтаар өгсөн цорын ганц хуудас нотлох баримтад 2018-05-22-ны өдрийн 9561-р захирамжаар дахин хийгдсэн шинжээчийн 4031 тоот дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9,13,14,15-р зүйлүүдэд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дээрхээс өөрөөр эргэлзээгүй талаас нь нотолж чадахгүй байхад давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс 4 сая төгрөгийг Д.О-аас 2010 онд зээлсэн 2011 онд буцаан төлсөн гэдгээ мэдүүлсэн. Нэхэмжлэгч ИХ-ийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлсэн нь тогтоогдохгүй байхад хариуцагч 32 сая төгрөг зээлээгүй гэдгээ нотлохгүй байна гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Анхан шатны шүүх маргааны үйл баримт хангалттай бүрэн тогтоогдоогүй буюу нотлогдоогүй, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хуульд заасан журмын дагуу явуулаагүй байхад ИХШХШТХ-ийн 168,1.7, 168.3-т зааснаар хуулийн 38.5, 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх дутуу, хуульд заасан журмыг зөрчсөн бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг удаа дараа хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байхад эрх зүйн ямар нэгэн дүгнэлт өгөлгүйгээр хангахгүй орхисноор шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Д.О- 2017-03-31-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Ш.Н-аас нийт 42,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд шаардлагын үндэслэлээ “...2016-03-13-ны өдөр сүүлийн 4,000,000 төгрөгийг өгсөн...ингэхдээ хариуцагч нь “өмнөх 38,000,000 төгрөгтэй нийлээд нийт 42,000,000 төгрөг зээлсэн...” талаар гарын үсэг зурсан байгаа...” гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...өмнө нь мөнгө зээлж байгаагүй...зээлсэн 4,000,000 төгрөгийг буцааж өгсөн...” гэсэн тайлбар өгсөн байна.    

        Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнээд, хариуцагчаас 4,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо “...шүүгч татгалзан гарах үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй...шүүх шинжээч томилохдоо нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтыг  нэг эсхүл 2 өөр хүн бичсэнийг мөн тэмдэглэлийн дэвтрийн хуудас дээр даралт үүссэн эсэхийг, бичилтийг 2 өөр цаг хугацаанд хийгдсэн эсэхийг, бичилт нь 2 өөр балаар бичигдсэн эсэхийг, баримт нь дэвтрийн цаас мөн эсэхийг тус тус тогтоогоогүй... хариуцагчийн гарын үсгийн загварыг аваагүй дүгнэлт гаргасан...захирамжийг танилцуулаагүй...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хууль зөрчсөн...нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй байхад нэхэмжлэлийг буцаагаагүй... гэрчид хууль сануулаагүй, өөрөөс нь зөвшөөрөл аваагүй...хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд шилжүүлээгүй...мөнгө зээлсэн нь тогтоогдоогүй байхад ганцхан баримтыг үндэслэж нэхэмжлэлийг хангасан нь буруу...” гэжээ.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ. Үүнд:

         1. Шүүгч татгалзан гаргах үүргээ өөрөө хэрэгжүүлээгүй гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөлд хамаарахгүй байна.

         Ш.Н-т холбогдох Д.О-ы нэхэмжлэлд шүүгч Д.Цэрэндолгор 2017-04-07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2018-05-03-ны өдөр шүүгчээс татгалзсаныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хангаж, 2018-05-09-ний өдөр 101/ЕШ2018/02464 дугаартай захирамж гаргажээ /хх1-н 197, 200/

         Шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэл байвал энэ тухай хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл шүүх хуралдааны явцад гаргаж болно. Иймд шүүгчийг татгалзан гаргах нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж, хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 92 дугаар зүйлийн 92.2, 92.6 дахь хэсэгт заасан ажиллагаа байна.  

       Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгчийг татгалзан гаргах хүртэл хугацаанд бүрдүүлсэн баримтыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн дээр дурдсан 2018-05-09-ний өдрийн 101/ЕШ2018/02464 дугаар захирамжтай холбогдуулан хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна татгалзан гаргагдсан шүүгч хэргийг шийдвэрлээгүй байна. 

        2. Д.О- нэхэмжлэлдээ “...2016 03 13 Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4сая/ дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв...өмнө 38 саятай нийт 42 сая-г зээлсэн ТЖ79091864 ..зээлүүлсэн...” гэсэн баримт /хх1-н3/-г хавсаргаж өгсөн бөгөөд уг баримттай холбогдуулан шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

         а/. Д.О- дурдсан баримтыг өөрөө гараараа бичсэн гэдгээ зөвшөөрсөн тул “...2 бичвэрийг нэг хүн эсхүл өөр өөр хүн бичсэн...” эсэхийг шинжээчээр тогтоолгох   шаардлага байхгүй байна. 

         Өөрөөр хэлвэл, дурдсан баримтыг хариуцагч бичээгүй гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрч, өөрөө гараараа бичсэн талаар шүүхэд мэдүүлсэн тул уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ.

         Иймд “...энэ нөхцөл байдлыг тодруулахаар шинжээч томилоогүй...” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчинө.

         б/. Хариуцагч нь “...нэхэмжлэлийн үндэслэл болгосон баримтыг дэвтрийн аль нэг хуудас дээр үйлдсэн бол дараагийн хуудас дээр нь уг бичсэн зүйлийн ул мөр буюу даралт үлдэнэ...” гэсэн агуулгаар нөхцөл байдлыг тодруулахаар шинжээч томилохыг хүссэн байна.    

         Нэхэмжлэлд заасан баримтын агуулга нь чухал байна. Иймд “...тэмдэглэлийн дэвтрийн арын хуудсанд даралт үүссэн эсэх...”-г тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүх хангаагүйг буруутгах үндэслэлгүй юм.  

         в/. Д.О- нь “...2016 03 13 Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4сая/ дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв ...” гэсний дараа “...38 саятай нийт 42 сая-г...” гэж өөр балаар нэмж бичсэн талаар шүүхэд тайлбар өгсөн байна.

        Нэхэмжлэгчийн уг тайлбар нь шинжээчийн “...Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4сая/ дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв ...өмнөх 38 саятай нийт 42 сая-г зээлсэн... гэсэн бичвэрүүдийг өөр өөр өнгийн будагч бодистой бичгийн хэрэгслээр бичсэн байна...” гэсэн 2017-12-08-ны өдрийн 6074, 2018-06-29-ний өдрийн 4031 дугаар дүгнэлт /хх 1-н 106-107, 216-217/-ээр давхар нотлогджээ. 

        Иймд шүүх энэ үйл баримттай холбоотой гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцсэн байна.

        г/. Баримт дээрх гарын үсэг нь Ш.Н- гарын үсгийн загвартай тохирч байгаа нь шинжээчийн 2017-12-08-ны өдрийн 6074 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. 

        Иймд “...2016 03 13 Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4сая/ дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв./рег/ өмнө 38 саятай нийт 42 сая-г зээлсэн ТЖ79091864 ...зээлүүлсэн...” гэсэн баримт дээр Ш.Н- гарын үсгээ зурсан гэж үзнэ.

       Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “...хариуцагч нь 4,000,000 төгрөг аваад гарын үсэг зурсан нь үнэн...гэхдээ гарын үсэг зурсан цаас биш байна...” гэж маргадаг /хх1-н 81/ боловч энэ нь дээр дурдсан үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байгаа тул “... бор хавтастай дэвтрийн цаас мөн эсэх...”-г тогтоолгохоор шинжээч томилох хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу гэх гомдол үндэслэлгүй байна.   

        д/. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2017-12-08-ны өдөр 6074 дугаартай дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй байна. 

       Шинжээч томилох тухай захирамж 2017-08-24-ний өдөр гарсан /хх1-н 87-89/., хэргийг 2017-11-15-ны өдрийн албан бичгээр шинжээчид хүргүүлсэн /хх1-н 99/., шинжээч 2017-12-08-ны өдрийн 6074 дугаар дүгнэлт гаргаж 2017-12-11-ний өдрийн 10/17 албан бичгээр /хх1-н 105-111/ шүүхэд хүргүүлжээ.

        Шинжээч нь Ш.Н-ын гарын үсгийн загварыг хэрэгт буй баримтаас авсан нь тогтоогдож байна. Тодруулбал, шинжээч нь дүгнэлт гаргахдаа “...2017-05-11-ний өдрийн тайлбар... шүүгчийн 2017-05-17-ны өдрийн 8859 дугаартай захирамжийн хувийг гардаж авсан баримт... Д.Ундрахтамирт 2017-05-24-ний өдөр олгосон итгэмжлэл...”-д зурсан Ш.Н-ын гарын үсгийг буюу хэргийн 1-р хавтасны 18, 31, 37-р хуудас дахь гарын үсгийн харьцангуй чөлөөт загвар /хх 1-н 110/-г зохих журмын дагуу харьцуулсан байна.

        Иймд “...шинжээч дүгнэлт гаргахдаа хариуцагчийн гарын үсгийн харьцангуй чөлөөт загварыг ашиглаагүй...энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017-11-27-ны өдрийн 10/5178 албан бичгээр тогтоогдоно...” гэх гомдол үндэслэлгүй байна. 

        е/. Нэхэмжлэлийн үндэслэлд заасан баримтын бичилтийг нэг эсхүл өөр өөр цаг хугацаанд бичигдсэн эсэхийг шинжээчээр тогтоолгох хүсэлтийг хариуцагч гаргасан, энэ тухай шинжээч 2018-06-29-ний өдөр 4031 дугаартай дүгнэлт гаргасан байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа уг нөхцөл байдлыг тогтоох боломжгүй гэдгийг заасан нь “...шүүх шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй...” гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. 

        “заасан баримтад бичсэн зүйлийг нэг эсхүл 2 өөр цаг хугацаанд бичигдсэн эсэхийг тогтоох ажиллагааг шүүх хангалттай явуулаагүй...” гэх агуулга бүхий гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтад нийцэхгүй юм.

          “...2016 03 13 Ш.Н- Д.О-аас нэг сарын хугацаатай /4сая/ дөрвөн сая төгрөг хүүгүй зээлэв...” гэж бичсэний дараа “...өмнө 38 саятай нийт 42 сая-г зээлсэн...” гэдгийг нэмж өөр балаар бичсэн талаар гэрч Б.Энхээгийн мэдүүлэг /хх1-н 168-171/ болон нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан тул энэ үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх боломжгүй юм.

         3. Шүүгчийн 2017-08-24-ний өдрийн 101/ШЗ2017/13969 дугаар захирамжийг /хх1-н 87-89/ шүүх хэргийн оролцогч нарт танилцуулаагүй гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй. 

        2017-08-24-ний өдрийн шүүх хуралдаанд зохигчийн төлөөлөгч нар биечлэн оролцсон бөгөөд шүүх хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилсон нь Ш.Н-ын эрх ашигт нийцсэн, уг захирамжтай танилцах хүсэлтийг хариуцагчийн төлөөлөгч гаргасан баримт хэрэгт байхгүй байна. 

         4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай 2017-12-19-ний өдрийн 101/ШЗ2017/21591 дугаар захирамжид “... гомдол гаргах эрхгүй...” гэж шүүгч заасан байх бөгөөд үүнийг хариуцагчийн төлөөлөгч гомдлын үндэслэл болгожээ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ...хуулийн…80 дугаар  зүйлд заасан захирамжид ...гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.

        Гомдол гаргах хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг шүүгч захирамж гаргаж хязгаарлах боломжгүй юм. Хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргасныг шүүх хүлээн аваагүй гэх баримт хэрэгт байхгүй тул 2017-12-19-ний өдрийн 101/ШЗ2017/21591 дугаар захирамжид шүүгч “...гомдол гаргах эрхгүй...” гэж зааснаас болж хариуцагчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.  

         5. “...нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд ирээгүй байхад шүүх хэргийг буцаагаагүй...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна 

         Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ эсхүл нэхэмжлэлийг буцаана.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж, шүүхэд хүрэлцэн ирээгүй шалтгаанаа тайлбарласан байх /хх1-н 67/ бөгөөд шүүх уг хүсэлтийг хүлээн авч өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 100 дугаар зүйлийн 100.2, 105, 170 дугаар зүйлийг зөрчөөгүй байна. 

        6. Шүүгч гэрчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт зааснаар зохигчийн эхнэр, нөхөр, эцэг, эх, хүүхдийг зөвхөн өөрсдийнх нь зөвшөөрснөөр гэрчээр мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд тэд гэрчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

       Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Должин /хх1-н 50-51/,Х.Баасансүрэн,Түвшинжаргал /хх1-н 80-84/, Б.Энхээ /хх1-н 168-171/.,Г.Эрдэнэбат /хх1-н 173-176/ нарыг гэрчээр асуусан бөгөөд энэ ажиллагааг явуулахдаа тэдгээрт Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйл болон Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг танилцуулан, эрх үүргийг сануулсан /хх1-н 49,77,166/ байна.

        Шүүх гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ тухай хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

       2017-05-24-ний өдөр гэрч Д.Должин шүүхэд мэдүүлэг өгсөн /хх1-н 50-51/ байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч хэргийн баримттай 2017-05-26-ны өдөр /хх1-н 52/ танилцсан байх тул “... гэрчийн мэдүүлэгтэй танилцуулаагүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.

       Түүнчлэн, хэргийн оролцогч нь нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргах эрхтэй. Хариуцагчийн төлөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаатай холбоотой ямар нэг хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж байсан баримт хэрэгт байхгүй буюу хариуцагч, түүний төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлэхэд шүүх саад болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.3 –т нийцэхгүй байна.

         7. “...хэргийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд шилжүүлэх...” хүсэлтийг хангаагүй гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.  

        Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно. Иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно.

         Д.О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Ш.Н-ын оршин суугаа газрыг,  хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа өөрийн хаягийг тус тус Баянзүрх дүүрэгт амьдардаг байдлаар заасан /хх1-н 1,6/ байх тул хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь зөв болжээ. 

         Иргэний хэрэг үүсгэсэн 2017-04-07-ны өдрөөс хойш Ш.Н- нь Сүхбаатар дүүрэгт шилжин амьдарсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүйгээс гадна 2016-05-02-ны өдөр олгосон иргэний үнэмлэх /хх1-н 37/-р хариуцагчийн байнга оршин суугаа газрыг тодорхойлох боломжгүй юм. Иймд Ш.Н-т холбогдох Д.О-ы нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.2, Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,22.2 дахь хэсгийн зохицуулалтыг  зөрчөөгүй гэж үзнэ.

         8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

        Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр эсхүл хуульд заасан хэлбэрээр хийсэн гэрээг байгуулагдсанд тооцно.

        Хариуцагч нь нэхэмжлэгчээс 38,000,000 төгрөг, 4,000,000 төгрөгийг тус тус хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэж чадаагүй, энэ хэмжээний мөнгийг буцааж төлсөн баримт хэрэгт байхгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

        Хэрэгт авагдсан бичгийн баримт, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгийг хариуцагч тал баримтаар үгүйсгэж чадаагүй байна.   

       Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2203 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ      

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ