Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1820

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 13 тоот хаягт байрлах “Баян Элстий” ХХК /рд:2845865/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар, Баянзүрх  дүүрэг,*******,*******,*******д холбогдох,

 

9,288,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч ангитай аж ахуйн гэрээ байгуулж, тус байгууллагад 800 тонн нүүрсийг нийлүүлэхээр тохирсон юм.

 

Бид, өнгөрсөн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээнд заасан нүүрсийг захиалагч талд нийлүүлсэн бөгөөд талуудын хооронд төлбөрийн үлдэгдэл 9,288,000.00 төгрөг байсныг 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тооцоо нийлж, баталгаажуулсан.

 

Нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-ийн хувьд нүүрсийг олборлоогүй, бэлэн байгаа нүүрсийг авч, нийлүүлсэн. Хэдийгээр хариуцагч тал санхүүгийн тайлангаа өгч, аливаа авлага, өглөг байхгүй гэж тайлбарлаж буй боловч 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй.

 

Иймд, хариуцагч ангиас гэрээний үлдэгдэл төлбөр 9,288,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч ангиас тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай байгууллага улсын төсвөөс 100 хувь санхүүждаг бөгөөд нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 800 тонн нүүрс авах гэрээ байгуулсан нь үнэн.

 

Хэдийгээр энэхүү тооцоо нийлсэн актаар талуудын хооронд 9,288,000.00 төгрөгийн асуудал байсан боловч хэрэгт авагдсан тус байгууллагын 2015 оны санхүүгийн тайлангаар ийм хэмжээний өглөг байхгүй, энэ талаар нягтлан бодогч А.Наранбаатарын гаргасан тайланд тодорхой дурьдсан.

 

Бид, нэхэмжлэлийг хүлээн авсаны дараагаар төрийн сангаас нэхэмжлэгчийн “Хаан банк” ХХК дахь тоот данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээг шалгахад өнгөрсөн хугацаанд 70,000,000.00 гаруй төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан ба тооцоо нийлсэн өдрөөс хойш ямар ч төлбөр төлөөгүй.

 

Нэгэнт санхүүгийн баримтаар 9,288,000.00 төгрөгийн өглөг байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-иас хариуцагч*******д холбогдуулан 9,288,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж,  танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК болон хариуцагч анги нар 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “аж ахуйн” нэртэй гэрээ байгуулж, нэхэмжлэгч талаас хариуцагчид 2014-2015 оны дулаан хангамжид зориулж 800 тонн нүүрсийг нийлүүлэхээр тохирчээ /х.х-ийн 3, 4-р хуудас/.

 

Тус гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь 1 тонн нүүрсийг 64,000.00 төгрөг, нийт 51,200,000.00 төгрөгөөр нийлүүлэх ба талууд нүүрсний хэмжээ, түүний үнийн талаар маргаагүй, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нүүрсийг олборлохгүйгээр бэлэн байгаа бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч тал гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх юм.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид гэрээний зүйл болсон 800 тонн нүүрсийг бүрэн хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй ба харин гэрээний төлбөр буюу 145.125 тонн нүүрсний үнэ болох 9,288,000.00 төгрөгийг төлөөгүй гэх үйл баримтын талаар маргаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн актаар худалдан авагч буюу хариуцагч тал нийт 9,288,000.00 төгрөгийг худалдагчид төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 5-р хуудас/.

 

Талуудын хооронд байгуулсан энэхүү тооцоо нийлсэн актыг дээр дурьдсан аж ахуйн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, гэрээний хавсралтад заасан нийлүүлэх нүүрсний хэмжээ, түүний үнэ болон нийт нийлүүлсэн нүүрс, төлсөн төлбөрийн талаарх баримт зэрэгтэй харьцуулан үзвэл уг 9,288,000.00 төгрөг нь зохигчдын хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр байна.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч 407 дугаар ангийн худалдан авсан нүүрс болон түүнд төлсөн төлбөрийн тооцооллоос үзвэл нэхэмжлэгч тал нийт 817 тонн нүүрсийг хариуцагчид худалдаж, үүнээс 43,000,000.00 төгрөгийг хүлээн авсан бол үлдэх 9,288,000.00 төгрөгийг хүлээн аваагүй ажээ /х.х-ийн 6-р хуудас/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “санхүүгийн тайлангаар ийм хэмжээний өглөгтэй гэсэн бүртгэл байхгүй, өмнө нь тус компанид 70,000,000.00 гаруй төгрөг төлсөн хэмээн” маргасан.

 

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч тэрээр 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 9,288,000.00 төгрөгийг төлөөгүй гэж мэдүүлсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн  42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заажээ.

 

Нэгэнт хариуцагч тал тооцоо нийлсэн өдрөөс хойш 9,288,000.00 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг үгүйсгээгүй бөгөөд өөрийн тайлбараар актанд дурьдсан үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт болох хариуцагч 407 дугаар ангийн 2015 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд дурьдсанаар тус байгууллага тайлант онд бусдад 89,368,269.68 төгрөгийн өглөгтэй, 9,288,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн тухай нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, ажил гүйлгээг цаг хугацааны дарааллаар бүртгэсэн журнал, дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтөлсөн баримтыг тус тус гаргаж өгөөгүй, маргааны зүйл болсон тус төлбөрийг төлсөн гэх хариу тайлбар, татгалзлаа баримтаар нотлохгүй байна.    

 

Иймд, хариуцагч ангиас 9,288,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч ангиас 9,288,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Баян Элстий” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163,750.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 163,750.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МАНДАЛБАЯР