Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын 2 дугаар баг 04-09 тоотод оршин суух, “Хариад” овогт Цэрэндоржийн Оюун /РХ-62072606/-ний хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, хүсэлт гаргагч Ц.Оюун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Мөрөн сумын 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг 1980 онд төгсөөд Дархан хотын техникумийн сургуульд яваад сургуулиа төгсөөгүй 1980 оны 12 сард буцаж ирсэн. Ингээд Хатгал тосгоны /хуучнаар/ Дамжлаг баазын харъяа хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 9 дүгээр сараас 1981 оны 10 дугаар сар хүртэл багшаар, 1981 оны 10 дугаар сараас 1990 оны 6 дугаар сар хүртэл клубийн номын санч, номын сангийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн /хуучнаар/ Хатгал тосгоны Дамжлаг баазын харъяа хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 9 дүгээр сарын 15-наас 1981 оны 10 дугаар сарын 23-н хүртэл  багшаар, 1981 оны 10 дугаар сарын 25-наас 1990 оны 6 дугаар сарын 25-н хүртэл клубийн номын санчаар ажиллаж байсан байдлыг минь тус тус тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц.Оюун нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн /хуучнаар/ Хатгал тосгоны Дамжлага баазын харъяа хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 9 дүгээр сарын 15-наас 1981 оны 10 дугаар сарын 23-н хүртэл хүмүүжүүлэгч багш, Хөвсгөл аймгийн /хуучнаар/ Хатгал тосгоны Дамжлага баазын ажилчдын клубд 1981 оны 10 дугаар сарын 25-наас 1990 оны 6 дугаар сарын 25-н хүртэл номын санч, хүүхдийн секцийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тушаалд: “....1/няраа хүүхдээ асрах чөлөө хүссэн Ц.Оюунд 1986 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл тэтгэмжтэй чөлөө олгосугай....” гэх Тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалын хуулбар,

Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1986 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн тушаалд: “....1/ гишүүд Ц.Оюун хүүхдийн секц, номын санч....“ гэх Архивын баримт материалд үзлэг явуулах тухай тушаалын хуулбар,

Хатгал дахь Дамжлага баазын Намын үүрийн захиргаа, намын үүрийн хорооноос 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нөхөр Ц.Оюун нь дамжлага баазын 1986 оны гоцлол дууны аварга цолоор шагнагдсан тул Аваргын үнэмлэх олгож хадгалуулав” гэх аваргын үнэмлэх,

Гэрч Г.Загдаагийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “....Ц.Оюун нь Гадаад худалдааны яамны Хатгал тосгоны дамжлаг баазад 1981 оноос 1987 он хүртэл клубийн номын санч хийдэг байсан....” гэх,

Гэрч Д.Бат-Очир 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...Ц.Оюун нь Гадаад худалдааны яамны Хатгал тосгоны дамжлаг баазад 1981 оноос 1987 он хүртэл клубийн номын санч, цэцэрлэгийн багш хийдэг байсан....” гэх мэдүүлгүүд, Хатгалын дамжлага баазын 80-н жилийн ойд зориулан гаргасан 2014 оны номын 60, 77, 105 дугаар хуудасны хуулбар, 80-н жилийн ойн Өргөмжлөл, Урилга, 1986 оны Баярын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Ц.Оюуны ажиллаж байсан талаарх холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын газрын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 10/354 дугаартай “....тус аймгийн Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын тушаалыг шүүж үзэхэд Ц.Оюуны 1980 онд ажилд томилсон, 1990 онд ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй байх тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгч Ц.Оюуны улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хариад” овогт Цэрэндоржийн Оюун /РХ-62072606/-ийг Хөвсгөл аймгийн /хуучнаар/ Хатгал тосгоны Дамжлага баазын харъяа хүүхдийн цэцэрлэгт 1981 оны 9 дүгээр сарын 15-наас 1981 оны 10 дугаар сарын 23-н хүртэл хүмүүжүүлэгч багш, Хөвсгөл аймгийн /хуучнаар/ Хатгал тосгоны Дамжлага баазын ажилчдын клубд 1981 оны 10 дугаар сарын 25-наас 1990 оны 6 дугаар сарын 25-н хүртэл номын санч, хүүхдийн секцийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ