| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0601/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/650 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/650
2021 11 25 2021/ШЦТ/650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Л.Х-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б- овогт Л-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110013450852 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 01-04 насны хоёр хүүхдийн хамтХаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Л-ын Х,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Х- нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Начин Заан финанс ББСБ-аас А.Л-ын эд хөрөнгө болох 27,5 граммын монетон ээмэг, бөгж, кулон зэргийг барьцаанаас чөлөөлж авч бусдад зарж борлуулан хохирогчид 2,660,700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.Х-: “...Над руу Начин Заан ломбардаас найдваргүй зээлдэгч боллоо шүү ирж мөнгөө төл, Монгол банк руу найдваргүй зээлдэгч гэсэн бичгийг явуулах юм бол намайг найдваргүй зээлдэгч болно гэж хэлсэн. Нөхөртөө хэлээд хадам ээжтэйгээ хамт очиж, сүүлийн сарын хүүтэй авсан. Тэгээд авсан эд зүйлээ зарахад 383,000 төгрөг илүү гарсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч А.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...мөнгөний хэрэг гарахаар нь өөрийн ээмэг, бөгж, гинж, кулоны хамтаар Начинзаан барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавих гэсэн боловч бичиг баримтгүй байсан болохоор төрсөн эгчийн охин болох Л.Х-гийн бичиг баримтаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Начинзаан зээлдүүлэх төвд 1,630,000 төгрөгөөр тавиулсан. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сар хүртэл сар болгон сунгалт хийж явсан. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Начинзаан руу залгаад 01 жилээр хугацааг сунгуулчхаад 2021 оны 3 дугаар сарын 20-ны үеэр эд зүйлээ авахаар очиход таны эд зүйлийг чөлөөлсөн байна гэсэн. Тэгээд би хэнд өгсөн талаар тодруулахад Х- гэдэг хүний нэр дээр байсан учраас тэр хүнд өгсөн гэж хэлсэн. Тэгээд камерын бичлэгийг нь шалгаж үзэхэд Х- хадам ээжийн хамт ирж авсан байна гэж хэлсэн. Би Х-гийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Голден парк хотхоны 210 тоотод очиход хаалга тайлахгүй, ...хадам ээж таны эд зүйлийг авсан гэж хэлсэн. Би хадам ээж Батцэцэг рүү нь залгаж асуухад Х- эд зүйл хар дансанд орох гээд байна гээд надаас мөнгө авсан, чамайг эд зүйлээ авахгүй хаяж байгаа гэсэн, Х- ченжид чиний эд зүйлийг зарсан гэсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш би Х-гаас эд зүйлээ авмаар байна гэхэд удахгүй өгнө, та түр хүлээж байгаарай гэсэн ч өнөөдрийг хүртэл миний эд зүйлийг огт өгөөгүй. ...Ээмэг бөгж нь Chanel хэлбэртэй хос нийлээд 11 граммтай, гинж, кулон нь 16,15 грамм байсан. Бүгд нийлээд 27,5 грамм байсан...” /хх-ийн 11-13/ гэсэн,
Гэрч Ц.Дорждулам мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Л.Х- /РД: УМ91111601/ бичиг баримттай хүн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр монетон ээмэг, бөгж 3 ширхэг, 11 граммтай 585 сорьцтой, монетон гинж кулон 2 ширхэг 16,5 грамм 14к сорьцтой эд зүйлүүдийг манай байгууллагад барьцаанд 1,630,000 төгрөг авсан. ...2021 оны 03 дугаар сарын 06-нд хугацаа нь дуусах байсан учраас манайхаас хэн нэгэн хүн рүү залгаж найдваргүй зээлдэгч гэж огт хэлэхгүй. ...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн бичиг баримтаар 1,683,030 төгрөгөөр авсан...” /хх-ийн 17-20/ гэсэн,
Гэрч У.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сард Х- над руу залгаад мөнгө байна уу, ээж бид хоёрын юм ломбардад байгаа тэр зүйлүүдийг авах гэсэн юм над руу ломбардаас залгаад авахгүй бол найдваргүй зээлдэгч болох гээд байна гэхээр нь хэдэн төгрөг болох вэ гэхэд нэг сая гаруй төгрөг болох байх гэсэн. ...Би өөрийн зүүж байсан гинж, ээмэг, бөгжийг Начинзаан ломбардад 1,000,000 гаруй төгрөгөөр барьцаанд тавьж, бэрийн ломбардад байсан эд зүйлүүдийг авч өгөөд ажил руугаа явсан...” /хх-ийн 29-31/ гэсэн,
Шүүгдэгч Л.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Начинзаан ББСБ-аас над руу яриад таны тавьсанд эд хөрөнгө хугацаа дуусаж байна гэж хэлэхээр нь би хадам ээж Батцэцэгийн хамтаар очиж 1,683,030 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сард Л- эгч миний нэрээр тавиулсан эд зүйлийг авсан. Тэр үед Л- эгчид бичиг баримт байхгүй байсан учраас би бичиг баримтаараа эд зүйлийг Начинзаан ББСБ-д тавьж өгөөд Л- эгчид 1,600,000 төгрөг өгсөн. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Начинзаан ББСБ-аас Л- эгчийн эд зүйлийг 1,683,030 төгрөгөөр аваад зар дээрээс танихгүй хүнд зарсан...” /хх-ийн 51-53/ гэсэн мэдүүлгүүд
- Өргөдөл /хх-ийн 6/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-42/,
- 1953014856 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 68-70/,
- Шүүгдэгч Л.Х-гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 60/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Л.Х- нь 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Начин Заан финанс ББСБ-аас өөрийн нэр дээр барьцаанд тавьсан байсан А.Л-ын эд хөрөнгө болох 27,5 граммын монетон ээмэг, бөгж, кулон зэргийг барьцаанаас чөлөөлөн авч, түүнийгээ бусдад зарж борлуулсны улмаас хохирогч А.Л-д 2,660,700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Л-ын “...Би 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ...мөнгөний хэрэг гарахаар нь өөрийн ээмэг, бөгж, гинж, кулоны хамтаар Начинзаан барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавих гэсэн боловч бичиг баримтгүй байсан болохоор төрсөн эгчийн охин болох Л.Х-гийн бичиг баримтаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Начинзаан зээлдүүлэх төвд 1,630,000 төгрөгөөр тавиулсан. ...2021 оны 3 дугаар сарын 20-ны үеэр эд зүйлээ авахаар очиход таны эд зүйлийг чөлөөлсөн байна гэсэн. Тэгээд би хэнд өгсөн талаар тодруулахад Х- гэдэг хүний нэр дээр байсан учраас тэр хүнд өгсөн гэж хэлсэн. ...Би Х-гийн гэр болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Голден парк хотхоны 210 тоотод очиход хаалга тайлахгүй, ...хадам ээж таны эд зүйлийг авсан гэж хэлсэн. Би хадам ээж Батцэцэг рүү нь залгаж асуухад Х- эд зүйл хар дансанд орох гээд байна гээд надаас мөнгө авсан, чамайг эд зүйлээ авахгүй хаяж байгаа гэсэн, Х- ченжид чиний эд зүйлийг зарсан гэсэн гэж хэлсэн...” /хх-ийн 11-13/ гэсэн, гэрч Ц.Дорждуламын “...Л.Х- /РД: УМ91111601/ бичиг баримттай хүн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр монетон ээмэг, бөгж 3 ширхэг, 11 граммтай 585 сорьцтой, монетон гинж кулон 2 ширхэг 16,5 грамм 14к сорьцтой эд зүйлүүдийг манай байгууллагад барьцаанд 1,630,000 төгрөг авсан. ...2021 оны 03 дугаар сарын 06-нд хугацаа нь дуусах байсан учраас манайхаас хэн нэгэн хүн рүү залгаж найдваргүй зээлдэгч гэж огт хэлэхгүй. ...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн бичиг баримтаар 1,683,030 төгрөгөөр авсан...” /хх-ийн 17-20/ гэсэн, гэрч У.Батцэцэгийн “...2021 оны 3 дугаар сард Х- над руу залгаад мөнгө байна уу, ээж бид хоёрын юм ломбардад байгаа тэр зүйлүүдийг авах гэсэн юм над руу ломбардаас залгаад авахгүй бол найдваргүй зээлдэгч болох гээд байна гэхээр нь хэдэн төгрөг болох вэ гэхэд нэг сая гаруй төгрөг болох байх гэсэн. ...Би өөрийн зүүж байсан гинж, ээмэг, бөгжийг Начинзаан ломбардад 1,000,000 гаруй төгрөгөөр барьцаанд тавьж, бэрийн ломбардад байсан эд зүйлүүдийг авч өгөөд ажил руугаа явсан...” /хх-ийн 29-31/ гэсэн, шүүгдэгч Л.Х-гийн “...2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Начинзаан ББСБ-аас над руу яриад таны тавьсанд эд хөрөнгө хугацаа дуусч байна гэж хэлэхээр нь би хадам ээж Батцэцэгийн хамтаар очиж 1,683,030 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сард Л- эгч миний нэрээр тавиулсан эд зүйлийг авсан. Тэр үед Л- эгчид бичиг баримт байхгүй байсан учраас би бичиг баримтаараа эд зүйлийг Начинзаан ББСБ-д тавьж өгөөд Л- эгчид 1,600,000 төгрөг өгсөн. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Начинзаан ББСБ-аас Л- эгчийн эд зүйлийг 1,683,030 төгрөгөөр аваад зар дээрээс танихгүй хүнд зарсан...” /хх-ийн 51-53/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-42/, 1953014856 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 68-70/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэгт өмчлөгч өөрөө эд хөрөнгөө түр хугацаагаар шилжүүлж өгсөн эд хөрөнгийг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Л.Х-гийн эгч А.Л-ын түүний нэр дээр барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан эд зүйлийг түүнд мэдэгдэлгүйгээр барьцаанаас чөлөөлж авч, түүнийгээ цааш нь худалдан борлуулсан дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Х-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Л-ын эд хөрөнгөд 2,660,700 төгрөгийн эд хөрөнгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учирсан. Хохирогч А.Л-ын шүүгдэгч Л.Х-гийн нэрээр монетон ээмэг, бөгж, кулон, гинж зэрэг эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газарт 1,630,000 төгрөгөөр барьцаанд тавьж, уг мөнгийг хохирогч өөрөө авч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд учирсан 2,660,700 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн 1,683,030 төгрөгийг төлсөнд тооцож, үлдэгдэл 977,670 төгрөгийг гэм буруутай этгээд болох Л.Х-гаас гаргуулж хохирогч А.Л-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Х- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хүүхдийн насны байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний одоо оршин суугаа нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэв.
Эрүүгийн 2110013450852 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Л-адагвын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-адагвын Х-г 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Л.Х-г түүний оршин суугаа хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х -аас 977,670 /есөн зуун далан долоон мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулж, хохирогч А.Л-д олгосугай.
5. Эрүүгийн 2110013450852 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР