Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00780

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр баг төвд оршин суух “Хар дархад” овогт Хүүхэний Баярхүү /РЦ-57031572/-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Х.Баярхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Баярхүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ренчинлхүмбэ сумын 8 дугаар ангийг 1975 онд төгсөөд 1976 оноос 1979 оны хооронд цэргийн алба хааж ирээд Ренчинлхүмбэ сумын нүүдлийн кино театр кино механикчаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт орох гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан үеийн зарим тушаал шийдвэр олдохгүй байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан болно. 

Иймд намайг Хөвсгөл аймгийн кино театрт 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нүүдлийн кино театрт механикчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Х.Баярхүү нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн кино театрын харъяа Рэнчинлхүмбэ сумын нүүдлийн кино театрт 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кино механикчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Цагааннуурын нүүдлийн кино механикч Хүүхэн овогтой Баярхүүгийн 1985 оны 1 дүгээр сарын 10-ний өдрийн ажил байдлын тодорхойлолтын хуулбар,

Хөвсгөл аймгийн кино театрын даргын 1980 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дугаартай тушаалд: “....Рэнчинлхүмбэ сумын ан агнуурын үйлдвэрийн кино механикч Х.Баярхүүг түр хугацаагаар томилсугай 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай.... “ гэх тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн кино үзвэрийн газрын даргын 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаалд: “....Цагааннуур сумын кино механикчаар А.Баярхүүг аймгийн кино үзвэрийн кино механикчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй....“ гэх тушаалын хуулбар,

            Цагааннуурын кино механикч Хүүхэн овогт Баярхүүгийн 5 жилийн ажлын тайлан үзүүлэлтийн хуулбар,

Кино театраас Хүүхэнгийн Баярхүүд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, бичилтүүд, кино миний амьдрал гэх фото гэрэл зургийн цомог, 1980, 1982, 1983, 1984, 1986, 1990, 1991, 1995 онуудын Баярын бичиг, 1982 оны Диплом, 1984 оны Социалист хөдөлмөрийн гавшгайчийн гэрчилгээ, 1985 оны YII таван жилийн гавшгайчийн үнэмлэх,  1990, 1992, 1988 оны Эрх чөлөө сонины хайчилбар, 2006 оны Соёлын тэргүүний ажилтны үнэмлэх, 1990 оны  YIII таван жилийн гавшгайчийн үнэмлэх, 1991 оны Ардын хувьсгалын 70 жил, 2001 оны Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медалийн үнэмлэхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хар дархад” овогт Хүүхэний Баярхүү /РЦ-57031572/-г Хөвсгөл аймгийн кино театрын харъяа Рэнчинлхүмбэ сумын ан агнуурын үйлдвэрийн нүүдлийн кино театрт 1979 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл кино механикчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Баярхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд  шийдвэрийг гардуулснаар  гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭРДЭНЭБАТ