| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0154/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяаягаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч , ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136001510213 дугаартай 178/2021/0154/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч 2021 оны 12 сарын 06-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, 1964 оны 07 сарын 22-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Дулааны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 01-09 тоотод оршин суух, аминдаа гэр нэг, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 900000 төгрөг, ял шийтгэлгүй, Төрийн дээд шагнал Алтангадас одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Эрчим хүчний тэргүүний ажилтанаар тус тус шагнагдаж байсан ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Шаврын тохой” гэх нэртэй газарт 49-05 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн төрсөн эгч Ш., эхнэр Д. нарын хамт зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн хуулийн заалтыг зөрчиж, түүнйи жолоодож явсан тухайн тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас иргэн Ш.гийн эрүүл мэндэд...өвчүү ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй хугарал, сээрний ThVII, VIII нугалмуудын дарагдалын хугарал, төвөнхийн түвшинд цагаан мөгөөрсөн хоолойн хэлбэр алдагдал, 2 талын шахагдал, зүүн талын таглаа мөгөөрсний хаван, тархины хоёр талын суурийн хөндийд цус , хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дух болон зүүн гарын бугалганд цус хуралт...гэх хүндэвтэр хохирол, иргэн Д.ын эрүүл мэндэд...хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалганд цус хуралт...гэх хүндэвтэр хохирол учирсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, / хэргийн 08-23-рт/
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал...Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Шаврын тохой гэдэг газарт Toyota Prius маркын тээврийн хэрэгсэл онхолдсон байна гэх гомдол мэдээлэлд 49-05 дугаартай “Toyota Prius” маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч Ш.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Ш.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэснийг зөрчсөн байна. Уг осол гарах болсон шалтгаан нь жолооч Ш.******* нь 49-05 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж гарсан байна гэж үзэн актыг тавилаа...гэх акт /хэргийн 24- 26 дугаар хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* багийн 01-09 тоотод оршин суух 1967 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ПЮ67060769 дугаарын регистртэй/ Овоот овогт Дариймаагийн ын өгсөн...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр Ш.*******, хадам эгч Ш. нарын хамт Ховд аймгийн төвөөс Алтай сумын чиглэлд өөрийн 49-05 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. ******* сумын ******* багийн “Булангийн овоо” гэх газар өнгөрөөд явж байхад уг машины баруун талын арын дугуй буудлаа гэж манай нөхөр хэлсэн.Тэгээд зогсох гэтэл яах ийхийн зуургүй замын хажуу тал руу аваад шидчихсэн байсан. Би машинаас гараад ирэхэд замаас гараад 4 дугуй нь дээшээ харчихсан байдалтай байсан. Тухайн үед манай нөхөр Ш.*******, Ш. эгч хоёр гараад ирчихсэн. Ш. эгчийн хамарнаас цус гарчихсан хэцүүхэн байсан.Тэгээд удалгүй эмнэлэг ирээд Ш. эгч бид хоёрыг аваад аймагт авч ирж эмнэлэгт хэвтүүлсэн байгаа. Машиныг манай нөхөр болох Ш.******* жолоодож явсан юм аа. Ш. эгч жолоочийн эсрэг талын урд суудалд сууж явсан Би Ш. эгчийн арын суудалд сууж явсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь анзаараагүй, миний бодлоор гайгүй явж байсан гэж бодож байна. Манай нөхөр Ш.******* суудлын бүсээ бүсэлчихсэн байсан, хадам эгч Ш. бас бүсэлчихсэн байсан, би арын суудалд сууж байсан болохоор бүслээгүй байсан. Миний хүзүү 4 дүгээр үений сэртэнгийн хугарал гэмтэл учирсан, жижиг олон тооны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэлүүд учирсан байгаа. Одоогоор миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл алга байна. Миний биед учирсан гэмтлийг эмчилэхэд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, уг тээврийн хэрэгслийн дугуй хагарсаны улмаас осол болж миний биед болгоомжгүйгээр гэмтэл учирсан байгаа...гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* багийн 01-09 тоотод оршин суух 1960 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, ЦГ60041805 дугаарын регистртэй/ ******* ******* овогт *******ын гийн өгсөн... Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр төрсөн дүү Ш.*******, бэр дүү Д. нарын хамт Ховд аймгийн төвөөс Аптай сумын чиглэлд Ш.*******гийн өөрийн 49-05 улсны дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Ховд аймгийн ******* сумын ******* багийн “Булангийн овоо” гэх газар өнгөрөөд явж байхад уг машины баруун талын арын дугуй буудлаа гэж Ш.******* хэлсэн. Тэгээд зогсох гэтэл яах ийхийн зуургүй замын хажуу тал руу аваад шидчихсэн байсан. Тухайн үед манай дүү Ш.******* машинаасаа буугаад миний суудлын бүс тайлаад намайг машинаас гаргаад газарт хэвтүүлсэн. Тэгээд удалгүй, эмнэлэг, ирээд намайг болон бэр Д. бид хоёрыг аваад явсан. Манай төрсөн дүү болох Ш.******* жолоодож явсан юм аа. Би урд талын жолоочийн эсрэг талын урд суудалд сууж явсан, Д. миний арын суудалд сууж явсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсныг нь анзаараагүй. Ш.******* суудлын бүсээ бүсэлчихсэн байсан, Би урд талын суудал суусан болохоор бас бүсэлчихсэн байсан. Д. арын суудалд сууж байсан болохоор бүсэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Өвчүү ясны 3/1 хэсгийн хугарал, ТН 6-8 ийн сээр нурууны далд хугарал, хүзүүний С4 нугаламын сэртэнгийн хугарал гэмтлүүд учирсан байгаа. Одоогоор миний биед өвдөж зовуурлаж байгаа зүйл аяга байна, миний эмчилгээ сайн хийгдсэн байгаа. Миний биед учирсан гэмтлийг эмчилэхэд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, уг тээврийн хэрэгслийн дугуй хагарсаны улмаас осол болж миний биед болгоомжгүйгээр гэмтэл учирсан байгаа...гэх мэдүүлэг/хх-ийн 41-42-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Өлзийгийн өгсөн... Би 2021 оны 09 сарын 01-ний өглөө 05 цагийн үед Ховд аймгийн ******* сумын чиглэлд ажилдаа явахаар явж байтал ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “Шаврын тохой” гэх газарт замын хажуу руу цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байдалтай 4 дугуй нь дээшээ харсан байхаар нь би машинаа зогсоогоод яваад очиход нэг эмэгтэй хүн жолоочийн эсрэг талын цонхоор татаж гаргаад хэвтүүлсэн. Жолоо барьж байсан эрэгтэй хүн өөрөө цонхоороо гарч ирсэн..Тэгээд би нөгөө 3 хүний биеийн байдлыг асуухад жолооч ах хажууд нь сууж явсан эмэгтэй 2 гайгүй байсан. Хойд талд сууж байсан эмэгтэйг жаахан бэртсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд ******* суманд ажилтай байсан тул түрүүлээд явсан. 50 гаруй настай эрэгтэй хүн жолооны хүрд дээр сууж байсан. Жолоочоос тусдаа 2 эмэгтэй хүнтэй хамт явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Загасын өгсөн...Би 2019 оны 01 сарын 05-ны үеэр Улаанбаатар хотын Да хүрээ зах дээрээс цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 16800000 төгрөгөөр авсан. Би авахдаа төрсөн ах Сандагдоржийн нэр дээр худалдаж авсан. 49-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ш.******* гэх хадам ахад 2021 оны 08 сарын 20-ны үед зарсан. Тухайн үед 12800000 төгрөгөөр зарсан. Төлбөрийг бүрэн авсан. Би тухайн үед худалдаж авахад 5000000 төгрөгийг банк бусаар авах гэхэд миний харъяалал Хөдөө орон нутаг гээд зээл гаргахгүй болохоор би Улаанбаатарын хаягтай төрсөн ах Д.Сандагдоржийн нэр дээр зээл авч худалдаж авсан юм. Ш.******* ах Улаанбаатар хотод 10 сард очно. Очихоороо Д.Сандагдорж ахаас шилжүүлж авна гэсэн болохоор шилжүүлж өгөөгүй байсан. Ш.******* ах 2021 оны 09 сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт унагаачихсан гэж сонссон. Би уг тээврийн хэрэгслийг хадам ах Ш.*******д зарсан тул надад ямар нэг нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 51-52-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Сандагдоржийн өгсөн...Уг машины бичиг баримт миний нэр дээр байдаг. 2019 оны эхээр манай дүү болох Ц.Загас миний нэр дээр 16500000 төгрөөр авч байсан. Эзэмшигчийн нэр нь л миний нэр байдаг болохоос эзэн нь Ц.Загас юм. 2019 оны эхээр Ц.Загас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 22 авто худалдааны төвөөс автомашины ченжийн гараас 16500000 төгрөгөөр авсан. Тухайн үед би цуг явж байсан. Одоо 49-65 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц.Загас Ховд аймагт унаж байгаа. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 61-62-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 516 дугаартай...Ш.*******гийн биед гэмтэл учирсан байна. Ш.*******гийн биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Ш.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ш.*******гийн биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 65-66-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн...2021 оны 09 сарын 10-ны өдрийн 516 дугаартай...Ш.гийн биед гэмтэл учирсан байна. Ш.гийн биед өвчүү ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй далд хугарал, Сээрний Тh\/1, VIII нугаламуудын дарагдлын хугарал, төвөнхийн түвшинд цагаан мөгөөрсөн хоолойн хэлбэр алдагдал, 2 талын шахагдал, зүүн талын таглаа мөгөөрсний хаван, тархины 2 талын суурийн хөндийд цус, хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дух болон зүүн гарын бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжгой. Ш.гийн биед учирсан дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ш.гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 71-72-рт/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 09-ны өдрйин 524 дугаартай...Д.ын биед гэмтэл учирсан байна. Д.ын биед хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Д.ын биед учирсан дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.ын биед гэмтэл учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн78-79-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...” Би 2021 оны 09 сарын 01-ний өглөө 05 цагийн үед Ховд аймаас Алтай сумын чиглэлд өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн 49-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр Д., төрсөн эгч Ш. нарын хамт ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт “Шаврын тохой” гэх газрын орчимд 100 км цагийн хурдтай явж байхад машины ар хэсэгт дуу чимээ гарахаар нь хурдаа хасахад зүүн талын арын дугуй буудаж хагарсан. Тэгтэл замын зүүн тал руу шарвах шиг болсон. Тэгэхлээр би хаазнаас хөлөө аваад тормоз гишгэлгүйгээр жолооны хүрдээ эгц урагшаа нь чанга хөдөлгөөнгүй бариад явж байхад замын зүүн тал руу аваад шидчихсэн. Нэг мэдэхэд 4 дугуй нь дээшээ харчихсан байдалтай аспалтан замын хажуу талд байсан. Тэгээд би машинаас гарах гэтэл суудлын бүсээ тайлж чадалгүй жаахан удсан. Тэгээд бүсээ тайлаад миний хажууд сууж явсан төрсөн эгч Ш.гийн суудлын бүсийг тайлаад эгчийг түрүүлээд гаргасан. Тэгээд би гараад арын суудалд сууж явсан эхнэрийгээ машинаас гаргасан. Тэр үед замаар явж байсан нэг залуу ирж бас тусалсан байгаа. Д. манай эхнэр байгаа юм, Ш. миний төрсөн эгч. Би уг тээврийн хэрэгсэлийг өөрөө жолоодож байсан. Миний хажуу талын урд суудал дээр Ш. эгч, баруун хойд талын суудалд Д. сууж явсан байгаа.Би суудлын бүсээ зүүчихсэн байсан, Ш. эгч бас бүсээ зүүчихсэн, Д. зүүгээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр манай хүргэн болох Ц.Загас гэх залуугаас худалдаж авсан юм аа, Миний машины гэрчилгээн дээр Д.Сандагдорж гэх хүний нэр дээр байгаа би Улаанбаатар хотод очиж нэрээ шилжүүлж авахаар тохиролцсон байсан юм аа. Уг машиныг анх Д.Загас авахдаа ах болох Д.Сандагдоржийн нэр дээр авсан байсан. Би уг тээврийн хэрэгслийн төлбөрийг 100 хувь төлсөн тул ямар нэгэн хохирол нэхэмжлэх хүн байхгүй. Би Ш. эгчийн эмчилгээнд зориулж 2000000 төгрөг зарцуулсан байгаа, эхнэр болох Д.ын эмчилгээнд шаардлагатай эм тариаг бүгдийн авч өгсөн нийт надаад 500000 төгрөг гарсан байгаа. Миний амьдарч байгаа хашаа миний нэрэн дээр байдаг. Миний даралт байнгын хэлбэлзэлтэй байдаг. 2016 онд тархины хагалгаанд 3 удаа орж байсан. Өөрийн буруугаа хүлээж Өөртөө гэмшиж байна ... гэх мэдүүлэг,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 90 дүгээр хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:
Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр Ховд аймгаас Алтай сум орох замд тус аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Шаврын тохой” гэх нэртэй газарт 49-05 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, өөрийн төрсөн эгч Ш., эхнэр Д. нарын хамт зам тээврийн хөдөлгөөнд оролцож, явах үед тухайн тээврийн хэрэгсэлийн баруун хойд талын дугуй буудаж, машин нь замын хажуу тал руу онхолдож хамт зорчиж явсан хохирогч Ш.гийн эрүүл мэндэд ... өвчүү ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй хугарал, сээрний ThVII, VIII нугалмуудын дарагдалын хугарал, төвөнхийн түвшинд цагаан мөгөөрсөн хоолойн хэлбэр алдагдал, 2 талын шахагдал, зүүн талын таглаа мөгөөрсний хаван, тархины хоёр талын суурийн хөндийд цус, хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дух болон зүүн гарын бугалганд цус хуралт... гэх хүндэвтэр хохирол, хохирогч Д.ын эрүүл мэндэд...хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалганд цус хуралт...гэх хүндэвтэр хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.******* нь замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал, болгоомжгүй явсан, аюул саад болсон үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Иймд шүүгдэгч *******ын *******гийн 2021 оны 09 сарын 01-ний өдөр Ховд аймгаас Алтай сумын чиглэлд тус аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Шаврын тохой” гэх нэртэй газарт 49-05 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ авна...гэх заалтын зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан, хохирогч Ш.гийн эрүүл мэндэд ... өвчүү ясны дээд 3/1 хэсгийн зөрөөтэй хугарал, сээрний ThVII, VIII нугалмуудын дарагдалын хугарал, төвөнхийн түвшинд цагаан мөгөөрсөн хоолойн хэлбэр алдагдал, 2 талын шахагдал, зүүн талын таглаа мөгөөрсний хаван, тархины хоёр талын суурийн хөндийд цус , хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, дух болон зүүн гарын бугалганд цус хуралт... гэх хүндэвтэр хохирол, хохирогч Д.ын эрүүл мэндэд...хүзүүний С4 нугалмын арын сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалганд цус хуралт...гэх хүндэвтэр хохирол учируулсан гэх үйлдэлд нь Ховд аймгийн Прокуроын газраас авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
Прокурор нь шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр: Хохирол хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.ын...Миний биед учирсан гэмтлийг эмчилэхэд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, уг тээврийн хэрэгслийн дугуу хагарсаны улмаас осол болж миний биед болгоомжгүйгээр гэмтэл учирсан байгаа...гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/ хохирогч Ш.гийн ... Миний биед учирсан гэмтлийг эмчилэхэд гарсан зардлыг бүрэн төлж барагдуулсан, одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, уг тээврийн хэрэгслийн дугуй хагарсаны улмаас осол болж миний биед болгоомжгүйгээр гэмтэл учирсан байгаа.../хх-ийн 41-42-рт/ гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан байх тул хохирогч нарт учирсан хохиролыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч *******ын ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас-/хэргийн 90 дүгээр хуудас дахь/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ш.Зээхүүгийн өгсөн...Миний ах Ш.Мөнхзаяа нь зан аашийн хувьд даруу төлөв, хүнд тусархаг ажилсаг, уурлаж уцаарлаад байдаггүй, олон охидуудтай болохоор их дөлгөөн тайван хүн. Аав, Ээжээс 3-лаа, 1 эгч, 1 эмэгтэй дүүтэй айлын дунд хүүхэд. Урьд өмнө хааяа архийг тохируулж хэрэглэдэг байсан, сүүлийн 5 жил гаруй огт архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байгаа. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Ховд аймгийн Дулааны станцын дарга, Эрчим хүчний станцад ерөнхий инженер, Мэргэжилийн хяналтын газарт улсын байцаагч ажил хийж байгаад өндөр насны тэтгэвэрт 2021 оны 06 дугаар сард гарсан байгаа. Ховд аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг 1982 онд төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1982-1987 онуудад ОХУ-ын Свердловск хотын Уралын политехникийн дээд сургуулийг инженер мэргэжлээр төгсөн. Эхнэрийн хамт ******* багийн 1-9 тоотод амьдардаг. Бага наснаасан 10 жилийн сургуульд сурч байхдаа гар бөмбөгийн спорт болон хөнгөн атлетикийн спортоор хичээлдэг байсан, Гар бөмбөгийн Ховд аймгийн шигшээ багт олон жил тоглож амжилт үзүүлсэн, одоо Монгол Услын спортын мастер цолтой. Өөрийн амьдарч байгаа хашаа, гэр бүгд өөрийнх нь хөрөнгө байгаа юм гэх мэдүүлэг/хх-ийн 54-55-рт/, эрч З.Батзаяагийн өгсөн...Бид хоёр ажил мэргэжлээрээ холбогдож танилцаад 6 жил гаруй болж байна. Ш.******* ах маань төлөв дарав зантай хүн болгонтой ярилцдаг, ажил мэргэжилдээ сайн болохоор найз нөхөд олонтой хүн юм аа. Архи согтууруулах ундааны зүйлийг сүүлийг 6 жил гаруй огт хэрэглээгүй бид хоёр хоёр хамт зөндөө олон газраар ажил хэргээр явж байсан архи ууж байхыг нь би хараагүй. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй.10 жилийн 1 дүгээр сургуулийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн, ОХУ-ын Уралын дээд сургуулийг цахилгаан, дулааны инженерээр төгсөн хүн юм аа. Гар бөмбөгийн спортын мастер цолтой, олон амжилт үзүүлж байсан Эхнэр Д.тай нэг охинтойгоо гурвуулаа амьдардаг бусад хүүхдүүд нь тусдаа гарчихсан. Бид хоёр анх танилцахад Мэргэжпийн хяналтын газарт улсын байцаагч ажил хийж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа. Боломжийн амьдралтай гэж би бодож байна. Ш.******* ах гаргасан үйлдлээ ухамсарлаж байгаа тул хөнгөн шийдэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-рт/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг Шаврын тохой гэх нэртэй газарт 49-05 улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчиж улмаар зам тээврийн ослын улмаас хохирогч Ш., Д.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, согтууруулах ундаа хэрэглээгүй, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийн хязгаарлах ялаас чөлөөлөх саналтай. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгчид өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх дүгнэлт гаргаж байна гэв.
Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогч нарт учирсан хохирол төлсөн. Эгчдээ 2 сая төгрөг төлсөн. Эхнэртээ 500000 төгрөг зарцуулсан, эхнэрт нь хүндэвтэр гэмтэл учирсан. Хохирогч Ш.д цаашид гарах бүх зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Хувь хүний хувьд төрийн албанд олон жил ажилласан. Согтууруулах ундлаа хэрэглээгүй. Гэнэт дугуй нь хагарсны улмаас осол гарсан. Зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ш.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д 1 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүлйийн 5-д зааснаар шүүгдэгч Ш.*******д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Ховд аймгаас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарлаж, шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д оногдуулсан 1 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн 2136001510213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ш.*******д өмнө авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д 1 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүлйийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш. *******д эрх бүхий байгуулагын хяналтад өөрийн оршин суух Ховд аймгаас явахгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүлйийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн 2136001510213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ,цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.д 2000000 төгрөг, хохирогч Д.т 500000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******д оногдуулсан 1 сар 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.
7. Шийтггэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ш.*******д өмнө “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА