| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Батзаяа
Хохирогч Н.М
Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Т-д холбогдох 2116001150129 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, Б овгийн С Т.
Шүүгдэгч С.Т нь Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд байх иргэн Б-н гэрт 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар иргэн Н.М-г зодож, түүний биед зүүн талын хацар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, 2 нүдний алимны алины салстын цус харвалт, зүүн шанаа хацарт зөөлөн эдийн няцрал, 4.1, 3.1-р шүдний ганхалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.Т-н Говь-Алтай аймгийн Халиун сумын төвд байх иргэн Б-н гэрт 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар иргэн Н.М-г зодож, түүний биед зүүн талын хацар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, 2 нүдний алимны алины салстын цус харвалт, зүүн шанаа хацарт зөөлөн эдийн няцрал, 4.1, 3.1-р шүдний ганхалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч С.Т гэм буруутай болох нь:
Шүүгдэгч С.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Тухайн өдөр 2 хүнтэй 0.5 граммтай архи хувааж уугаад хуурай ах н.Б-д нэг шил архи аваад очсон. Намайг ороход хуурай ах Б зүүн талын орон дээр архи уугаад тасраад унасан бололтой цаашаа хараад хэвтэж байсан. Н.М ах баруун талд газарт хэвтэж байсан. Ахыг босож ирээд хамт архи уу гээд архиа гаргаж ирээд ширээн дээр тавиад ахыг дуудаад сууж байсан чинь гаднаас манай эхнэр орж ирээд шилтэй архийг булааж аваад гарсан. Тэгээд эхнэрийн араас нь гарах гэж байгаад Н.М ахын хөл дээр унасан. Н.М ах сэрээд магадгүй цочоод өшиглөсөн байх би унаад гараараа газар тулаад босох гэсэн чинь тохой руу өшиглөсөн. Тэгээд тэрнээс болж маргаан үүсээд хэрэлдсэн. Тэгээд Н.М ахыг 2-3 удаа цохисон байх. Хамраас нь цус гоожоод байхаар нь ах айлд цус гоожоод байна гаръя гээд гадаа маргаан үүсээд хэрэлдсэн. Ах арай илүү согтуу байсан болохоор унасан байх. Бид хоёр ноцолдсон. Тэгээд унахаар нь дээр нь гараад дахиад 2-3 удаа цохисон. Тэр хооронд хүмүүс ирээд салгасан. Маргалдаад байж байхад сумын цагдаа ирээд салгаж аваад явсан. Гэртээ очоод хажуу айлдаа ороод унтсан. Маргааш нь үдийн үед Н.М ахын биеийн байдал нь тааруу байгааг сонсоод сум дээр ахтай уулзах гэсэн боловч аймаг явсан байсан. Тэгээд араас нь тухайн үед мотоциклоор ирээд ахаас уучлалт гуйгаад эмнэлэгт үзүүлсэн. 2 хоног эмнэлэг дээр очсон байх. Бүх оношийг нь тогтоолгоод эмчилгээний тал дээр зөвлөгөө авсан боловч эмч нар эмчилгээ хийх шаардлага байхгүй. Бороолуулах, эдгээх тал дээр эм, тан, хурдан цагаан олж авч өг гэсэн. Тухайн үед би Н.М ахад сумаас ирсэн зардал, эмчид үзүүлсэн оношилгооны мөнгийг гаргаж өгсөн. Одоо шүүх хурал дээр хохирогч Н.М ахаас уучлалт гуйж байна. Миний буруу ... Сумаас ирж очих 20,000 төгрөг, эм тарианы мөнгө 30,000 төгрөг, нийт 50,000 төгрөг, компьютер оношилгоонд орох 38,000 төгрөг, эмнэлгийн карт авах 2,000 төгрөг өгсөн... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Н.М-н шүүх хуралдаанд өгсөн “...Эхнэртэйгээ сум дээр ирээд байж байсан чинь манай баз ирээд өмнө жил отроор яваад таараагүй байсан болохоор айлд очиж ганц, нэг шил архи уусан. Гэхдээ тасартлаа уугаагүй. Тэгээд тэнд унтах гээд хэвтэж байсан. Эхнэр дээшээ очоод гэрээ түгжээд ирье гээд явсан. Миний дотор муухай болоод хэвтэж байсан чинь С.Т орж ирээд шууд намайг үг дуугүй гар өчөөд нүүр нүдгүй нүдээд байсан. Сүүлдээ намайг Б-н гэрээс нь чирч гаргаад гэрийн ард талд нь авч очоод өшиглөөд байсан. Тэгээд хажуугаар нь худлаа яриад 2 хүүхдээрээ зодуулна гэсэн гэж байгаа юм. Тэгж худлаа хэлж хүүхэд хэл аманд оруулж хэрэггүй байх. Тийм муухай санаатай байгаа юм. Би хүний өмнөөс гар далайж үзээгүй. Би хүн хэзээ ч цохихгүй. Энэ намайг сая цохисон гэж ярьж байна. Би хэзээ ч цохихгүй. Энэ намайг ална гээд занаж зодсон байгаа юм. Эхнэр салгах гэж ирэхэд нь өчиж шидээд эхнэрийн цээж хөх эрээн болсон. Тонгорч шидээд угаасаа ална гээд байсан ... Эхэндээ бензиний зардалд 50,000 төгрөг өгсөн. Сүүлд тархины оношилгооны 30,000 төгрөг өгсөн байх. Өөр мөнгө өгөөгүй. Тэгээд л энэ хүн ярихаараа ах таны хохирлыг барагдуулж өгнө. Танд 10,000,000 төгрөг өгье. Дүү нь ажилгүй болох гээд байна гээд явж байсан. Манай охин мэдэж байгаа. Намар тийм зүйл яриад л явж байсан тэгээд таг алга болсон ... 2 хоног намайг дагаж эмнэлгээр явж байгаад л алга болсон ... 500,000 гаруй төгрөгийн эм, тариа авсан. Түүнээс гадна ойр зуурын зардал их гардаг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Б.У-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Орой 22 цагийн үед Б ахын гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь гэр лүү нь яваад ортол Т гэх хүн М ахыг зодоод байж байсан. П гэх хүн салгах гээд Тийн гараас татаад хүчрэхгүй байсан... Т М ахыг гэрээс чирээд гаргасан. Тэгээд би хашаанаас гарч гүйгээд Тэгээд би хашаанаас гарч гүйгээд Д эгчийг дуудаж ирсэн юм...Д эгчийг дагуулаад ирэхэд Т гэх хүн М ахыг доороо оруулаад зодоод байж байсан. П гэх залуу салгах гээд дийлэхгүй нэг гар нь хугархай дээш нь сойсон байсан. Тэгээд Д эгч ирж салгаад М ахыг хашаанаас дагуулаад гарсан....” гэсэн мэдүүлэг /ХХ19-20/,
Гэрч Т.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 08 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад гэртээ иртэл тоггүй байсан. Гэрт хүнгүй байхаар нь доод талын хашаанд байх Б гэх айлд ортол манай нөхөр Т, П 2 нэг шилтэй архи ширээн дээр тавьсан уух гээд сууж байсан. Тэгээд би тэр шилтэй архийг нь аваад хагалж хаяна гэж хэлээд гэрээс гарсан. Миний араас П гарч ирээд архиа надаас булааж авах гээд байж байтал гэр дотор хүмүүс чанга дуугаралдаад байхаар нь гэр лүү ортол М-н хамраас цус гарсан Т М 2 ноцолдоод байж байсан. П бид хоёр М, Т хоёрыг салгах гээд дийлэхгүй байсан. Гаднаас У гэх охин орж ирээд бид гурав нийлж байгаад салгаад М гэх хүнийг гэрээс дагуулаад гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ24-25/,
Гэрч Б.П-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 31-ний орой Т бид хоёр дэлгүүрээс нэг шил архи аваад Б гэх айлд орсон юм. Б гэрийн зүүн талын орон дэр унтаж байсан. Баруун орны урд талд манай нутгийн М гэх хүн мөн унтаж байсан. Тэгээд нэг шил архи гаргаж тавиад байж байтал Т-н эхнэр Ц орж ирээд архи дарс уулаа гэж загнаж байгаад ширээн дээр тавьсан байсан нэг шил архийг хагална гээд аваад гарсан. Би ардаас нь дагаж гараад шилтэй архиа булааж аваад байж байтал гэр дотор хүмүүс чанга чанга дугаралдаад байхаар нь гэр лүү ортол Т М-г зодоод байж байсан. Би нэг гар хугархай дээш нь сойсон байсан. Нэг гараараа Т-г салгах гээд дийлэхгүй байсан. Гаднаас бага насны нэг охин орж ирээд хамт салгах гээд дийлэхгүй байсан. Тэгээд М-н хамраас цус гараад тогтохгүй байсан. Гэрийн гадна Т М-г доороо оруулаад хэдэн удаа цохиж авсан...гэр дотор юу болсныг мэдэхгүй байна. Хүмүүс шуугилдаад байхаар нь гэр лүү ортол М-н хамраас цус гарсан байсан. Гэрийн гадна Т М-г доороо оруулаад цохиод байх шиг байсан. Тухайн үед гадаа харанхуй болсон юм сайн үзэгдэхгүй байсан. Гараараа зодсон байх...” гэсэн мэдүүлэг /ХХ27-28/,
Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 306 дугаартай “... 1. Н.М-н биед зүүн талын хацар ясны хугарал, 2 нүдний дээд доод зовхины цус хуралт, 2 нүдний алимны салстын цус харвалт, зүүн шанаа хацарт зөөлөн эдийн няцрал, 4.1, 3.1-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.
3.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтлүүдийг тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой байна.
5. Дээрх гэмтлүүдээс зүүн талын хацар ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ40-41/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Т уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч С.Т-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч С.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Т торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг шүүх хангах боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч С.Т “...зээлээс зээлийн хооронд амьдардаг, дэлгүүрийн зээлийг төлөөд дахиад зээл авдаг..” зэрэг байдлаа шүүх хуралдаан хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд улсын яллагчийн “... шүүгдэгч нь 700,000 (долоон зуун мянга) төгрөгийн цалинтай, өрнөөс өрний хооронд амьдардаг, хохирогчид хохирол төлөх боломжгүй гэж байгаагаас үзэхэд торгох шийтгэл оногдуулах боломжгүй “ гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т хохирол 90,000 (ерэн мянга) төгрөг төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Н.М шүүх хуралдаанд гэм хорын хохиролд 3,000,000 (гурван сая) төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй буюу бичгийн нотлох баримт авагдаагүй байна.
Шүүгдэгч С.Т-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.М-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тухайн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл учир хохирогч Н.М “... Аймаг дээр бараг 20 хоног эмчилгээ хийлгэсэн...” гэж мэдүүлж байгаа болон мөрдөн байцаалтын шатанд Би бараг эмчилгээндээ 500.000-аад мянган төгрөг зарцуулсан, тухайн үед эм тариа, дусал авч хийлгэсэн ба тэр бүх эмчилгээнийхээ зардлын баримтыг авсан байж байгаад хувцсаа угаахдаа мартаж угаагаад устгачихсан юм...” гэж мэдүүлсэн байдлуудыг харьцуулан дүгнэлт хийсний үндсэн дээр гэм хорын хохиролд 500,000 (таван зуун мянга) төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж, түүнээс урьд хохирогчид төлсөн 90,000 (ерэн мянга) төгрөгийг хасаж, шүүгдэгч С.Т-с 410,000 410,000 (дөрвөн зуун арван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.М-д олгож, нотлох баримаар тогтоогдохгүй байгаа буюу хохирогч шүүгдэгч, хохирогч нарын тохиролцсон эсэх нь тодорхойгүй 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.М цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцэхгүй орхисон 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн С-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-г 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан 240 (хоёр зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Т-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-с гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 410,000 (дөрвөн зуун арван мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.М цаашид гарах эмчилгээний зардал болон хэлэлцэхгүй орхисон 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА