Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Ө                                                                          

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Т-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Д аймгийн З сумын .... тоотод оршин суух, Б овогт Д.Т /РД: .../

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 08 сарын 26-ны өдөр “хотод машин үзээд явж байна, гуч, гучин сая төгрөгөөр машин авна, толгой нь гучин сая, чиргүүл нь гучин сая төгрөг болно" гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ч.Б-ээс Хаан банкны ... дугаартай дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Замын-Үүд сумын иргэн Ч.Б гэх хүнээс 15,000,000 төгрөг шилжүүлэн авсан нь үнэн гэхдээ би Ч.Б гэх хүнтэй том тэрэг хамтарч авахаар тохиролцож би том оврын тээврийн хэрэгсэл авахаар Улаанбаатар хот явсан юм. Улаанбаатар хотод очоод миний авах байсан машин нь жаахан эвдрэлтэй байсан учир Замын-Үүд сум руу ачуулахаар тохироод буцаад тэгээд би Дорноговь аймаг руу явсан. Би Дорноговь аймгийн Сайншанд суманд ирэхэд П хочит Н нь найздаа хэдэн төгрөг зээлээч гэж хэлэхээр нь Ч.Б-ээс авсан 15,000,000 төгрөгийг Н-ын гуйснаар Д гэх хүний ... гэсэн Хаан банкны дансанд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлэн утга дээр нь ... гэсэн утгатай гүйлгээг хийсэн. Тэгээд Н нь дахин надаас мөнгө олоод өгөөч гэхээр нь танил эгч болох Б-аас 9,000,000 төгрөг авч Н-д өгсөн тэгтэл Н нь миний өгсөн мөнгийг мөрийтэй тоглож алдсан байсан. Тэгээд өөрт үлдсэн байсан гурван сая ерэн долоон мянган төгрөгийг дахин Н нь өөрийнхөө ... гэсэн данс руу шилжүүлж аваад найз нь Замын-Үүд явлаа очоод ажлаа амжуулаад эргээд мөнгийг чинь өгмөөр байна гэхээр нь би зөвшөөрч мөнгө өгсөн юм. Тухайн үед Ч.Б гэх хүн нь надаас машин яасан авч чадахгүй бол би мөнгөө авмаар байна гээд байхаар Ч.Б-т учраа хэлсэн юм юу гэж хэлсэн бэ гэвэл би чиний өгсөн мөнгийг хүнд зээлүүлсэн байгаа уул нь машинаа Замын-Үүд сум руу явуулсан байгаа гэж хэлсэн чинь Ч.Б нь надаа итгээгүй би мөнгөө авмаар байна гээд дахин дахин утсаар залгаад миний фэсбүүк хаяг руу мөнгөө авах талаар хандаад байсан юм. Би Ч.Б гэх хүнээс авсан мөнгийг нь өөрөө ямар нэгэн байдлаар хувьдаа ашиглаагүй хүнд зээлүүлсэн байсан юм. Би Ч.Б гэх хүнийг урьд нь харж байсан нэг их дотно биш мэнд мэдээд явдаг байсан өөрөөр ямар нэгэн төрөл садангийн хамаарал байхгүй. Би Ч.Б гэх хүнээс өөрийнхөө ... дугаарын хаан банкны дансаар 15,000,000 төгрөг авсан нь үнэн. Г.Д нь манай З сумын ... ажилтай бид хоёр төрөл садангийн холбоо байхгүй харин ажил төрлийн холбоотой хоёулаа ... ажилтай. Би Ч.Б-ээс авсан 15,000,000 төгрөгөөрөө авто машин худалдан авсан зүйл байхгүй найздаа зээлүүлсэн юм. Би авна гэсэн авто машинаа худалдан авч чадаагүй наймаа буцсан. Би Ч.Б гэх хүнээс авсан 15,000,000 төгрөгийг Н-аас авч байж хохирлыг барагдуулна одоохондоо мөнгийг нь өгөөгүй байгаа. “...Өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би болсон асуудлын талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийнхээ талаар үнэн зөв мэдүүлсэн учраас надад нэмж хэлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-ийн 08-09, 131/

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Улаанбаатар хот руу машин авах гэж явсан нь үнэн. Авах машинд засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай байсан учир ахдаа үлдээгээд буцсан. Ажлаасаа 3 хоногийн чөлөө авсан байсан учир олон хоног хотод байх боломжгүй байсан. Хүнээс мөнгө аваад захиран зарцуулах зүйлдээ зарцуулаагүй нь миний буруу. Н намайг цахим тоглоом тоглосон гэж мэдүүлсэн байсан. Би тэр тоглоомыг нь огт тоглож мэдэхгүй. Надаас мөнгө зээлээч 3 хоногийн дараа өгнө гэж Н надаас 15 сая төгрөгийг хүний дансаар шилжүүлж авсан. Н-ыг өөрийнхөө дансыг өг гэхэд авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа учир миний дансаар мөнгө төгрөг орж гарч болохгүй гэж хэлээд өөр хүний данс өгсөн юм. Тэгээд тэр мөнгийг өсгөх гэж тоглож байгаад алдаад дууссан. Б гэх хүнээс 15 сая төгрөгийг аваад машин худалдаж аваагүй, Н-д зээлүүлсэн нь үнэн. Хохиролд 12,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Голомт бизнес төвийн 6 дугаар давхарт байрлах рестораныг түрээслүүлэн ажиллуулдаг юм. Манай рестораны байрлал нь Замын-Үүд сумын сум дундын цагдаагийн хэлтсийн өөдөөс харсан замын хоёр талд байрлалтай байдаг болохоор Д гэж манай багийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч залуу 2021 оны 03 дугаар сард ажлаар орж ирснээс хойш таньдаг болсон. Т гэж хүнийг зүс таньдаг, цагдаагийн алба хаагч гэдгийг нь л мэддэг юм. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Д-тай цагдаагийн хэлтсийнх нь автомашины зогсоол дээр тааралдсан, мэнд ус мэдэлцээд ойр зуурын юм ярьж байгаад би Төрийн банк орж зээл хөөцөлддөг юм билүү гээд явж байна, том ачааны  машин авах санаа байна, урьдчилгаа нь байгаа гэсэн зүйл яриад салцгаасан. Хэсэг хугацааны дараа Д утсаар залгаад өрөөнд ороод ирээч ярих юм байна гэхээр нь би очоогүй, тэгтэл маргааш нь бас над руу залгаад уулзах хэрэг байна гэхээр нь би гараад зогсоол дээр уулзсан. Тэгээд юу болов, яав яах гээд уулзах гээд байгаа юм гэж асуухад Д “Т ах бид хоёр гуч гучин сая төгрөг нийлүүлж хил хооронд зорчдог том машин авах гэсэн чинь миний мөнгө бүтсэнгүй Т ах Улаанбаатар хот руу машинаа авах гээд явсан, машинаа үзээд явж байгаа, миний мөнгө бүтээгүй юм чинь чи бэлэн мөнгөтэй юм бол Т ахтай хамтарчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Т-г би танихгүй шүү дээ гэж хэлсэн”. Тэгээд би нөхөртэйгөө утсаар яриад хэлсэн Д болохоор Т-тай утсаар ярьчихаад Т-ийн дугаарыг надад өгсөн. Удалгүй Т над руу залгаад “чатаар холбогдъё чиний фэйсбүүк юу билээ” гэхээр нь би фэйсбүүк хаягаа хэлэхэд миний фэйсбүүк хаягаар “...” гэсэн фэйсбүүк хаягаас “байна уу? гэж бичээд бид хоёр фэйсбүүкийн чатаар холбогдож хоорондоо захидал бичиж мөн дүрсээ харж ярилцсан. Тэгэхэд Т хотод машин үзээд явж байна надад гуч гучин сая төгрөгөөр машин авна толгой нь гучин сая, чиргүүл нь гучин сая төгрөг болно гэж ярьж тохирсон. Тэр битгий хэл Т би төрийн алба хаагч болохоор болохгүй машиныг чиний нэр дээр шилжүүлнэ, машинаас орж ирэх орлого чиний дансаар орно. Тэгээд орлогоо 50 хувиар нь хувааж авна гэж ярьсан. Би цагдаагийн алба хаагч болохоор олон зүйл асуугаагүй шууд л итгэсэн юм. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Т чатаар Хаан банкны ... тоот дансыг явуулсан. Тэгээд Т фэйсбүүкээр том машины чиргүүлийн зураг явуулаад энэ чиргүүлийг авах гээд байна мөнгө явуул гэхээр би нөхөр рүүгээ 30 сая төгрөг шилжүүлчих гэхэд интернет банкны лимит болохгүй байсан болохоор 15 сая төгрөг шилжүүлсэн. 15 сая төгрөгийг нь ахиад шилжүүлэх гэхээр лимит нь хэтэрсэн гэсэн учраас шилжүүлж чадаагүй. Т утсаар яриад хорин хоёрын товчоо руу явж байна. 1 дүгээр хороололд явж байна гэж яриад зургаа явуулж байсан. Мөнгө шилжүүлсний дараа чиргүүлээ авчихлаа гэж Т хэлсэн тэгэхээр нь толгойдоо таардаг юм уу гэхэд тийм юм юу гэж байхав дээ гэсэн. Тэгэхээр нь орой 22 цагийн орчим би чатаар холбогдоход бэлэн мөнгөтэй хүнд зарагдчихлаа наагуураа асуугаарай энд чиргүүл олдохгүй байна гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Т холбоо барихгүй болохоор нь би юу болж байна гээд чат бичхэд хоёр хүнтэй уулзсан, эзэн нь хөдөө явсан байна маргааш хариу өгье гэсэн. Тэгэхээр нь маргааш нь би чатаар нь байна уу гэж асуухад хариу өгөөгүй. Т надтай холбоо барихгүй болохоор нь итгэл алдаад 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр би Т-ийн чатаар 15 сая төгрөгөө буцаагаад хийчих үү гэж бичсэн чинь хариу өгөөгүй. Тэгснээ 08 дугаар сарын 30-ны өдөр Т надтай чат бичээд найз нь Шандад байна хот руу гарлаа, машиныхаа толгойг аваад ирсэн, Толгойгоо Шаргын овоо руу явууллаа, түүний цагдаад хэлье чи тосож аваад өөрийнхөө нэр рүү шилжүүлж байгаарай гэсэн. Тэгээд 15 сая төгрөгөө хийх үү гэхээр нь би хийнэ, Чиргүүл бэлэн байгаа юм уу гэхэд хүнтэй ярьсан. Хийх үү тэгвэл би хот руу гарлаа гэсэн. Тэгэхээр нь би машины толгойг ирсний дараа үлдэгдэл 15 сая төгрөгөө шилжүүлье гэж бодоод мөнгө өгөөгүй байсан. Ингээд орой 16 цагийн орчим нөгөө машины толгойг унаж яваа жолоочийнхоо дугаарыг өгчих гэсэн чинь ... гэсэн дугаар өгөхөөр нь би залгаж үзэхэд ашиглалтанд байхгүй дугаар байсан. Тэгэхээр нь би ашиглалтанд байхгүй дугаар байна гэхэд Т би асууя Налайх орж явна гэж хэлсэн. Тэгээд машины толгой нь ирээгүй учраас зургийг нь явуул гэхэд Т дансаа явуулчих, итгэхгүй байгаа бол мөнгийг чинь хийе гэсэн тэгэхээр нь дансаа явуулсан боловч мөнгө хийгээгүй. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Т худлаа болохыг нь мэдээд машины тухай яриагүй мөнгө буцааж авъя гэж удаа дараа гуйхад завгүй байна, хотоос шалгалт ирсэн, шинжилгээ өгч байна гэх зэргээр худлаа яриад яваад байсан. Миний мөнгийг хийгээч гэхээр П гэх хүнд зээлүүлсэн тухай хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэсэн. Д, Т нар нь хоёулаа л төрийн тусгай алба хаагчид учраас хэлсэн үгэнд нь итгээд надад залилчихна гэж бодоогүй учраас мөнгө шилжүүлж өгсөн. Гэтэл миний итгэлийг эвдээд намайг хуурч залилсан байна. Өдөр бүр тэгэх гэж байна, ингэх гэж гэж худлаа яриад итгэл төрүүлээд яваад байсан. Т-д мөнгө шилжүүлснээс хойш Д дээр очиж уулзаад за чамд итгээд мөнгө шилжүүлсэн шүү, чи хэр итгэж байна гэхэд Д би Т ахад 80 хувь итгэж байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь ямар нэгэн юм болвол чи л зуучилсан шүү гэж сануулж хэлж байсан. Тэгэхээр Д намайг мөнгө өгснийг бол сайн мэдэж байгаа. Тийм ч учраас Т-г мөнгө өгөхгүй холбогдохгүй болчихоор нь Д дээр орж Т чинь алга болчихлоо өргөдөл өгөх гэж байна гэж хэлсэн. Б.Б нь миний нөхөр бөгөөд тухайн үед Б-ийн дансанд байсан болохоор би тэр данснаас нь шилжүүлүүлсэн юм. Энэ мөнгө нь Б бид хоёрын гэр бүлийн хэрэгцээний мөнгө бөгөөд би Т-тай харьцаж мөнгө шилжүүлж өгсөн болохоор би хохирогчоор оролцоно. Би Т-д өгсөн 15 сая төгрөгөө нэхэмжилж байна. Миний өгсөн мөнгөнөөс нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй байгаа. Гомдолтой байна. Т нь ачааны машин хамтарч авна гэж хэлж авсан 15 сая төгрөгийг юунд зарцуулсан талаар би мэдэхгүй байна. Ямар машин болон машины чиргүүл аваагүй, авах гэж байна гэж зургийг нь харуулсан. Сүүлд сонсоход миний мөнгийг хүнд зээлүүлчихсэн тухай надад хэлсэн. Би өргөдөл өгөхдөө Т-тай фэйсбүүкээр харьцсан чатууд, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэрэг баримтуудыг өгсөн  гэжээ. /хх-ийн 50-51/

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай ажлын ах Т надад хандаж хоёулаа ачааны авто машин авах уу гэж асуухад нь би тэгье гэж хэлээд маргааш нь банк орж зээл хөөцөлдөх гээд ортол надад зээл сайн гарахгүй 2-3 сая төгрөгний зээл гарахаар байна гэхээр нь би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажлын ах Т-тай уулзаж байгаад надад зээл хангалттай гарахгүй юм байна би хамтарч чадахгүй болчихсон гэж хэлэхэд Т ах чи Голомт банкны дээр үйл ажиллагаа явуулдаг Аярис пабын эзэн Б гэх эмэгтэйг таньдаг биз дээ ахтайгаа холбоод өгчих гэсний дараа би Б-тэй ганцаарчлан уулзаж өмнө хоёулаа ачааны авто машин авах талаар ярьж байсныг санаж байна уу, авах хэвээрээ байгаа юу гэж асуухад хэвээрээ байгаа шүү дээ авах гэж хэлэхэд нь би, би нэг ажлынхаа ахтай хамтрах гэж байсан юм аа тэгсэн миний зээл сайн гарахгүй юм байна тэгээд больчихсон чи тэр хүнтэй хамтарч болно шүү гэж хэлэхэд за би өөртэй нь холбогдоод үзье гэж хэлэхэд нь Т ахын утасных нь дугаарыг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Б өөрийн ... дугаарын утсаар залгаж би Т-тай хамтрахаар болсон Т Улаанбаатар хотод очиж машинаа үзэхээр явсан байгаа гэж хэлсэн хэдэн төгрөгөөр нийлж ачааны авто машин авч байгаа талаар огт хэлээгүй, тэр хоёр яг юу ярьж, хоорондоо тохиролцсоныг би сайн мэдэхгүй тэр талаар надад юуг ч яриагүй. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын эхээр Б өөрийн ... дугаарын утсаар миний ... дугаарын утас руу залгаад танай Т ах чинь хаана байна одоо болтол машинаа авч ирээгүй байна, одоо утсаа авахаа байсан намайг залилж байгаа юм уу үгүй биз дээ гэж хэлэхэд нь би Т ахын ... дугаарын утсаар нь холбогдож юу болсон талаар асуухад авах гэж байсан машиныг хүнээр үзүүлэхэд эвдэрхий машин байсан болохоор нь больчихоод байж байна гэж хэлэхэд би та Б-тэй яагаад холбогдохгүй байгаа юм гэж асуухад саяхан утсаар ярьсан гэж хэлсэн, анхнаасаа энэ хоёр хэдэн төгрөг өгөлцөж авалцаж байгааг нь би мэдээгүй болохоор энэ асуудалд нь оролцохыг хүсээгүй. Би Ч.Б гэх хүнийг танина, ямар нэгэн төрөл садангийн хамаарал байхгүй. Би Ч.Б гэх хүнээс урьд өмнө нь болон тухайн үед ямар нэгэн байдлаар дансаар болон бэлнээр мөнгө авч байгаагүй. Надад тийм мөнгө авах шалтгаан гараагүй харин Д.Т нь Б гэх хүнээс 15.000.000 төгрөг авсан байсан би тэр хоёрыг хоорондоо юу гэж ярилцаж тохиролцсоныг мэдэхгүй, би тэр хоёрыг хүчээр танилцуулаагүй. Би Б-т Т-д мөнгө өг гэж шахаж шаардсан зүйл байхгүй тэр хоёр өөрсдөө тохиролцсон байсан. Энэ хэрэгт ямар нэгэн байдлаар Б-т дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй, энэ хэрэгт холбоогүй учир үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Би Т-тай том оврын тээврийн хэрэгсэл хамтарч авахаар ярилцаж байсан гэхдээ Д.Т нь надад энэ саналыг тавьж байсан. Би өөрөө мөнгө байхгүй байсан учир цалингийн зээл авахаар банктай очиж уулзахад надад цалингийн зээл гарах боломжгүй гэсэн учир би Т-д надад мөнгө олдохгүй байна, зээл гарахгүй учраа хэлтэл Т нь чиний танил Ч.Б-тэй намайг холбоод өгчих гэсний дагуу тэр хоёрыг утсаар холбогдуулсан, өөрөө ямар нэгэн байдлаар шахаж шаардсан зүйлгүй тэр хоёр өөрсдөө тохиролцсон байсан. Би мэдэхгүй байна. Т нь Б-ээс авсан 15.000.000 төгрөгөөр мөрийтэй тоглож үрсэн байсан. Би Т-г ийм үйлдэл хийж байгааг мэдээгүй, том тэрэг авна гэж төөрөгдөлд оруулж намайг хуурсан байсан. Миний ярьсан зүйлс бүгд үнэн гэхдээ би Д гэх хүний ... гэсэн дугаарын дансыг огт мэдэхгүй Н-ын дансны хуулгыг авч үзэхэд нотлогдох байх аа гэжээ.  /хх-ийн 12-13, 136-137/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Эхнэр бид хоёр ачааны том машин худалдаж аваад ачаа зөөх юм бол ашигтай байдаг юм байна гэдэг талаар хоорондоо ярилцаж байсан. Намайг мөнгө шилжүүлэхээс 1-2 хоногийн өмнө манай эхнэр Б надад хэлэхдээ Д гэж цагдаа Т гэж цагдааг машин авах гэж байгаа юм байна хамтрах юм уу, хотод машин үзээд явж байна гэнэ ээ гэсэн. Тэгээд Т-тай манай эхнэр холбогдоод ярилцсан юм байна лээ, би тэр хүмүүстэй нь яриагүй болохоор болсон асуудлуудыг эхнэрээс л сонссон. Т гэж хүн нь хотод машин үзээд явж байна мөнгө шилжүүл гээд эхнэрийг яаруулсан юм байна лээ тэгтэл эхнэр над руу яриад намайг 30 сая төгрөг Т гэж хүний дансанд шилжүүлчих гэсэн тэгэхээр нь би 30 сая төгрөг шилжүүлэх гэсэн чинь миний интернет банкны өдрийн лимит хэтэрсэн гээд 15 сая төгрөг л шилжсэн юм. Т манай эхнэртэй ярихдаа гуч гучин сая төгрөгөөр нийлээд ачааны том оврын чиргүүлтэй машин худалдаж аваад тээвэрт явуулаад ашгаа хувааж авъя гэж ярьсан юм билээ. Т нь нэг бол Замын-Үүд рүү машинаа авч ирэх гэж байна гэж яриад нэг бол өөрөө Замын-үүдэд байна гэж яриад өөр өөр юм яриад худлаа яриад байх шиг байсан болохоор эхнэр бид хоёр хэд хоног харсан чинь ямар ч шийдгүй, машин авчихсан ч юм шиг аваагүй ч юм шиг байсан болохоор эхнэр бид хоёр Т дээр очиж уулзахад ярьж байгаа зүйлүүд нь хоорондоо зөрөөд худлаа яриад байх шиг байсан. Тэгээд манай эхнэр нэг бол мөнгө авъя нэг бол машинаа харъя гэхэд Т нь өдөр хоног аргацаах маягтай юм яриад байсан. Т-тай хамтарч машин худалдаж авах талаар эхнэр л яриад байсан юм. Би Дорноговь аймгийн Замын Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ байхдаа интернет банкаар шилжүүлж өгсөн. Эхнэртэйгээ утсаар холбогдоод шилжүүлсэн юм. Д-ыг танина. Т гэж хүнийг зүс таних төдий л таньдаг юм. Д нь Т-г том оврын ачааны машин авах гэж байгаа юм байна хамтрах юм уу гэж манай эхнэрт хэлж холбож өгсөн юм билээ. Түүнээс яг мөнгө төгрөг шилжүүлэх, авч өгөлцөхөд бол хамааралгүй Т-тай яриад л шилжүүлсэн юм. Т нь цагдаагийн алба хаагч учраас итгэсэн юм. Миний данснаас шилжүүлсэн 15 сая төгрөг нь эхнэр бид хоёрын гэр бүлийн хэрэгцээний мөнгө болохоор манай эхнэр энэ хэрэгт хохирогчоор оролцоно. Миний хувьд ажилтай учраас хохирогчоор оролцох боломжгүй юм. Дансны гүйлгээний хуулга гаргаж өгсөн байгаа гэжээ.  /хх-ийн 57/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Хамрын хийд орчихоод маргааш нь жаахан архи ууж байгаад 2021 оны 08 дугаар сарын 29-ний орой Т-ийн гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Т хөгшин чинь хүнтэй нийлж ачааны машины толгой авах гээд байгаа юм. Одоо 15 сая төгрөг байна. Энийг 30 сая төгрөг болгочихмоор байна. Чиний цахим тоглоомын хаяг руу мөнгө хийж тоглоё гэсэн. Надад цахим тоглоомын ... гэж нээсэн хаяг байсан юм. Тэгэхээр нь “би Т хандаж алдчихвал хэцүү шүү дээ, эрсдэлтэй шүү дээ” гэж хэлэхэд “ёндоорно оо хөгшөөн” гэж хэлээд Т өөрөө тухайн үед нээсэн байсан ... гэсэн тоглоомын хаяг дээр байсан данс руу мөнгөө шилжүүлээд надтай хамт сууж байгаад рулет Тоглоод мөнгө алдсан. Тухайн тоглоомыг бид хоёр нийлээд л хамт сууж байгаад санаа оноогоо ярилцаад одоо тэр дээр дар, энэ дээр дар гэж зөвлөлдөж тоглоод л алдсан. Миний хувьд Т-д мөнгө байгаа гэдгийг мэдээгүй байхад өөрөө л надад 15 сая төгрөг байна, машины толгой авах гэсэн юм 30 болгоно гэж хэлсэн. Тухайн мөнгө нь ямар учиртай мөнгө болохыг би мэдээгүй байсан. Эрсдэлтэй гэдгийг нь хэлсэн боловч өөрөө ёндоорно оо гэж хэлээд тоглосон. ... гэсэн бүртгүүлсэн хаягаар нэвтрэхээр дансууд байдаг тэр данс руу нь мөнгө шилжүүлэхээр цаанаасаа автоматаар цэнэглэгддэг. Тухайн үед тоглоход байсан данс нь ... тоот данс байсан болохоор тэр данс руу интернэт банкаараа мөнгөө шилжүүлээд тоглосон. Тэгээд хамгийн сүүлд интернет банкаар мөнгө шилжүүлэх өдрийнх нь лимит нь дуусчихлаа гээд Т Хаан банкны АТМ дээр очиж миний ... тоот дансанд 3 сая төгрөг шилжүүлээд би тэр мөнгийг нь цааш нь тоглоомын дансанд шилжүүлээд тоглосон юм. Тийм асуудал байхгүй. Т өөрөө л мөнгө байна тоглож өсгөнө гэсэн. Тийм зүйл огт байхгүй. Т худлаа ярьж байна. Тэр ч битгий хэл надаас мөнгө авах гэж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаад гомдол гаргасан байсан. Би бүх зүйлийг үнэнээр нь мэдүүлсэн байгаа. Надад хаанаас мөнгө авсан талаараа яриагүй. 15 сая төгрөг байна. 30 сая болгоно л гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 59-60/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Шүүгдэгчийн иргэний мэдээлэл, захиргааны хэрэгт холбогдож байсан тухай мэдээлэл /хх-ийн 33-37/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 78-79, 84, 87-91, 110-123/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2120001020125 дугаартай тогтоол /хх-ийн 125-127/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 138/

Хохирогч Ч.Б-ийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 139/

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-ийн 140/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 08 сарын 26-ны өдөр “хотод машин үзээд явж байна, гуч, гучин сая төгрөгөөр машин авна, толгой нь гучин сая, чиргүүл нь гучин сая төгрөг болно" гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ч.Б-ээс Хаан банкны ... дугаартай дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүүлэг /хх-ийн 50-51/, гэрч Г.Д-ын /хх-ийн 12-13/, гэрч Б.Б-ийн /хх-ийн 57/, гэрч Б.Н-ын /хх-ийн 59-60/ өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Т-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16-17/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 21-31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ч.Б-ээс Хаан банкны ... дугаартай дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзнэ. Шүүгдэгч нь залилах үйлдлийг хийхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрөөр хэлбэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн...” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрөө барагдуулсан, гомдолгүй болгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл болгон үзээд торгуулийн ял оногдуулсан болно. Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.Б