| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2018/0034/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 23
Ш.Чо-, Б.Ба- нарт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.Одонтуяа Шүүгдэгч Ш.Чо- Б.Ба- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Ба-ийн давж заалдсан гомдлоор Ш.Чо-, Б.Ба- нарт холбогдох 1823000280028 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Отгон сумын Хужирт баг 1- 12 тоотод оршин суудаг, урьд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын 12 дугаар шүүхийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Бариач овгийн Ша-ын Чо-. Регистрийн дугаар: /ИЙ********/,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, Отгон сумын Иргэдийн хурлын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Отгон сумын Хужирт баг 2-20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ихзүүн овгийн Бат-Ю-гийн Ба-. Регистрийн дугаар: /ИЙ********/
Шүүгдэгч Б.Ба- нь иргэн Ш.Чо-ын зүүн гарын булчингийн хэсэг, зүүн хавирган тус газар хутгаар хатгасан, шилэн хүзүү орчим хүрзээр нэг удаа цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах, шүүгдэгч Ш.Чо- нь иргэн Б.Ба-ийн толгойн тус газар нь чулуугаар нэг удаа цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Их зүүн овгийн Бат-Ю-гийн Ба-, Бариач овгийн Ша-ын Чо- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Ба-, Ш.Чо- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ба-, Ш.Чо- нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.20 см урттай модон иштэй төмөр толгойтой хүрз 1 ширхэгийг Б.Ба-өд буцаан олгож, 1 кг 560 гр байгалийн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Ба-, Ш.Чо- нарт 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Чо-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 400000 төгрөгний үнэ бүхий “Samsung galaxy s6” маркийн гар утас, шүүгдэгч Б.Ба-ийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 400000 төгрөгний үнэ бүхий “Samsung galaxy е5” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Б.Ба- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Б.Ба- нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ”...учир нь хохирогч Ш.Чо-ыг хутгаар хатгасныг гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд “Ба- Ш.Чо-ын урдаас нь хутга бариад зүүн талын гар, зүүн талын хавирга руу нь 2 удаа хатгасан юм...” гэж шууд заан мэдүүлсэн мэдүүлэг нотолдог бөгөөд гэрчийн энэ мэдүүлгийг хохирогчийн мэдүүлэг давхар нотолж байна...” гэж гэрч Ц.Бат-Эрдэнийн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл гэрч Ц.Бат-Эрдэнэ нь бичиг үсэг мэдэхгүй хүн бөгөөд гэрчээр мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.3 –т заасан заалтыг зөрчиж буюу өмгөөлөгч оролцуулалгүйгээр гэрчийн мэдүүлэг авч/Бат-Эрдэнээс 2 удаа мэдүүлэг авсан/ бөгөөд мэдүүлгийг багийн даргаар уншуулан гарын үсэг зуруулсан байгаа. Тэгэхдээ эхлээд мэдүүлэг авахад хүрзээр шүргээд өнгөрсөн гэж өгсөн бол дараа нь авахдаа толгой руу нь цохьсон гэсэн мэдүүлгийг уншсан багийн дарга нотлох болно. Тухайн үед 3-4 залуу хамт байсан байтал ганц Ц.Бат-Эрдэнэ хутгалсан гэсэн мэдүүлэг өгсөн нь Ш.Чо- нөлөөлсөн байж болох хардлагыг төрүүлж байна/. Хуулийг ноцтой зөрчсөн байхад шүүх үүнийг нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэх хангалттай үндэслэл байна. 2. Тухайн хэрэг гарсан өдөр эмч Бат-Оргил Ш.Чо- бид хоёрыг хоёуланг үзсэн бөгөөд Ш.Чо-д оёдол тавиагүй, тавих шаардлагагүй байсан тухай тодорхойлолт гаргасан. Ш.Чо- нь эмнэлэгт огт очоогүй гэдгийг тэр өдрийн эмнэлгийн жижүүр сувилагч, эмч нар нотолж байхад багийн эмч /Д.Эрдэнэ-Очироор / хөдөө энэ хэрэг болоогүй тул сумын төв дээр оёдол тавих шаардлагатай бол эмнэлэгт тавиулах ёстой, тэр өдрийн сувилагчаас оёдол тавих хэрэгсэл аваагүй, гэмт хэрэг болсон тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтан заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байсан гээд олон зүйлүүд байгаа/ гадуур оёдол тавиулсан гэж хамтран худлаа ярьж намайг гүжирдэж байна. Энэхүү байдлаас болж би оёдол тавиулах хэмжээнд хүн хутгалсан хэрэгт орж улмаар ард иргэд хүртэл /зэргэлдээх сумд хүртэл/ ярьж байгаа нь миний нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл гэж үзэн үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Миний толгойг хагалсаны улмаас цус ихээр гарч эмч дуудсан бөгөөд эмчийг ирэхэд цус тогтоогүй байсан. Эмнэлэгт очиход шалан дээр цус тунаад сувилагч арчиж харагдсан. 2 оёдол тавиулах шаардлагатайг эмч Бат-Оргил хэлсэн боловч би өвдөх байх гээд тавиулаагүй. Толгой эргээд байсан тул эмнэлэгт шингэн хийлгүүлсэн. Ийм байдалтай байхад миний толгойноос “цус гарсан бололтой байсан” гэж мэдүүлэгт бичсэн нь худлаа байна. Би шүүх шинжилгээний эмчийн Ш.Чо-ын талаар хийсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж бичиж өгч байсан. Шүүх хурал болсон өдөр Ш.Чо-ыг хутгалуулж оёдол тавиулсан гээд оёдол үзүүлсэн тул хурлын завсарлагаанаар сум руу ярьж эмчээс тодорхойлолтыг гаргуулсаныг хавсаргалаа. Оёдол тавьсан гэх багийн эмч Эрдэнэ-Очир/Ш.Чо-тай нэг ангийн хүүхэд/ нь албан тушаалаа ашиглан хүнийг гүжирдсэнд гомдолтой байна. 3. Сумын цагдаагийн хэсгийн дарга Ч.Ганбаатар нь Ш.Чо-тай хамтран надад хийгээгүй хэргийг үүрүүлж, албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Үүнийг нотлох дараах зүйлүүд байна. Үүнд: а. Хэрэг болсоноос 10-аад хоногийн дараа аймгийн төвд болсон сургалтад суугаад буцах замд Цагаанчулут сумд урд сумдын цагдаа нартай таарахад Ганбаатар нь согтуу над руу дайрч чамайг Ш.Чо-тай адилхан ялтан болгоно. Танай эхнэр өвөл дарга нар ирэхэд матьсан гэж хэлж байсан. /манай гэр бүлийн хүн өвөл цагдаагийнхан тайлан тавьж ирэхэд Ганбаатарыг малын хулгай илрүүлэхгүй байна. Ихэнхдээ байхгүй байдаг гэдэг санааг хэлсэн/ Намайг энэ үйлдлээ утсанд бичлэг хийсэн байж магадгүй гэж хардан Шилүүстэй сумын цагдаагаар утас хүртэл нэгжүүлсэн. Ш.Чо- согтуу манайд орж ирсэн өдөр цагдаа нар байгаагүйгээс би ийм байдалд хүрсэн. Би сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн даргын хувьд хүүхдээ болон сумын иргэдээ хамгаалах үүднээс Ш.Чо-ын өөдөөс эсэргүүцсэн. Ч.Ганбаатар намайг зугтаах ёстой байсан гэж хэлж байсан. Надад иргэн хүний хувьд, төрийн албан хаагчийн хувьд тийм хувиа бодсон чанар байхгүй учраас би нэг удаа хальт цохисоноо хүлээж байгаа. Цагдаа нар луу согтуу хүн дайрвал тэд зугтаагаад эсвэл зодуулаад байж байх уу. Надад цагдаа нар шиг зэвсэг байхгүй тул ойр байсан хүрзийг барьсан. Би тэр хүнийг цохиод гэмтээе гэсэн зорилго байсан бол нэг удаа бус хэд хэд цохих боломж байсан ч толгой дээгүүрээ эргүүлсэн гэдгийг тэнд байсан хүмүүс гэрчилж байгаа. Камерт ч байгаа. b. Энэ хэрэг нь сумын ЗДТГ-аас 100-д метр газар өдөр хашаанд болсон тул ЗДТГ-ын хажуугийн камерт бичигдсэн байсан. Би бичлэг хийсэн тул үнэн бодитоор шийдвэрлэх боломжтой гэж бодож байна. Ч.Ганбаатараас бичлэг хийсэн биздээ гэхэд 14 хоног болоод устгадаг, би хадгалж чадахгүй гэхэд нь тэгвэл утсандаа ч болтугай бичээд авах уу гээд утсаар бичлэг хийсэн нь бүдэг байгаа. Камертаа бол тод байсан. Эндээс харахад намайг буруутан болгохын тулд Ш.Чо-ын камерын бичлэгийг устгасан. Тэгээд гэрт камер байхгүй тул хутгалсан гэж гүжирдүүлсэн. Би оёдол тавиулах хэмжээнд хутгалсан бол ядаж тэнд байсан хүмүүс хутгыг нь хардаггүй юм бол цус гоожихыг нь хармаар юм. Анхан шатны шүүхээр бичлэгийн дүрс нь шаардлага хангахгүй, хүмүүс нь хэн болох нь тодорхой танигдахгүй гэсэн байгаа ч, машин унаад ирж байгаа нь тодорхой байгаа. Надад хутгалуулаад толгой руугаа цохиулаад гэмтсэн юм бол эмнэлэгт очихгүй, гэртээ харихгүй тэр даруйд/2цагийн дотор/ дахин, дахин манайд ирж хүүхэд айлгаж, Ихбаярынд орж хоол нэхэж явсаныг манай айлын хүмүүс болон бичлэгт харагдаж байгаа. c. Мэдүүлэг авахдаа Ш.Чо-ын талд мэдүүлэг өгөх Ц.Бат -Эрдэнэ, С.Отгонжаргал нараас авсан, бусдаас нь авахгүй байсан тул би хэлж байж авахуулсан. Гэрч болох А.Ихбаяраас мэдүүлэг авахдаа Ш.Чо-ын үйлдлийг зөөллөж хацрыг хальт алгадсан, намайг зогс гэхэд яагаад зогссонгүй вэ? гэх мэтээр худлаа бичсэн байсан. А.Ихбаярын мэдүүлгийг надад уншуулсан тул би А.Ихбаяраас чи яагаад худлаа хэлсэн юм бэ гэхэд би ерөөсөө тэгээгүй гэж байгаа. Энэ өдөр Ш.Чо- нь эхлээд А.Ихбаярыг цохиж чихийг нь сэтлэж, цус гоожсон байсан гэдгийг тэнд байсан бүх хүн мэдэж байхад бичээгүй, А.Ихбаяр нь Ч.Ганбаатарт 15 хоногийн дараа мэдүүлэг өгөхдөө миний чих одоо болтол ийм байна гээд үзүүлсэн гээд байгаа. Гэтэл энэ талаар нэг ч үг байхгүй, гарын үсэг зуруулсан. А.Ихбаярыг уншаад гарын үсгээ зур гэхээр нь арай ч тийм худлаа зүйл бичээгүй байлгүй гэж бодоод уншилгүй гарын үсэг зурсан. Тухайн үед байсан ганц эмэгтэй болох Алтанцэцэгээс мэдүүлэг аваад унш гэж хэлэлгүй гарын үсгээ зур гээд зуруулсан зэргээс харахад Ч.Ганбаатар хууль бус зүйлүүд хийснийг тэд гэрчлэх болно. Энэ гэрчүүдээс дахин мэдүүлэг авах хүсэлтэй байна. d. Чо- нь тэр өдөр архи уусан, машин барьж явсаныг бүх гэрчүүд мэдэж байхад Ганбаатар ямар нэг арга хэмжээ аваагүй. Одоо ч хүний өөрийн машин унаад явж байна. Хөдөөний малчин хүнийг малгайгүй мотоцикл уналаа гээд 200.000 төгрөгөөр торгох хуудас бичиж өгчихөөд, согтуу жолооч машин бариад гэмт хэрэг үйлдээд явахад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа зэргээс харахад хоорондоо ихээхэн ашиг сонирхолтой гэж бодож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг үндэслэн, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.Ба- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болсон процессын тухай ярихыг хүсч байна. Тухайн болсон явдлын мэдүүлэг зөрүүтэй байна. Хэрэг болсон өдөр би гэртээ 02 настай хүүхэдтэйгээ байсан. Манай айлын залуу намайг машин унаад өгөөч гэсэн. Тэгээд унаад явж байхад Ш.Чо- таараад зогс гэхээр зогсолгүй явсан гээд манай айлын залууг Ш.Чо- зодоод чихийг нь ханз татаад цус нөцтэй нь холчихоод манай гэрт орж ирсэн, тэр үед нь би эрүүл байсан. Мэдүүлэг дээр тэс өөр гэрчийн мэдүүлэг авсан байсан. Ц.Бат-Эрдэнэ, А.Ихбаяр гэдэг 2 залуу надтай хамт явсан гэтэл мэдүүлэг авахдаа Цагдаагийн хэсгийн дарга Ч.Ганбаатар ямар ч бичиг, үсгийн чадвар байхгүй хүний өгсөн мэдүүлгээр энэ асуудлыг шийдвэрлэсэн. Ш.Чо- сумын их эмчид очиж үзүүлсэн, ямар нэгэн оёдол тавиулсан зүйл байгаагүй. Энэ залуу шүүх хуралдааны тамхимд намайг хутгалчихсан гэж үзүүлж байсан. Ингэж намайг гүтгэж байгаа оёдол тавьсан гэж байгаа залуу нь би оёдол тавьсан, одоо ч тавина гэж надад гудамжинд тааралдаад хэлж байсан. Ч.Ганбаатар гэж мөрдөгч надтай Цагаанчулуут сумд тааралдаад хэлж байсан. Чи манай газрын дарга руу ярьсан, цагдаагийн газраас манай сумд тайлан тавихаар очиход манай гэр бүлийн хүн босоод, манай цагдаагийн хэсгийнхэн ажлаа хийхгүй, хулгайч нартаа нийлээд хэрэг илрүүлэхгүй байна гэж танай эхнэр хэлж байсан. Цагдаагийн хэсгийн дарга Ч.Ганбаатар чамайг ялтан болгоно гэж хэлж байсан. Энэ бол гэрчтэй ийм зүйл учраас миний эсрэг хэрэг бүрдүүлсэн юм. Намайг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулах гэж байхад 8-9 хүн орж ирээд намайг ялтан болсон учраас, намайг ажлаа өг гэсэн би хурлын дэгд ийм зүйл байхгүй хурлын дараа бол гэсэн, бүр болохгүй болохоор нь хурлын дэгээ зөрчиж санал хураалгасан намайг ийм байдалд хүртэл хүргэсэн. Манай хурлын төлөөлөгч нар энэ асуудал хамаагүй гээд ажил хийх боломжоор хангасан. Тийм учраас миний бие давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах нь зүйтэй юм байна гэж гомдол гаргасан гэв. Шүүгдэгч Ш.Чо- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ба- нь намайг гүжирдэж худлаа ярьж байна. Түүний худлаа ярьж байгаа нь хэрээс хэтэрч байна. Оёдол тавьсан залуу манай найз байгаа, манай Эрдэнэ-Очир оёдол тавиулчихаа цэвэрхэн эдгэдэг юм гэхээр нь би оёдол тавиулсан. Энэ талаар худлаа яриад байх шаардлага байхгүй, бүх хүмүүсийг худлаа ярьж өөрийг нь гүтгэлээ гэж байгааг ойлгохгүй байна гэв. Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Б.Ба-, Ш.Чо- нарт холбогдох эрүүгийн 1823000280028 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Ба- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн 2-20 тоот хашаанд иргэн Ш.Чо-ийн зүүн гарын булчингийн хэсэг, хавирган тус газар хутгаар хатгасан, шилэн хүзүү орчим хүрзээр нэг удаа хатгаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Чо- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн 2-20 тоот хашаанд иргэн Б.Ба-ийн толгойн тус газар чулуугаар нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Б.Ба-, Ш.Чо-, гэрч Батзаяа, Ц.Бат-Эрдэнэ, А.Ихбаяр, Б.Алтанцэцэг, Ш.Пүрэвбаатар, Таравчимбуу нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтүүд, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 352 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтууд зэргээр нотлогдож байна. Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ыг анхан шатны шүүх хурал дээр үзэж байсан. Түүнийг эд мөрийн баримтаар хавсаргасан байгаа. Б.Ба- нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Ц.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлгийг үндэслэлгүй. Ш.Чо- бид 2-ыг Оргил эмч үзсэн байдаг. Ц.Бат-Эрдэнэ гэдэг бичиг, үсэг мэдэхгүй хүнээс өмгөөлөгч оролцуулахгүйгээр мэдүүлэг авч хууль зөрчсөн байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байна. Б.Ба- нь анхан шатны шүүх хуралдаан дээр би халбага биш сэрээ авч шидсэн гэсэн зүйлийг ярьж байснаа, би бүүр Ш.Чо-ыг гэмтээгээгүй, хальт 1 удаа хүрзээр цохисон гэж мэдүүлгээ янз бүрээр өөрчилж мэдүүлэг өгч байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхйи байх хуулийн шаардлагыг хангаж чаджээ. Шүүгдэгч Б.Ба- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн 2-20 тоот хашаанд иргэн Ш.Чо-ын зүүн гарын булчингийн хэсэг, зүүн хавирган тус газар хутгаар хатгасан, шилэн хүзүү орчим хүрзээр цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” хэргийг, Шүүгдэгч Ш.Чо- нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн 2-20 тоот хашаанд иргэн Б.Ба-ийн толгойн тус газар нь чулуугаар 1 удаа цохиж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Б.Ба-, Ш.Чо-, гэрч Ц.Бат-Эрдэнэ, А.Ихбаяр, Б.Бат-Оргил, шүүхийн шинжилгээний албаны хохирогч Б.Ба-ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 201820067 дугаартай, мөн шүүх шинжилгээний албаны хохирогч Ш.Чо-ын биед гэмтлийн зэрэг тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 201820073 дугаартай, мөн хохирогч Ш.Чо-ын биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 452 дугаартай шинжээчдийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, ял тохирсон хүндэдээгүй байна. Шүүгдэгч Б.Ба- нь давж заалдсан гомдолдоо...миний хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ бичиг үсэг мэдэхгүй гэрч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмыг ноцтой зөрчсөн мөн хэрэгт гэрчээр асуугдсан бүх хүмүүсийг Ш.Чо- дарамталж, миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн гэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Бат-Эрдэнээс мөрдөгч хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд мэдүүлэг авахдаа өмгөөлөгч Б.Алтангэрэлийг байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан, түүнчлэн хэрэгт асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр Б.Ба-төй ямар нэгэн өс хонзон болон хувийн ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй, бусдын дарамтанд орж худал мэдүүлэн өгсөн байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ба-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ба-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ