Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 885

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, “С.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ, Г-Ө ДГСГЗахиргаа-нд тус тус холбогдох захиргааны хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Ж.М[1], нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э[2], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, Н.М[3], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М[4], шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч “С.И” ХХК 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[5]:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага:

Монгол Улсын Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын ‘Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ тачаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/92* тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн засаг дарга Т.Эд хаяглан хүргүүлсэн мэдэгдэл, Г-Ө ДГСГЗахиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0* тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах.

Нэхэмжлэлийн үндэслэл, агуулга:

Тус Дорноговь аймгийн Засаг даргын ажлын хэсэг томилсон 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/7* тоот захирамж болон ажлын хэсэг нь өөрөө “Усны тухай хуулийн 11.1.4-д заасан “... Энэ хуулийн 22.1-22.4-д заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэсэн хуулийн заалтыг зөрчин аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг буюу өөрт хамаарахгүй асуудлаар аймгийн засаг дарга шийдвэр гаргаж дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлт нь эрх зүйн хувьд шаардлага хангахгүй тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн ч хуралд оролцсон комиссын гишүүд дүгнэлт гаргаж гарын үсэг зурж батлаагүй байдаг.

            Уг ажлын хэсэг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох талаар дүгнэлт гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А-230/12* тоот тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7 дахь хэсэгт заасан “Хур бороо болон шар усаар тур зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй ” гэснийг үл хэрэгсэн шийдвэр гаргасан нь усны тоо бүртгэлээр гадаргын ус бүртгэгдээгүй газарт хамгаалалтын бүс тогтоосон нь хууль журмыг зөрсөн гэж үзэж байна. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 7 хүний бүрэлдэхүүнтэй байснаас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон манай компанийн 2 төлөөлөгч болон бусад 4 гишүүний гарын үсгийг зуруулаагүй, зөвхөн 2 гишүүн болох Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Ш.Амгалансайхан, АЗДТГ-ын ХОХБТХ-ийн мэргэжилтэн Х.О-ын нарын гарын үсгээр баталгаажсан шийдвэр гэж гаргаад түүнийгээ албан ёсоор бидэнд танилцуулаагүй.

            Энэхүү хууль бус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ‘Г-Ө ДГСГЗахиргааны дарга Б.Я-аас 2019 оны 01 сарын 25-ны өдөр 09 тоот албан тоотыг БОАЖЯны ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б-д хүргүүлсэн байна.

            Монгол Улсын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э нь дээрх хууль бус ажлын хэсгийн дүгнэлт, Г-Ө ДГСГЗахиргааны дарга Б.Я-аас ” 2019 оны 01 сарын 25-ны өдөр 0* тоот албан тоотыг тус тус үндэслэн “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан байна. Үүнийгээ 2019.02.14-ний өдрийн 05/92* тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн засаг дарга Т.Э-д хаяглан хүргүүлсэн байдаг.

            Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” хэмээн тодорхой зааж өгсөн байна.

            Гэтэл Манай компанийн эзэмшлийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагг орших ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын МУ-0207.. дугаартай “Дадын хар толгой-2” гэх нэртэй 4312.46 гектар талбайд хамрагдах “Гөлөөн манханы тойром”-ыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан тухай шийдвэр буюу захиргааны акт гаргасан тухай мэдээллийг манай компанид уг Захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд Дорноговь аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/27* тоот албан бичгээр манай компанид мэдэгдсэн.

            Дээрх хууль, журмын хүрээнд явагдаагүй үйлдэл, захиргааны актаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хохироход хүрээд байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж заасны дагуу тус асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц, төрийн нарийн бичгийн дарга Ц.Ц нарт 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр 18/008, 03 дугаар сарын 15-ны өдөр 18/009 тоот дугаар бүхий албан бичгээр гомдол гаргасан боловч 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Ц 01/187* тоот “Гомдлын хариу хүргүүлэх тухай” албан тоотоор “Гөлөөн манханы тойром”-ыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож бүртгэсэн нь хууль эрх зүйн үндэслэлтэй байна хэмээн хариуг ирүүлсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

            Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс Монгол Улсын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн засаг дарга Т.Э-д хаяглан хүргүүлсэн мэдэгдэл, Г-Ө ДГСГЗахиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

            Хоёр.Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

            2.1.Хариуцагч БОАЖЯ 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[6]:

            “... “С.И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын ам, Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаанд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн:

            1. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Э-ын “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших “Гөлөөн манханы тойром"-ыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасны дагуу усан сан бүхий газарт тооцож, 1669 га талбайг усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж, байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд бүртгэн оруулсан үйлдэл,

            2.Энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э-д хаяглан хүргүүлсэн мэдэгдэл,

            3.Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0* тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах." тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

            Нэгдүгээрт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах цаг хугацааны хувьд:

            Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана." гэсний дагуу нэхэмжлэл гаргасан гэжээ.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/187* дугаар албан бичгийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаа “Шуудан хүргэгчийн бүртгэлийн дэвтэр”-ээр нотолсон бөгөөд нэхэмжлэлээ 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 18/01* дугаар албан бичгээр гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалт, 54.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэж өгнө үү.

            Хоёрдугаарт.

            Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалтад “усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А-8* дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, Үзүүлэлт хөтлөх” журмын 1.4 дэх хэсэгт “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны мэдээллийн санг арга зүйн удирдлагаар хангаж, бүрдүүлэх, нэгтгэн боловсруулах, хөтлөх ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.” 1.7-д"... сав газрын захиргаа нь сав газрын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтөлнө.", 2015 оны Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан А-230/12* тоот тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй гэж заасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/78* дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулж, Хөвсгөл сумын нутагт “С.И” ХХК-д олгогдсон "Дадын хар толгой" нэртэй МV-0207.. ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд усан сан бүхий газарт хамаарах газрын байршлийг тогтоох ажлын хэсэг байгуулж ажилласан байна. Уг ажлын хэсэгт “С.И” ХХК-ийн төлөөлөл Э.А, Н.А нар оролцсон.

            Ажлын хэсгийн саналаар Дорноговь аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/216* дугаартай албан бичиг, Г-Ө ДГСГЗахиргааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0* тоот албан бичгээр тус тус “Гөлөөн манханы тойром”-ийг усны сан бүхий газраар кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр БОАЖЯ-д хүргүүлж, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг," журмын 3.1.1-д /гадаргын ус “тойром”/, гэж заасан “Гөлөөн манханы тойром"-ийг усны сан бүхий газраар усны мэдээллийн санд бүртгэж, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Э-ын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 06/92* дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

            2.2. Хариуцагч Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн огноотой 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

            “С.И” ХХК нь “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 г талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Энэхүү асуудлаар анх Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг дарга асан иргэн Л.Б-ийн гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/7* тоот захирамжаар ажлын хэсгийг байгуулан Гөлөөн манханы тойромд усны сан бүхий газрын хамгаалалтьн бүс тогтоолгохоор ажиллуулсан.

            Уг ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн Г-Ө ДГСГЗахиргааны дарга Б.Я 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 0* тоот “ ... Гөлөөн манханы тойром”-ыг усан сан бүхий газарт тооцох үндэслэлтэй” тухай албан тоотыг БОАЖЯ-ны ой, ус, тусгай хамгаалалтын газрын кадастрын хэлтсийн дарга Н.Б-д хүргүүлсэн.

            Гэтэл уг ажлын хэсгийн нэмэлт тайлбартай танилцахад:

            1.Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоох талаар дүгнэлт гаргахдаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/12* тоот тушаалаар баталсан “Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2-7 дахь хэсэгт заасан” хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй” гэснийг үл хэрэгсэн шийдвэр гаргасан нь усны тоо бүртгэлээр гадаргын ус бүртгэгдээгүй газарт хамгаалалтын бүс тогтоосон нь хууль журмыг зөрчсөн. Энэ асуудалтай холбоотойгоор тухайн сав газрын захиргаанд 2005 оноос хойшхи Усны тоо бүртгэлийн мэдээллийн санд орж үзэхэд Гөлөөн-Манхан-Тойромтой холбоотой мэдээлэл бүртгэгдээгүй байгаа болно.

            2.Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 7 хүний бүрэлдэхүүнтэй байснаас тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон “С.И” ХХК-ийн - төлөөлөгч болон бусад 4 гишүүний гарын үсгийг зуруулаагүй байдаг.

            3.“Галба-Өөш, Долоодын говийн сав газар”-ын усны сан бүхий хамгаалалтын бүсийн хүрээг бүхэлд нь тогтоогоогүй зөвхөн С и ХХК-ийн “Дадын хар толгой . нэртэй МҮ-02073* дугаартай 4312.46 га талбайд хамаарах газраас 1669 га талбайг тооцож бүртгэсэн байдаг.

            Иймд дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаа учир “С.И” ХХК-ийн“Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.” гэжээ.

            Гуравдугаарт:

            Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэх ажиллагааг хийгээгүй гэжээ. Усны тухай хууль болон Байгаль, орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 03 дугаар сарын 17 -ны өдрийн А-8* дугаар тушаалаар батлагдсан “Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх, үзүүлэлт хөтлөх” журамд усны тоо бүртгэлд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэх талаар үүрэг хүлээгээгүй, усны мэдээллийн санд цахим байдлаар бүртгэхэд Ашигт малтмалын газрын тосны газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд шууд мэдэгдэх боломжтой юм. “С.И” ХХК 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 14 удаа хандалт хийж тус яамны кадастрын мэдээллийн лавлагаа хүсэгчдийн лавлагаанаас лавлагаа авсан нь бүртгэгдсэн байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.           

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “С.И” ХХК-аас БОАЖЯ, Г-Ө ДГСГЗахиргаанд тус тус холбогдуулан дор дурдсан нэхэмжлэлийг гаргажээ:

            1.Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын ‘Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг усан сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/92* тоот албан мэдэгдэлийг хүчингүй болгуулах,

            2.Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүчингүй болгуулах.

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагч талуудын нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг  хэрэгт  цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв:

            Нэхэмжлэгчээс “тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1669 га газрыг бүрэн эрх нь хуулиар олгогдоогүй хариуцагч Галба-өөш дотоодын говийн сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн мөн бүрэн эрх нь хуулиар олгогдоогүй  хариуцагч БОАЖЯ-аас усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд бүртгэн, мэдээллийн сангийн кадастрын зураглалд бүртгэн авсан нь хууль бус” гэж маргасан.

            Хариуцагч нараас “Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасны дагуу 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэсэн” гэж маргасан.

            Талуудаас нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсгийг усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүсэд тооцон бүртгэж, уг бүртгэлийг байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулан бүртгэсэн  хариуцагч талуудын үйлдлүүдтэй маргажээ.

            Маргааны бүхий бүртгэлд бүртгэсэн 1669 га талбай нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Дадын хар толгой-2 нэртэй газарт орших бөгөөд нэхэмжлэгч “С.И” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигладаг талбай гэдэг нь тусгай зөвшөөрлийн хуулбар, кадастрын зураг, кадастрын зургийн давхцуулсан зураг, солбицлын цэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Анх Дорноговь аймгийн Засаг даргаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр А/78* дугаар захирамжаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбайд иргэн Л.Б-ийн өргөдлийн дагуу усны сан болон ойн сан бүхий газарт хамаарах газрын байршлыг тогтоох, баталгаажуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.

            Энэхүү Ажлын хэсгээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж “С.И” ХХК-ийн 4312.46 га талбайгаас 1669 га талбайд тойром давхцалтай гэж үзэн хасалт хийлгэж, “Гөлөөн манхан”-ы тойром болон Хашаатын заган ойг зураглалын дагуу кадастрын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэж өгөх хүсэлтийг БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хүргүүлэх”-ээр шийдвэрлэжээ .

            Тус Ажлын хэсэг нь 2019 оны 08 дугаар сарын 31-ны өдөр дахин хуралдаж “С.И” ХХК-ийн 4312.46 га талбайгаас Гөлөөн манхан тойромд хамаарах усан сан бүхий 532.2 га талбай, заган ой бүхий 930 га талбайг хэсэгчлэн хасах саналыг БОАЖЯны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэс, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хүргүүлэх”-ээр шийдвэрлэжээ. 

            Ажлын хэсгийн эдгээр хурлын шийдвэрийн дагуу хариуцагч Г-Ө ДГСГЗахиргаанаас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0* дүгээр “Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл сумын нутаг “С.И” ХХК-ийн эзэмшил Дадын хар толгой-2 МV-02073* тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллав. Тус сумын нутаг Гөлөөн манханы тойрмын ус цуглах нийт талбай нь 9000 га орчим бөгөөд зүүн хойд, зүүн, зүүн урд, урд, баруун урд зүгээс 4-6 гол буюу сайрын хур борооны ус цугладаг тул тус талбайг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу “Усан сан бүхий газарт” тооцох үндэслэлтэй байна.” гэсэн агуулга бүхий албан бичгийг  БОАЖЯ-ны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн даргад хүргүүлжээ.

            Дээр дурдсан Ажлын хэсгийн дүгнэлт болон Г-Ө ДГСГЗахиргааны 0* тоот албан бичиг, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасныг тус тус үндэслэн хариуцагч БОАЖЯ-аас нэхэмжлэгч “С.И” ХХК-ийн ашигт малтмалын талбайгаас 1669 га талбайг “Гөлөөн манханы тойром” буюу усан сан бүхий газарт тооцож, энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж, уг бүртгэлийг байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулан бүртгэсэн гэдэг нь БОАЖЯ-аас Дорноговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гомдлын хариу хүргүүлэх тухай албан бичиг, кадастрын зурган мэдээллүүд, БОАЖЯ-аас Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичиг, хариуцагчийн тайлбар  зэргээс тогтоогдож байна.

            Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг, харин 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомстох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгохоор тус тус заажээ.

            Мөн Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.4.Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэжээ.

            Түүнчлэн уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.17-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах”, 17 дугаар зүйлийн 17.1.4-т “Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг тухайн сав газартаа хэрэгжүүлнэ: 17.1.4.усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж,  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах” гэж тус тус зохицуулжээ.

            Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас үзэхэд тойром нь усан бүхий газарт хамаардаг, харин энгийн хамгаалалтын бүс гэдэг нь усан бүхий газрыг хомстох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгодог байна.

            Усан бүхий газрыг онцгой болон энгийн хамгаалалтын усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх байна.

            Гэтэл маргааны тохиолдлын хувьд хариуцагч Г-Ө ДГСГЗахиргаанаас маргаан бүхий 1669 га талбайг тойром буюу усан сан бүхий газар гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн хариуцагч БОАЖЯ-аас нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын талбайгаас 1669 га талбайг “Гөлөөн манханы тойром” буюу усан сан бүхий газарт тооцож, энгийн хамгаалалтын бүсэд бүртгэж, уг бүртгэлийг байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулан бүртгэсэн нь дээр дурдсан хуульд нийцээгүй байна.

            Тодруулбал, хариуцагч Г-Ө ДГСГЗахиргаа нь хуулиар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх бүрэн эрхийг хэрэгжүүлж усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүс тогтоох талаар дүгнэлт гаргаж, харин хариуцагч БОАЖЯ нь хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгогдсон усан сан бүхий газар, түүний энгийн хамгаалалтын бүсийг тогтоох бүрэн эрхийг  хэрэгжүүлж, өөрт хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, цаашлаад хууль зөрчсөн бүртгэлийг үндэслэн байгаль орчны мэдээллийн сан, кадастрын зураглалд өөрчлөлт оруулан бүртгэсэн үйлдэл нь мөн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

            Дээрхээс гадна хариуцагч нарын дээр дурдсан үйлдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд тус тус нийцээгүй байна.

            Хариуцагч нарын энэхүү хуулиар өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хуульд нийцээгүй дүгнэлт, усан сан бүхий газар, түүний энгийн хамгаалалтын бүсийг тогтоож, уг бүртгэлийг үндэслэн байгаль орчны мэдээллийн сан, кадастрын зураглалд өөрчлөлт оруулан бүртгэсэн үйлдлүүдийн улмаас нэхэмжлэгч компанийн өөрийн ашиглалтын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хуулийн дагуу ашиглах эрх, хууль ёсны сонирхол зөрчигдсөн байх тул шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна.

            Түүнчлэн сав газрын захиргааны усны харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлд усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүсийг тогтоох талаар дүгнэлт гаргах бүрэн эрхийг сав газрын захиргаанд олгоогүй байна.

            Мөн Усны тухай хуульд заасан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуучлалын яамны усны харилцааны асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан 10 дугаар зүйлд сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүсийг тогтоох, бүртгэх, уг бүртгэлийг байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулах талаарх бүрэн эрх олгогдоогүй байгааг дурдах нь зүйтэй.

             Хариуцагч нараас тайлбарын үндэслэл болгон маргаж байгаа Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт нь усан сан бүхий газарт ямар газрууд хамаарч байгааг зохицуулсан мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт нь усны тоо бүртгэлийг зохион байгуулах сав газрын захиргааны бүрэн эрхийн асуудалтай холбоотой харин усан сан бүхий газар, энгийн хамгаалалтын бүсийг тогтоох талаар дүгнэлт гаргах, тогтоох, бүртгэх, уг бүртгэлийг байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулах харилцаанд хамааралгүй байгааг мөн дурдах нь зүйтэй.

 

            3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С.И” ХХК-аас БОАЖЯ, Г-Ө, ДГСГЗахиргаанд тус тус холбогдуулан гаргасан “БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга А.Э-ын “Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын дагуу усны сан бүхий газарт тооцож 1669 га талбайг усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд бүртгэж авч, Байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд тэмдэглэн оруулсан үйлдэл болон энэ талаар 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/925 тоот албан мэдэгдлээр Дорноговь аймгийн засаг дарга Т.Э-д хаяглан хүргүүлсэн мэдэгдэл, Г-Ө ДГСГЗахиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖЯ-ны 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/92* албан бичиг, БОАЖЯ-ны Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гөлөөн манханы тойрмыг буюу 1669 га талбайг усны сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тооцож бүртгэсэн бүртгэл, байгаль орчны мэдээллийн сангийн кадастрын зураглалд оруулсан бүртгэл, Г-Ө, ДГСГЗахиргааны дарга Б.Я-ын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0* тоот албан бичгийг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                             А.С 


[1] 128/2019/0416/3 индекстэй /цаашид “Хэргийн “гэх/ хэргийн 21 дэх тал

[2] Хэргийн 139 дэх тал

[3] Хэргийн 77 дахь тал

[4] Хэргийн 221 дэх тал

[5] Хэргийн 1-2 дахь тал

[6] Хэргийн 78-79 дэх тал.