Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 116/2017/0015/З |
Дугаар | 221/МА2018/0058 |
Огноо | 2018-01-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2018/0058
“А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зын гаргасан давж заалдах гомдлоор, “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гурванзагал, Чойбалсан сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох, “Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 139 дүгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолын, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын “А И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хүлээн аваад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Манай компанийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 68 тоот, 2016 оны 139 тоот саналуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхээс Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 134, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 тоот тогтоол, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 тоот тогтоолуудын манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай үндэслэлийг хууль ёсны байна гэж дүгнэсэн байна. Ийнхүү дүгнэхдээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс гаргасан “Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар тогтоолоор “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулагдсан “Эм Пи Ай” ХХК-ийн 18 дугаар талбайтай давхацсан байна гэсэн баримт дээр үндэслэсэн. Гэтэл хууль зүйн зохицуулалт, логикийн хувьд манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ямар нэг байдлаар давхцах боломжгүй юм. Учир нь “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” нь зөвхөн Монгол Улсын Засгийн газар болон тухайн компани хоёрын хооронд хийсэн Газрын тосны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан гэрээ.
Уг гэрээ хийгдсэнээр тухайн газар нь тусгай хэрэгцээний газар болдоггүй ба Засгийн газар Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасны дагуу тусад нь тогтоол гаргаж тусгай хэрэгцээний газарт авдаг. Мөн энэхүү хориглосон газрын мэдээлэл Ашигт малтмалын газрын Кадастрын мэдээллийн санд хадгалагдаж байдаг. 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолыг тогтоосон бөгөөд тухайн талбайд манай компани өргөдөл гаргаж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу шүүлт хийж үзээд ямар нэг байдлаар хориглосон талбайтай давхцалгүй бол Засаг даргаас санал авахаар хүргүүлдэг журмын дагуу манай өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэний үндсэн дээр Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн байхад шүүх зөвхөн нэг талыг барьсан, хариуцагчийн дуудсан гэрчийн мэдүүлгийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд шүүх нотлох баримтыг бүрдүүлэхээр зааж өгсөн. Шүүхийн цуглуулсан нотлох баримт буюу тусгай хэрэгцээний газрын давхцалын талаар зохих ёсны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас лавлагаа авалгүйгээр зөвхөн нэг талын барьсан нотлох баримт цуглуулсан байна.
Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч “А И” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгсөн Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68, 2016 оны 02 дугаар сарын 15-ны 139 дүгээр санал, Гурванзагал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах, түүнчлэн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолын, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолын, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын “А И” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дээрх шаардлагаа дэмжсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч “А И” ХХК нь Дорнод аймгийн Гурванзагал, Чойбалсан сумдын нутаг дэвсгэрийн M-50-111, M-50-99 кодтой планшетэд заасан, өргөдлийн бүртгэлийн NE-026811/XA-019829-001-NE/ дугаарт бүртгэгдсэн “Хөшиг” нэртэй 4195.87 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу, Ашигт малтмалын Кадастрын хэлтсээс бүртгэлийн 026811 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д зааснаар тухайн талбай байрших Дорнод аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна.
Аймгийн Засаг даргын зүгээс “дэмжихгүй” санал хүргүүлсэн байх бөгөөд үндэслэлээ: Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлийн 17.2.2, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт болон Ашигт малтмалын хайгуул хүссэн талбай нь, ...22 өрхийн 8853 толгой мал, 22 өвөлжөө, хаваржааны хашаа, 14 худаг уст цэг, малчин өрхийн өвөлжөө, хаваржааны эзэмшил газар, ...газрын тосны 18 дугаар талбайн тусгай хэрэгцээ болон тариалангийн талбайтай, хайгуулын “Эм Пи Ай” ХХК-ийн талбайтай тус тус давхцалтай гэжээ.
Түүнээс гадна анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ...нотлох баримт гаргуулах тухай 3/52 дугаар албан бичгийг явуулсны дагуу, дээрх газраас 8/7726 дугаар бүхий албан бичгээр, ...Кадастрын зураг зүйн сангаас шүүж үзээд “А И” ХХК-ийн NE-026811/ /XR-019829/ тоот өргөдлийн талбай нь газрын тосны хайгуулын 18 дугаар талбайтай бүхэлдээ давхцаж байна. ...18 дугаар талбайд Засгийн газрын 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 238 дугаар тогтоолоор, “Эм Пи Ай” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсан талаарх хариуг тойм зургийн хамт ирүүлсэн байгаа нь хэрэгт авагджээ.
Энэ тохиолдолд аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал гаргасан үндэслэлтэй байна.
Аймгийн болон Гурванзагал, Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг хүчингүй болгох тухайд: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” гэж заасны дагуу, Гурванзагал, Чойбалсан сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох эсэх асуудлын талаар аймаг, сумын Хурлын саналыг авч, Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн шийдвэр тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилсан нь хуульд нийцжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага болох Гурванзагал, Чойбалсан сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн, “Хөшиг” нэртэй 4195.87 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “Дэмжихгүй” саналыг Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтэст хүргүүлсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д “харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх” гэж заасныг хэрэгжүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР