Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1561

 

Т.Ононгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Т.Ононгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох

 

            МСҮТөвийн орлогч захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Буянхишиг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:    Д.Мөнхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Онон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар 2016 оны 9 дүгээр 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан.

Гэтэл ажилтан Т.Онон намайг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/II/26 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хяналт шалгалтыг сулруулсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ажиллаж байсан, санхүүгийн сахилга бат алдаж байгаагүй, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/II/26 дугаар тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд ажилтан Т.Онон миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар, Д.Мөнхжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд аж ахуй эрхэлсэн орлогч захирал гэсэн шинэ орон тоо батлагдан, Т.Онон уг орон тоонд томилогдон ажилласан. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт аж ахуй эрхэлсэн орлогч захирал Т.Онон сургуулийн хамт олны уур амьсгалд үл ойлголцол, байнгын айдас түгшүүрийг бий болгож, багш ажилчдад сэтгэл санааны дарамт учруулах болсноор энэ хүнтэй холбоотой өргөдөл, гомдлууд багш, ажилтнууд, оюутнууд, эцэг эхчүүдээс удаа дараа ирсээр байна. Тэрээр боловсролын байгууллагад ажиллах ёс зүйгүй, удирдах ажилтны ёс зүйгүй, зан суртахууны доголдолтой, ажлын цаг барьдаггүй, ажлын цагаар ажлын байранд багш, ажилтнуудад архи сөгнөж өгдөг, оюутнуудад согтууруулах ундааны зүйлийг сургуулийн орчинд задалж өгч мялаадаг, албан тушаалаараа айлган сүрдүүлдэг, хүнийг ёс бусаар дуудан загнаж доромжилдог, хувь хүний эрх чөлөө бие махбодид нь бүдүүлгээр халддаг, бусдыг заналхийлж сүрдүүлдэг, дураараа авирладаг зэрэг зөрчил, дутагдал гаргасныг дурдаж, хатуу хариуцлага тооцож өгөхийг Замын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ нийгэмлэгийн ёс зүйн хорооны дарга Л.Халтар нараас шаардсан. Дээрх хамт олны шаардлагын дагуу Ёс зүйн хорооны хурлыг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Л.Халтар удирдан явуулж, хурлын шийдвэрээр Т.Ононг цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал, Төмөр замын салбар нэгжийн удирдах ажилтнаар ажиллахад тэнцэхгүй гэсэн 01 тоот шийдвэр гаргаж, Замын даргад дүгнэлтээ хүргүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 11 өдрүүдэд МСҮТ-д шалгалт хийсэн. Илэрсэн зөрчлийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуурамч бичиг баримт бүрдүүлэн олгосон 632.480 төгрөгийг захирал О.Энхтөр, орлогч захирал Т.Онон, ерөнхий ня-бо О.Сувд-Эрдэнэ нараар төлүүлэхээр 61/03/10 төлбөрийн актыг тавьсан. Мөн ...МСҮТ-ийн удирдлагууд өөрийн эрх мэдлийн хэмжээнд хөрөнгийг захиран зарцуулахдаа хууль дүрмийг зөрчиж, санхүүгийн үйл ажиллагааг зөв удирдаж чадаагүй байна... гэсэн дүгнэлт гаргасан. Иймээс дээрх зөрчил дутагдлууд нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2 дахь заалт, ажлын байрны тодорхойлолтын 11.2, Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д заасан ...Ажилтан ажилдаа ирэх, хурууны хээгээр цахим бүртгэлд бүртгүүлэх ба ирц бүртгэлийн дэвтэрт цагаа бүртгүүлж гарын үсэг зурна.., 9.2.4 ...удаа дараа ажил тасалсан... болон 9.2.2 ... Ажилтаны ёс зүйд үл нийцэх ноцтой үйлдэл хийсэн, ... Төмөр замын удирдах ажилтны ёс зүйн зарчмыг баримтлаагүй зөрчсөн тул Замын даргын 2017 оны  2 дугаар сарын 24-ний өдрийн Б-II-26 тушаал гарч, Т.Ононтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Иймд иргэн Т.Ононгийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох МСҮТөвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Т.Ононгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан давж заалдах гомдолдоо:... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ажилтныг ажлаас халсан үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан "хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" хуулийн шаардлагыг хангаагүй байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б-II-26 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн орлогч захирлаар ажиллаж байсан Т.Ононг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн "удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хяналт шалгалтыг сулруулсан, санхүүгийн сахилга бат алдсан, байгууллагын хөрөнгийг ашиглан үрэгдүүлсэн, сахилгын зөрчил давтан гаргасан" гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Гэтэл анхан шатны шүүх: "Нэхэмжлэгч Т.Онон сургуулийн тэмцээнд түрүүлсэн ангийн оюутан сурагчдад согтууруулах ундааны зүйл өгсөн бөгөөд түүнээс уусан оюутан Д.Нямцэрэн согтуугийн улмаас шөнө харьж чадахгүй болсон, маргааш нь хичээлдээ ирээгүй, сургалтын менежер  Г.Сэргэлэнтэй хүндэтгэлгүй харьцаж, мессэжээр сэтгэл санааны дарамт үзүүлсэн, 2016 оны 12 дугаар сарын 2, 5, 6 өдрүүдэд ажилдаа ирээгүй, ирээгүй шалтгаан нь баримтгүй, 2017 оны 1 дүгээр сарын 2, 3, 4, 6 өдрүүдэд нийт 07 цаг 15 минут ажил тасалсан, ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх цахим төхөөрөмжид хуруугаа таниулаагүй, ажлын цагийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурахаас татгалзсан" гэсэн ажлаас халсан тушаалд дурьдаагүй, ажлаас халаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гайхан эргэлзэж байна. Хавтаст хэрэгт ажилтан Т.Ононгийн ажлын ирцийн мэдээ, ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх цахим төхөөрөмжийн cap бүрийн тайлан, ажлын цагийн бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх "ажилтан Т.Ононг ажил тасалсан" гэсэн ажлаас халсан тушаалд дурдагдаагүй, ажлаас халаагүй, нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Анхан шатны шүүх Т.Ононгийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ажилтан Т.Ононг ажлаас халсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б-II-26 дугаартай "Сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалд дурьдагдаагүй зүйлийг үндэслэл болгосонд гомдолтой байна.

           

Хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хийсэн дотоод аудитын гүйцэтгэлийн шалгалтын тайлан, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 251 дугаартай кассын ирлагын ордер, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал О.Энхтөрийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 95 тоот тушаал зэрэг баримтаар дээр дурьдсан 600.000 төгрөгийг галтын менежер Г.Сэргэлэнгийн нэрээр гаргаж, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан болох нотлогдсон. Анхан шатны шүүх: "уг мөнгөнөөс нэхэмжлэгч Т.Онон 200.000 төгрөгийг авсан болохыг хамт авсан хүмүүсийн тайлбараар тогтоогдож байна" гэсэн дүгнэлтийг хийхдээ шүүхийн үндэслэл болсон Ерөнхий нягтлан бодогч О.Сувдэрдэнийн тайлбар 2 өөр агуулгатай анхааран үзээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар "Шалгалтын эхний өдөр ерөнхий нягтлан бодогч О.Сувдэрдэнэ захирал О.Энхтөр авсан гэсэн тодорхойлолтыг өгсөн. Гэвч захирал О.Энхтөр үүнийг Орлогч захирал Т.Ононд 200 000 төгрөгийг өгсөн гэсэн тайлбар өгсөн. Үүний дараа нягтлан бодогч О.Сувдэрдэнэ Т.Онон захирал 200.000 төгрөгийг авсан гэсэн тодорхойлолтыг өгсөн болох нь нотлогдож тогтоогдсон. Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирал О.Энхтөр, Ерөнхий нягтлан бодогч О.Сувдэрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Т.Онон гэрчээр оролцсон тул энэхүү гомдлын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-д дурьдсан асуудалд өөрийгөө Огт хамааралгүй болохыг нотолж, тогтоосон баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байсан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу Төмөр замын Цагдаагийн газраас холбогдох нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 миниутад зарлагдсан шүүх хурал дээр гаргасан. Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн "хэрэг хянан шийдвэрлэх шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримт гаргуулах тухай" хүсэлтийг "ажлаас халсан асуудалд хамааралгүй байна" гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээр дурьдсан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг "ажлаас халсан асуудалд хамааралгүй байна" гэсэн үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан атлаа нэхэмжлэгч Т.Ононгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг "2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр кассын зарлагын ордероор 600.000 төгрөгийг Т.Онон нарын 4 хүн зарцуулсан”, “...Т.Онон 200.000 төгрөгийг авсан болохыг мөнгийг хамт авсан хүмүүсийн тайлбараар тогтоогдож байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Онон хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан МСҮТөвийн орлогч захирлын ажлаас үндэслэлгүйгээр халсныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...Нэхэмжлэгч нь сургуулийн хамт олны уур амьсгалд үл ойлголцол, байнгын айдас түгшүүрийг бий болгож, багш ажилчдад сэтгэл санааны дарамт учруулахаас гадна удаа дараа зөрчил гаргаж Т.Ононтой холбоотой өргөдөл, гомдлууд ирсэн ” гэсэн тайлбарыг гаргасан байна. 

 

Нэхэмжлэгч Т.Онон нь Аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б-II-26 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.  / хх5/

 

Ажил олгогч нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б-II-26 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг баримталжээ.  

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар Улаанбаатар төмөр замын ёс зүйн хорооны дүгнэлтэнд Т.Онон нь 2017 оны 1 дүгээр сарын 2-4 өдрүүдэд 7 цаг 15 минут ажил тасалж, хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д заасан ажилтан ажилдаа ирэхдээ цаг бүртгэх цахим төхөөрөмжинд цагаа бүртгүүлэх, Төмөр замын Удирдах ажитны дагаж мөрдөх ёс зүйн дүрмийн 2.1.6.5 дахь хэсэгт дээд шатны байгууллагын албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзжээ./хх46/

 

Нэхэмжлэгч Т.Онон ёс зүйн зөрчил гаргасан тухай сургуулийн оюутан сурагчдад согтууруулах ундааны зүйл өгсөн талаар нийт багш, ажилтнуудын хурлын тэмдэглэл, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад Т.Ононг түүний ёс зүйтэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлүүлэхээр өргөн барьсан бичигт дурьджээ. /хх72-83,84-87/

 

Дотоод аудитын гүйцэтгэлийн шалгалтын тайланд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 251 тоот кассын зарлагын ордероор 600.000 төгрөг гаргасныг Т.Ононгоос утсаар ярьж асуухад “О.Энхтөр, Г.Сэргэлэн, О.Сувд-Эрдэнэ бид 4 хуваагаад 150.000 төгрөгөөр төлье” гэсэн хариу өгснийг тэмдэглэсэн тухай  баримт хэрэгт авагдсан байна. /хх56, 66-67/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй.

 

Иймээс анхан шатны шүүх ажил олгогч нь нэхэмжлэгч Т.Ононг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар түүнийг урьд эрхлэж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо  ... “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалд дурьдагдаагүй зүйлийг үндэслэл болгосон, ... Т.Онон захирал 200.000 төгрөг авсан тодорхойлолтод О.Сувдэрдэнийн бичгээр өгсөн тайлбар ойлгомжгүй, тодорхойгүй байхад шүүх түүнийг үнэлж хэргийг хэрэгсэхгүй болгосон”  гэж тайлбарлажээ

 

 Хэрэгт авагадсан 2017 оны 1 дүгээр сарын 2, 3, 4, 6 өдрүүдэд нийт 07 цаг 15 минутаар ажил тасалсан, ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх цахим төхөөрөмжид хуруугаа таниулаагүй,

ажлын цагийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурахаас татгалзсан болохыг УБТЗ-ын Ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэж тогтоосон, тус байгууллагын дотоод аудитын шалгалтаар МСҮТ 2017 оны 12 дугаар сарын 19 өдөр кассын зарлагын ордероор 600.000 төгрөгийг сургалтын менежер н.Сэргэлэнгийн нэрээр тушаасан, уг мөнгийг Т.Онон нарын 4 хүн хувааж зарцуулсан, нэхэмжлэгч Т.Онон 200.000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Т.Ононгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

Иймд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                            

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                  ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

                                                                   Ц.ИЧИНХОРЛОО