| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0164/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/176 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар,
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2136000000252 дугаартай, 178/2021/0164/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын Хар-Ус багийн *******ын 5-******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Хар-Ус багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 12 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Н.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч овогт ийн *******гийн /44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, байгаль хамгаалагч ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 21-ний орой гадуур ангийнхаа хэдэн хүнтэй архи ууж явж байгаад сумын ЗДТГ-ын байр руу ороход хурлын дарга Б.*******, Ц., багийн ИНХ-ын дарга Х., багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Э. нар сууж байсан.Би тэд нартай юм яриад сууж байтал Ц. дарга нэлээн согтсон байдалтай над руу дайрч хэл амаар доромжлоод байхаар нь би Ц. даргатай хэрэлдэхэд Б.******* дарга намайг “чи миний ажлын албаны дарга руу томордог хэн бэ” гэхээр нь би “ чи битгий хуцаад бай, бид хоёр хоорондоо юм ярьж байна, чамд ямар хамаатай юм бэ” гэсэн чинь намайг цохиод авсан.Тэгтэл миний 2 шүд уначихаар нь би “ наад 2 шүдээ аваарай, би өгдөг газарт нь өгнө” гэж хэлээд гарсан.... гэх мэдүүлэг / хэргийн 10-р хуудас/
Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай нөхөр гандангийн нээлттэй гээд гэрээс гарч яваад шөнө 01 цагийн үед ам хамарнаас нь цус гарчихсан их ууртай орж ирээд “ Б.******* миний 2 шүдийг унагасан, би түүнтэй уулзана” гээд байхаар нь би ам хамрыг нь нойтон салфетикаар арчихад үүдэн шүдний хажуу 2 талын шүд уначихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 14-р хуудас/
Гэрч Х.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Э. бид хоёр Ц. даргыг сугадаж босгоод гарах гэсэн чинь Н.*******, Б.******* хоёр хоорондоо маргасан байдалтай Н.*******гийн нүүр хэсгээс цус гарчихсан харагдсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-р хуудас/
Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Х. ах бид хоёр гадна тамхи татаад зогсож байсан чинь Б.******* залгаад “ ороод ирээч, Ц. даргыг амраамаар байна” гэсэн. Бид хоёр буцаад орсон чинь Н.******* “ та нар гэрч болно шүү, Б.******* намайг цохилоо” гэж хэлсэн. Н.*******гийн амнаас нь цус гарчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн...Н.*******гийн биед баруун дээд 1,2-р шүдний уналт гэмтэл тогтоогдлоо.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 28-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Н.******* Ц.тай маргалдаад байсан.Би “больцгоо, одоо харь” гэсэн чинь Н.******* над руу босч ирээд “чамд хамаагүй, чиний дарга гэж ямар юм байдын” гэж хэлээд миний цээж рүү түлхэхээр нь би зөрүүлээд Н.*******гийн нүүр лүү нэг удаа гараараа цохисон.Тэгтэл Н.*******гийн амнаас цус гараад нэг шүд нь уначихсан байсан.Н.******* намайг цохих гэтэл Э. татаж холдуулсан...гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*******гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.*******тэй үл ялих зүйлээр маргалдаж түүний нүүр хэсэгт гараараа цохиж 2 шүдийг нь унагааж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Б.******* хохирогч Н.*******гийн нүүр хэсэгт цохиход бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Хохирогч Н.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц. болон Б.******* нартай маргалдаж зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Н.*******гийн “...Б.******* миний хохирлыг барагдуулсан.Одоо бидний хооронд ямар нэгэн маргаан гомдол байхгүй, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт/хх-52/ хэрэгт авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /40-р / тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч М.ийн өгсөн...Б.******* нь эцэг эхээс 6-уулаа айлын дунд хүүхэд, 2011 оноос хойш багийн нийгмийн ажилтан,төрийн банкинд теллер, сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч зэрэг ажлыг хийж байсан…гэх мэдүүлэг /хэргийн 22-р хуудас/
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* нь зан ааш сайтай, дөлгөөн тайван, нийтэч, эелдэг харьцаатай,найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүн ... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/, Б.*******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа,хохирол төлбөрөө төлсөн. Улсын яллагчийн санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000/таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******ад тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Б.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Ариунболдод даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС