Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 86

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Д.Ренченхорол, Б.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд 

Иргэдийн төлөөлөгч               Р.Энхтүвшин

Улсын яллагч                          Н.Гэрэлмаа 

Шүүгдэгч                                 О.Эрдэмбилэг

Түүний өмгөөлөгч                   Д.Мөнхцэцэг

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

         Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1-д заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Хөвдүүд овогт Ойровын Эрдэмбилэгт  холбогдох 201518000336 дугаартай эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын харьяат. 1976 оны 7 дугаар 10-нд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын архитектор инженерийн мэрэгжилтэй, Хэрэгт холбогдохоос өмнө Батжин Ундрах ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл-5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-23-42 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Хөвдүүд овогт Ойровын Эрдэмбилэг РДФА76071018

 

Холбогдсон хэргийн талаар

           Шүүгдэгч О.Эрдэмбилэг нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим Сэлэнгэ  аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт иргэн Н.Нэргүйбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж,  цээжний зүүн хэсэгт хутгаар хатгаж, бие махбодид нь санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Тодорхойдох нь

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд 

  1.Шүүгдэгч О.Эрдэмбилэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр даргадаа Эрдэнэт яваад ирье гэж хэлсэн байсан. Надад иргэний үнэмлэх байхгүй. Горил Мөнхөө гээд залуу бас хамт Эрдэнэт явна гээд Нэргүйбаатарын эхнэр дээр очиж үсээ засуулах гээд очсон. Тэр үед би эхнэр ээж 2-т хэлээд мөнгө авах болсон. Нэргүйбаатартай эхнэрийнх нь ажил дээр тааралдаад Үнэмлэх чинь байна уу? гэж асуусан чинь байгаа гээд Нэргүйбаатартай хамт Хаан банкин дээр очиж дансаар нь мөнгө шилжүүлж авсан. Тэгээд дэлгүүр орж нэг шил архи, нэг хайрцаг тамхи авч Нэргүйбаатарт баярлалаа удахгүй эхнэрийн чинь мөнгийг өгнө гэж хэлээд архинаасаа амсуулаад Нэргүйбаатарын утаснаас Цагааннуураас Сэлэнгэ рүү явах тэндерийн машинтай барилгаас 3 хүн явна  гэж хэлээд өгөөч гэж хэлээд яриулсан.  Тэгээд би Нэргүйбаатараас салаад горил Мөнхбаттай ажлынхаа гадаа очиж явах бэлтгэлээ хийгээд байж байтал Ноён уул дэлгүүрээс манай компанийнхан зээлээр цемент авсан байсан чинь мөнгө орж ирээгүй болохоор цементийг нь буцааж тоо ёсоор өгөх гээд тоолж байсан чинь Нэргүйбаатар гэнэт гарч ирээд пизданууд чинь мөнгөө өгөхгүй Эрдэнэт рүүгээ зугтаах гэлээ гээд уурласан. Тэгэхээр нь би манай цалин буугаагүй байна . Цалин буухаар мөнгийг чинь өгнө гэж хэлсэн.  Тэгээд Нэргүйбаатар битгий худлаа яриад бай гээд гонхны шатан дээр зогсож байхдаа намайг цохисон.  Би шат руу унаад босоод ирсэн. Дэргэд манай дарга нар бүгд байсан тул би их санаа зовсон. Тэгээд байж байтал Нэргүйбаатар намайг наашаа хүрээд ир гэж хэлэхээр нь би очсон чинь намайг зуурчихаад тавихгүй байсан. Тэнд захирлын Эрдэнэтээс унаж ирсэн хар машин байсан. Тэгээд зүүн тийшээ болох гэхээр машин тулаад баруун тийшээ болох гэхээр худагны нүх байсан болохоор нүх рүү уначих гээд, эсвэл зодуулах гээд байсан. Тэгээд өөрийгөө хамгаалахын тулд хармаанд байсан хутгаа гаргаж ирээд хоёр гурван удаа савсан. Би уг нь өөрийгөө хамгаалах зорилгоор ийм үйлдэл хийсэн. Тэр өөрөө бас согтуу, догшин авир гаргаж байсан. Нэргүйбаатарын үйлдлээс ийм хэрэг гарсныг анхаарч үзэхийг хүсч байна. Тэгээд би горил Мөнхбатыг дуудаад би хүн хутгалчихлаа, чи энэ хутгыг далд хийчих, цагдаа ирвэл намайг хутгалсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Нэргүйбаатараас би уучлалт гуйсан. Санаатайгаар хутгалаагүй шүү гэж хэлсэн. Бид 2 бие биенээ сайн танихгүй. Урьд нь муудалцаж байсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг

   2.Хохирогч Н.Нэргүйбаатарын....2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн оройн 18 цаг нилээн өнгөрч байхад төрийн банкны барилга дээр очсон ба очиход Эрдэмбилэг инженер  Ноён Уул дэлгүүрийн ажилтан Пүүжээтэй маргаад байж байсан Ноён Уул дэлгүүрээс зээлээр цемент авсан мөнгө төгрөгөө нэхээд л маргаад байсан. Би тухайн үед жаахан халамцуу байсан юм.... би ажилчдын гэр рүү эхнэрийнхээ араас ороход манай үсчинд үсээ засуулсан өндөр Мөнхбат гэх залуу орон дээр хэвтэж байсан ба би та нар үс засуулсан мөнгөө өг л дөө гэж хэлэхэд чи муу юу гээд байнаа гээд өндөр залуу босож ирээд над руу дайрахаар нь нь би цээжин хэсэг рүү нь нэг удаа өшиглөхөд босож ирээд намайг барьж аваад гэрээс түлхэж гаргасан. Би гэрээс хөөгдөж гарахад манай эхнэр байхгүй харагдахгүй байсан. Ингээд би Эрдэмбилэг дээр явж очоод та нар мөнгө төгрөгөө өг л дөө их мөнгөний өр тавьсан байна шүү дээ гэж хэлэхэд юу гээд байгаа юм гээд над руу томорсон дайрахаар нь би гараараа нүүрэн хэсэг рүү нь цохиод унагаасан ба босож ирээд 2-лаа ийшлэе уулзъя гэж хэлээд намайг дагуулж машины  дэргэд очоод учир зүггүй миний зүүн суга хэсэг рүү болон ар дал хэсэг рүү цохих шиг болохоор нь яаж цохиод байгаа юм болоо гээд гар руу нь харахад гарт нь үзүүртэй иртэй зүйл харагдсан ба цохисон газарт нь халуу дүүгээд цус гоожих шиг болохоор нь намайг хутгалсан байна гэж мэдээд шууд зугтаасан.... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас/

          3.Гэрч Д.Мөнхбатын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Гаднаас Нэргүйбаатар ганцаараа нилээн ууртай согтуу орж ирээд намайг орон дээр сууж байхад миний цээж рүү өшиглөхөөр нь би босож барьж аваад гэрээс түлхэж хөөж гаргасан юм. Ингэж гэрээс гаргаж явуулаад хэсэг хугацааны дараа гэрээс гарахад өөдөөс Эрдэмбилэг алхсан ирсэн ба надтай ирж уулзахдаа найз нь сая Нэргүйбаатарыг хутгалчихлаа чи энэ хутгыг авчих цагдаа асуувал чи өөрөө хатгасан гээд хэлчих тэгэх үү гэж гуйхаар нь би за за гэж хэлээд өгсөн хар иштэй эвхэгддэг жижиг тонгорог хутгыг нь аваад халаасандаа хийсэн юм. Хутга ямар нэгэн цус болоогүй цэвэрхэн байсан юм .... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/

 

          4.Гэрч А.Уянгын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... би гэрт ороод Сараа эгчид хандаж танайх цалин мөнгөө тавьсан уу би мөнгөө авмаар байна танай ажилчид үсээ засуулчихаад зугатаж явах гээд байна. Мөнгө төгрөгөө олж авмаар байна гэж хэлээд байж байхад манай нөхөр орж ирээд чи энд юу хийгээд байгаа юм бэ? гараад ир гэж хэлээд гэрээс дагуулж гарах гэхэд өндөр залуу манай нөхөр рүү нэг зүйл хэлсэн би юу гэж хэлснийг нь сайн ойлгоогүй мэдэхгүй байна. Манай нөхөр сонсоод уурлаад өндөр залууг очиж өшиглөх шиг болсон гэтэл өөдөөс нь дайраад манай нөхөртэй зууралдаад Сараа эгч салгах гээд дундуур нь орсон  би ч мөн боль гэж хэлсэн ингээд маргалдаад байхаар нь гараад явчихсан юм. Би гэрээс гараад шууд өөрийн ажил руугаа явсан. Манай нөхөр архи уусан бага зэргийн согтуу байсан, зүрх нь хөөрөөд үгэнд орохгүй байсан. Ингээд ажил дээрээ очоод байж байхад манай нөхрийн утаснаас нэг хүн залгаад танай нөхөр хүнд хутгалуулсан эмнэлэг дээр байна хурдан хүрээд ир гэж хэлэхээр нь би яараад эмнэлэг дээр яваад очиход Балжинням цагдаа, барилгын дарга залуу байсан ба нөхрийн зүүн хавирга хэсгээр дүүрэн цус болсон цамцыг нь хайчлаад авсан цусыг нь цэвэрлээд байж байсан. Байгаль эмч гүн шархтай байна. Сэлэнгэ аймаг руу яв гэсэн. Ингээд шууд Сэлэнгэ аймагт ирээд эмчид үзүүлэхэд цээжний хөндий рүү нэвтэрсэн гүн шархтай, дотуур цус алдсан байна яаралтай эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Цагааннуур суманд дахиад жаахан удсан бол дотуураа цус алдаад амь насаа алдах байсан байна лээ... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 37-38  дугаар хуудас/

         5.Гэрч Батцэнгэлийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Цагаанннуур суманд барилгын ажлыг шалгахаар очсон юм. Гэтэл Эрдэмбилэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан....үсчин эмэгтэйн нөхөр гэж нэг залуу согтуу ирээд та нар үс засуулсан мөнгөө өгөөч гэж уурлаж  томорч байсан бөөрөнхий ажилчдын гэр рүү хүртэл ороод горийл Мөнхбаттай маргалдаж, орилж хашгираад гэрээс хөөгдөж гарч байсан....Тухайн үед гэрээс хөөгдөж гар ирээд О.Эрдэмбилэг рүү дайрч мөнгө төгрөгөө өг гээд дайраад байсан ба О.Эрдэмбилэгийг шатан дээр зогсож байхад нь татаж унагаагаад нүүр рүү нь өшиглөсөн би боль гэж салгасан. Ингэж салгахад над руу дайраад чи хэн бэ гэхээр нь ахын дүү уусан юмаа зөв шингээ, ярих юм байвал эрүүлдээ ирээд уулз, хүнтэй юм ярьж байхад саад болоод байна, одоо яв гэж хэлээд байж байхад О.Эрдэмбилэг тухайн залууг дагуулаад цаашаа явсан хоорондоо маргалдаад хэн хэнтэйгээ зодолдох үзэх юм яриад явсан. Би Эрдэнэбаттай юм яриад зогсож байхад удалгүй тухайн согтуу залуу намайг аллаа  гэсэн гүйж гарч ирсэн ба Эрдэнэбат бид 2 руу дөхөж ирэхэд нь харахад зүүн суга хэсгээс нь цус гарсан байсан ба манай эхнэр хаана байна гэж асуухаар нь мэдэхгүй гэж хэлэхэд цаашаа яваад өгөхөөр нь санаа зовоод араас нь явж очиж машинд суулгаад эмнэлэг хүргэж өгсөн.... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 39-40  дүгээр хуудас/

          6.Гэрч Батдэлгэрийн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Орой 19 цаг өнгөрч байхад Төрийн банк барьж байгаа хашаа руу орж байхад миний хажуугаар Эрдэмбилэг нэг залуутай бие биеийнхээ мөрнөөс барьсан байдалтай  жижиг хар машины цаагуур орж байсан. Тэгэхээр нь би цаашаа очиход Ноён Уул дэлгүүрийн Эрдэнэбат, Батцэнгэл нар уулзаад зогсож байхаар нь Ө.Батцэнгэлээс цалин юу болж байна гэж асуугаад цаашаа хамт ажиллаж байсан хүмүүс дээрээ очоод байж байхад Д.Эрдэнэбат хүн хутгалсан байна наад ажилчнаа аваад эмнэлэгт очиж үзүүлээч гэж Ө.Батцэнгэлд хэлж байсан.... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 43 дугаар  хуудас/

 

          7.Гэрч Д.Эрдэнбатын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дарга ирсэн гэхээр нь уулзаж тооцоогоо хийхээр 19 цагийн орчим Цагааннуур сумын 3 дугаар багт баригдаж байгаа барилга дээр очоод барилга хариуцсан захиралтай нь уулзаад байж байхад барилга хариуцсан инженер Эрдэмбилэг хажууд зогсож байсан. Тэр үед ажилчдын байрнаас Нэргүйбаатар чи муу нааш ир овоо муу гар вэ гээд орилж гарч ирээд Эрдэмбилэгтэй зууралдаад хамт газар унасан. Би Нэргүйбаатарыг чи яах гээд байгаа юм бэ? хүнтэй юм яриулахгүй, боль чи намайг таньж байна уу гэхэд миний үгэнд ороод больсон. Тэгээд тэр 2 тойроод жижиг хаалганы цаана байсан жижиг хар машины ар талд Эрдэмбилэг, Нэргүйбаатар нар нь ноцолдож байгаад Нэргүйбаатар нь салаад урд хаалга руу гүйгээд машин замын гэрлийн шонгийн доор зүүн гараа хараад зүүн талын хэвлий орчим дарж харж байснаа тойроод хашааны жижиг буюу хажуу талын хаалгаар орж ирээд намайг Эрдэмбилэг хутгалчихлаа гээд зүүн гаран дахь цусаа харуулаад зүүн хэвлий дээрээ дарахад зүүн хэвлий орчмын хувцас норж цус нэвчсэн байсан... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 45 дугаар  хуудас/

          8.Гэрч Л.Байгалмаагийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19.30 цаг болж байхад байхаа эмнэлгээс манай сувилагч С.Ариунчимэг нь над руу залгаад хутгалуулсан хүн орж ирлээ гэж хэлэхээр нь би ирэхэд манай сумын Нэргүйбаатар гэх зүс мэдэх залуу хутгалуулсан байж болох шархтай байсан. Намайг үзэхэд өмсөж явсан подволкны урд хэсэг нь нэлэнхүйдээ цусаар бохирлогдсон байсан учраас хайчаар хайчлахад Нэргүйбаатараас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Биед үзлэг хийхэд зүүн мөрний ар, суганы дээд хэсэгт 1 см орчим зүсэгдсэн гүн нь 2,5 см орчим цус гоожсон шарх, суганы шугамаар доош 5 дугаар хавирганы завсар орчим 1,5 см орчим зүсэгдсэн гүн нь 3,5 см орчим цус гоожсон шарх, суганы шугамаар доош 7 дугаар хавирганы орчим 1 см орчим зүсэгдсэн гүн нь 8-10 см орчим цус гоожсон нийт 3 шарх байсан. Зүсэлтийн гүнийг үзэхэд  ариун зажим гэх багажаар тавьж үзэж байсан. Энэ хугацаанд цус тогтоох, өвчин намдаах, цус орлох болон бусад шинж тэмдгийн эмчилгээ хийж дээд шарханд нь тус бүр 2 оёдол тавьж, доод шарханд нь даралттай боолт хийж  Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү өөрийн биеэр авч яван мэс заслын тасагт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 46 дугаар  хуудас/

          9.Гэрч Р.Цолмонгийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр намайг жижүүртэй байхад шөнө дунд Цагааннуур сумын эмч Байгалмаа хутгалуулсан Н.Нэргүйбаатар гэх хүнийг авчирсан юм. Тухайн хүнд үзлэг хийхэд зүүн суган доороо 2 ширхэг шархтай оёдол тавьсан, харин зүүн хөхний гадна доод талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай оёдол тавигдаагүй цус гарч байсан. Уг шархыг шалгахад цээжний хөндий рүү чөлөөтэй багаж орж байсан. Дотор эрхтэн нь гэмтэлгүй байсан . Шархыг цэвэрлээд оёдол тавиад эмчилгээ хийсэн, мэс заслын тасагт шилжүүлж хэвтүүлсэн ба цээжийг гэрэлд харахад зүүн уушиг доод хэсгээрээ синус хаалттай /шингэнгүй/ зүүн уушгины доод дэлбээ сүүдэртэй /амьсгал бага/ байсан. Цээжний хөндий нэвтэрсэн талаар зурган дээр тодорхой харагдаж байгаа цээжний хөндий нэвтрээд цус хурсан байсан. Эмчилгээ хийгдээд цээжний хөндийд байсан цус шимэгдэж биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарсан.... багажаар шалгахад 5-6 см чөлөөтэй орж нэвтэрч байсан үүнээс цааш явбал дотор эрхтэнд хүрнэ... гэх мэдүүлэг

/ хавтаст хэргийн 52-54 дүгээр  дугаар  хуудас/

         10.Шинжээч эмчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ¹394 тоот дүгнэлт.... Н.Нэргүйбаатарын биед баруун цээжний зүүн хэсгийн хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

          11.Шинжээч эмчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ¹393 тоот дүгнэлт.... О.Эрдэмбилэгийн биед доод уруулын дотор салстад зулгарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт 

/хавтаст хэргийн 60 дугаар хуудас/

         12.Шинжээч эмчийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ¹392 тоот дүгнэлт.... Д.Мөнхбатын биед гэмтэл тогтоогдсонгүй.

/хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

    13.Н.Нэргүйбаатарын мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх.

/ хх-ийн 66-76 дугаар хуудас/

    14. Шинжээч эмч Т.Насанжаргалын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2015 оны 10 дугар сарын 21-ний өдөр Нармандах овогтой Нэргүйбаатарыг Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь шинжээч томилсон тогтоолын дагуу очиж биед нь үзлэг хийхэд цээжний зүүн хажуу хэсэгт 2см 2 оёдол тавигдсан шархтай, түүний доод хэсэгт 1х0.3см зах ирмэг тэгш оёдол тавигдаагүй шарх энэ шарх цээжний хөндий рүү нэвтэрсэн, зүүн доод хэсэгт 2см 1оёдол тавигдсан бүхий шарх байсан. Баруун нүдний доод хэсэг 1х0.5, 0.8х0.5см тавшиж буй зулгаралттай /хэрэг асуудал болох үед үүссэн байх магадлалтай/ байсан. Биед нь үүнээс өөр гэмтэл байгаагүй. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн №5453/482 тоот өвчний түүхээс үзлэг хийсэн эмчийн онош Цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх болон 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн цээжний рентген зурагт зүүн талын доод уушгины синуст бага хэмжээний сул шингэнтэй гэдгийг үндэслэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заасны дагуу хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д Цээжний хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд Дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлий рүү нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт цээж хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол хүнд зэрэгт хамаарна гэсэн байдаг юм. Үүнийг баримтлан гэмтлийн зэргийг тогтоосон би хуулийн хүрээнд дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 77 дугаар хуудас/

              15.Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-7 хуудас/

          16.Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 хуудас/

          17.Хохирогч Н.Нэргүйбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. /хх-ийн 126-131 дүгээр хуудас/ 

 18.Шүүгдэгч О.Эрдэмбилэгийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр өгсөн...Би Цагааннуур суманд Төрийн банкны тоцооны төвийн барилгыг барихаар 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр компанийг төлөөлж талбайн инженерээр очсон юм. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилчин горийл хочит Мөнхбатын хамт 1 шил 0.75 граммын Ерөөл архи хуваан уусан ба архи уугаад согтуу явахдаа нутгийн хоёр залуутай танилцаад тухайн хоёр залуу танилцсан гээд 2 шил 0.75 граммын Ерөөл архи авсан архийг хуваан уугаад тухайн 2 залуугаас салж явсан. Хамт архи уусан нутгийн залуугийн нэрийг мэдэхгүй нэрийг нь санахгүй байна. Ингэж архи уугаад салаад ажилчид байрлаж байгаа гэрт очиж хэвтэж хэсэг унтаад архиа гаргаад босож ирээд 16 цагийн үед Горийл Мөнхбат үсээ засуулмаар байна гэхээр нь үсчин Уянга гэдэг хүний үсчинд очиж мөнхбат үсээ зээлээр засуулсан юм. Манай ажлын хүмүүс цалин буухаар мөнгийг нь өгнө гээд зээлээр бичүүлээд үсээ засуулдаг юм. Тухайн үед манай компаниас цалин тавихгүй мөнгөгүй болсон байсан. Ингэж үсийг нь засуулж байхад Уянга гэдэг үсчний нөхөр болох зүс таних Нэргүйбаатар байсан юм. Мөнхбат үсээ засуулж байхад би өөрийн ээж рүүгээ утасдаж өнөөдөр Орхон аймаг руу гэр рүүгээ явмаар байна цалин буугаагүй ямар ч мөнгөгүй болсон надад 50.000 төгрөг шилжүүлээч гэж гуйхад мөнгө шилжүүлэхээр болсон. Надад хүлээн авах данс байгаагүй юм. Ингээд Нэргүйбаатараас асуухад надад хаан банкны данс байгаа та миний данс руу мөнгөө хийлгээд авахгүй юу гэж хэлэхээр нь Нэргүйбаатарын дансны дугаарыг ээж рүү мессежээр явуулаад ээж мөнгө шилжүүлсэн. Мөнгийг авахаар Нэргүйбаатар, Мөнхбат бид 3 банк руу явсан. Мөнгийг аваад мөнгөтэй боллоо гээд дэлгүүрээс 0.75 граммын Ерөөл архи, 1 хайрцаг тамхи авсан. Гэтэл Нэргүйбаатар мөн 1 шил 0.75 граммын ерөөл архи авсан. Ингээд бид 3 дэлгүүрээс гараад гадаа зогсож байгаад Нэргүйбаатарт хандаж ахын дүү баярласан шүү, их тус боллоо миний авсан архинаас нэг татчих гэж хэлээд авсан архинаасаа хийж өгсөн нэг татуулсан тухайн үед би Нэргүйбаатарт хандаж тендрийн унаанд хэлчихээ 3 хүн явна гээд хэлчихээ  би явах гэж байна гэж хэлээд утсаар тендрийн хүн рүү залгуулж хэлүүлсэн. Ингээд Нэргүйбаатар архиа аваад яваад өгсөн. Мөнхбат бид 2 архиа аваад амрах байр руугаа явсан. Амрах байрандаа очоод архийг 2-лаа хувааж уусан. Ингээд авч явах хувцас хунараа янзалж байгаад гэрт Мөнхбатыг үлдээгээд би гэрээс гарч барилгын гадна довжоон дээр тамхи татаад байж байхад Нэргүйбаатар нилээн ууртай над руу хүрч ирээд пиздануудаа та нар миний эхнэрийн мөнгийг өгөхгүй Орхон аймаг руу явах гэлээ, зугтаах гэлээ гэж хэлэхээр нь цалин буухаар мөнгийг чинь өгнө шүү дээ ахын дүү, цалин буугаагүй болохоор өгч чадахгүй байна, зугтаах гэсэн хүн алга байна гэхэд худлаа шаагаад бай, пизда минь гэж хэлээд над руу дайраад уруул хэсэг рүү маш хүчтэй цохьсон. Би цохиулаад манараад газар унасан. Үүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн би ажилчдын гэрт орсон орон дээр хэвтэж байсан ба гаднаас хэсгийн төлөөлөгч орж ирээд горийл Мөнхбатыг аваад явсан. Миний хувьд яаж гэрт орсноо хүртэл санахгүй байна. Нэргүйбаатарт цохиулаад газарт унасан үүнээс хойш юу болсныг санахгүй, мэдэхгүй байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  84 дүгээр хуудас/

19.Шүүгдэгч О.Эрдэмбилэгийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн... Тухайн үед над руу Н.Нэргүйбаатар дайрч машины хажууд 3-4 удаа толгой нүүр хэсэг рүү гараараа цохисон би тонгойсон нүүрээ хамгаалж байсан. Ингээд цохиод байхаар нь би болиулах гэж биеэ хамгаалж халаасанд байсан хар өнгийн тонгорог хутгаар 3 удаа хатгасан юм. Хаашаа нь хатгаснаа хараагүй тонгойсон байхдаа шууд хатгачихсан. Гэтэл намайг цохихоо болиод тавихаар нь доошоо суу гэж хэлэхэд над руу хараад миний гарт байсан хутгийг хараад зог тусаж зогсоод доошоо суух гэж байснаа болиод шууд тэр чигтээ гүйгээд явчихсан. Би хатгачихаад шууд Мөнхбатыг дуудахад гэрээс өөдөөс ирэхээр нь найз нь хүн хатгачихлаа чи энэ хутгийг ав нуучих цагдаа нар ирвэл намайг хутгалсан гэж хэлээрэй гэж хэлээд гэр рүү орсон. Ингээд гэрт байхад хэсгийн төлөөлөгч ирээд мөнхбатыг аваад явсан. Намайг анх татаж газарт унагаагаад нүүрэн хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн ингэж цохиход дэлгүүрийн Эрдэнэбат, захирал 2 салгасан. Ингээд надтай Нэргүйбаатар маргалдаад 2-лаа уулзъя учираа олъё гэж хэлээд машины хажууд зогсоод миний нүүр толгой хэсэг рүү 3-4 удаа гараараа цохихоор нь би толгойгоо хамгаалж гараараа бариад болиулах гэж халаасандаа байсан хутгийг гаргаж хатгасан. Тухайн үед хойшоогоо зутъя гэхээр машин тулаад, хажууханд нүх ухаастай байсан болохоор явж болохгүй өөрөөсөө холдуулах гээд хатгасичхсан юм. Би аргагүй хамгаалалт хийсэн, санаатайгар хутгалаагүй...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 87 дугаар хуудас/

 20.Хохирогч Н.Нэргүйбаатарын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 2-3 удаа цохьсон маань үнэн. Төрийн банкны хашаанаас гараад урагш жаахан яваад цагаан потер маркын машины дэргэд очиход надруу ойртохоор нь би цохьсон юм. Гэтэл намайг хутгалсан би хутгалуулаад шоконд ороод эргэж хараад гүйсэн. Хар өнгийн автомашин портер машины хажууд байсан шиг санагдаж байна. Би архи уусан байсан учир ухаан санаа орж гараад байсан юм. Ингээд сайн санахгүй байж байгаад саяханаас юу болсоныг сайн санасан юм. Миний хувьд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Надад эмчилгэtний мөнгийг бүрэн төлж барагдуулсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 113 дугаар хуудас/

 21.Гэрч Л.Цэвэлийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.. 2015 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед Цэдэндамба ахын гэрт орсон байж байгаад бие засахаар гарах үед Төрийн банкны барилгын үүдэн дээр Эрдэмбилэг тамхи татаад зогсож байсан ба Ноён-Уул дэлгүүрийн эзэнтэй хамт зогсож байсан. Гэтэл Нэргүйбаатар явж очоод Эрдэмбилэгтэй маргалдаад Эрдэмбилэгийг татаж унагаагаад өшиглөж цохиод байсан. Нэргүйбаатар л зодоод байсан. Харин Эрдэмбилэг хариу үйлдэл хийлгүй зодуулаад байсан. Ингээд бие засчихаад ирэхэд Төрийн банкны хашаанаас 2-лаа гараад хажууханд нь  зогсож байсан захирлын унадаг жижиг автомашины дэргэд мөн л Эрдэмбилэгийг толгой руу Нэргүйбаатар цохиж байсан. Эрдэмбилэг доошоо тонгойсон баруун гараараа Нэргүйбаатарыг 3 удаа цохих шиг болсон. Доороос нь дээшээ цохиж харагдсан. Би ямар сонин цохидог юм бэ гэж харсан юм. Ингэтэл Нэргүйбаатар гэнэт зог тусаж зогсож байгаад эргэж хараад гүйж гэрэлд очиж зогсоод элэгнийхээ тэр хавьд дарж гараа хараад зүгээр алхаад яваад өгсөн. Харин Эрдэмбилэг цаашаа яваад өгсөн. Би байшин руу орсон юм...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/

 22.Хохирогч Н.Нэргүйбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмлэглэл.гэрэл зургийн үзүүлэн./хавтаст хэргийн 126-131 дүгээр хуудас/

 23.Шүүгдэгч О.Эрдэмбилэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. Гэрэл зургийн үзүүлэн. /хавтаст хэргийн 132-138/

           24.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл. Гэрэл зургийн үзүүлэн /хавтаст хэргийн 139-140 дүгэр хуудас/

 25.Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол. /хавтаст хэргийн 142 дугаар хуудас/

 26.Хохирогч Н.Нэргүйбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Одоо миний зүрхэн талд буюу хутгалуулсан талд маш хөндүүртэй хэвээр байна. Би байнга өвчин намдаах эмийг хувиараа авч ууж байгаа. Би Эрдэмбилэгээс эмчилгээний зардалд нийт 1.200.000 төгрөг авсан. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зардлыг Эрдэмбилэгийн тал даасан байгаа. Надад өөр өвчин зовиур алга, голдуу зүрх өвдөж савлах юмаа. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Харин сүүлд Улаанбаатар хотод очиж шүүх эмнэлэгт үзүүлэхээс өмнө буюу Улаанбаатар хотод очиход Эрдэмбилэгийн эгч нь гэх эмэгтэй тосч уулзаад нэг хувийн эмнэлэгт очиж үзүүлээдэхье гээд намайг нэг хувийн эмнэлэгт дагуулж очоод цээжний зураг авахуулсан. Тэгээд энэ зургаа шинжээч эмчид үзүүлсэн. Тэр эмч үзээд нэг их нөлөө алга, бид өөрсдөө материалаа үзнэ, шинжилгээ хийнэ, дүгнэлтээ гаргачихаад явуулна гээд өнгөрсөн. Эрдэмбилэгт гомдолтой байна....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

 27.Гэрч Л.Байгалмаагийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Нэргүйбаатар нь хүнд хутгалуулаад ирсэн ба би үзлэг хийхэд 3 газар шарх байсан. Хамгийн гүн хэсэг нь зүүн суганы доод хэсэгт 1.5см орчим өргөнтэй байсан ба зажем хэрэглэж гүнийг нь хэмжсэн. Намайг шарх руу нь зажем хийхэд Н.Нэргүйбатар үзүүлэхгүй гэж дургүйцэн наашаа цаашаа болж хөдлөөд өвдөж байна гээд хийлгэхгүй байсан. Би зажемаа Нэргүйбаатарын шарх руу хийхэд 6см орчим байсан ба цаашаагаа орох ч юм шиг санагдаад байхаар нь би нэгдсэн эмнэлэгт хүргэж үзүүлэх нь зөв юм байна гээд өөрийн биеэр нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ 8-10см-ийн гүнтэй шарх гэдэг нь би шарханд зажемаа хийх гэхэд Н.Нэргүйбаатар хийлгэхгүй байсан ба хийгээд үзэхэд 6 см орчим болж байсан. Цаашаагаа гүн нь 8-10см байж болохоор байна гэж үзсэн.....гэх мэдүүлэг

/2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

28.Шүүх шинжилгэний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №391 тоот шинжээчийн дүгнэлт 

1.Сэлэнгэ аймгийн ШША-ны №394 дугаартай дүгнэлтийн 1.2-р хариулттай санал нийлэхгүй байна. 3-р заалтын хүнд гэмтэл, 4-р хариултын цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонг алдалтанд нөлөөлөхгүй гэсэнтэй санал нэг байна.

2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 

3.Хавтаст хэргийн мартериалд авагдсан зураг он сар тодорхойгүй тул дүгнэлт хийх боломжгүй. 

4.Н.Нэргүйбаатарын биед учирсан цээжний зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт, арьсан доор хий хуралдалт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь ажлын хэсэг нь 6.5см хэмжээтэй хутгаар үүсэх боломжтой. 

5.Н.Нэргүйбаатарын биед учирсан цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт нь архаг бронхит өвчинтэй шалтгаант хамааралгүй байна. 

6.Н.Нэргүйбаатарын биед учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....гэх дүгнэлт 

/ 2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/

 

 29.Шүүгдэгч О.Эрдэмбилэгийн  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 90  дүгээр хуудас/ 

     30.Хохирогч Н.Нэргүйбаатарын 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дахин байцаалтын шатанд өгсөн....Тиймээ би энэ дүгнэлтийг уншиж танилцлаа, надад хэлж ярих санал хүсэлт алга. Шинжээчдийн гаргасан дүгнэлтийг хүлэээн зөвшөөрч байна. Надад учирсан гэмтэл шархтай холбогдуулан дахин дүгнэлт гаргасан шинжээч нартай би өөрөө Улаанбаатар хотод уулзаж биеэ үзүүлсэн. Намайг Улаанбаатар хотод очиход Эрдэмбилэгийн эгч нь гэх эмэгтэй төмөр замын өртөөн дээрэс тосч аваад дагуулж хамтдаа шүүх эмнэлэг дээр очиж байсан.

     Одоо миний зүрхэн талд буюу хутгалуулсан хэрэгт маш хөндүүртэй хэвээр байна. Би байнга өвчин намдаах эм хувиараа авч ууж байгаа. Би Эрдэмбилэгээс эмчилгээний зардал нийтдээ 1,200,000 төгрөг авсан. Намайг эмнэлэгт хэвтэх зардлыг Эрдэмбилэгийн талаас даасан байгаа. 

     Надад өөр өвчин зовиур алга, голдуу зүрх өвдөж савлах юм. Энэ хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй. Харин сүүлд Улаанбаатар хотод очиж шүүх эмнэлэгт үзүүлэхээс өмнө буюу Улаанбаатар хотод очиход Эрдэмбилэгийн эгч нь гэх эмэгтэй тосч уулзаад нэг хувийн эмнэлэгт очиж үзүүлээдхье гээд намайг хувийн эмчид үзүүлсэн. Тэр эмч энэ зургийг үзчихээд нэг их нөлөө алга, бид өөрсдөө материалаа үзнэ, шинжилгээ хийнэ, дүгнэлтээ гаргачихаад явуулна гээд өнгөрсөн гэх мэдүүлэг. 

/хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

          2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Шинжээч эмчийн 391 дугаар дүгнэлтэнд

 

1. Сэлэнгэ аймгийн ШША-ны №394 дугаартай дүгнэлтийн 1,2 хариулттай санал нэгдэхгүй байна. 3-р заалтын хүнд гэмтэл, 4-р хариултын цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэнтэй санал нэг байна.

2. Шүүх эмнэлгийн гэмтлын зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Хавтаст хэргийн материалд авагдсан зураг он сар тодорхойгүй тул дүгнлт хийх боломжгүй.

4. Н.Нэргүйбаатарын биед цээжний зүүн хэсгийн цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт, арьсан доор хий хуралдалт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь ажлын хэсэг нь 6,5 см хэмжээтэй хутгаар үүсэх боломжтой.

5. Н.Нэргүйбаатарын биед учирсан цээжний зүүн хөндийн шингэн хуралдалт нь архаг бронхит өвчинтэй шалтгаант хамааралгүй байна.

6. Н.Нэргүйбаатарын биед учирсан цээжний хөндийрүү нэвтэрсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад шүүх дараахи

дүгнэлт хийв.

  

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ойровын Эрдэмбилэгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим Сэлэнгэ  аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, 3 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт иргэн Н.Нэргүйбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж,  цээжний зүүн хэсэгт хутгаар хатгаж, бие махбодид нь санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

          Шүүх гэмт хэрэг гарсан талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд баримтжуулсан дараахи нотлох баримтууд болон нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч О.Эрдэмбилэгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим Цагааннуур сумын иргэн Н.Нэргүйбаатарын цээж рүү нь хутгаар хатгаж Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

          Хохирогч Н.Нэргүйбаатарын өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, Цагааннуур сумын эмч Байгалмаагийн анхны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдэд зэрэг болно.

          Үзлэг хийсэн эмчийн тэмдэглэлд хутгалагдсан хэсэг нь цээжний хөндий рүү 6.5 см нэвтэрсэн, үүнийг зажем тавьж тогтоосон, харин үүнээс илүү ч байж болно гэжээ. Хутга цээжний хөндий рүү лав нэвтэрсэн байдал нь Шүүх эмнэлгийн гэмтлын зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болдог талаар шинжээч эмч нар дүгнэлт гаргасан байна. 

Үүнд эргэлзээтэй, ойлгомжгүй зүйл үгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ....Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг хуулийн шаардлага хангаагүй, 3 эмч дүгнэлт гаргах байтал 2 эмч хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргаад нэг эмч шууд гарын үсэг зурсан байгаа нь хууль бус юм. Ийм дүгнэлтээр шүүгдэгчийг хүнд хэрэгт холбогдуулан яллах үндэслэл болсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр давтан дүгнэлт гаргуулж өгнө үү гэх санал гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 

Учир нь Энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээч томилсон тогтоолд 3-н шинжээч эмч бүгд танилцаж гарын үсэг зурсан төдийгүй, шинжээчийн дүгнэлтэнд 3-н эмч бүрэлдэхүүнээрээ гарын үсэг зурж баталгаажуулан гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан 391 тоот шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолоор нотлогдож байна. 

          Мөн өмгөөлөгчийн зүгээс хохирогч Нэргүйбаатарыг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн, согтуугаар нэг талд суудлын тэрэг нөгөө талд 2.30 метрийн гүн нүх ухсан харанхуй газар аваачиж, толгой нүүр лүү нь учир зүггүй цохиж байх үед өөрийгөө хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хэрэглэж хутгаар хатгасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар энэ хэргийг аргагүй хамгаалалт хийсэн гэсэн үндэслэлээр гэмт хэрэгт тооцохгүй байх бололцоотой гэж үзэж байгаа ба хүн бүр аргагүй хамгаалалт хэрэглэх эрхтэй байдаг хуулийн зохицуулалтыг удирдлага болгон саналаа хэлснийг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүхээс үзэв. Учир нь Хэрэгт авагдсан баримтууд болох гэрчүүд, хохирогчийн мэдүүлгүүдээс Нэргүйбаатар нь шүүгдэгч О.Эрдэмбилэгийг дагуулж харанхуй газар аваачсан байдал тогтоогдохгүй байгаа ба О.Эрдэмбилэг өөрөө түүнийг дуудаж тийш аваачсан, тухайн үеийн нөхцөл байдал нь нийгэмт аюултай, амьд явах эрхэд халдсан халдлага байсан байж болохыг мөрдөн байцаалтын шатанд нотолж тогтоогдоогүй байна. 

Иймээс Эрдэмбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна. 

         Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

          Шүүгдэгчийн болон ар гэрийн зүгээс нь хохирогч Нэргүйбаатарын эмчилгээнд анхаарч, хохиролыг төлж барагдуулан эмчлүүлсэн зардлыг хариуцан арилгасан байдал хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохиролыг арилгасан гэж үзлээ.

          Хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гаргасан ааш авир, зүй бус үйлдэл гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. 

Шүүгдэгч О.Эрдэмбилэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогчийн бие эрүүл мэндийн байдал сайжирч ажил хөдөлмөрөө хэвийн эрхэлж яваа байдал болон шүүгдэгч өндөр настай ээжийгээ асардаг, ар гэрт нь түүнээс өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

          Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус аваир нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгч О.Эрдэмбилэгт оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Нэргүйбаатарын өмсөж байсан юүдэнтэй ноосон цамц, О.Эрдэмбилэгийн хэрэглэсэн хар иштэй эвэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогчийн рентгэн зургийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

           Шүүгдэгч нь хэргийн улмаас 21 хоног цагдан хоригдсныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэргийн улмаас битүүмжилсэн буюу хамгаалагдсан хөрөнгө үгүй байгааг шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй. 

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

 

1.Хөвдүүд овогт Ойровын Эрдэмбилэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар О.Эрдэмбилэгт 03 /гурав/ жил 05 /тав/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн мөн зүйл хэсгийн 52.5-д зааснаар О.Эрдэмбилэгт оногдуулсан 03 жил, 05 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ялтан Эрдэмбилэгийн ашигласан  11.5 см-ийн урттай бор иштэй хутга, хохирогч Нэргүйбаатарын өмсөж явсан гэх эрэгтэй хүний ноосон цамц зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар мөн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хохирогч Н.Нэргүйбаатарын цээжний рентгэн зургийг хавтаст хэрэгт хавсаргаж үлдээсүгэй. 

5.Ялтан О.Эрдэмбилэгийн цагдан хоригдсон 21 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай. 

6. Ялтан О.Эрдэмбилэг бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас хамгаалсан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

7.Ялтан О.Эрдэмбилэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- зааснаар ялтан түүний өмгөөлөгч болон хохирогч, эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол эсэргүүцэл гаргаагүй бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

                                 

 

ДАРГАЛАГЧ                                Б.ЭРДЭНЭХИШИГ

    ШҮҮГЧИД                               Д.РЕНЧЕНХОРОЛ

                                              Б.НАЦАГДОРЖ