| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 141/2018/0022/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2018-09-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 24
Ү.Мө-д холбогдох хэргийн талаар Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.Одонтуяа Шүүгдэгч Ү.Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Үү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ү.Мө-ийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн давж заалдсан гомдлоор 1824000170017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангид сурдаг, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багт оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Авхай овгийн Үү-ын Мө-. /регистрийн дугаар: /ИЦ********/.
Шүүгдэгч Ү.Мө- нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Тэжээлийн фондны зүүн талын хашаанд байрлах Д.Ба-гийн эзэмшлийн байшингийн үүдний амбаарын цонхыг эвдэн орж 20 кг борц, 7 кг сүү зэрэг эд зүйл хулгайлан 515,400 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 04- ний өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Сүмийн хорооны задгайд байрлах Ж.Ба-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоож, цүүг эвдэн орж 10 кг бууз хулгайлан 50,000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэн Ш.До-ын эзэмшлийн байшинд нэвтэрч 5 кг бууз, Самсунг топ маркийн гар утас 1 ширхэг, телеге маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч 165,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Авхай овгийн Үү-ын Мө-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ү.Мө-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мө-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 6 сараар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ү.Мө- нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон үеэс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Ү.Мө- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдол, саналгүй гэснийг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч С.Үү-ын хувьд оногдох эд хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ү.Мө-ийн иргэний бичиг, баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Ү.Мө-д 06 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч Ү.Мө-ийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн Хуулийн Ерөнхий Ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэн 06 сарын хорих ял оногдуулж хорих ялыг сургалт, хүмүүжлийн байгууллагуудад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ү.Мө- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг нөхөн төлж барагдуулсан, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 17 настай, одоо ерөнхий боловсролын 12 дугаар ангид элсэн суралцах зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэсний дагуу Ү.Мө-д оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжтой гэж үзэж байна гэжээ. Шүүгдэгч Ү.Мө-ийн өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү. Мө- нь Эрүүгийн хуулийн 17-р бүлгийн 17.1-р зүйлийн 2.1-д зааснаар анхан шатны шүүхээс 06 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ялыг сургалт хүмүүжлийн байгууллагад эдлэхээр 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэгдсэн. Ингээд хууль тогтоогч УИХ-ын 06 дугаар сарын 27-нд орсон өөрчлөлтөөр ЭХЕА-ын 8 дугаар бүлэг буюу өсвөр насны хүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн бүлгийн 8.6 дугаар зүйлд өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан хүнд шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах гэсэн зүйлд өөрчлөлт орсон. Энэ нь 1-д шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид эдлэх ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош, хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2-3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгааралт тогтоож болно гэсний дагуу шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байгаа юм. Учир нь: Ү. Мө- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, хор уршигийг нь арилгасан болон одоо Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид элсэн суралцах зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулан Ү.Мө-д оногдуулсан хорих ялыг хойшлуулах үндэслэл байна гэж дүгнэж байна гэв. Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахт хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн Ү.Мө-д холбогдох 1824000170017 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ү.Мө- болон түүний өмгөөлөгчөөс 06 сарын хорих ял оногдуулсан байгаад гомдолтой байна гэж давж заалдах гомдол гаргасан байна. Ү.Мө- нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Тэжээлийн фондны зүүн талын хашаанд байрлах Д.Ба-гийн эзэмшлийн байшингийн үүдний амбаарын цонхыг эвдэн, нэвтрэн орж 20 кг борц, 7 кг сүү зэрэг эд зүйл хулгайлан 515,400 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Сүмийн хорооны задгайд байрлах Ж.Ба-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоож, цүүг эвдэн, нэвтрэн орж 10 кг бууз хулгайлан 50,000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэн Ш.До-ын эзэмшлийн байшинд нэвтэрч 5 кг бууз, самсунг топ маркийн гар утас 1 ширхэг, телеге маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч 165,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Дээрх гэмт үйлдлүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ү.Мө-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мө-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 06 сараар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Ү.Мө-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, нэг удаагийн биш, олон удаагийн үйлдлээр иргэдэд хохирол учруулсан байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Мө-ийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Ү.Мө- нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Тэжээлийн фондны зүүн талын хашаанд байрлах Д.Ба-гийн эзэмшлийн байшингийн үүдний амбаарын цонхыг эвдэн орж 20 кг борц, 7 кг сүү зэрэг эд зүйл хулгайлан 515,400 төгрөгний хохирол учруулсан, Мөн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Сүмийн хорооны задгайд байрлах Ж.Ба-ын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоож, цүүг эвдэн орж 10 кг бууз хулгайлан 50,000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн иргэн Ш.До-ын эзэмшлийн байшинд нэвтэрч 5 кг бууз, самсунг топ маркийн гар утас 1 ширхэг, телеге маркийн гар утас 1 ширхэг зэргийг хулгайлан авч 165,000 төгрөгний хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Ш.До-, Д.Ба-, Ж.Ба-, насанд хүрээгүй гэрч Б.Га- нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181005 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Шүүгдэгч Ү.Мө-ийн өмгөөлөгч М.Гомборагчаа давж заалдсан гомдолдоо ...шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож, Ү.Мө-д оногдуулсан хорих ялыг хойшлуулах боломжтой болно гэжээ. Шүүгдэгч Ү.Мө- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, одоо 17 настай, Ерөнхий боловсролын 12 дугаар ангид элсэн суралцаж байгаа, хохирогчид нь гомдол саналгүй, хохирол төлбөргүй байх ба түүний дээрх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Ү.Мө-д анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, энэ талаарх өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Ү.Мө-д 06/зургаа/ сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай гэж, 4 дэх заалтад... шүүгдэгч Ү.Мө-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Мө-ийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн давж заалдсан гомдлыг хүлээн хангасугай.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ