Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0490/З |
Дугаар | 761 |
Огноо | 2019-11-01 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 761
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, М.Г-ийн нэхэмжлэлтэй, УБЕГД-д тус тус холбогдох захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж[1], нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц[2], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М[3], гэрч Б.Э[4], н.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн агуулга
1.1. Нэхэмжлэгч М.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ[5]:
“...Иргэн М.Г нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаалаар албан тушаал бууруулж, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах бүртгэгчээр томилсныг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тухайн үед болсон асуудал нь Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үндэсний гадаад паспорт авахаар 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэр бүхий 5 иргэн хүсэлт гаргасны дагуу мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр паспортыг нь хүлээлгэн өгсөн боловч уг паспортуудад тус хэлтсийн тамга дарагдаагүй, дарга М.Г нь гарын үсэг зураагүй байснаас иргэн Р.Ч, О.М нар нь гэр бүлийн хамтаар хил нэвтэрч чадаагүй бөгөөд энэхүү үйл явдалтай холбогдуулан М.Г-т дээрх тушаалаар албан тушаал бууруулан томилсон юм.
Уг тушаалыг хүчингүй болгуулахаар гаргасан М.Г-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/083* дугаар шийдвэрээр шийдвэрлэж, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан энэхүү шийдвэрийг үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй гэж заасан.
Гэтэл хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх нэрийдлээр дахин шалгалт явуулж, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16* дугаар тушаалыг гаргаж намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, хууль болон шүүхийн шийдвэрийг зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзэж байна.
Учир нь дээрх шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шалгаад албан тушаал бууруулсан зөв эсэхийг дахин шинэ акт гаргаж шийдвэрлэ гэсэн агуулгатай байхад түүнийг зөрчиж, ажлаас халах сахилгын шийтгэл болгон өөрчилж байгаа нь хууль зөрчиж байхын зэрэгцээ дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэж байна.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд уг шийдвэрээр шинэ акт гаргах хүртэл буюу 3 сарын хугацаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч уг хугацаа 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дуусаж байхад түүнээс хойш 23 хоног хэтрүүлэн захиргааны шинэ актыг гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасныг зөрчиж байна.
Хэдийгээр шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг заагаагүй хэдий ч хүчин төгөлдөр хуулийн заалтыг хэрэглэхгүй байх үндэслэлгүй.
Иймээс ийнхүү намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, мөн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, зөрчсөн байна гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Миний бие удаа дараа дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх 3 сарын хугацаа хэтэрсэн тул гүйцэтгэх хуудас бичүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүй талаар тус шүүхээс хариу өгсөн болно.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16* дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
1.2. Нэхэмжлэгч М.Г 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд шаардлагаа тодруулахдаа[6]:
Тус шүүхэд хянагдаж байгаа М.Г-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч миний бие дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.
Миний бие анх тус шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16* дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Уг нэхэмжлэлийн шаардлагаа “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16* дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” гэж тодруулж байна” гэжээ.
Хоёр. Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Г.М 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[7]:
“Иргэн М.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “М.Гийг албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/7* дугаар тушаалаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Гийг ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул албан тушаал бууруулж Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчээр томилсон юм.
М.Г нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд- тус шүүхээс нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан. хэлэлцэн 128/ШШ2018/083* дугаар шүүхийн шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “М.Г-ийг албан тушаал бууруулж, ажилд томилох тухай” Б/7* дугаар тушаалыг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг үүрэг болгосон.
Шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг шалган тогтоох ажлын хэсгийг байгуулж шалгахад М.Г нь иргэдэд олгогдсон үндэсний энгийн гадаад паспортыг тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс иргэдийг чирэгдүүлж, хохироосон нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12* дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 141* дугаар тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын дүрэм”, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/41* дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын тамга, тэмдэг хэрэглэх журам”, Оюуны өмч, Улсын ; бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/34* дүгээр тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам”, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/39* дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл ; хөтлөх журам”-ыг тус тус зөрчин ажлын байр /албан тушаал/-ны зорилго, зорилтыг хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдсон тул “М.Г-ийг төрийн албанаас халах тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16* дугаар тушаалаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Г-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Нэхэмжлэлд "... дээрх акт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаалыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шалгаад албан тушаал бууруулсан нь зөв эсэхийг дахин шинэ акт гаргаж шийдвэрлэ гэсэн агуулгатай байхад түүнийг зөрчиж, ажлаас халах сахилгын шийтгэл болгон өөрчилж байгаа нь хууль зөрчиж байхын зэрэгцээ шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байна гэж үзэж байна” гэсэн байна. Тус байгууллага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш 3 сарын хугацаанд шалгавал зохих нөхцөл байдлыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/083* дугаар шийдвэрийг биелүүлсэн тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3/299* тоот албан бичгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан атны шүүхэд хүргүүлсэн болно.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/16* дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн тул М.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхээс дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэгч М.Г-ээс “төрийн албанаас халсан хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах”-ыг хариуцагчаас шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг[8] бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:
Маргаан бүхий захиргааны акт буюу “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16* дугаар тушаалаар[9] нэхэмжлэгч М.Г-ийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Маргаан бүхий акт гарахаас өмнө хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаалаар[10] нэхэмжлэгч М.Г-ийг “ажлын байрны тодорхойлолтод заасан хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх, албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилго, зорилт, үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн” зэрэг үндэслэлээр албан тушаал бууруулж, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн даргаар томилжээ.
Уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр[11] “М.Г-ийг албан тушаал бууруулж, ажилд томилсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаал”-ыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг шалган тогтоох Ажлын хэсгийг хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулж[12], Ажлын хэсэг дүгнэлтээ[13] 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргажээ.
Уг дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч М.Г-ийг “үндэсний энгийн гадаад паспорт баталгаажуулах тэмдгийг бусдад шилжүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, иргэдэд олгогдсон гадаад паспортыг тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс иргэдэд хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нэхэмжлэгч талаас “дахин шинэ акт гаргахдаа шүүхийн шийдвэрт заасан хугацааг хэтрүүлсэн, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, процедурын алдаа гаргасан, шүүхийн шийдвэрт заасан 2 даалгаврыг биелүүлээгүй, зөрчлийг нотолж, шалган тогтоогоогүй, актад дурдсан сахилгын зөрчилд нэхэмжлэгч буруугүй, акт гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргасан, 4.хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан” гэж маргажээ.
1.Нэхэмжлэгчээс маргаж байгаа “дахин шинэ акт гаргахдаа шүүхийн шийдвэрт заасан хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д “110.1.Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно: 110.1.1.энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй;” гэж, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж тус тус зохицуулжээ.
Энэхүү хуулийн зохицуулалтыг маргаан бүхий тохиолдлын хувьд авч үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарч, түүнийг нэхэмжлэгч, хариуцагч талуудаас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардан авсан гэдэг нь шүүхийн шийдвэр гардуулсан баримтаар[14] тогтоогдож байна. Талуудаас анхан шатны шүүхийн шийдвэрийг ийнхүү гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны дотор хариуцагчаас дахин шинэ акт гаргах үүрэг үүсэхээр байна.
Иймээс хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг 2019 оны 04 дүгээр 10-ны өдөр гаргасан байдал нь дээр дурдсан шүүхийн шийдвэрт дурдсан гурван сарын дотор байх /2019 оны 04 дүгээр сарын 30 хүртэл/ хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч талаас “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасныг зөрчиж байна.” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгчийн маргаж байгаа “сонсох ажиллагаа хуульд заасны дагуу явуулаагүй, процедурын алдаа гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх;”, 27.3.1-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана: сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл”, 27.4.3-д “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: биечлэн уулзах”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэжээ.
Энэхүү хуульд заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэл болсон Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох ажиллагааны журмаар мэдэгдэхээр мэдэгдлүүдийг[15] 2019 оны 03 дугаар сарын 04-ны өдөр, 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэгчид хүргүүлж, сонсох ажиллагааг[16] 2019 оны 03 дугаар сарын 06, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тус тус явуулж, сонсох ажиллагаанд нэхэмжлэгч тал биеэр оролцсон, сонсох ажиллагааны үеэр тэмдэглэл хөтөлж, баримтжуулсан, сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчийг тайлбар, санал гаргах боломжийг хангасан гэдэг нь тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч талын “сонсох ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу явагдаагүй” гэж маргаж байгаа үндэслэл тогтоогдсонгүй.
3. Нэхэмжлэгчээс маргаж байгаа “шүүхийн шийдвэрт заасан 2 даалгаврыг биелүүлээгүй, зөрчлийг нотолж, шалган тогтоогоогүй” гэх үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр[17] хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг дор дурдсан нөхцөл байдлыг шалган тогтоох шаардлагатай гэж үзжээ[18]:
-Иргэн О.М, Р.Ч тэдний хүүхдүүдийн баталгаажилт хийгдээгүй олгогдсон гадаад паспортуудад нэхэмжлэгч М.Г нь гарын үсэг зурж тэмдэг дарсан эсэхийг, эсхүл олголтын ажилтан тэмдэг дарж, гарын үсгийн дардас дарсан эсэхийг,
-Гадаад паспортуудад гарын үсэг зурагдаагүй, тэмдэг болон гарын үсгийн дардас дараагүй байхад иргэдэд олгосон явдал нь улсын бүртгэлийн хэлтсийн даргын “Гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ... эрх бүхий албан тушаалтан баталгаажуулах” үйлдэлд, эсхүл олголтын ажилтны “Олголт хариуцсан улсын бүртгэгч нь ...гадаад паспортад тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан эсэхийг дахин шалгах...” үйлдэлд холбогдох эсэхийг тус тус шалгаж тогтоосны үндсэн дээр сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх.
Уг шүүхийн шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг шалган тогтоох Ажлын хэсгийг хариуцагчаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулж[19], Ажлын хэсэг дүгнэлтээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргажээ.
Ажлын хэсгээс “иргэн О.М, Р.Ч тэдний хүүхдүүдэд гарын үсэг зураагүй, тэмдэг дараагүй /баталгаажилт хийгдээгүй/ гадаад паспортууд олгосон 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон зөрчил гарсан, иргэн О.Мийн хохирлыг барагдуулсан, эдгээр иргэдээс гадна дахин 10 гаруй иргэний гадаад паспорт гарын үсэггүй олгогдсон байсныг нөхөж гарын үсэг зурсан, хэлтсийн дарга М.Г-ийн эзгүйд гадаад паспортын тамга, гарын үсгийн дардсыг Тасгийн дарга авч үлддэг байсан, хэлтсийн дарга нь ажлын байрандаа байсан, байгаагүй улсын бүртгэгч болон гэрээт ажилтан дардаг байсан.” зэрэг зөрчлийг шалган тогтоож, улмаар нэхэмжлэгч М.Гийг гадаад паспортыг баталгаажуулах тамгыг бусдад шилжүүлсэн, холбогдох хууль тогтоомж, албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлснээс нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд бодит хохирол учруулсан нь холбогдох журмын заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.[20]
Уг дүгнэлтийг гаргахдаа иргэдийн гомдол, нэхэмжлэгч М.Г Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Тасгийн дарга М.М , улсын байцаагч хяналтын улсын байцаагч Б.Э, улсын бүртгэгч Б.З, гэрээт ажилтан Б.Б нараас мэдүүлэг авсан гэдэг нь тогтоогдож байна.
Дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий захиргааны актаар[21] нэхэмжлэгч М.Г-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Дээрх бодит нөхцөл байдал, нотлох баримтаас үзэхэд “шүүхийн шийдвэрт заасан 2 даалгаврыг биелүүлээгүй, зөрчлийг нотолж, шалган тогтоогоогүй” гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
4.Нэхэмжлэгчээс маргаж байгаа “актад дурдсан сахилгын зөрчилд нэхэмжлэгч буруугүй” гэх үндэслэлийн тухайд:
Шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шалган тогтоох ажиллагааг хийх явцдаа Ажлын хэсгээс:
“1. тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй гадаад паспортыг иргэдэд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон,
2. уг зөрчлийн улмаас иргэн О.М, Р.Ч нарт хохирол учирсан, уг хохирлыг Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн ажилтнууд хамтран барагдуулсан,
3. эдгээр иргэдээс гадна 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон гадаад паспортуудыг шүүж үзэхэд дахин 10 гаруй иргэний гадаад паспорт гарын үсэггүй олгогдсон байсныг нөхөж гарын үсэг зурсан,
4. Хэлтсийн дарга М.Г-ийн эзгүйд гадаад паспортын тамга, гарын үсгийн дардсыг Тасгийн дарга авч үлддэг байсан, хэлтсийн дарга нь ажлын байрандаа байсан, байгаагүй улсын бүртгэгч болон гэрээт ажилтан тамга, тэмдэг, дардсыг ашигладаг байсан.” зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоожээ.
Нэхэмжлэгч талаас “тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй гадаад паспортыг иргэдэд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон зөрчилд нэхэмжлэгч буруугүй, нэхэмжлэгчид хамааралгүй, гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулахаас татгалзсан үйлдэл байгаагүй, олголт хариуцсан ажилтан шалгаж иргэнд олгоогүйгээс зөрчил гарсан,” гэж тайлбарлан маргажээ.
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/39* дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 1.1-д “Монгол Улсын иргэнд үндэсний энгийн гадаад паспорт, ...олгох...төрийн үйлчилгээг иргэнд чирэгдэлгүй үзүүлэх,...”-тэй холбоотой харилцааг зохицуулжээ.[22]
Уг журамд зааснаар Монгол Улсын иргэнд үндэсний энгийн гадаад паспорт олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх, иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх ажиллагаа нь гадаад паспорт захиалах хүсэлт хүлээн авах, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх, үндэсний энгийн гадаад паспорт олгох үйл ажиллагаа, гадаад паспортад бичилт хийх үйл ажиллагаа, гадаад паспортыг баталгаажуулах, гадаад паспорт олгох, мэдээ, тайлан гаргах зэрэг шат дараалсан ажиллагаанаас бүрдэхээр заажээ.
Журмын 5.1-д “Гадаад паспортыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж болон ...-ийн эрх бүхий албан тушаалтан баталгаажуулна.” гэж,
Журмын 5.2-т “Эрх бүхий улсын бүртгэгч бичилт хийгдсэн гадаад паспортын зураг, мэдээлэл бүхий нүүр хуудсыг “Захиалгын хуудас”-ын А талын ард сканердаж, баталгаажуулалт хийх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.” гэж,
Журмын 5.4-т “Баталгаажуулсан гадаад паспортыг бүртгэл хөтөлсөн улсын бүртгэгч хүлээн авч, үнэн зөв хийгдсэн, тамга, гарын үсгээр баталгаажуулсан эсэхийг шалгана.” гэж,
Журмын 6.2-т “Олголт хариуцсан улсын бүртгэгч, эрх олгосон ажилтан нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд “Олгох хуудас”-ын бүртгэлийн дугаарыг уншуулахдаа гадаад паспортад тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан эсэхийг дахин шалгаж, иргэн болон шуудангийн ажилтанд хүлээлгэн өгнө.” гэж тус тус заажээ.
Энэхүү журмын 5.2-т заасны дагуу улсын бүртгэгчээс хэлтсийн даргад бичилт хийгдсэн гадаад паспортыг шилжүүлж, журмын 5.1-д заасны дагуу хэлтсийн дарга баталгаажуулж гарын үсэг зурж, тэмдэг дарах, үүний дараа журмын 5.4-т заасны дагуу улсын бүртгэгчээс хэлтсийн даргын гарын үсэг, тэмдэг дарсан эсэхийг шалгах эхний шалгалтыг хийж, журмын 6.2-т заасны дагуу иргэдэд олгохын өмнө улсын бүртгэгч, эсхүл эрх олгосон ажилтан нь дахин 2 дахь удаагаа гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулсан эсэхийг шалгаж иргэнд олгодог шат дараалсан, харилцан уялдаатай процессыг дамждаг хооронд нь салгаж, зааглах боломжгүй цогц, нэгдмэл үйл ажиллагаа байна.
Дээрх журмын заалтуудыг маргаан бүхий тохиолдлын хувьд авч үзвэл, “тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй гадаад паспортыг иргэдэд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон” үйлдэл нь журмаар зохицуулсан цогц, нэгдмэл үйл ажиллагаатай нийцээгүй зөрчил гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймээс хариуцагч захиргаанаас уг үйлдлийг цогцоор авч үзэж, улмаар олголт хариуцсан гэрээт ажилтан Б.Б-ыг ажлаас чөлөөлж[23], тасгийн дарга М.М-ийг 3 сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулж[24], нэхэмжлэгчийг ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна.
Гэтэл нэхэмжлэгчээс “тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй гадаад паспортыг иргэдэд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон” үйлдлийг паспортын олголт хийхдээ нягтлан шалгаагүйгээс гаргасан алдаа, зөрчил гэж гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулах үйлдлээс тусдаа мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Журмын 5.1, 5.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэдэд олгосон гадаад паспортад тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулах үүрэгтэй байсан, уг үүргийг биелүүлээгүйгээс шалтгаалж энэхүү зөрчил гарсан, хэрэв нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн байсан бол энэ зөрчил гарахгүй байх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй, харин нэхэмжлэгчээс энэ үүргээ биелүүлээгүй атлаа зөвхөн олголт хариуцсан ажилтны алдаа, зөрчил гэж тайлбарлан маргаж байгаа[25] нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм.
Дээрхээс гадна маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа “тэмдгийг бусдад шилжүүлсэн” зөрчлийг нэхэмжлэгч талаас “ажлын шуурхай байдлыг хангахаар цайны цагийн үеэр тэмдгийг орлох чиг үүрэгтэй тасгийн даргад шилжүүлсэн, тасгийн дарга цааш нь гэрээт ажилтанд шилжүүлсэн зөрчилд нэхэмжлэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй байгаагүй, журамд заасан шилжүүлэхийг хориглосон байгууллагын тамга нь нь нэхэмжлэгчийн тасгийн даргад шилжүүлсэн тэмдэг биш” гэж тайлбарлан маргажээ.
Гэвч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны А/412 дугаар тушаалаар батлагдсан “Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын тамга, тэмдэг хэрэглэх журам”-ын 2.4-д “Тус газар нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар...гэсэн тэмдгийг үйл ажиллагаандаа хэрэглэнэ.”, 3.3-д “...дүүргийн ...хэлтсийн дарга нар Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдэгийг ...түшнэ.”, 4.2-т “Байгууллагын тамга, тэмдгийг хариуцаж байгаа албан хаагч нь тамга тэмдгийг өөр хүнд шилжүүлэх, ...-ыг хатуу хориглоно.”, 5.1-д “Энэ журмыг зөрчсөн албан хаагч /албан тушаалтан/-ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус заажээ.
Энэхүү журмын зохицуулалтуудыг Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдэгийг түших, өөр этгээдэд шилжүүлэх эсэх талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ гэж үзнэ.
Нэхэмжлэгч М.Г-ийн түшдэг байсан тэмдэг нь дээр дурдсан журмын 3.3-д заасан Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдэг байсан гэдэг нь тэмдгийн загвар[26]-аас тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Г нь Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспортыг баталгаажуулах тэмдгийг бусдад буюу тасгийн дарга М.М , цаашлаад гэрээт ажилтан Б.Б ад шилжүүлсэн гэдэг нь гэрч Б.Б ын “...5 дугаар сараас хойш гарын үсгийн дардас болон тэмдгийг би дарж гадаад паспортыг баталгаажуулдаг байсан..., Анх баталгаажуулах тамгыг нь би дараад улсын бүртгэгч н.З даргын гарын үсгийн дардсыг дардаг байсан. Сүүлд би дардаг болсон... ” гэсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг[27], мөн Ажлын хэсгийн дүгнэлтэд М.М-ээс өгсөн тайлбарт[28] “...Хэлтсийн даргын М.Г-ийн үүрэг болгосноор даргыг байхгүй үед гадаад паспортын тамга, гарын үсгийн дардсыг авч үлддэг байсан ба гадаад паспорт ирэхээр гэрээт ажилтан Б.Б ад тамга, гарын үсгийн дардсыг өгдөг байсан. М.Г нь гадаад паспорт баталгаажуулах тамга болон гарын үсгийн дардсыг ажлын байрандаа байсан байгаагүй гэрээт ажилтан Б.Б аар даруулдаг байсан.” гэсэн тайлбар, гэрч М.М ийн шүүх хуралдаан дээр гаргасан “...дарга дардас, тэмдэгээ...надад үлдээгээд явдаг байсан...Даргын үүрэг болгосноор тэмдэг авсан....Гэрээт ажилтандаа тэмдэг, дардсаа өгөөд даруулдаг байсан...” гэсэн мэдүүлэг[29], нэхэмжлэгчийн “ажлын шуурхай байдлыг хангахаар цайны цагийн үеэр тэмдгийг тасгийн даргад шилжүүлсэн, тасгийн дарга цааш нь гэрээт ажилтанд шилжүүлсэн” гэсэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар[30] зэргээс нотлогдож байна.
Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч М.Г нь дээр дурдсан журмын 4.2-т “Байгууллагын тамга, тэмдгийг хариуцаж байгаа албан хаагч нь тамга тэмдгийг өөр хүнд шилжүүлэх, ...-ыг хатуу хориглоно.” гэж заасан заалтыг зөрчсөн зөрчлийг гаргасан гэж үзэж, мөн журмын 5.1-д заасны дагуу хариуцлага ногдуулсан маргаан бүхий хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн маргаж байгаа “цайны цагаар орлох чиг үүрэгтэй этгээдэд тамгаа шилжүүлж болох, түүнийг зөвшөөрсөн”-тэй холбоотой заалт журамд байхгүй байгаа, журмын заалтаар тэмдгийг хэн нэгэн этгээдэд шилжлүүлэхийг хатуу хориглосон бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа энэхүү үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
5.Нэхэмжлэгч талаас “акт гаргахдаа хууль хэрэглээний алдаа гаргасан” гэж маргаж байгаа үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч талаас “зөрчил гарсан үед үйлчилж байсан 2002 онд батлагдсан Төрийн албаны хуулийг актын хууль зүйн үндэслэлд хэрэглэх ёстой байтал шинээр гарсан хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан тохиолдолд шинээр гарсан хуулийг буцаан хэрэглэдэггүй” гэж тайлбарлан маргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ.”, 11.4-т “Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл баримтлал санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.” гэж заасан.
Төрийн албаны тухай /2017 он/ хуульд сахилгын зөрчил гаргасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад тухайн сахилгын зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх талаар заагаагүй. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллага захиргааны акт гаргахад хууль буцаан хэрэглэх талаар зохицуулаагүй.
Харин Зөрчлийн тухай хуулийн 1.4-р зүйлийн 1.4.3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан.
Үүнээс гадна Иргэний хуулийн 5-р зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэжээ.
Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай /2002 он/ хуулийг тухайн сахилгын зөрчилд сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэх нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимд нийцнэ.
Төрийн албаны тухай /2017 он/ хуулийг буцаан хэрэглэх тухай хуульд заагаагүй учраас уг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйлдэгдсэн сахилгын зөрчлийн үйлдэлд Төрийн албаны тухай /2017 он/ хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай /2017 он/ хуулийг үндэслэсэн нь “хууль буцаан хэрэглэх”, “зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх” үндсэн зарчимд нийцээгүй.
Гэсэн хэдий ч маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай /2017 он/ хуулийг үндэслэж гаргасныг уг захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д “...төрийн байгууллагын... дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 13.1.11-д ”хууль тогтоомжид заасан бусад үүрэг.” гэж, мөн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 26.1.3-д “...халах” гэж тус тус заасан.
Маргааны үйл баримтаас Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/41* тушаалаар батлагдсан Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллагын тамга, тэмдэг хэрэглэх /2016 он/ журам ын тамга, тэмдэгийг бусдад шилжүүлэх болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/39* дүгээр тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн байгууллагаас Үндэсний энгийн гадаад паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт хялбарчилсан журмаар зорчих үнэмлэх олгох, гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх” журмын гадаад паспортыг иргэнд олгох, баталгаажуулах ажиллагаатай холбогдох заалтыг нэхэмжлэгч зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон.
Тамга, тэмдэг хэрэглэх /2016 он/ журмын холбогдох заалтыг зөрчсөн зөрчил болон гадаадад зорчих эрхийн бүртгэл хөтлөх журмын гадаад паспортыг иргэнд олгох, баталгаажуулах ажиллагаатай холбогдох заалтыг зөрчсөн зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хэм хэмжээ нь Төрийн албаны тухай /2002 он/ хуульд байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Нэхэмжлэгч талаас “хөөн хэлэлцэх хугацаа дууссан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан” гэж маргажээ.
Нэхэмжлэгч талаас “зөрчил 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Ажлаас халсан тушаал 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гарсан нь Төрийн албаны тухай /2002 он/ хуульд заасан сахилгын зөрчил ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байгаа” гэж тайлбарлан маргажээ.
Маргааны үйл баримтаас дүгнэхэд, зөрчил 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан, зөрчлийг хариуцагчаас анх шалгаж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/7* дугаар тушаалаар нэхэмжлэгчид албан тушаал бууруулах шийтгэл ногдуулсан /зөрчил гаргаснаас хойш 12 өдрийн дараа/, уг хариуцагчийн шийдвэрийг шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр дахин шалгаж, шинэ акт гаргах үндэслэлээр 3 сарын хугацаа тогтоосон, шүүхийн шийдвэрийг биелүүлж хариуцагчаас зөрчлийг шалган тогтоож 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий актыг гаргажээ.
Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Дээрхээс гадна, Улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, ... улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;”, 4.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж,” гэж, 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан, ...аас бүрдэнэ.”, 15.2-д “Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна.” тус тус заажээ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаанд хуульд үндэслэх, шуурхай, ...байх; зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчмыг баримтлахаар заажээ.
Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл, тогтолцоотой байж, төрийн үйлчилгээ болон улсын бүртгэлийн үйл ажиллагааг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хуульд заасан журмын дагуу хуульд нийцүүлэн үнэн зөвөөр хөтлөх зорилготойгоор ажиллах үүрэгтэй байна.
Маргаан бүхий акт нь энэхүү хуульд заасан зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх, түргэн шуурхай, чирэгдэлгүй байх зарчим, хуулиар улсын бүртгэлийн байгууллагад хүлээлгэсэн үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор гаргасан гэж үзэхээр байна.
Иймээс өөрийн байгууллагын хариуцсан гадаад паспорт олгох, баталгаажуулах ажиллагаанд зөрчил гарсан байдлыг шалган тогтоож, уг зөрчлийн улмаас иргэдэд бодит хохирол учирч, цаашлаад улсын бүртгэлийн үйл ажиллагаа иргэдэд чирэгдэлгүй байх, үндэслэл бүхий байх, үнэн зөв байх, шуурхай байх зорилгодоо нийцээгүй, улсын бүртгэлийн байгууллагад хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал бий болсныг илрүүлж, зөрчил гаргасан буруутай доод шатны албан хаагчид тус бүрт нь хариуцлага тооцож, шийтгэл ногдуулсан хариуцагч байгууллагын шийдвэрийг шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 13.1.11, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.3.1, 27.4.3, 27.5, 27.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Гээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16* дугаар тушаалыг хүчингүй болгож, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.С
[1] 128/2016/0238/3 индекстэй /цаашид “Хэргийн “гэх/ хэргийн 2-р хавтас 20 дахь тал.
[2] Хэргийн 18 дахь тал
[3] Хэргийн 27 дахь тал
[4] Хэргийн 200 дахь тал
[5] Хэргийн 1-3 дахь тал.
[6] Хэргийн 82-83 дахь тал
[7] Хэргийн 36-37 дахь тал.
[8] Хэргийн 145 дахь тал
[9] Хэргийн 46 дахь тал
[10] Хэргийн 112 дахь тал
[11] Хэргийн 6-12 дахь тал
[12] Хэргийн 47, 167 дахь тал
[13] Хэргийн 48-53 дахь тал
[14] Баримтаар авагдсан хэргийн 242 дахь тал
[15] Хэргийн 168, 175 дахь тал
[16] Хэргийн 152-157, 159-166 дахь тал
[17] Хэргийн 6-12 дахь тал
[18] Хэргийн 11 дэх тал
[19] Хэргийн 47, 167 дахь тал
[20] Хэргийн 48-53 дахь тал
[21] Хэргийн 46 дахь тал
[22] Хэргийн 106 дахь тал
[23] Хэргийн 184 дахь тал
[24] Хэргийн 185 дахь тал
[25] Нотлох баримтаар авагдсан хэргийн 212 дахь тал, Хэргийн 186-197 дахь тал
[26] Хэргийн 144 дэх тал
[27] Нотлох баримтаар авагдсан хэргийн 218 дахь тал
[28] Хэргийн 51 дэх тал
[29] Хэргийн 191 дэх тал
[30] Хэргийн 192-194 дэх тал