Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2018/0044

 

"Ү Х О Б" ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б Ц.Ц, хариуцагч М.А, Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Агийн гаргасан давж заалдах гомдлоор, "Ү Х О Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.А, Ш.Э нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.1.9, 12.1.17, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 210022554 тоот актаар "Ү Х О Б" ХХК-д ногдуулсан нийт 75.976.086.80 төгрөгийн төлбөрөөс 359.664.680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35.966.468.0 төгрөгийн нөхөн татвар, 10.789.940.4 төгрөгийн торгууль, 17.770.359.5 төгрөгийн алданги, нийт 64.526.767.89 төгрөгийн төлбөрийг хасч багасгажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо: "Ү Х О Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.А, Ш.Э нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/848 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

"Ү Х О Б" ХХК-ийн 2013-2015 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.А, Ш.Э нар Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх томилолт, алдагдал баталгаажуулах хүсэлтийн дагуу шалгаж, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 210022554 тоот татварын улсын байцаагчийн актаар 773,124,353.00 төгрөгийн зөрчилд 77,752,938.80 төгрөгийн төлбөр ногдуулсан.

"Ү Х О Б" ХХК татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг Татварын маргаан таслах зөвлөл хэлэлцээд 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 36 дугаар тогтоолоор 773,124,353.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 77,752,938.80 төгрөгийн төлбөрөөс 9,871,400.00 төгрөгийн зөрчилд ногдох 1,776,852.00 төгрөгийн төлбөрийг хасч 75,976,086.80 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

"Ү Х О Б" ХХК нь татварын улсын байцаагчийн 210022554 тоот актын төлбөрөөс 11,449,319.20 төгрөгийн хүлээн зөвшөөрч, нийт 64,526,767.89 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх татварын улсын байцаагчийн 210022554 тоот актын үлдэгдэл төлбөр 64,526,767.89 төгрөгийн зөрчлийг бүхэлд нь зар сурталчилгаа гэж үзэн шийдвэрлэсэн. Гэтэл нийт зөрчил дунд татвар төлөгч "Ү Х О Б" ХХК-ийн суутгагчийн үүргээ хэрэгжүүлээгүй бусдад олгосон орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлүүлэх зөрчилд ногдуулсан төлбөрийг авч үзэлгүй нийтэд нь зар сурталчилгааны зардал гэж үзсэн.

1. Нэхэмжлэлийн шаардлагын 1, 2, 3-д заагдсан 2013 оны татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал 284,936,250.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 51,288,525.00 төлбөрийн тухайд:

а/ 37,536,250.00 төгрөгийн зардлыг АГГ/10/05 Чөлөөт бөхийн холбооны гэрээний дагуу ивээн тэтгэсэн болох нь зардлын журнал болон анхан шатны үндсэн баримтаар нотлогдож байна.

б/ 246,000,000.00 төгрөгийн дүнтэй маркетингийн ажлын гэрээ /АГГ-13/04/ нь маркетинг сурталчилгааны ажил гүйцэтгэх нэртэй боловч үндсэндээ "Ү Х О Б" ХХК нь тус холбооны үйл ажиллагаа болох дотоод, гадаадад зохион байгуулагдсан загварын шоу арга хэмжээний зардал, дизайнер болон загварын сургалтын зардлуудыг хандив тусламжаар ивээн тэтгэсэн болох нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны сар бүрийн мөнгөн хөрөнгийн зарлагын баримтад хавсаргасан маркетингийн ажлын гэрээ дүгнэсэн акт тайлангаар нотлогдож байна. Иймд дээрх зардлуудын дүнгээр зар сурталчилгааны зардал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл /Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал-ийн 12.1 /Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно/, 15.1 /Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй/, 15.1.2 /албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал/ заалтыг зөрчсөнд татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулсан болно. 17.1. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаа нь тухайн банкны төлбөрийн чадварын болон банкны хуулиар заагдсан бусад үзүүлэлтүүдэд үндэслэсэн, үнэн зөв байна. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаанд мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар заавал мэдээлнэ. Гэтэл нэхэмжлэгч тал тухайн байгууллагуудтай гэрээ хийхдээ энэ талаар мэдээлсэн зүйл байдаггүй. Мөн тухайн маркетингийн гэрээний 3.1.1-д Маркетингийн ажлын тайлангаа тухай бүрд нь бичгээр үнэн зөв бүрэн хэмжээгээр холбогдох санхүүгийн баримт бичигт хавсаргаж өгөх үүрэгтэй ба уг тайланд мөнгө хөрөнгө зарцуулсан зориулалт, огноо, зарцуулалтын дүн, зарцуулалтын зардал, хийгдсэн ажлуудыг тодорхой тусгасан байна гэж тусгасан байтал нэхэмжлэгч компанийн тайлангаас харахад тухайн хоёр төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зардлууд харагддаг бөгөөд ямар нэг зар сурталчилгаа хийсэн нь баримтаар нотлогдохгүй байна.

Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1, 16.1.2 дахь заалтыг үндэслэж баримтаар нотлогдоогүй зардал нь хасагдах зардалд орохгүй, тухайн байгууллагыг ивээн тэтгэсэн байна гэж үзсэн.

2. Нэхэмжлэлийн шаардлагын 5, 6, 7, 8, 9, 10-д заагдсан 2014 оны 31,109,130 төгрөгийн зөрчилд ногдуулсан 5,245,266.74 төгрөгийн тухайд:

2014 онд 17,200,000.00 төгрөгийн Банкны холбооны гишүүнчлэлийн татварт төлсөн, 90 жилийн ойн харилцагчдад олгосон бэлэг, үзэсгэлэнд оролцох арга хэмжээний зардал зэрэг 13,909,130.00 төгрөгийн үйл ажиллагааны бус зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд оруулсан хандив, хөрөнгө гэж заасантай огт хамааралгүй бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйл /Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал/-ийн 12.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 12.1.1-д түүхий эд, үндсэн туслах материал, ...бүх төрлийн материалын зардал, 12.1.35 /нийслэлийн агаарын бохирдлыг болон хог хаягдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив/-д зааснаас бусад хасагдахгүй зардлаар татвар ногдуулах орлогыг бууруулсныг хангаж байгаа тул төлбөр ногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3. 2013 онд 34,314,900.00 төгрөгийн, 2014 онд 9,304,400.00 төгрөгийн бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж суутган авч төсөвт төлөөгүйд:

а/ 2013 оны 34,314,900.00 төгрөгийн зардлыг задалж үзвэл 15,164,900 төгрөгийн ажиллагсдад олгосон шинэ жилийн бэлэг, хөтлөгч, урлагийн тоглолт үзүүлсний төлбөр зэрэг зардал 520103 данс баяр ёслол, арга хэмжээний зардал-д, 3,000,000.00 төгрөгийн захирлын тушаалаар хандивийн зардлыг 520104 данс хандив-д тусгаж үйл ажиллагааны бус зардлын дансаар тайлагнасан боловч хувь хүний орлогын албан татварыг суутган авч төсөвт төлөх суутгагчийн үүргээ татвар төлөгч биелүүлээгүй байна. Үлдэх 16,150,000.00 төгрөгийн ажиллагсдад олгосон шагнал, буцалтгүй тусламжийн зардлыг 512402, 512403 дугаар данс ажиллагсдад олгосон нөхөн олговор, ажиллагсдад олгосон урамшуулал-д тусган үйл ажиллагааны зардлаар тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан ч тухайн хувь хүнд олгосон хуулийн дагуу чөлөөлөгдөхгүй орлого тул хувь хүний орлогын албан татварыг суутган тооцож төсөвт төлөх суутгагчийн үүргээ мөн хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

б/ 2014 онд 9,304,400.00 төгрөгийн хандивыг Уолл стритийн оператор байсан Жордан Бэлфортод олгосныг үйл ажиллагааны бус зардлын дансаар тайлагнасан боловч тогтмол бус үйл ажиллагааны орлогоос хувь хүний орлогын албан татварын суутган авч төсөвт төлөх суутгагчийн үүргээ татвар төлөгч биелүүлээгүй байна.

Иймд дээрх зардлууд нь Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 /Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараахь орлого хамаарна/, 11.1.1 /ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого/, 11.1.2 /ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого/, 11.1.3 /ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг/, 12 дугаар зүйлийн 12.2 /Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна/, 26 дугаар зүйл /Албан татвар ногдуулах, төсөвт төлөх/-ийн 26.1-д Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална, 26.1.1-д энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23.1-д заасан хувиар, 14.1.1-д заасан орлогын дүнд 23.2.1-д заасан хувиар... тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэхгэж заасан заалтыг зөрчсөнд татварын улсын байцаагчийн актаар төлбөр ногдуулах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий зарим нотлох баримтууд хуулийн шаардлага хангаагүй, давж заалдах шатны шүүх үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч "Ү Х О Б" ХХК нь Татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 210022554 тоот актаар "Ү Х О Б" ХХК-ийн 359,664,680.00 төгрөгийн зөрчилд ногдох 35,966,468.0 төгрөгийн нөхөн татвар, 10,789,940.4 төгрөгийн торгууль, 17,770,759.5 төгрөгийн алданги, нийт 64,526,767.89 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах алдааг гаргасан байна.

Нэг. Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд хуульд заасан шаардлага хангахгүй байна.

Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг.

Гэтэл хавтаст хэргийн 88, 89, 140, 141 дүгээр хуудаст байгаа баримтыг монгол хэлээр албан ёсоор орчуулаагүй, хавтаст хэргийн 37, 94, 95, 112, 126, 135, 143 дүгээр хуудаст авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 /Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримт нь монгол хэлээр албан ёсоор орчуулагдсан байна/, 38 дугаар зүйлийн 38.2 /Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй/, 38.4 /Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна/-д гэж заасан шаардлагыг хангахгүй байна.

Хоёр. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны акт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан ба уг актыг "Ү Х О Б" ХХК-ийн Санхүү удирдлагын газрын захирал Ц.Ц 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гардан авчээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актаар тогтоосон төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй бол актыг гардуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Татварын албаны дэргэдэх маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлэх журмаар хандах ёстой. Гэтэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 36 дугаар тогтоол 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гарсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмаар Татварын маргаан таслах зөвлөлд хэзээ хандсан нь тодорхойгүй, нэхэмжлэлдээ энэ талаар тусгаагүй, анхан шатны шүүх энэ талаарх баримтыг цуглуулаагүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаар тогтоолыг хэзээ гардаж авсан талаар баримт хэрэгт байхгүй, энэ талаар нэхэмжлэлдээ бичээгүй байна. Хуульд зааснаар нэхэмжлэгч уг тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох боломжтой болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 30 хоногоор, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 15 хоногоор тус тус сунгажээ. Үүнээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусах бөгөөд уг өдрөөс өмнө шүүх хуралдааныг товлон зарлах ёстой. Гэтэл шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр товлон зарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа алдсан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 498.369 төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж бичсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2017/0848 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР