Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/177

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  А.Раднаабазар

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууаганзаяаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2136000000263дугаартай, 178/2019/0169/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* хонхор нэртэй газраас зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 1 тооны янгир ямааг өөрийн эзэмшлийн ТОЗ-8 загварын буугаар буудаж агнан улмаар уг ямааны махыг хүнсэндээ хэрэглэж экологи эдийн засагт 2.700.000 төгрөгний хохирол учруулж хууль бусаар ан агнах   гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирлоо бүрэн төлсөн гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... ******* хонхор гэдэг газар нь Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Б.******* нь ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Хохирол төлбөрөө хийвэл нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг/хэргийн 91-р хуудас/

Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Хөх бэлчир гэх газар малаа хариулаад явж байхад Б.******* нэг юм үүрсэн явж байсан. Хажууд нь очиход хувцас хунар нь цус болчихсон ******* хонхорын амнаас янгир ямаа буудаж унагалаа гэсэн. Бид уг ямааг янзалж дараа нь бууз хийж идсэн... гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/

Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Тухайн үед Б.******* янгир ямааны мах юмаа. Би ганц янгир унагаасан гэж хэлж байсан. Одоо дуусаж байна даа гэсэн... гэх мэдүүлэг/хэргийн 35-р хуудас/

Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын 25-ны орой  Б.Энхтулгын гэрт очиход С.Ганболд, О.-э, Ж. нар байсан. Тэгээд бууз идэхэд амт нь нэг өөр байхаар нь асуухад Б.******* өчигдар ******* хонхорын амнаас нэг янгир ямаа унагаасан, тэрний мах гэж хэлсэн ...гэх мэдүүлэг/хэргийн 38-р хуудас/

Гэрч О.-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын 26-ны орой С.Ганболд бид 2 Б.Энхтулгынд  очиж бууз идсэн. Юуны мах вэ гэхэд “өчигдөр ******* хонхорын амнаас нэг янгирын тэх унагасан тэрний мах гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 48-р хуудас/

2021 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн Янгир ямааны толгойд шинжилгээ хийсэн “Толгойн яс нь 9 настай эр, янгир ямааны толгой мөн болох”-ыг тогтоосон дүгнэлт/хэргийн 68-р хуудас/

Монгол Улсын засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоол “ Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ эр янгир ямаа 2.700.000 төгрөг ...гэх /хэргийн 61-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургууд /хэргийн 3-12-р хуудас/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгч Б.*******д  холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4-д заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* хонхор” гэх газраас ховор амьтан болох 9 настай, янгирын тэхийг зохих зөвшөөрөлгүйгээр буудаж хүнсэндээ хэрэглэсэн үйл баримт нь гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Янгир ямаа нь 2012 оны Монгол Улсын Засгийн газрын 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд орсон байх ба Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4."ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.Иргэн, аж ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна.” гэж тус тус  тодорхойлсон болно.

Шүүгдэгч Б.******* нь ховор амьтан болох 9 настай, янгирын тэхийг зохих зөвшөөрөлгүйгээр буюу тодорхой цаг хугацаанд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр агнах атал дур мэдэн агнасан нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй болно.

Гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэсний дагуу шүүгдэгч Б.******* нь 5.400.000 төгрөгийг Ховд аймгийн ******* сумын Агнуурын нөөцийн төлбөрт Төрийн банкны 110000155013 дугаартай дансанд төлсөн баримтын хуулгаар тогтоогдож байгаа тул хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ЦЕГ-ын Мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 112-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Энхтулгын хувийн байдлын талаар гэрч Б.ийн өгсөн...Б.******* нь тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. 12 жилийн сургуулиа төгсөөд Политехник коллежийн ын ангид суралцаж мэргэжил эзэмшсэн, одоо эхнэр 3 хүүхдийн хамт ******* сумын ******* багт мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг/ хэргийн 85-р хуудас/ шүүгдэгч Б.Энхтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 114-р хуудас/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд авагдсан болно.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэх, эд мөрийн баримтаар хураагдсан янгирын эвэр-1 ширхэг, ТОЗ-8 маркын буу замагийн хамт устгах санал,

 Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: миний бие нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү... гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлбөрөө төлж барагдуулсан, болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 01 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг янгир ямааны эврийг утсгах, М24706 дугаартай, 4935 замгийн дугаартай ТОЗ-8 маркын  буу 1-ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Ховд аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,  36.2, 36.6-9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан ховор амьтан болох янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, хууль бусаар ан агнах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Энхтулгыг хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх хохирол төлбөргүй,  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар гэмт хэрэгт ашигласан зэвсэг болох М24706 дугаартай, 4935 замгийн дугаартай ТОЗ-8 маркын  буу-1 ширхэгийг устгуулахаар  Ховд аймаг дахь Цагдаагийн газарт, янгир ямааны эвэр-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ГАНТӨГС

Top of Form