Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Ц.Батзаяа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч О.Ө

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б-д холбогдох 2116000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овгийн М-н Б.

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17-18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 0-0 тоотод байрлах О.Ө-г гэрт орж унтлаа бос гэх зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь машины түлхүүр барьсан гараараа цохиж “духны зүүн талд шарх, баруун чамархай, баруун чихний ар хэсэг, баруун чихний урд хэсэг, баруун далны дээд ирмэг, хүзүү, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн” эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч М.Б-н 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17-18 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 0-0 тоотод байрлах О.Ө-г гэрт орж унтлаа бос гэх зүйлээр шалтаглан толгойн тус газарт нь машины түлхүүр барьсан гараараа цохиж “духны зүүн талд шарх, баруун чамархай, баруун чихний ар хэсэг, баруун чихний урд хэсэг, баруун далны дээд ирмэг, хүзүү, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл үүсгэн” эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч М.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч М.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би хохирлоо барагдуулах болно. Тухайн үед би архи уусан байсан. Гэртээ ирээд хойшоо орсон. Хойно ороход О.Ө унтаж байсан. Би 2-3 удаа бос гээд татсан. О.Ө босож ирээд миний хамар руу цохисон. Тэгээд бид хоёр зодолдсон ... 700,000 төгрөг өгсөн ...  Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулна ...  Тэр бол миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч О.Ө-н шүүх хуралдаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3 дахь өдөр байсан. Өглөө хүүхдийн вакцин хийлгээд гэртээ очиход М.Б гэртээ байж байсан. Би ажил дээр очиж зураг авалтад ороод буцаад ирэхэд М.Б гэртээ байхгүй байсан. Гэртээ хоол идээд унтах гээд хэвтэж байхад М.Б гаднаас орж ирээд хэл амаар доромжилсон. Намайг хараагүй, сохор, гэсэн. Мөн манайхаас хоол гуйж идэж байж чи энд байх шаардлагатай юм уу? манай нутгаас болон манай гэрээс зайл гээд янз бүрээр доромжилсон. Тэгээд миний унтаж байсан хөнжлөөс 3 удаа татсан. Би та яагаад байгаа юм бэ? гэсэн чинь чи ямар их унтдаг юм бэ? гээд намайг цохисон. Тэгэхээр нь би босож ирээд цохисон. Хаана нь цохиж байгаагаа мэдээгүй. Тэр миний буруу. Миний толгой руу олон удаа түлхүүрээр цохисон. Орой нь би эмнэлэг дээр цус алдсан байдалтай очоод маргааш нь тархины рентген зураг авахуулсан... Харааны 90 хувийн алдалттай. Өдөр шөнийг ялгана. Эмчийн хэлснээр бол 1.5-2 метрт байгаа зүйлийг бүрэлзсэн хэмжээнд харна ... Би 900,000 төгрөг нэхэмжилж байгаа ... Хэрэг болсноос хойш уулзаагүй. Хэд хэдэн удаа яриад мөнгийг чинь одоо хийх гэж байна гэж ярьсан. Одоохондоо гомдол байхгүй байна. Сэтгэл санааны хохирол бол байна. Өмнө нь намайг хэн ч харааны бэрхшээлтэй гэж доромжилж байгаагүй. Би 900,000 төгрөг нэхэмжилсэн 700,000 төгрөгийг авсан байгаа ... ” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хүсэлтээр цалингүй амарсан. Тэр өдрөөс хойш хүнд зодуулсан өвчтэй гэх шалтгаанаар 14 хоног ажилдаа ирээгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ36/,

Гэрч Х.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Би хажуу айл болох О.Ө-н хүүхэд вакцин хийлгэчихсэн учраас халуураад байна гэдгийг сонсоод О.Ө-н гэрт ороход О.Ө унтаж байсан. Түүний бага жаахан уйлаад ээж А.Б нь авч байсан. Гаднаас манай нөхөр болох М.Баярмагнай орж ирчихээд О.Ө-г унтаж байхад хөнжлийг нь 2-3 удаа бос гээд татаад байсан. Тэгэхэд О.Ө бос ч ирэхэд манай нөхөр М.Б О.Ө-н цээж орчим түлхсэн. О.Ө М.Б-н цамцнаас барьж аваад мөргөхөд М.Б-н хамар орчим руу мөргөж таарсан. М.Б машины түлхүүр хийсэн байсан гараараа О.Ө-г толгойн баруун тал, дух хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд тэр 2 салсан...” гэсэн мэдүүлэг /ХХ38/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтад дахин өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны орой гэртээ нөхөр О.Ө-н хамт хүүхдүүдтэйгээ байж байхад манай хажуу айлын О гаднаас орж ирээд юм яриад сууж байхад гаднаас О-н нөхөр Б архи уучихсан бололтой согтуу орж ирээд орон дээр сууж байснаа унтаж байсан манай нөхөр О.Ө-н хөнжлийг татаад бос гээд байсан. Тэгэхэд О.Ө яасан ах би унтмаар байна гэхэд манай хашаанаас зайл гуйлгачин гэх мэтээр уурлаж хэл амаар доромжилж байснаа Б О.Ө-г цээж орчим цохисон. Тэгээд дахин М.Б О.Ө-г машины түлхүүртэй гараараа олон удаа толгой орчим цохисон. Хажуу талаас эхнэр О О.Ө-г хараа муутай юм байж манай нөхрийг зодлоо, согтуу хүнийг аргалчихгүй дээ, маргааш чамайг нөхөр зодсон гэж өргөдөл бичиж өгнө гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...М.Б Ө-н цээж рүү цохисон дараа нь машины түлхүүр гартаа хийсэн байсан гараараа толгой руу нь олон удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /ХХ89/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 366 дугаартай “... 1. О.Ө-н биед духны зүүн талд шарх, баруун чамархай, баруун чихний ар хэсэг, баруун чихний урд хэсэг, баруун далны дээд ирмэг, хүзүү, хамрын нуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн бугалга, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... ” гэсэн дүгнэлт /ХХ41-42/ гэсэн хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн хохирогчийн өмгөөлөгч болон улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролд 700,000 (долоон зуун мянга) төгрөг төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /ХХ107/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “...700,000 төгрөг өгсөн ...  Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулна ...” гэсэн мэдүүлгээр нотлогдож  байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Б уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч М.Б-д 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хот тохижуулах газарт өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Б-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч О.Ө 900,000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс шүүгдэгч М.Б 700,000 төгрөгийн хохирлыг төлснийг хасаж, үлдсэн 200,000 төгрөгийн хохирлыг  шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид 700,000 (долоон зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овгийн М-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хот тохижуулах газарт өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гаас 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийн хохирлыг гаргуулж, хохирогч О.Ө-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид 700,000 (долоон зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА