| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 181/2017/0451/И |
| Дугаар | 1480 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 1480
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 181/ШШ2017/01480 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26-78 тоотод оршин суух, Янгүг овогт Янгивын Батжаргал /ЧЖ79010311/-ын,
хариуцагч:Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл бүхий хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхбаатар, хариуцагчийн төлөөлөгч М.Хажидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Я.Батжаргал, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлээ дэмжин гаргасан тайлбартаа:Миний бие өөрийн эхнэр Ц.Билгүүний хамт 2015 оны 06 сарын 29-ний өдрийн №ЗГ2015/06/19 тоот гэрээний дагуу Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ-аас 6 342,6 ам.доллар буюу 12 990 978 төгрөгийг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу тодорхой төлөлтүүд хийж байсан боловч бидний эрхэлж байсан “Хар замаскны цех”-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсноос зээлийн төлөлт хийх боломжгүй болсон. Зээл олгогч байгууллагын зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргаснаар 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3943 дугаар шийдвэрийн дагуу 17 112 931 төгрөгийг бид төлөх болсон. Энэ шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, зээлийн барьцаанд байгаа Санзайд байршилтай зуслангийн хашаа байшинг “Хөрөнгийн үнэлгээний тев” 42 070 000 төгрөгеөр үнэлсэн, үүнээс дуудлага худалдаанд оролцох үнэ нь 29 449 000 төгрөг байгаа нь одоогийн зах зээлийн ханшаас хэт доогуур, бидэнд маш хохиролтой байгаа тухай гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргасан боловч 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 3/63 дугаартай албан бичгээр уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн. Тухайн хөрөнгө байгаа Санзайн зусланд зөвхөн хоосон хашаа 30-40 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд байрлал, засвар тохижилт зэргийг тооцолгүй хэт багаар үнэлсэнд гомдолтой байна. Мөн бид хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлаж, Эй Ар И Си Моргаж Корпорэйшн ББСБ-аас нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн хүлээн зөвшөөрч, энэ асуудал холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэгдэж байхад зээлдүүлэгч байгууллага хэт түрэмгий хандаж, зээлийн гэрээнд оруулсан хууль бус заалтаараа далайлган сүрдүүлж байсан болно. Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” байгууллагаас гаргасан 42 070 000.0 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн. Мөн үнэлгээг зөвшөөрөхгүй тул 2017 оны 01 сарын 26-ны өдөр болсон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бүх шаардлагаа бүрэн дэмжиж байна. гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн 3943 дугаар шийдвэр Я.Батжаргал, Ц.Билгүүн нараас 17 112 931 төгрөг гаргуулж, Эй Ар И Си Моргаж корпорэйшн ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн 6 хэсэг, 662 тоотод байрлах, 96 м.кв талбайтай хувийн сууцыг 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжилж хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.Билгүүн хувийн сууц, газрыг 160 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Я.Батжаргал 120 000 000 төгрөгөөр зөрүүтэй үнийн санал өгсөн, үнэлгээг өөрчлөхгүй талаар тайлбар өгсөн. Төлбөр авагч ББСБ нь үнэлгээн дээр харилцан тохиролцож чадахгүй байгаа тул хөндлөнгийн шинжээч томилж, албадан дуудлага худалдаанд оруулах талаар хүсэлт гаргасан. Манай газар 5 шинжилгээ хийх эрх бүхий компантай гэрээтэй бөгөөд 2016 оны 12 сарын 19-ний өдрийн 231 тоот тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ гаргуулсан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх хувийн сууц газрыг 42 070 000 төгрөгөөр үнэлснийг 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 3/841, 3/840 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч Ц.Билгүүн, Я.Батжаргал нарт хүлээлгэн өгч энэ талаар тэмдэглэл хөтлөж, үнэлгээний тайланг тайлбарлаж өгч танилцуулсан. Мөн үнэлгээний тайланг хуулбарлаж өгсөн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч Я.Батжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Төлбөр төлөгч Я.Батжаргалын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн 6 хэсэг, 662 тоотод байрлах, 96 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг хөндлөнгийн шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар буюу 42 070 000 төгрөгийн 70 хувь болох 29 449 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2017 оны 01 сарын 26-ны өдрийн 10 цагт оруулахаар үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 1/32 тоот тогтоол гарсан. Энэ талаар төлбөр төлөгч Я.Батжаргал, Ц.Билгүүн нарт 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 3/3019, 3/3020 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Барьцааны үл хөдлөх эд хөрөнгө нь анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. 2017 оны 01 сарын 26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа болсон бөгөөд 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 1790 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлээд байна. Уг захирамж нь тус албанд 2017 оны 01 сарын 31-ний өдөр ирсэн байгаа. 2 дох шаардлагыг ман зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Я.Батжаргал хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 1 сарын 26-ны өдөр болсон албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт шаардлагуудаа бүрэн дэмжин оролцлоо.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар; -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/03943 дугаар шүүгчийн захирамжаар Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 16 805 952 төгрөгийг хариуцагч Я.Батжаргал, Ц.Билгүүн нар нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг батлаж, хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203030063 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн 6 дугаар хэсэг, 662 тоотод байрлах, 93 м.кв талбай бүхий хувийн сууц, газар эзэмших эрхийн 000537831 дугаарт бүртгэгдсэн нэгж талбарын 18640334736562 дугаартай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, зуслан Санзай хаягт байрлалтай 700 м.кв газрыг хуульд нийцүүлэн худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, улсын тэмдэгтийн хураамжид 306 979 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
-Шийдвэрийн дагуу 2016 оны 6 сарын 14-ний өдөр 29 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2016 оны 6 сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16280792 дугаар тогтоолоор ажиллагаа явагдаж, хариуцагч Ц.Билгүүнд 2016 оны 9 сарын 14-ний өдөр мөн сарын 19-ний өдрийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл гарган хүргүүлсэн, 2016 оны 9 сарын 14-ний өдөр 156/17 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж тэмдэглэл үйлдсэн, 2016 оны 10 сарын 05-ны өдөр 156/04 дугаар эд хөрөнгө хураасан тогтоол үйлдэн тэмдэглэл хөтлөсөн, 2016 оны 10 сарын 05-ны өдөр хураасан эд хөрөнгөө Я.Батжаргал тус бүрийг 60 000 000 төгрөгөөр, 2016 оны 10 сарын 11-ний өдөр Ц.Билгүүн тус бүрийг 80 000 000 төгрөгөөр үнийн санал бичиж өгсөн,
- шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг 2016 оны 10 сарын 11-ний өдөр үйлдэн Ц.Билгүүн хөрөнгө тус бүрийг 80 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал, мөн түүний үнийн саналтай Я.Батжаргал болон төлбөр авагч компаний зүгээс харилцан тохиролцож чадвал уг үнэлгээний 70 хувиар, тохиролцож чадахгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгон, уг үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох тухай,
-2016 оны 10 сарын 28-ны өдрийн тэмдэглэлээр Я.Батжаргалд Ц.Билгүүнийг 160 000 000 төгрөгөөр үнийн санал өгсөн нь зөрүүтэй байна гээд Ц.Билгүүний үнэлгээг зөвшөөрч байгаа эсэхийг асуухад Я.Батжаргал өөрийнхөө 120 000 000 төгрөгийн үнэлгээг өөрчлөхгүй, шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтэй гэсэн, анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнэ нь шинжээчийн үнэлгээний 70 хувь, зарагдахгүй тохиолдолд 50 хувиар 2 дахь албадан дуудлага худалдааны доод үнэ болохыг анхааруулсан тухай тус тус тэмдэглэж бичжээ.
Эй Ар И Си Моргаж корпорэйшн ББСБ ХХК шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 12 сарын 13-ны өдөр үнэлгээн дээр тохиролцож чадахгүй байгаа тул шинжээч томилж дуудлага худалдаанд оруулуулах талаар албан бичиг ирүүлжээ.
-2016 оны 12 сарын 19-ний өдрийн шинжээч томилох тухай 2312016 оны 12 сарын 13-ны өдөр тогтоолоор зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон.
“Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 1 сарын 02-ны өдөр 01 дугаар дүгнэлт гарган, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 2009 онд баригдсан, шфал ханатай, гадуураа шавардлага өнгөлгөөтэй, төмөр дээвэртэй, паркетан шалтай, ваакум цонхтой, лампир таазтай, 96 м.кв, ердийн пийшин галлагаатай том өрөө, жижиг өрөө, гал зуухны өрөө, үүдэндээ 2 өрөө бүхий хувийн сууц, 3 тал буюу 114 метр урттай сараалжин хайсан хашаатай, зуслан зориулалтаар эзэмшиж буй 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг зах зээлийн харьцуулах аргаар үнэлж нийтэд нь 42 070 000 төгрөгөөр өнөөгийн зах зээлийн үнэ гэж тодорхойлжээ. Шинжээчийн дүгнэлтэд тухайн орчны ижил төстэй хашаа байшин гэж авагдсан судалгаа нь Сүхбаатар дүүргийн Сэлбэ зусланд 128 м.кв, мансардтай дүнзэн байшинг 500 м.кв газартай нь яаралтай хямдхан зарна 59 сая төгрөг гэсэн зараар харьцуулсан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 1 сарын 06-ны өдрийн 3/841 мэдэгдлээр төлбөр төлөгч Ц.Билгүүнд 42 070 000 төгрөгийн 70 хувь болох 29 449 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг тогтоохоо мэдэгдэн тэмдэглэлд бичсэнээр Ц.Билгүүн хэтэрхий хямд үнэлсэн тул зөвшөөрөхгүй гээд гомдол гаргах тухайгаа тэмдэглүүлжээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгч Я.Батжаргалд гэсэн 2017 оны 1 сарын 06-ны өдрийн 3/841 мэдэгдлийг хариуцагч ирүүлсэн боловч гардуулсан талаар баримт тэмдэглэл ирүүлээгүй.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Я.Батжаргалд 2017 оны 1 сарын 19-ний өдрийн 3/3019 мэдэгдлийг нэхэмжлэгч ирүүлсэн ба шинжээчийн үнэлгээний 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулах доод үнэ 29 449 000 төгрөгөөр тооцон 2017 оны 1 сарын 26-ны өдөр 10 цагт оруулахыг мэдэгджээ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгч Я.Батжаргал, Ц.Билгүүн нарт 2017 оны 1 сарын 19-ний өдрийн 3/63 хариу мэдэгдэх хуудсаар үнэлгээчнээр үнэлгээ тогтооход 42 070 000 төгрөгөөр үнэлсэн, ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гомдлыг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдэж, нэхэмжлэгч Я.Батжаргал нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргасан.
Нэхэмжлэгч 2017 оны 1 сарын 26-ны өдөр хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний, улсын бүртгэлийн 9011364091 дугаар 5643678 регистрийн дуугаартай “Ашид Билгүүн” ХХК-ий, дээрх барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнэ 61 382 160 төгрөгөөр үнэлсэн байх ба тайланд авагдсан, хариуцагч талын маргаагүй уг хувийн сууцны гэрэл зурагт мансардын давхар бүхий өвлийн сууц байгаа үйл баримтууд тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй байна.
Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 3/3019, 3/63, 1/32 дугаар мэдэгдэх хуудсууд /хх 6, 7, 8 хуудас/, хөрөнгийн үнэлгээний төв ХХК хөрөнгө үнэлсэн тайлан /хуудас 9-19/, хариуцагчаас хуулбарлан ирүүлсэн 156/70 мэдэгдэл / хх 44 хуудас/ гэсэн баримтууд гаргацгүй дутуу эсвэл хуулбар бичмэл баримтын шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй.
Шинжээч үнэлгээ тодорхойлохдоо төлбөр төлөгч нарыг оролцуулсан баримт байхгүй байх ба шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг Ц.Билгүүнд 2017 оны 1 сарын 6-ны өдөр танилцуулахад /хх 63 хуудас/ гомдол гаргах тухайгаа хэлсэн, харин төлбөр төлөгч Я.Батжаргалд үнэлгээ танилцуулсан тэмдэглэл байхгүй байгаа нь уг ажиллагаа явагдаагүй гэж үзэх үндэстэй. Гаргасан гомдлыг 2017 оны 1 сарын 19-ний өдөр шийдвэрлэсэн хариу мэдэгдэх хуудсыг аваад 2017 оны 1 сарын 24-ний өдөр нэхэмжлэл шүүхэд ирүүлсэн нь хуулийн хугацаанд байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн, үнэлгээчин нь эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул бодит үнэд нийцээгүй тул уг үнэлгээг мөн үндэслэлгүй үнэлгээгээр явагдсан анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулна...” гэснийг хариуцагч нь “...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан...” гэж тайлбарласан.
-1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2.”төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол” үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.”гэж зохицуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар /хх51,52 хуудас/ төлбөр авагчийн үнийн саналыг төлбөр төлөгч нарт танилцуулсан зүйл байхгүй, зөваөн төлбөр авагч нарын хооронд саналын зөрүүтэй гэж үзсэн нь үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцох эсэх нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй.
Төлбөр авагчийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх албанд хаягласан албан бичгээр /хх 54 хуудас/ үнэлгээн дээр харилцан тохиролцож чадахгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулах гэсэн нь санал болгох доод үнийг талууд харилцан үнийн санал гаргасан , үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцох эсэхийг тогтоосон ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэсгүй.
-2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулсан гэх нэр бүхий 5 компаниас нэгийг нь тус алба сонгож үнэлгээ тогтоох ажиллагааг гүйцэтгүүлж байгаа нь хөндлөнгийн байх хуулийн агуулгад хамаарах үндэслэл болохгүй бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 сарын 19-ний өдрийн шинжээч томилох тухай 2312016 оны 12 сарын 13-ны өдөр тогтоолоор шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.”Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.”гэж заасан ажиллагааг хийгээгүй нь тухайн этгээд уг ажиллагаанд хувийн эрх ашгийн сонирхол зөрчилгүй, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх нь тодорхойгүй байгаа нь хуульд заасан шинжээчээр ажиллах шаардлагыг хангаагүй этгээд болно.
-3. “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2017 оны 1 сарын 02-ны өдөр гаргасан 01 дугаар дүгнэлтэд, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 2009 онд баригдсан, шфал ханатай, гадуураа шавардлага өнгөлгөөтэй, төмөр дээвэртэй, паркетан шалтай, ваакум цонхтой, лампир таазтай, 96 м.кв, ердийн пийшин галлагаатай том өрөө, жижиг өрөө, гал зуухны өрөө, үүдэндээ 2 өрөө бүхий хувийн сууц, 3 тал буюу 114 метр урттай сараалжин хайсан хашаатай, зуслан зориулалтаар эзэмшиж буй 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус зах зээлийн харьцуулах аргаар үнэлж нийтэд нь 42 070 000 төгрөгөөр өнөөгийн зах зээлийн үнэ гэж тодорхойлохдоо, тухайн орчны ижил төстэй хашаа байшин гэж авагдсан судалгаа болох Сүхбаатар дүүргийн Сэлбэ зусланд 128 м.кв, мансардтай дүнзэн байшинг 500 м.кв газартай нь яаралтай хямдхан зарна 59 сая төгрөг гэсэн зарын үнэлгээнээс багаар үнэлсэн шалтгаан үндэслэл харьцуулсан дүгнэлтэд байхгүй төдийгүй төлбөр төлөгч нарын 160-180 сая төгрөг гэсэн үнийн саналыг хэрхэн харгалзсан нь тодорхойгүй байгаа нь ойлгомжгүй учир дутагдалтай болжээ. Энэ нь хөрөнгийн чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх хуулийн зохицуулалтад ний цэхгүй болно.
Иймд эд хөрөнгө үнэлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцагч хуульд нийцүүлэн явуулсан гэж үзэхээргүй байна.
Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай эрх бүхий этгээдийн шийдвэр ирүүлээгүй, уг шийдвэр гарснаас хойш хуульд заасан хугацаа өнгөрсөн эсэх тодорхойгүй, уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлсэн баримтгүй, хэрхэн явагдсан тухай тэмдэглэл баримтгүй хариуцагч тал ямар нэг баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/03943 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан төлбөр төлөгч Я.Батжаргал, Ц.Билгүүн нарт холбогдох эд хөрөнгө үнэлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2017 оны 1 сарын 26-ны өдрийн 10 цагт болсон гэх анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3., 37 дугаар зүйлийн 37.2.,43 дугаар зүйлийн 43.2.-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/03943 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдсан төлбөр төлөгч Я.Батжаргал, Ц.Билгүүн нарт холбогдох эд хөрөнгө үнэлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2017 оны 1 сарын 26-ны өдрийн 10 цагт болсон гэх анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ