Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0238/З |
Дугаар | 594 |
Огноо | 2019-09-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 594
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, Ш.З, П.Х нарт холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д[1], Б.Да[2], Д.Бу[3] хариуцагч Ш.З, П.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын агуулга.
1.1. “П” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын агуулга[4]: “
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох,
Гомдлын үндэслэл: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “П” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгалт явуулсан. Уг зөрчлийн хэрэгт “П” ХХК-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 авто бензин нь MNS 0217:2017 “Хөдөлгүүрийн түлш, этилжээгүй бензин, техНийн шаардлага”-ыг хангаагүй гэж үзсэн байдаг. Шинжилгээний хариугаар авто бензин дэх марганецийн хэмжээ хэвийн хэмжээнээс хэтэрсэн буюу 0.6-0.7, октаны тоо 90.2+-0.1 гэсэн дүгнэлт гарсан байдаг.
“П” ХХК нь ОХУ-ын “Р” компаниас авто бензин болон дизелийн түлшийг импортлон, хэрэглэгчдэд жижиглэнгээр худалдаалдаг. Дээрх бүтээгдэхүүнүүд нь Монгол улсад худалдаалагдахаас өмнө итгэмжлэгдсэн лабораториудаар дахин дахин шинжилгээнд хамрагддаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нь өөрөө чанарын гэрчилгээтэй нийлүүлдэг ба энэхүү гэрчилгээнд бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг тусгасан байдаг. Мөн Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээнд хамруулан дүгнэлт гаргуулдаг. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “П” ХХК-ийн 12, 33 дахь Шатахуун түгээх станцуудад худалдаалагдаж байсан шатахууны чанарын үзүүлэлт нь чанарын гэрчилгээ, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатори, “Н” ХХК-ийн харьяа итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр хэвийн буюу стандартын шаардлагад хангасан шатахуун байдаг.
Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын оношлогоо хэмжил зүйн лабораторийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн СШ18/241, СШ18/240 дугаар шинжилгээний үр дүнгийн хуудаст марганец болон октаны тоо хэвийн бус гарсан нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
MNS 0218:2008 Газрын тосны бүтээгдэхүүн. Дээж авах арга стандартын 7 дугаар зүйлийн , 2 дах, хэсэгт “.. бүтээгдэхүүний дээжийг хоёр хувааж нэг дээжийг лабораторид шинжлүүлэхээр өгч, нөгөөг нь битүүмжилж маргаан таслахад зориулж тунадас, тоосноос хамгаалагдсан байранд хадгална... ” гэж заасан байдаг бөгөөд энэхүү маргаан таслах дээжийг гуравдагч хөндлөнгийн лабораторид шинжлүүлэх хүсэлт гаргасан боловч шатахууны нөгөө дээжийг хадгалах хугацаа дууссан тул устгасан гэсэн хариу өгсөн. Энэ нь нэг бүтээгдэхүүн дээр 2 шинжилгээгээр 2 өөр хариу гарсан байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид зөвхөн Иргэний нисэхийн лабораторийн шинжилгээний хариуг зөв гэж үзэн, түүндээ дүгнэлт гаргуулан шийдвэрлэсэн.
Иргэний нисэхийн төв лабораторид шинжлүүлсэн дээж “П” ХХК-ийн бүтээгдэхүүний дээж гэдэг нь эргэлзээтэй байдаг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид тус компанийн ШТС-12, ШТС-33 тус бүрээс бүтээгдэхүүний дээж авахдаа дээжийн лацны дугаар, ямар дугаартай саванд дээж авсан нь тодорхой бус байдаг.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/7* тоот тушаалаар аж ахуйн нэгжүүдээс дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон тэдний ажиллах дараалал аргачлалыг баталсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид шалгалтын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр аж ахуйн нэгжүүдээс авах шатахууны дээжийг коджуулсан байдал гэсэн баримтад “П” ХХК-ийн АИ-92 авто бензины кодыг 00260308 гэж өгсөн байдаг. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “П” ХХК-ийн ШТС-12 дахь салбараас дээж авсан баримтад тэмдэглэл үйлдэхдээ хяналт шалгалтын явцад 00560308 дугаар кодтой сав үлдсэн бөгөөд тус саванд “П” ХХК - ийн өөр салбараас дээж авах үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Орон тооны гишүүн С.Ц , улсын ахлах байцаагч Г.Э нар өгсөн гэсэн тэмдэглэл үйлдсэн байдаг. 00560308 код нь “А с А с” гэх компанид хамаарахаар батлагдсан байдаг.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хоёр. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбарын агуулга:
2.1 Хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа[5]: “... “П” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбар хүргүүлж байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт, шалгалтын ажлын хэсэг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “П” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-12, Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” ХХК-ийн ШТС-33 салбаруудад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 авто бензинээс дээж авч шинжлүүлэхэд сорилт шинжилгээний үр дүнгээр АИ-92 авто бензин дэх марганецын агууламж 0.7+0.01 , 0.6+01 мг/дмЗ, ШТС-12 салбарын АИ-92 авто бензины октаны тоо 90.2+0.1 тодорхойлогдсон асуудлыг Нийслэлийн прокурорын газарт хянуулан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1802000538 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “П” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаартай шийтгэлийн хуудсаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх шалтгаан:
1. АИ-92 авто бензинээс авсан дээжийг хэрхэн авсан буюу MNS 0217-2017 стандартын шаардлагатай хангасан эсэх нь эргэлзээтэй байна гэсэн тухайд:
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтын ажлын хэсэг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын Шадар Сайдын 2011 оны 3 дугаар сарын 30-ны 19 дүгээр тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүнээс дээж авах акт”-ын загвар, “Лабораторид дээж өгсөн тэмдэглэл”-ийн маягтын дагуу шинжилгээнд дээж авч, Монгол Улсын стандарт MNS 021852008 стандартын 5.4-т заасны дагуу хэвтээ савны дээжийг түгээгүүрийн хошуунаас авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул, уурхай газрын тосны төв лабораторийн ашигладаг зориулалтын цэвэр, хуурай шилэн лонхонд битүүмжлэн Иргэний нисэхийн ерөнхий Оношилгоо, хэмжил зүйн лабораторид тухайн өдрөө хүлээлгэн өгсөн нь 1802000538 дугаартай зөрчлийн хэрэгт хавсаргасан “Бүтээгдэхүүнээс дээж авах акт”-ын загвар, “Лабораторид дээж өгсөн тэмдэглэл” зэргээр нотлогдож байна.
2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний нисэхийн ерөнхий оношилгоо хэмжил зүйн лабораторийн2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн СШ18/241, СШ18/240 дугаар шинжилгээний үр дүнгийн хуудаст марганец болон октаны тоо хэвийн бус гарсан нь бодит байдалтай нийцэхгүй байна гэсэн тухайд:
Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораториос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний үр дүнг ирүүлсэн ба лабораторийн сорилт шинжилгээний хариуд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2018 оны 9 дүгээр сарын 07-ны 1/1240 дугаартай албан бичгээр хүргүүлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр авто бензиний октаны тоо 90.1-91-9 буюу дунджаар 91 тодорхойлогдсон нь “Хөдөлгүүрийн түлш Этилжээгүй бензин. ТехНийн шаардалга” MNS0217:2017 стандартын шаардалга хангахгүй байна гэсэн дүгнэлтийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан байдаг.
3. “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид зөвхөн Иргэний нисэхийн лабораторийн шинжилгээний хариуг зөв гэж үзэн, түүндээ дүгнэлт гаргуулан шийдвэрлэсэн” гэсэн тухайд:
Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд болон бусад бусад зориулалтын ижил төрлийн хөдөлгүүрүүдийн этилжээгүй бензинд хамаарах Хөдөлгүүрийн түлш, этилжээгүй бензин. ТехНийн шаардлага” МNS 0217:2017 стандартад металл /марганец, хар тугалга, төмөр гэх мэт/ агуулсан чанар сайжруулах нэмэлттэй бензин хэрэглэж болохгүй гэсэн байна.
Тус компанийн ирүүлсэн Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лаборатори, “Н” ХХК-ийн харьяа итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр хэвийн буюу стандартын шаардлагад хангасан шатахуун гэсэн боловч тус дүгнэлтэд марганецийн шинжилгээ хийгдсэн талаар тодорхойгүй байсан.
Иймд Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр шатахуунд байгаа марганецийн хэмжээг тодорхойлсон.
Тус шинжилгээг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эрчим хүчний газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Б-ийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/606/36* дүгнэлтээр “Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораторийн №СШ18/235-24* дугаартай нийт 10 ширхэг сорилт шинжилгээний үр дүнгээр авто бензин дэх марганецийн агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлж байгаа нь “Хөдөлгүүрийн түлш, этилжээгүй бензин. ТехНийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна.
Ашигт малтмал, газрын тосны газар, уул уурхай газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Шинжилгээгээр тухайн дээжид марганецийн агууламж 0.6-0.7 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Учир нь марганец автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэндэд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй.” гэсэн байна.
4. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид тус компанийн ШТС - 12, ШТС - 33 тус бүрээс бүтээгдэхүүний дээжийг авахдаа дээжийн лацны дугаар, ямар дугаартай дээж авсан нь тодорхой бус байдаг гэсэн тухайд:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/7* тоот тушаалаар аж ахуйн нэгжүүдээс дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ажиллах дарааллыг аргачлалыг баталсан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид шалгалтын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аж ахуйн нэгжүүдээс авах шатахууны дээжийг коджуулсан баримтад “П” ХХК-ийн бензиний кодыг 0026030* гэж өгсөн.
2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “П” ХХК-ийн ШТС-12 дахь салбараас 00560308 дугаар кодтой саваар дээж авсан.
2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “П” ХХК-ийн ШТС-33 дахь салбараас 00260308 дугаар кодтой саваар дээж авсан.
Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораторид 0056030* дугаар болон 0026030* дугаар кодтой сав бүхий дээжийг тус тус хүргүүлсэн. 0056030* дугаар болон 0026030* дугаар кодтой сав бүхий дээжид хийсэн шинжилгээний хариунд хоёуланд нь марганец илэрсэн.
“П” ХХК нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас олгодог бүх төрлийн шатахууны импортын болон бөөн, жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7.1.1-д “чанарын хувьд олон улсын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох” гэж, 7.1.2-т “импортолсон бүтээгдэхүүн олон улсын стандартад нийцсэн эсэх талаар итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулах” гэж, 9.3.7-д “бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторитой байх” гэж тус тус заасны дагуу “П” ХХК нь импортлож борлуулж буй шатахууны чанар, стандартыг тогтоох үүрэгтэй байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техНийн нөхцөл, болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд “П” ХХК-ийн борлуулж байсан АИ-92 шатахуун нь Стандартчилалын үндэсний зөвлөлөөс баталсан “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй ТехНийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага хангаагүй нь сорилт шинжилгээний лабораторийн шинжилгээний дүгнэлт, эрх бүхий байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох тогтоогдсон.
2018 онд шатахууны худалдаа эрхлэгчид дэлхийн зах зээлд газрын тосны үнэ шалтгаанаар жижиглэн борлуулалтын үнийг нэмэгдүүлсэн ч Олон улсын болон Монгол улсын стандартын шаардлагад нийцэхгүй авто бензин хэрэглэгчдэд борлуулж иргэд, хэрэглэгчдийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд хохирол учруулж буй асуудлыг харгалзан “П” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны 01/22 дугаартай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
2.2. Хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:”...”
Гурав. Гомдол гаргагч, хариуцагч талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг шүүх хуралдааны тэмдэглэлд[6] тусгав.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “П” ХХК-аас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0005538 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэсэн гомдлыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:
Гомдол гаргагчаас “П” ХХК-ийн 12, 33 дахь Шатахуун түгээх станцуудад 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр худалдаалагдаж байсан шатахууны чанарын үзүүлэлт нь чанарын гэрчилгээ, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатори, “Н” ХХК-ийн харьяа итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр хэвийн буюу стандартын шаардлагад хангасан шатахуун байсан, гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын оношлогоо хэмжил зүйн лабораторийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн СШ18/24*, СШ18/24* дугаар шинжилгээний үр дүнгийн хуудаст марганец болон октаны тоо хэвийн бус гарсан нь бодит байдалд нийцээгүй, нэг бүтээгдэхүүн дээр 2 шинжилгээгээр 2 өөр хариу гарсан байхад зөвхөн Иргэний нисэхийн лабораторийн шинжилгээний хариуг зөв гэж үзэн дүгнэлт гаргасан үндэслэлгүй, маргаан таслах дээжийг гуравдагч хөндлөнгийн лабораторид шинжлүүлэх хүсэлтийг хангаагүй, ШТС-12, ШТС-33 тус бүрээс бүтээгдэхүүний дээж авахдаа дээжний лацны дугаар, ямар дугаартай саванд дээж авсан нь тодорхой бус, “П” ХХК-ийн АИ-92 автобензины кодыг 00260308 байхад 00560308 гэсэн “АСАС” гэх компанид хамаарахаар код байсан, зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэж маргажээ.
Маргааны үйл баримтын талаар:
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжаар[7] “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч шатахуун болон чанарын шаардлага хангахгүй дизелийн түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна” гэх мэдээллийн дагуу шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүрэлдэхүүн, хугацаа, бүрэн эрх, ажлын чиглэлийг тогтоожээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/7* дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хийж байгаа шалгалтын хүрээнд бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар, ажлын хэсгийн ажиллах дараалал, аргачлал, кодыг хоёрдугаар хавсралтаар баталжээ.[8]
Гомдол гаргагч “П” ХХК-ийн ШТС-12, ШТС-33 салбаруудаас 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан дээж нь 00560308 болон 00260308 кодтой байсан гэдэг нь дээж авсан акт, фото зураг зэрэг баримтуудаар[9] тогтоогдож байна.
Уг дээжийг Иргэний нисэхийн газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторит шинжилгээ хийлгэхээр хүргүүлж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр СШ18/24*, СШ18/24* дугаар шинжилгээний үр дүнгийн хуудсаар 0056030* кодтой дээжээс марганецийн агууламж 0.6+0.01, 0026030* кодтой дээжээс марганецийн агууламж 0.7+0.01 гэсэн хариуг ирүүлжээ.[10]
Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэхүү лабораторийн шинжилгээний хариуд дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт албан бичиг хүргүүлжээ.[11]
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/36* дугаартай албан бичгээр “Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторийн №СШ18/235-24* дугаартай нийт 10 ш сорилт шинжилгээний үр дүнгээр автобензин марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлж байгаа нь MNS0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй байна.” гэсэн хариуг хүргүүлжээ[12].
Уг хариу албан бичгийг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг явуулахыг хариуцагч байцаагч нар даалгаж,[13] уг даалгаврыг үндэслэн хариуцагч нараас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зөрчлийн хэрэг нээжээ.[14]
Зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад Гаалийн ерөнхий газраас “...П” ХХК, ...-иудын 2018 оны 6-11 дүгээр сард импортлосон АИ-92 автобензинд Гаалийн төв лабораториос шинжилгээ хийсэн дүгнэлтийг авч, мөн Стандарт хэмжил зүйн газарт MNS 0217:2017 Монгол улсын стандарт, MNS 0217:2017 стандартыг гаргуулан авч, Ашигт малтмал, газрын тосны газрыг шинжээчээр томилон ажиллажээ.[15]
Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээчийн гаргасан дүгнэлтээр “Шинжилгээгээр дээжид марганецын агууламж 0 .6-0.7 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзнэ. Учир нь марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй.” гэжээ.[16]
Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториас 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 07/210* тоот албан бичгээр “...Монгол улсын стандарт “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. MNS 0217:2017” техНийн шаардлагад ГОСТ З 51925 стандартын дагуу марганецын агууламжийг тодорхойлно гэж заасан байдаг боловч тус лабораторид марганецын агууламж тодорхойлох шинжилгээний багаж байхгүй тул шинжилгээг хийх боломжгүй байна” гэх хариуг хүргүүлжээ.[17]
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын байцаагчаас “П” ХХК-ийн гүйцэтгэх захиралд “...жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензинийг хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. ТехНийн шаардлага MNS 0217:2017 Монгол улсын стандартын шаардлагад нийцүүлэн, итгэмжлэгдсэн сорилтын лабораториор дүгнэлт гаргуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор танилцуулж, хэрэглэгчдэд борлуулалт хийхийг шаардаж байна” гэх албан шаардлагыг хүргүүлжээ.[18]
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, П.Х нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “П” ХХК-д 000553* дугаартай шийтгэлийн хуудас ногдуулжээ.[19]
Хууль зүйн үндэслэлийн талаар:
Маргааны үйл баримтаас дүгнэхэд гомдол гаргагч “П” ХХК-ийн ШТС-12, ШТС-33 салбаруудаас авсан дээжүүдээс мэргэжлийн лабораторийн шинжилгээгээр дээжид марганецын агууламж 0 .6-0.7 мг/дм3 илэрсэн, уг агууламж нь MNS0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй, марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг, уг хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдгийг шинжээчээс дүгнэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймээс хариуцагч улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа, ажил, үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техНийн зохицуулалтын шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу гомдол гаргагч “П” ХХК-ийн дээр дурдсан зөрчилд торгууль ногдуулж шийтгэлийн хуудас үйлдсэн үйлдлийг хуульд нийцээгүй бөгөөд уг шийтгэлийн хуудсны улмаас гомдол гаргагч компанийн үйлдээгүй зөрчилдөө шийтгэл хүлээхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораторид 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дээжийг хүргүүлсэн хугацаанаас хойш гомдол гаргагч тал нь уг дээжийг өөр шинжээчээр шинжлүүлэх талаар гомдол гаргаагүй, дээжийг устгасны дараа гомдол гаргах талаар дурдсан зэргээр тайлбарлаж байгаа нь гомдол гаргагч компанийг Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэх үйл баримтыг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн дээж авах үед компанийн ажилчид байлцсан, дээжийн талаар дүгнэлтийг танилцуулсан, зөрчил шалгах ажиллагааг мэдэж байсан үндэслэл тогтоогдож байхад хариуцагчийг “П” ХХК-ийг зөрчил хянан шалгах ажиллагааны явцад гомдол гаргах эрхээр хангаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
Гомдол гаргагч ““П” ХХК-ийн 12, 33 дахь Шатахуун түгээх станцуудад 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр худалдаалагдаж байсан шатахууны чанарын үзүүлэлт нь чанарын гэрчилгээ, Гаалийн ерөнхий газрын гаалийн төв лаборатори, “Н” ХХК-ийн харьяа итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр хэвийн буюу стандартын шаардлагад хангасан шатахуун байсан” гэх тайлбар нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораториос 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 07/210* тоот албан бичгээр “...Монгол улсын стандарт “Хөдөлгүүрийн түлш. Этилжээгүй бензин. MNS 0217:2017” техНийн шаардлагад ГОСТ З 51925 стандартын дагуу марганецын агууламжийг тодорхойлно гэж заасан байдаг боловч тус лабораторид марганецын агууламж тодорхойлох шинжилгээний багаж байхгүй тул шинжилгээг хийх боломжгүй байна” гэх хариу, мөн чанарын үзүүлэлт, Н” ХХК-ийн харьяа итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээс сүүлд гарсан бөгөөд хөндлөнгийн этгээд гэж үзэх Иргэний нисэхийн газрын оношлогооны лабораторийн шинжилгээний хариу зэргээр үгүйсгэгдэж байна.
Зөрчил гаргасан гэж шалгагдаж байгаа “П” ХХК-ийн компанийн хүсэлтээр хийгдсэн чанарын үзүүлэлт, “Н” ХХК-ийн харьяа итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй учир “хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь зөрөөтэй байхад дахин өөр шинжээч томилох байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах нь шударга байдалд нийцэхгүй юм.
Мөн түүнчлэн гомдол гаргагч компаниас “ШТС-12, ШТС-33 тус бүрээс бүтээгдэхүүний дээж авахдаа дээжний лацны дугаар, ямар дугаартай саванд дээж авсан нь тодорхой бус, “П” ХХК-ийн АИ-92 автобензины кодыг 00260308 байхад 00560308 гэсэн “АСАС” гэх компанид хамаарахаар код байсан үндэслэлгүй байна.” гэх тайлбар нь ““П” ХХК-ийн ШТС-12, ШТС-33 салбаруудаас 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр авсан дээж нь 00560308 болон 00260308 кодтой байсан гэдэг нь дээж авсан акт, фото зураг зэрэг баримтуудаар[20] үгүйсгэгдэж байна.
Хариуцагчаас зөрчлийн хэргийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нээж, хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгасан тогтоол[21], шийтгэлийн хуудсыг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, холбогдогчид танилцуулж, албан шаардлага[22] хүргүүлсэн зэргээс дүгнэхэд Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасан зөрчил шалган шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Зөрчлийн тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг тус тус баримтлан “П” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч С.Л, улсын байцаагч Ш.З, улсын байцаагч П.Х нарын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 000553* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.С
[1] 125/2019/0127/3 индекстэй хэргийн /цаашид хэргийн гэх/ 75 дахь тал
[2] Хэргийн 89 дэх тал
[3] Хэргийн 158 дахь тал
[4] Хэргийн 1-3 дахь тал
[5] Хэргийн 50 дахь тал
[6] Хэргийн ... тал
[7] Хэргийн 100-101 дэх тал
[8] Зөрчлийн хэргийн 5 дахь тал
[9] Хэргийн 146-153, Зөрчлийн хэргийн 11-19 дэх тал
[10] Зөрчлийн хэргийн 24-30 дахь тал
[11] Зөрлийн хэргийн 31 дэх тал
[12] Зөрчлийн хэргийн 32-33 дахь тал
[13] Зөрчлийн хэргийн 4 дэх тал
[14] Зөрчлийн хэргийн 1 дэх тал
[15] Зөрчлийн хэргийн 159 дэх тал
[16] Зөрчлийн хэргийн 42 дахь тал
[17] Зөрчлийн хэргийн 158 дахь тал
[18] Зөрчлийн хэргийн 193 дахь тал
[19] Хэргийн 5 дахь тал
[20] Хэргийн 146-153, Зөрчлийн хэргийн 11-19 дэх тал
[21] Зөрчлийн хэргийн 3 дахь тал
[22] Зөрчлийн хэрэг 192-194 дэх тал