Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1671

 

Ч.Даваахүү, “Дөлтулгуур” ХХК нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01758 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Даваахүү, “Дөлтулгуур” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Их наран констракшн” ХХК

Хариуцагч “Металл энд вүүд” ХХК

Хариуцагч О.Хонгорзул нарт холбогдох

           

Орон сууцны гэрчилгээ гаргуулахыг даалгах, “Металл энд вүүд” ХХК-иас 39.256.800 төгрөг гаргуулах, О.Хонгорзул, Ч.Даваахүү нарын хооронд байгуулагдсан 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй

нэхэмжлэгч Ч.Даваахүүгээс 16.308.660 төгрөг гаргуулах тухай “Их наран өргөө констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                         Ч.Даваахүү

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                С.Оюундэлгэр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         Б.Диваачамба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч         О.Хонгорзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Даваахүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Их наран өргөө констракшн” ХХК-тай №36/04/13 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77 айлын орон сууцны цогцолбор хотхоноос 49.29 м.кв 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулан захиалсан. Захиалгын гэрээний дагуу 1 м.кв-ыг 1.500.000 төгрөгөөр бодон 73.935.000 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулсан. 2016 оны 2 дугаар сарын 12-нд улсын комисс барилга байгууламжийг байнгын ажиллагаанд оруулан айлууд байрандаа орсон, орон сууцаа өмчлөх эрхээ өнөөдрийг хүртэл баталгаажуулж чадахгүй байна. Шалтгаан нь тус компани бидний захиалсан орон сууцыг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцаалан банкинд тавин зээл авч, компанийнхаа үйл ажиллагаанд ашиглан өөр барилга бариулж байна. Захиалагч оршин суугч бидний өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүйн улмаас байр, ус, цахилгааны төлбөрийг албан байгууллагын тарифаар үнэтэй төлж, цаашид СӨХ-гоо байгуулж чадахгүй, хаягийн шилжүүлэг хийлгэх, хүүхдийг харьяаллын дагуу сургууль цэцэрлэгт оруулах, интернэт, суурин утас тавиулах гэх мэт хүндрэлтэй асуудлууд гарч байна. Эдгээр асуудлаар компанийн удирдлагуудтай уулзахад хэл амаар доромжлох, дур мэдэн цахилгаан таслах, худал тайлбар хэлэх гэх зэргээр авирлан бидний эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж 48 дугаар байрны 29 тоот хаягт байрлах миний худалдан авсан 49.29 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, иргэн миний өмчийг баталгаажуулан олгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Даваахүү нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... “Их наран өргөө констракшн” ХХК-тай миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулахдаа урьдчилгаа төлбөрт 34.074.040 төгрөгийн бараа материалыг тухайн байранд нийлүүлж тооцоог хийсэн. Орон сууцны дараагийн төлбөр 20.560.800 төгрөгийг уг барилгын гүйцэтгэгч “Металл энд вүүд” ХХК болон манай “Дөлтулгуур” ХХК хоорондын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бараа материал түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу гэрээний үргэлжлэл болох 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны 2140 ширхэг сапуд түрээсийн гэрээний үнэ 20.560.800 төгрөгөөр төлөгдсөн байдаг. Орон сууцны үлдэгдэл төлбөр дээр акт үйлдэж "Их наран өргөө констракшн” ХХК гэрээг дуусгавар болгосон. Мөн 19.300.160 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг өгснөөр бид тооцоог 100 хувь төлсөн гэж үзэн байрны захиалгын гэрээг хааж байрандаа орохыг зөвшөөрснөөр бид байрандаа орсон нь гэрээнд тусгагдсан байдаг. Ингээд захиалсан байрныхаа төлбөрийг 100 хувь төлж байрандаа орсон боловч “Их наран өргөө констракшн” ХХК нь орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.4 заалтыг зөрчин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагын улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй.

Орон сууцны гүйцэтгэгч “Металл энд вүүд” ХХК нь уг орон сууцыг барьж байхдаа манай “Дөлтулгуур” ХХК-иас 2839 ширхэг сапудыг 2015 оны 4 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд түрээсэлж байсан. Үүнээс 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хугацааны түрээсийн төлбөр 20.560.800 төгрөгийн тооцоо хийж дууссан гэж үзээд тооцоо нийлсэн актаар байрны үнэнд тооцоог суутгасан. Харин 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 2839 сапудны түрээсийн үнэ 21.122.160 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөөгүй. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр тооцоо дуусгавар болгосон актыг “Металл энд вүүд” ХХК-ийн захирал О.Хонгорзултай Ч.Даваахүү би хийхдээ дээрх үлдэгдэл 21.122.160 төгрөг дээр 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд түрээсэлсэн 2839 сапудны түрээсийн үнэ 21.122.160 төгрөг нэмэгдэж гарсныг О.Хонгорзул нь хөнгөлөлт үзүүлээч дундаа хийе гэснийг би хүлээн зөвшөөрч 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 30.000.000 төгрөг авахаар тохирч тооцоо дуусгавар болгосон актыг 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хийгээд 5 хоногийн дотор 30.000.000 төгрөгийг үлдэгдэл 1834 ширхэг сапудын хамт өгнө гэж тохирсон. "Металл энд вүүд" ХХК-ийн захирал О.Хонгорзул дээрх 30.000.000 төгрөгийг өгөхгүй байхаар нь очиж уулзахад хоёулаа 30.000.000 төгрөгийг иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулъя гээд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор үл маргах журмаар төлнө гэж хэлснийг нь би итгэн зөвшөөрч 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр түүний гуйлтаар зээлийн гэрээ байгуулсан. Түүнээс хойш энэ мөнгөө төлөөгүй байна. Мөн “Металл энд вүүд” ХХК нь гэрээ дуусгавар болгосон актыг зөрчин 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэж өгөх ёстой байсан үлдэгдэл 1834 ширхэг сапуднаас 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 504 ширхгийг, үлдэгдэл 1330 ширхэг сапудыг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн байдаг. Иймд 1330 ширхэг сапудны 58 хоног илүү түрээсэлсэн түрээсийн үнэ 1330ш*120*58хоног= 9.256.800 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “Металл энд вүүд” ХХК-иас тооцоо дуусгавар болгосон актын 30.000.000 төгрөг, мөн хугацаа хэтрүүлж 1330 ширхэг сапудыг 58 хоног түрээсэлсэн төлбөр 9.256.800 төгрөг нийт 39.256.800 төгрөг нэхэмжилж байна. Гэрээнд заасан алданги, хүүг тооцоогүй. .

“Металл энд вүүд” ХХК-ийн захирал О.Хонгорзул бараа материал түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу төлөх ёстой 30.000.000 төгрөгөө зээлийн гэрээ болгон өөрчлүүлсэн нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.Даваахүү, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ...нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагадаа: “Их наран өргөө констракшн” ХХК-иас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 77 айлын орон сууцны цогцолбор хотхоны 49.29 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг даалгах гэснийг тодруулах хүсэлт гаргаж байна. Учир нь: Маргааны зүйлийн нэг хэсэг болох дээрх хаягт байрлах орон сууцны захиалгын гэрээг “”Их наран өргөө констракшн” ХХК байгуулсныг улсын комисс “Металл энд вүүд” ХХК-ийн нэрээр хүлээлгэн өгсөн байгаа тул орон сууц захиалан бариулах тухай гэрээний 3.4-д заасны дагуу өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай бичиг баримтыг “Их наран өргөө констракшн” ХХК болон “Металл энд вүүд" ХХК-иас гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь гэрээний 2.4-д заасан урьдчилгаа төлбөр 34.074.040 төгрөгийг төлсөн боловч мөн зүйлийн 2.5-д заасан 20.000.000 төгрөгийн сапудны түрээс 20.560.800 төгрөг, 1005 ширхэг сапуд /1 ширхэг 19 300/ 19 300 160 төгрөг нийт 39.860.960 төгрөг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Учир нь: барилгын сапудны түрээс, сапуд худалдах, худалдан авахад маргаан үүссэн бөгөөд Ч.Даваахүүгийн тус компанид худалдсан сапудыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Түмэн тулгуур” ХХК-иас өөрийн өмчлөлийн сапуд гээд сапудны үнэ болон түрээсийн төлбөр төлөхийг шаардсан нэхэмжлэх №71-ийг “Их наран өргөө констракшн” ХХК-д ирүүлээд байна. Бид “Түмэн тулгуур” ХХК-тай орон сууцны бартерын гэрээтэй бөгөөд сапуд түрээслэх гэрээний дагуу хамтран ажилладаг, уг нэхэмжлэхийг аваад танайхаас сапуд худалдан аваагүй гэхэд Ч.Даваахүүгийн танайд өгсөн сапудны үнэ гэж тайлбарладаг. Мөн тухайн үед тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Золбоо бэлэн мөнгөний орлогын баримтад гарын үсэг зурсан ч худалдсан болон түрээсэлсэн сапудны тоо ширхэг дутуу байна гэсэн тооцоог түрээсэлсэн сапудыг хүлээлгэн өгөөд үлдсэн сапудыг тоолж тооцоо нийлсэн акт үйлдсэнээр тогтоогдож хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч дээрх сапудыг түрээслэх, худалдахдаа “Дөлтулгуур” ХХК-ийн захирал Ч.Даваахүү гэж хүлээлгэн өгсөн, хариуцагч “Металл энд вүүд” ХХК-ийн захирал О.Хонгорзул гэж хүлээн авч гэрээ байгуулсан. Иймд Ч.Даваахүү орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь Орон сууц худалдах худалдан авах гэрээний 2.5-д заасан 1005 ширхэг сапуд, 1 ширхэг 19.300 төгрөг, нийт 19.300.160 төгрөг худалдах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 870 ширхэг дутуу сапуд нийлүүлсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 77 айлын орон сууц цогцолбор хотхоны 49.29 м.кв хоёр өрөө орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжгүй. Ч.Даваахүү нийт 2140 ширхэг сапуд түрээсэлсэн. Бид 2015 оны 11 дүгээр сард 675 ширхэг сапуд, 2015 оны 12 дугаар сарын 28-наас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 1330 ширхэг сапуд нийт 2005 ширхэг сапудыг буцаан хүлээлгэн өгсөн. Одоо 135 ширхэг сапуд манай агуулахад байна. Гэтэл 2140 ширхэг сапудаас 2005 ширхэг сапуд хүлээлгэн өгсөн байхад 1005 ширхэг сапуд дутах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.  

Ч.Даваахүү болон “Металл энд вүүд” ХХК-ийн хоорондын тооцоо 2015 оны 6 дугаар сарын 30-ыг хүртэл орон сууцны урьдчилгаанд 34.074.040 төгрөг, 20.560.800 төгрөгийн сапудыг Бараа материал түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу тооцоо нийлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин /1005 ширхэг сапуд*19300 төгрөг=19.300.160/ төгрөгөөр 1005 ширхэг сапуд худалдах үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна. Талуудын хооронд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 2 өөр үнийн дүнтэй тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн. Нэг өдөр 2 өөр үнийн дүнтэй тооцоо нийлсэн акт үйлдэгдэх боломжгүй. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 20.560.800 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 21.122.160 төгрөг гэсэн 2 өөр үнийн дүнтэй тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн байна. Эх хувьтай харьцуулж үзвэл 21.122.160 төгрөгийн “Тооцоо нийлсэн акт” дээр “Металл энд вүүд” ХХК-ийн санхүүгийн тамга дарагдаагүй, баруун доод булан дахь гарын үсэг ялгаатай зурагдсан, 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тооцоо нийлсэн атлаа 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлсэн зэргээс эргэлзээ төрж байна. Мөн хэргийн 88 дугаар хуудсанд байгаа баримт эх хувиасаа зөрж байна. Бид 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 20.560.800 төгрөгийг сапудын түрээсийн тооцоо нийлсэн актыг үйлдэж Ч.Даваахүүтэй байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөрт тооцох сапуд дуусч 1005 ширхэг сапуд худалдах, худалдан авах тооцоо үлдсэн. Гэтэл Ч.Даваахүү энэ үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Түүний нийлүүлсэн сапуднаас 135 ширхэг сапуд манай компанид байгаа. Иймд үлдэгдэл /1005-135/ 870 ширхэг сапудыг манайд хүлээлгэн өгсний дараа орон сууцны тооцоо дуусгавар болно. Ч.Даваахүүтэй байгуулсан "Бараа материал түрээслэх, түрээслүүлэх гэрээ” 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэн дуусгавар болсон учраас “Металл энд вүүд" ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Түмэн тулгуур” ХХК-тай Бараа бүтээгдэхүүн түрээслүүлэгч, түрээслэн авагчийн гэрээ № ТТ, 71 тоот гэрээг байгуулж V2, V4 тулаас төмөр /сапуд/-ийг түрээслэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 600 ширхэг сапуд түрээслэн авсан. Үүнээс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 81 ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 11-нд 290 ширхэг нийт 371 ширхэг сапудыг буцаан өгч одоо 229 ширхэг сапудыг хүлээлгэн өгөөгүй байна. Бид энэ сапудыг Ч.Даваахүүгээс худалдан авсан сапуд гэж бодож байсан учраас “Түмэнтулгуур” ХХК-д хүлээлгэн өгөөгүй. Ч.Даваахүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүдэн манай компаниас “Түмэн тулгуур” ХХК түрээсийн төлбөр нэхэмжлээд байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй. Ч.Даваахүү хуурамч тооцоо нийлсэн акт үзүүлэн 30.000.000 гаранг төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй гэж тус компанийн захирал О.Хонгорзултай уулзан байгуулсан. Дээрх хэлцэл нь хэрэг дээрээ зээл өгч аваагүй тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд бодит байдалд 30 000 000 төгрөг зээлсэн, зээлүүлсэн харилцаа үүсээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ч.Даваахүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч О.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2014 оноос анх хамтран ажиллах гэрээ байгуулж сапуд түрээслэн авч байсан. 2014 оноос барилгын ажил зогсоод тухайн үед тооцоо нийлээд 9.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Гэхдээ өвөлжилтийн мөнгө 1.000.000 төгрөгийг бэлэн өгч байсан. 34.074.040 төгрөгийн өглөгтэй байсан, орон сууцны захиалга өгөхөөр болж байсан. Ч.Даваахүү дүүгээ байранд оруулах гэж байгаа хямдхан өгөөч гээд тухайн үед 1.700.000 төгрөгөөр зарж байсан байраа бууруулаад 1.500.000 төгрөгөөр өгөхөөр гэрээ байгуулсан. 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гэрээн дээр тооцоо нийлсэн байгаа. Ч.Даваахүү “Түмэнтулгуур” ХХК-ийн сапудыг өөрийн сапуд мэт болгоод тоогоо оруулсан. 699 ширхэг сапуд дээр н.Ганцэцэг гарын үсэг зурсан баримт нь хуурамч Ч.Даваахүү мөнгөө өг гэж эхнэр рүү хүртэл ярьж дарамталж байсан болохоор 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон тооцоо дуусгавар болсон гэсэн актад гарын үсэг зурсан. 20.560.800 төгрөгийн тооцоо нийлсэн актыг зөвшөөрч байна. 699 ширхэг нэмж бичсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, нөхөн бичиж сапудаа оруулсан нь хэн ч харсан ойлгомжтой. Нэг баримт дээр давхар гарын үсэг зурсан байсан. 699 ширхэг сапуд маш их хэмжээтэй. Би энэ сапудыг түрээслэх талаар яриагүй. 2 удаа ачаад 7-8 хүн өдөржин ажиллана. Манай гүйцэтгэгч компани 7 дугаар сарын 1-ний өдөр сапуд буугаагүй, Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалттай байсан гэж хэлсэн. 16.000.000 төгрөгийн байрны үлдэгдэл дээр хүү алданги бодоогүй. Өөрийнх нь үнэ өртөгтэй тэнцэхүйц түрээсийн мөнгө төлсөн гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Металл энд вүүд", "Дөлтулгуур" ХХК-иуд нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Бараа материал /сапуд/ түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулж хамтран ажиллах явцдаа 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 48 дугаар байрны 9 дүгээр давхар, 30 тоот 49,29 м.кв талбай бүхий орон сууцны байрыг барьж /1м.кв 1.500.000 төгрөг/ нийт 73.935.000 төгрөгөөр ашиглалтад оруулж Ч.Даваахүүд хүлээлгэн өгөх, Ч.Даваахүү төлбөр тооцоог бараа материал түрээслэх, худалдах замаар гэрээний үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцохдоо “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г "Их наран өргөө констракшн" ХХК-тай байгуулсан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, орон сууцны барилгыг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Ч.Даваахүүд хүлээлгэн өгсөн. Тэрээр өнөөдрийг хүртэл уг байранд амьдран сууж байгаа. Гэрээ байгуулсан өдөр 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал тооцоо нийлж 34.074.040 төгрөгийн сапуд түрээсэлсэн. 2 дахь шатны орон сууцны төлбөрийг 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр тооцоо нийлж 20.560.800 төгрөгийн сапуд түрээсэлсэн. Эдгээр тооцоон дээр талуудын маргадаггүй. Харин гурав дахь шатны төлбөр 19.300.160 төгрөгийн хувьд 1005 ширхэг сапуд 1ш нь 19.300 төгрөгөөр худалдахаар тохиролцсон хэдий ч өнөөдрийг хүртэл үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй.

Иймд иргэн Ч.Даваахүүгээс орон сууц захиалан бариулах гэрээнд заасан орон сууцны үлдэгдэл төлбөр 16.308 .60 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Даваахүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хэрэглэсэн сапуд төлбөрийн тооцоо нь 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 41.795.640 төгрөг болсныг “Металл энд вүүд” ХХК-ийн захирал О.Хонгорзулын дундаа хийе гэсэн гуйлтаар “Дөлтулгуур” ХХК-ийн захирал Ч.Даваахүү би зөвшөөрч 30.000.000 төгрөгөөр тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ дуусгавар болгосон акт үйлдэж О.Хонгорзул өөрөө гарын үсгээ зурж тамга дарж баталгаажуулсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хэтрэхгүйгээр 30.000.000 төгрөг мөн түрээсэлсэн 2839 ширхэг сапуднаас “Металл энд вүүд” ХХК өөрийн өмчлөлд авсан 1005 ширхэг сапудыг хасаад 1835 ширхэг сапуд /түгжээ эвдэрсэн нэг ширхэг орсныг манайд хүлээлгэж өгөхөөр тохирсон боловч тохиролцоондоо хүрэлгүйгээр “Металл энд вүүд” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хугацаа хэтрүүлэн сапудыг ашигласан. Иймд “Их наран өргөө констракшн” ХХК-ийн 16.308.660 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг "Дөлтулгуур” ХХК болон иргэн Ч.Даваахүү би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 48 дугаар байрны 30 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК, “Металл энд вүүд” ХХК-иудад даалгаж, хариуцагч “Металл энд вүүд” ХХК-иас 36.446.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дөлтулгуур” ХХК-д олгож, 2.810.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Ч.Даваахүү, О.Хонгорзул нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Даваахүүгээс 13.510.000 төгрөг гаргуулж “Их наран өргөө констракшн” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 2.798.660 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 732.390 төгрөг, хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-иас төлсөн 239.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК-иас 35.100 төгрөг, “Металл энд вүүд” ХХК-иас 35.100 төгрөг, О.Хонгорзулаас 307 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Даваахүүд, хариуцагч “Металл энд вүүд” ХХК-иас 340.182 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дөлтулгуур” ХХК-д, Ч.Даваахүүгээс 225.500 төгрөгийг гаргуулж “Их наран өргөө констракшн” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Дөлтулгуур” ХХК-ийн төлөөлөгч Ч.Даваахүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,  40.2,  37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж шийдвэр гаргалаа.

 “Металл энд вүүд” ХХК-ийн нягтлан бодогч Б.Ганцэцэг нь “бараа материал түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээнийхээ дагуу захирал танайхаас 700 ширхэг сапуд нэмж түрээслэхээр боллоо” гэж манай “Дөлтулгуур” ХХК-д ирж хэлсний дагуу Ч.Даваахүү би 700 ширхэг сапудыг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 2 машинаар ачиж, өөрөө хүргэж өгөхөд уг барилгын ажлыг гүйцэтгэж байсан компаний инженер С.Лхагва-Эрдэнэ гэгч бүх сапудны чанарыг шалгаж авахад 1 сапудны түгжээ эвдэрсэн байсан тул буцааж, нягтлан бодогч Б.Ганцэцэг тоолж хүлээн аваад хэргийн 46, 90, 124 дүгээр хуудсанд байгаа түрээслүүлэх бүтээгдэхүүн хүлээлцүүлэх акт гэх баримтан дээр инженер н.Лхагва-Эрдэнэ, нягтлан бодогч н.Ганцэцэг нар гарын үсгээ зурж улмаар н.Ганцэцэг нь захирал н.Хонгорзулаар гарын үсэг зуруулж санхүүгийн тамга дарж, давхар гарын үсэг зурсан байгаагаас харахад Ч.Даваахүү би 699 ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн нь нотлогдож байна. Энэхүү 699 ширхэг сапудыг “Металл энд вүүд” ХХК нь 2015 оны 7 дугаар  сарын 01-ний өдөр түрээслэхээр хүлээн авсныг "Метал энд вүүд" ХХК нягтлан бодох н.Ганцэцэг, инженер н.Лхагва-Эрдэнэ, жолооч н.Дандар нарын гэрчийн мэдүүлгээр давхар нотлогддог юм. Нэхэмжлэгч би 700 ширхэг сапуднаас 1 ширхэг нь чанарын шаардлага хангахгүй буцаагдаж 699 ширхэг сапуд төмрийг бараа материал түрээслүүлэх гэрээний дагуу түрээслэгч талын нягтлан бодогч н.Ганцэцэг хэлсний дагуу 2 машинаар барилгын талбайд хүргэж өгөөд хүлээлгэснийг дээрх гэрчүүд бүгд гэрчилж, улмаар н.Ганцэцэг бараа материал хүлээлцэх актан дээр зурсан гарын үсгийг "...хүлээж авсан болоод би гарын үсэг зурсан байна миний гарын үсэг мөн байна" гэж хэлээд байхад шүүх түрээслэхээр тохирсноо нотолж чадахгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Тухайн өдөр н.Ганцэцэг нь 500 ширхэг сапуд ачсан цагаан өнгийн маяти маркийн машинаар компанийхаа бариулж байгаа барилга руу түрүүлж яваад араас нь би 200 ширхэг сапудыг бонго маркийн машинд ачаад хүргэж хүлээлгэн өгсөн. Гэрч н.Дандар сапудыг 2 машинаар тээвэрлэсэн гэж мэдүүлсэн нь сапудыг хүлээлгэн өгснийг давхар нотолж байна. Нягтлан бодогч бараа хүлээн авах эрх бүхий субьект биш гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл дүгнэлт болсон байна.

Барилга дээрээ ашиглаж байсан сапуднаас 1005 ширхэг сапудыг 11 дүгээр сарын 05-ны өдөр "Металл энд вүүд" ХХК болон "Их наран өргөө констракшн" ХХК-ийн захирал О.Хонгорзул нь манайх авсан сапуднаасаа 1005 ширхгийг алдчихаад байна. Иймд уг дутагдсан 1005 ширхэг сапудыг худалдаж авснаар тохиролцож, тохиролцооны үндсэн дээр 19 300 160 төгрөгөөр үнэлэн байрны мөнгөн дээрээс суутгахаар хэлэлцэн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо дуусгавар болгосон актыг үйлдсэн. Ингээд 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж О.Хонгорзул захирал нь өөрөө гарын үсгээ зурж тамга дарсны үндсэн дээр орон сууцны төлбөрт тооцож орон сууц захиалан бариулах гэрээний 2.3-д заасан хуваарийн дагуу үлдэгдэл 19.300.160 төгрөгийг төлсөн гэж үзээд орон сууцны төлбөр 73.935.000 төгрөгийг 100% төлж дууссан гэж орон сууц захиалан бариулах гэрээнд тусган түлхүүр хүлээлгэн өгөх акт үйлдэгдэн байрандаа орсон байхад шүүх Ч.Даваахүү намайг 1005 ширхэг сапудыг “Их наран өргөө консракшн” ХХК-д худалдах үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хэрвээ би дээрх сапудыг худалдаагүй бол захирал О.Хонгорзул бэлэн мөнгөний баримтанд өөрөө гарын үсгээ зураад “Их наран өргөө консракшн” ХХК гэсэн санхүүгийн тамга дарж өгөхгүй. Мөн 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ч.Даваахүү миний бие "Металл энд вүүд" ХХК-д мөнгө болон байрны ордерын баримт бичгийг гаргуулахтай холбогдуулан албан бичиг өгч байсан. Гэтэл уг албан бичигт ямар ч хариу өгөөгүй мөн "Дөлтулгуур" ХХК болон иргэн Ч.Даваахүү надаас мөнгө нэхэмжилсэн ямар нэг албан бичиг болон тооцоо нийлэх тухай огт дурдаж байгаагүй зэргээс үзэхэд байрны төлбөр дээр ямар нэгэн маргаан байхгүй болох нь харагдаж байна.

Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад “Металл энд вүүд ХХК-иас 36.446.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дөлтулгуур” ХХК-д олгож, 2.810.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг "Металл энд вүүд ХХК-иас 39.256.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Дөлтулгуур” ХХК-д олгох" гэж нэмэлт өөрчлөлт оруулах, мөн шийдвэрийн 2 дахь заалтад "Даваахүүгээс 13.510.000 төгрөг гаргуулж “Их наран өргөө констракшн” ХХК-д олгож..." гэснийг хүчингүй болгуулах гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Металл энд вүүд ХХК-ийн төлөөлөгч О.Хонгорзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх "...талуудын тооцоо нийлснээс хойш 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс 2140 ширхэг сапуднаас 305 ширхгийг хасч 1835 ширхэг сапудны түрээсийг дараах байдлаар тооцож 36.446.400 төгрөгийг хариуцагч "Металл энд вүүд" ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч "Дөлтулгуур" ХХК-д олгох нь зүйтэй. 1835 ширхэг /сапуд*120 төгрөг* 130 хоног=28 626 000 төгрөг /тооцоо нийлснээс хойш 2015.07.03-наас 2015.11.10 хүртэл эхний сапуд 505 ширгийг хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд бодох/ 1330*120 төгрөг*49 хоног-7 820 400 /2019.11.11-нээс 2015.12.28 хүртэл/” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК болон “Металл энд вүүд” ХХК-иудад аль алинд нь хамааралтай дүгнэлт хийсэн байна. Энэ агуулгаас харвал Орон сууц захиалах гэрээг хийхэд төлбөрийн нөхцөл дээр заагдсан 1005 ширхэг сапуд худалдахтай холбоотой тохиролцоог анхаарч үзээгүй. Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулснаас хойш сапуд түрээслэх төлбөрийг хариуцагч төлөх ёсгүй. Учир нь хариуцагч аль хэдийн худалдан авсан өөрсдийн сапудандаа түрээс төлөх үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. 

 

 Нэхэмжлэгч Ч.Даваахүү нь хариуцагч “Их наран констракшн” ХХК болон “Металл энд вүүд” ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны гэрчилгээ гаргуулахыг даалгах,

 О.Хонгорзул, Ч.Даваахүү нарын хооронд байгуулагдсан 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

нэхэмжлэгч “Дөлтулгуур” ХХК нь “Металл энд вүүд” ХХК-иас 39.256.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч нар эс зөвшөөрч, 

Хариуцагч “Их наран констракшн” ХХК нь нэхэмжлэгч Ч.Даваахүүгээс 16.308.660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Дөл тулгуур” ХХК болон “Металл энд Вүүд” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бараа материал түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч “Дөл тулгуур” ХХК нь хариуцагч “Металл энд Вүүд” ХХК-д 200 ширхэг сапудыг 1 ширхгийг нь 120 төгрөгөөр 30 хоногийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байна. /хх 46-48/

 

Дээрх гэрээний дагуу “Дөлтулгуур” ХХК-иас  “Металл энд вүүд” ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1240 ширхэг сапуд, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 900 ширхэг сапуд тус тус хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон байна.

 

Мөн Ч.Даваахүү нь “Металл энд вүүд” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр худалдах–худалдан авах гэрээ байгуулан 25.561.000 төгрөгийн бараа материалыг худалдан авахаар тохиролцжээ. /хх 68-72/

 

 Мөн Ч.Даваахүү "Их наран өргөө констракшн" ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 48 дугаар байрны 9 дүгээр давхар, 30 тоот 49.29 м.кв талбай бүхий орон сууцны байрыг барьж /1м.кв 1.500.000 төгрөг/ нийт 73.935.000 төгрөгөөр ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх, Ч.Даваахүү төлбөр тооцоог бараа материал түрээслэх, худалдах замаар гэрээний үүргийг гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. /хх 4, 189/

 

            Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.Даваахүү нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 34.074.040 төгрөг, сапудын түрээсээр 20.560.800 төгрөг, 1005 ширхэг сапудыг худалдсаны үнэ 19.300.160 төгрөг нийт 73.935.040 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

            “Металл энд вүүд” ХХК-аас нэхэмжлэгч “Дөлтулгуур” ХХК-ууд тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан 34.074.040 төгрөг, 20.560.800 төгрөгийг Ч.Даваахүү,  "Их наран өргөө констракшн" ХХК-ийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт тооцсон талаар зохигчид маргаагүй байна.

 

            Зохигчид “Дөл тулгуур” ХХК-иас “Металл энд вүүд” ХХК 700 ширхэг сапуд нэмж түрээсэлсэн, Ч.Даваахүү нь  худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1005 ширхэг сапудыг өгсөн гэсэн асуудлаар маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар талууд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, тооцооны акт, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбарыг үндэслэн “Металл энд вүүд” ХХК-иас 36.446.400 төгрөгийг гаргуулж “Дөл тулгуур” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүх Ч.Даваахүү, О.Хонгорзул нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь зөв болжээ. 

 

Хариуцагч “Их Наран өргөө констракшн” ХХК нь  нэхэмжлэгч Ч.Даваахүүгээс сөрөг нэхэмжлэлээр 16.308.660 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Анхан шатны шүүх “Дөл тулгуур” ХХК-ийн түрээсэлсэн сапудаас  “Металл энд вүүд” ХХК 1835 ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн, 305 ширхэг сапудыг хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй, Ч.Даваахүү нь “Их Наран өргөө констракшн” ХХК-д 1005 ширхэг сапуд өгөх үүргээ гүйцэтгээгүй байх тул “Металл энд вүүд” ХХК–ийн дутуу шилжүүлсэн сапудыг хасч Ч.Даваахүү нь 13.510.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Мөн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Ч.Даваахүүгийн нэр дээр гаргахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч “Их наран өргөө констракшн” ХХК, “Металл энд вүүд” ХХК-иудад даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “Дөл тулгуур” ХХК-ийн захирал Ч.Даваахүү, “Металл энд вүүд”ХХК-ийн захирал О.Хонгорзул нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/ 01758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Дөл тулгуур” ХХК-ийн захирал Ч.Даваахүү, “Металл энд вүүд”ХХК-ийн захирал О.Хонгорзул нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид “Дөл тулгуур” ХХК-аас төлсөн 239.552 төгрөг “Металл энд вүүд” ХХК-аас төлсөн 340.182 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

                  ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                     Ц.ИЧИНХОРЛОО