Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0041

 

"Д Т Ү" ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, С.С, Б.Н, Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Д Т Ү" ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч "Д Т Ү" ХК-аас гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч "Д Т Ү" ХК давж заалдах гомдолдоо: "Д Т Ү" ХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газын татварын улсын байцаагч Ц.Х, Р.Д, Б.Б нар шалгалт хийж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 210003852 тоот актаар 313,280,856,705.4 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги нийт 16,247,139,253.4 төгрөгийн төлбөр ногдуулсанд тус компани анх актыг хүчингүй болгуулахаар Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахад Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор 9,113,998,706.9 төгрөгийн зөрчилд ногдох нийт 1,477,262,140.8 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 14,769,877,112.6 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ингээд тус компани 210003852 тоот актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан ба хэрэг хянан шалгах ажиллагааны явцад, актыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 23 дугаар шийдвэрээр актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн билээ. Дээрх шийдвэрт хариуцагчийн зүгээс гомдол гаргасанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0417 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Уг магадлалын талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ уул шаардлагатай холбоотой үйл баримтыг урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх, энэ журмыг хэрэглэх боломжтой байсан эсэхэд дүгнэлт хийлгүй шийдсэн нь учир дутагдалтай болжээ гэж дүгнэн, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн 2 шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгон, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно. Ингээд "Д Т Ү" ХК нь татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасныг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул маргаан бүхий актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Уг шийдвэрийг нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гардан аваад дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

1. Дээр дурдсанчлан 210003852 тоот актыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хулээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг өмнө нь 2016 онд анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч 23 дугаар шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх 221/МА2016/0417 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэн хэвээр үлдээсэн билээ. Харин хяналтын шатны шүүх, нэхэмжлэгч нь хэрэг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэлийн төрлөө өөрчлөхдөө урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлээгүй бөгөөд уг журмыг хэрэглэх боломжтой гэж үзэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн акт илт хүчин төгөлдөр бус болохыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд зохих хууль тогтоомжийг баримтлан өмнө нь нэгэнт тогтоочихсон байсан бөгөөд эдгээр шийдвэрийн үндэслэл болсон хэргийн аливаа нөхцөл байдал, нотлох баримт, хэрэглэсэн хууль тогтоомж огт өөрчлөгдөөгүй байтал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дурдсан шийдвэрүүдийг огт харгалзан үзэлгүй 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ асуудлыг дахин шинээр хянан эсрэг шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

2. ... маргааныг шийдвэрлэхэд баримталбал зохих материаллаг хуулийн тухайд акт үйлдэгдэх, гардуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг шүүхээс хэрэглэнэ гэж анхан шатны шүүх зөв үзэж хариуцагчийн тайлбарыг няцаасан атлаа 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрийнхээ үндэслэлд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т ... акт ...д ... татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасныг дурдаж баримталсан байна. Гэтэл энэ хэсэг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар ингэж өөрчлөгдсөн байх ба өмнө нь буюу маргаж буй акт үйлдэгдэх үед 34.2.Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд /цаашид акт, дүгнэлт гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн томъёололтой байв. Өөрөөр хэлбэл, хуулийн уг зохицуулалтаар татварын актын бүх 3 хувийн эхний болон сүүлийн хуудсан дээр татварын албаны хяналт шалгалтын газар, хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурсан, мөн татвар төлөгч буюу актын маягтан дээр бичигдсэнээр компанийн гүйцэтгэх захирал Д.Батжавхлан болон ерөнхий нягтлан бодогч Ч.Тогоо нар зөвшөөрч гарын үсэг зурсан нөхцөлд л тухайн хяналт шалгалтын акт хүчин төгөлдөрт тооцогдох билээ. Гэтэл маргаж буй актын аль ч хувь дээр компанийн эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрсөн гарын үсэг зурагдаагүй бөгөөд татвар төлөгчид гардуулсан хувийн эхний хуудсан дээр тус компанид шалгалт хийсэн татварын улсын байцаагч Х.Даваа нь газрын даргынхаа өмнөөс хянан баталгаажуулж хууль бусаар гарын үсэг зурсан байгаа ба актын бүрэлдэхүүн хэсэг болох Хавсралт-ад гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй байгаа билээ.

3. Татварын улсын байцаагчийн 210003852 тоот акт нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 34 дугаар зүйлийн 34.2, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтад заасны дагуу татварын улсын байцаагчийн актыг хянан баталгаажуулах үйл ажиллагааг орхигдуулсан. Захиргааны актыг хянан баталгаажуулах үйл ажиллагаа нь хяналт шалгалт хийсэн улсын байцаагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, улмаар акт, дүгнэлтэд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох бүрэн боломжтой захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нэгэн хэсэг буюу бие даасан ажиллагаа билээ. Гэтэл энэхүү тусдаа, бие даасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам ноцтой зөрчигдсөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн атал анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт "... эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхээргүй буюу зөрчил болон хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул 210003852 тоот актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй байна" гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч нь татварын улсын байцаагчийн гарын үсэг зурж, эцэслэн ёсчилсон акттай танилцах, гардан авах, түүнд гарын үсэг зурах эрх, хянан баталгаажуулах ажиллагааны журмаар актыг хэрхэн хянах, шийдвэрлэгдэхийг урьдчилан тодорхойлох боломжгүй тул зөрчлийг болон татварын улсын байцаагчийн актыг хянуулах эрх зөрчигдсөний улмаас их хэмжээний өр төлбөрийг илт хууль бус актын үндсэн дээр төлөх үр дагавар үүсч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөнийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн.

4. Түүнчлэн анхан шатны шүүх 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт хариуцагчаас эцэслэн ёсчлоогүй актыг татвар төлөгчид танилцуулж гардуулсан үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д ... заасныг зөрчсөн байна, цааш нь Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д ... гэснээс үзвэл ... шалгалт хийсэн татварын улсын байцаагч Р.Д нь өөрийн шалгасан актыг өөрөө хянан баталгаажуулсныг зөвтгөх боломжгүй гэж заасан атлаа, ...татварын улсын байцаагч нарын татварын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил нь татварын улсын байцаагчийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн процессын зөрчил байх тул 210003852 тоот актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ" хэмээн огт логикгүй шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, хариуцагч ямар хуулийн чухам ямар заалтыг хэрхэн зөрчсөн болохыг шүүх тодорхойлж дурдсан мөртлөө, энэ нь хуулийг бус зөвхөн дотоод журмыг зөрчсөн буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9.1.9-д заасан захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн" гэдэгт хамаарахгүй мэтээр өөрөө өөрийгөө үгүйсгэсэн шийдвэр гаргалаа.

5. Энд бас нэгэн зүйлийг дурдахад, анхан шатны шүүх шийдвэртээ Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан гэх Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын тодорхой заалтуудыг дурдсан байх боловч, энэ журмыг Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамаар хянуулж бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус юм. www.legalinfo.mn хууль тогтоомжийн албан ёсны сайт дээр энэ журам тавигдаагүй байх бөгөөд хүчинтэй гэсэн төлөвөөр Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм тавигдсан байгаа ба уг тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянан улсын бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2948 дугаарт бүртгэсэн нь татварын хяналт шалгалт хийх захиргааны хэм хэмжээ тогтоосон акт нь хариуцагчийн тайлбарлаж байгаачлан татварын байгууллагын дотооддоо мөрдөгдөх журмыг татварын байцаагч зөрчсөн асуудал нь захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэснийг давхар үгүйсгэж байна. Уг дүрмийн 3.2.7-д мөн л Акт ...нь хяналт шалгалт хийсэн татварын улсын (ахлах) байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ... гэж заасан байгаа.

6. "Д Т Ү" ТӨХК-д татварын хяналт шалгалтыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу 2014 оны 02 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэсэн атлаа татварын улсын байцаагчийн актын бүрэлдэхүүн хэсэг болох Ярилцлагын тэмдэглэл /ХХ-ийн 167 дугаарр хуудас/-ийг тус компанийн ахлах ня-бо Д.Дэчинлхамтай 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийж үйлдсэн байгаа нь татварын байцаагч нар зохих хууль, дүрэм журмыг зөрчиж хяналт шалгалт хийсэн болохыг дахин нотолж байна.

7. Анх энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Үндэслэл хэсэгт "...3 хувь үйлдэгдсэн актыг эцэслэн ёсчлохдоо хуульд заасан шаардлагыг... бүрэн хангаагүй болох нь илэрхий байхад эдгээр нь агуулгын хувьд зөрүүгүй байна, эсхүл гарын үсгийг өөр өөр албан тушаалтан зурж актыг баталгаажуулсан үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Хянан баталгаажилтыг хэн хийх, хэрхэн гарын үсэг зурах нь дур зоргын асуудал бус, энэ нь хуулийн шаардлага бөгөөд зүйрлэхэд, шүүхийн шийдвэр хичнээн үндэслэлтэй байсан ч шийдвэр дээрх гарын үсгийг тухайн шүүгч бус өөр этгээд зурсан байхад л энэ нь процессийн ноцтой алдаа, шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болдог" гэж зөв дүгнэн актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсье.

Ийнхүү татварын улсын байцаагчийн 210003852 тоот актыг 3 хувь үйлдэж, тэдгээрийг хянан баталгаажуулахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.9, 25 дугаар зүйлийн 25.1, 30 дугаар зүйлийн 30.1.3, 32 дугаар зүйлийн 32.3, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч "Д Т Ү" ХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нарын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 210003852 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан, нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс ...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн аливаа нөхцөл байдал, нотлох баримт, хэрэглэсэн хууль тогтоомж огт өөрчлөгдөөгүй байхад үүнийг огт харгалзан үзээгүй, татварын улсын байцаагч Х.Даваа нь газрын даргынхаа өмнөөс хянан баталгаажуулж хууль бусаар гарын үсэг зурсан, Татварын ерөнхий хуульд заасан хянан баталгаажуулах үйл ажиллагааг орхигдуулсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөнийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн гэсэн давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Татварын улсын ахлах байцаагч Ц.Х, Р.Д, татварын улсын байцаагч Б.Б нар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу нэхэмжлэгч "Д Т Ү" ХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, 10,602,294,746.1 төгрөгийн нөхөн татвар, 3,552,646,923.8 төгрөгийн торгууль, 2,092,197,583.5 төгрөгийн алданги, нийт 16,247,139,253.4 төгрөгийн төлбөрийн 210003852 тоот актыг үйлджээ. Уг актыг нэхэмжлэгч илт хууль бус гэж гомдол гаргасныг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо ...анхан болон давж заалдах шатны шүүхүүд зохих хууль тогтоомжийг баримтлан өмнө нь нэгэнт тогтоочихсон байсан ...эдгээр шийдвэрийн үндэслэл болсон хэргийн аливаа нөхцөл байдал, нотлох барим, хэрэглэсэн хууль тогтоомж огт өөрчлөгдөөгүй байтал ...анхан шатны шүүх дурдсан шийдвэрүүдийг огт харгалзан үзэлгүй ...дахин шинээр хянан эсрэг шийдвэр гаргасан гэжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн гомдолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон байна. Нөгөөтэйгүүр, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд шүүх шийдвэр гаргахдаа бусад шийдвэрийг жишиг болгон, үндэслэж болохгүй харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Иймд нэхэмжлэгчийн дээрх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч гардаж авах үед Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл гарын үсэг зураагүй, эцэслэн ёсчлоогүй байжээ. Энэ талаар анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 7 дугаар зүйлийн 7.4.3-д заасныг зөрчсөн, татварын улсын байцаагч Р.Д нь өөрийн шалгасан актыг өөрөө хянан баталгаажуулсан байна гэж зөв дүгнэлт хийсэн байна.

Хэдийгээр татварын улсын байцаагч нар татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байх боловч Татварын ерөнхий газрын архив, татвар төлөгчийн хувийн хэрэгт буй бусад /2 хувь/ актад Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Даваадэмбэрэл гарын үсэг зурж, баталгаажуулж, хүчин төгөлдөр болсон, мөн 3 хувь үйлдэгдсэн актууд нь агуулгын болон төлбөрийн дүнгийн зөрүүгүй байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч "Д Т Ү" ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР